Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00066   

 

У.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00593 дугаар шийдвэртэй, У.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлтэй, Булган сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Н , түүний өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч У.А  шүүхэд Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, У.А ийг Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилох тухай гомдлын шаардлага гаргасан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/592 дугаартай захирамжаар У.А  нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар түр томилогдсон. Дараа нь тус аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/148 дугаартай захирамжаар Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд бүр томилогдсон юм. У.А  нь Булган сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд томилогдсон цагаас хойш ажилдаа эзний ёсоор хандаж, өнгөрсөн хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргаар 2020 оны эцсээр томилогдсон Б.Ерболат нь уг албан тушаалд томилогдсон цагаас хойш У.А ийг байнга хавчин гадуурхаж, албан тушаалын байдлыг ашиглан удаа дараа өрөөнд дуудан Та ажлаа яаралтай өг гэж байнга дарамaт үзүүлж иржээ. Энэ үед У.А  нь Б.Ерболатад хандаж Би сургуулийн захирлын албан тушаалд хууль ёсоор томилогдсон, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас захирлын ажлаа өгөхгүй гэж хариу хэлжээ. Гэтэл Булган сумын Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/30 дугаартай захирамжаар У.А ийг Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн байна. Ажил олгогчийн У.А ийг ажлаас чөлөөлсөн эрхийн актад дурдсан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа. Үүнд жил бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй гэсэн үндэслэл байна. Хариуцагч талаас хэдэн оны Элсэлтийн ерөнхий шалгалтаар хангалтгүй гэдгийг нотолж чадаагүй. Хоёрдугаарт бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулсан гэсэн үндэслэлээр У.А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн сургуульд 119 хүний орон тоотой. Засаг даргын зөвлөлд тус сургуулийн нягтлан бодогч 119 хүн ажиллаж байгаа талаар тайлагнасан. Дараагийн дугаарт хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэсэн тайлбар гаргаж байгаа. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулиар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын томилгоог сумын Засаг даргын эрх мэдэлд шилжүүлээд өгсөн. Өмнө ажиллаж байсан Булган сумын Засаг дарга ч, 2020 оны 01 дүгээр сараас томилогдон ажиллаж байгаа Булган сумын Засаг дарга Б.Ерболат ч У.А тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн биелүүлэх ёстой үүрэгт хамаардаг. Сүүлд шүүхэд гаргаж өгсөн Засаг даргын захирамжид нэмэлт өөрчлөлт оруулсан захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн үндэслэлийг нэмж оруулсан байна. Гэвч хариуцагч талаас ажилтан чухам ямар ноцтой зөрчил гаргасныг нотолж өгөөгүй. Бидний зүгээс У.А ийг улс төрийн шалтгаанаар, хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, У.А ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын Өлгий сумын эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: “У.А ийн нэхэмжлэлтэй Булган сумын Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, У.А ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч У.А  нь Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бүтэц орон тооноос илүү ажилтан авч ажиллуулж холбогдох хуулийг ноцтой зөрчиж байсан болох нь тогтоогдсон, түүнчлэн жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй гарсан үүнд захирлын буруу байгаа тул хариуцагч Булган сумын Засаг даргаас нэхэмжлэгч У.А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд нэхэмжлэгч У.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00593 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч У.А ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч У.А  нь Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захиралаар ажиллаж байхдаа бүтэц орон тооноос илүү ажилтан авч ажиллуулж холбогдох хуулийг ноцтой зөрчиж байсан болох нь тогтоогдсон, түүнчлэн жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй гарсан үүнд захирлын буруу байгаа тул хариуцагч Булган сумын Засаг даргаас нэхэмжлэгч У.А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан. Энэхүү зөрчил нь хавтаст хэрэгт цугларсан хурлын протокол болон нэр бүхий 13 гаруй хүнийг ажилд томилсон тухай тушаалаар нотлогдоно.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна. Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцох эрх, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг нь ноцтой зөрчсөн юм. Хариуцагч талаас энэ тухай үндэслэл бүхий тайлбар гаргасан боловч шүүх үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие 2021 оны 5-р сарын 27-ны өдөр тус шүүхэд хандаж хүсэлт гаргасан, шүүхээс миний хүсэлтийг хүлээж авснаар миний бие У.А ийн нэхэмжлэлтэй, Булган сумын Засаг даргад холбогдох "Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, У.А ийг Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай" гэсэн иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсон.

Булган сумд Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Булган сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаартай захирамжаар 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 06 цагаас эхлэн сумын хэмжээнд 48 цагийн хугацаатай орох, гарах хөдөлгөөний түр хааж шийдвэрлэсэн байсан. Үүнээс болж миний бие аймгийн төвд ирж өмгөөллийн гэрээнд гарын үсэг зурж чадаагүй, мөн шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй байдалд хүрсэн юм. Нөгөө талаас Булган сумд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж тоггүй байсны улмаас мөн шүүх хуралдаанд зайнаас оролцох боломжгүй байдалтай байсан.

Энэхүү нөхцөл байдлыг өөрийн сонгож авсан өмгөөлөгч С.Нургайыпт хэлж мэдэгдсэн. Тэгтэл өмгөөлөгч С.Нургайып "за ойлголоо, хүндэтгэн үзэх нөхцөл байдал буюу үндэслэл бүхий шалтгаан бий болсон байна. Шүүхэд учир байдлыг хэлж шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж өгөх тухай хүсэлт гаргаж өгье" гэсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Дараа нь сонсоход шүүх хуралдаан болж өнгөрсөн байсан. Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээд миний шүүх хуралдаанд оролцох эрх, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний сонгож авсан өмгөөлөгч С.Нургайыпын хүсэлт болон хариуцагч талын тайлбар зэргийг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч У.А  нь Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бүтэц орон тооноос илүү ажилтан авч ажиллуулж холбогдох хуулийг ноцтой зөрчиж байсан болох нь тогтоогдсон, түүнчлэн жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй гарсан үүнд захирлын буруу байгаа тул хариуцагч Булган сумын Засаг даргаас нэхэмжлэгч У.А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан. Энэхүү зөрчил нь хавтаст хэрэгт цугларсан хурлын протокол болон нэр бүхий 13 гаруй хүнийг ажилд томилсон тухай тушаалаар нотлогдоно. Түүнчлэн миний бие шүүх хуралдаанд оролцож зарим нэгэн нотлох баримт гаргаж өгөх, мөн нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах гэж байсан юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            У.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Я.Сьезд нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргад холбогдуулж Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, У.А ийг тус сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, Булган сум аймгийн төвөөс алслагдмал тул 2 долоо хоногийн хугацаагаар шүүх хуралдааны хойшлуулах тухай” хүсэлтийг шүүх хангаж шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 08:00 цаг хүртэл хойшлуулжээ.

 

2021 оны 6 дугаар сарын 18-ний өдөр өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан “... Булган сумд Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаартай захирамжаар 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 06 цагаас эхлэн сумын хэмжээнд 48 цагийн хугацаатай орох, гарах хөдөлгөөнийг түр хааж шийдвэрлэсэн, үүнээс болж А.Н  аймгийн төвд ирж гэрээнд гарын үсэг зурж чадаагүй, мөн шүүх хуралдаанд оролцож чадахгүй байдалтай байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ албажаагүй учраас хэргийн материалтай танилцаж чадахгүй байна. 2021 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 09:00 эрүүгийн шүүх хуралдаантай тул шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг анхан шатны шүүх “...А.Н ы өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, 14 хоногийн хугацаагаар шүүх хуралдааны хойшлуулах тухай” хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 08:00 цаг хүртэл хойшлуулсан байхад А.Н аас өмгөөллийн гэрээг шүүхэд ирүүлээгүй, өмгөөлөгч С.Нургайыпыг сонгож авсан болон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлээгүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж, 2021 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-д заасан гуравдагч этгээдийн мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг  нь зөрчжээ.

 

            Анхан шатны шүүх гуравдагч этгээд А.Н ыг өмгөөлөгчөөрөө С.Нургайыпыг сонгож авсан талаарх хүсэлтийг нь хүлээж аваагүй гэх шалтгаанаар хүндэтгэн үзэх шалтгаантай үед гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлаж үл болох ба өмгөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан Булган сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаартай захирамжаар 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 06 цагаас эхлэн сумын хэмжээнд 48 цагийн хугацаатайгаар орох, гарах хөдөлгөөнийг түр хааж шийдвэрлэсэн, энэ хугацаа 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 06 цагт дуусгавар болох учир мөн өдрийн өглөөний 08.00 цагт товлогдож, 08.30 цагт эхэлсэн шүүх хуралдаанд А.Н  нь Баян-Өлгий аймгийн Булган сумаас тус аймгийн төвийн Өлгий суманд хүрэлцэн ирж оролцож чадахгүй нь илэрхий байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.2 дахь хэсэгт зааснаар, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, гуравдагч этгээд А.Н  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлуудыг хангаж шийдвэрлэв.            

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 130/ШШ2021/00593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь  зааснаар хариуцагчийн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                                                     

                                                                            Д.КӨБЕШ