2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/06063

 

 

 

 

 

 

 

 

2025 07 21 191/ШШ2025/06063

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 давхарт байрлах, Т ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо,0 тоотод байрлах, Р ХХК /РД:000000/-д холбогдох,

Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ний үүрэгт 78,195,170 төгрөг, түрээсийн вагонд учруулсан эвдрэл, гэмтлийг засварласан төлбөр 183,750 төгрөг, зуны тээвэрт бэлдэх үзлэг, засварын ажлын төлбөр 422,536 төгрөг, алданги 39,097,585 төгрөг, нийт 117,889,041 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: "Т ХХК нь "Р ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ТүГ-2023/13 дугаартай "Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ"-г байгуулж, нэг вагоныг нэг хоногийн 145,000 (нэг зуун дөчин таван мянга) төгрөгөөр, нийт 4 вагон түрээслэхээр харилцан тохиролцсон.

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ТүГ-2023/13+1 дугаартай "Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-г байгуулан гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан. Энэхүү гэрээний дагуу манай компани 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4 ширхэг битүү вагоныг Өмнөговь аймаг дахь Тавантолгой өртөөнд "Рийл стийл" ХХК-д акт үйлдэн хүлээлгэн өгсөн. "Р" ХХК-иас дээрх 4 ширхэг битүү вагоныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймаг дахь Чойр өртөөнд акт үйлдэн буцааж хүлээн авсан байна.

Талуудын хооронд байгуулсан дээрх ТүГ-2023/13 дугаартай гэрээний 2.1-д "Гэрээний хугацаа нь битүү вагоныг Талууд актаар хүлээлцсэн өдрөөс эхлэн вагоныг буцаан хүлээлгэн өгсөн акт үйлдэж, 2 талын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөр дуусгавар болно", 3.1-д "... вагоныг акт үйлдэж вагон хүлээлцсэн өдрөөс эхлэн вагоныг буцаан актаар хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг тооцно", 3.7-д "Түрээслүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар вагоныг ашиглаагүй болон эвдрэл гарснаас үүдэн засварт зогссон нь гэрээнд заасан төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл болохгүй", 7.2-д "Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу зохих ёсоор, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж тус тус заасан.

"Р ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 135,720,208,52 (нэг зуун гучин таван сая, долоон зуун хорин мянга, хоёр зуун найман төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг төлөхөөс 57,525,038.52 (тавин долоон сая таван зуун хорин таван мянга гучин найман төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 78,195,170.16 төгрөг, түрээсийн вагонд учруулсан эвдрэл гэмтлийг засварласан төлбөр 183,750.78 төгрөг, зуны тээвэрт бэлдэх үзлэг, засварын ажлын төлбөр 422, 536.00 төгрөг, алданги 39,097,585.00 төгрөг, нийт 117,899,041.78 (нэг зуун арван долоон сая, найман зуун ерэн есөн мянга, дөчин нэгэн төгрөг, далан найман мөнгө) төгрөгийг хариуцагч "Р" ХХК-иар төлүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ний үүрэгт 78,195,170 төгрөг, түрээсийн вагонд учруулсан эвдрэл, гэмтлийг засварласан төлбөр 183,750 төгрөг, зуны тээвэрт бэлдэх үзлэг, засварын ажлын төлбөр 422,536 төгрөг, алданги 39,097,585 төгрөг, нийт 117,889,041 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээгээр нийт 4 вагон түрээслэх, нэг вагоныг нэг хоногийн 145,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл төлбөр, засварын зардлыг төлөөгүй гэж тодорхойлсон.

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Т ХХК нь Р ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ТүГ-2023/13 дугаартай Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ бичгээр байгуулж, нийт 4 вагон, нэг вагоныг нэг хоногийн 145,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцжээ.

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ТүГ-2023/13+1 дугаартай "Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-гээр гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгажээ.

 

Талуудын тохиролцоо Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээ-ний зохицуулалтад нийцсэн, гэрээг үгүйсгэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

4. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын хооронд байгуулагдсан Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ний 2.1-д зааснаар түрээслүүлэгч Т ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4 ширхэг .... дугаар бүхий битүү вагоныг Өмнөговь аймаг дахь Тавантолгой өртөөнд түрээслэгч Р" ХХК-д акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Р ХХК нь түрээслэсэн 4 ширхэг битүү вагоныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймаг дахь Чойр өртөөнд акт үйлдэн буцааж өгсөн болох нь 2023.10.24-ний өдрийн Вагон хүлээлцсэн акт, 2024.05.01-ний өдрийн Ачааны битүү вагон хүлээж авсан акт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 35-36 хуудас/

 

4.1. Хариуцагч Р ХХК нь дээрхи хугацааны түрээсийн төлбөр, тээврийн хөлс нийт 110,305,038 төгрөг төлөх үүрэгтэйгээс 40,125,038 төгрөгийг төлсөн, барьцаа 17,400,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцсноор нийт 57,525,038 төгрөгийг төлжээ.

 

4.2. Нэхэмжлэгч Т ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр вагоныг актаар хүлээн авсан боловч 2024.05.01-нээс 2024.05.31-ний өдрийг хүртэл 25,415,170 төгрөгийн түрээсийн төлбөрийг тооцож нэхэмжилсэн нь ТүГ-2023/13 дугаартай гэрээний 3.1-д ... вагоныг акт үйлдэж вагон хүлээлцсэн өдрөөс эхлэн вагоныг буцаан актаар хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг тооцно гэж заасантай нийцээгүй байна.

Иймд хариуцагч Р ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 52,780,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч Т ХХК нь 76000140 дугаар бүхий битүү вагоны А талын хаалганы доод зам цохигдсон гэмтлийг засварлахад 98,006.46 төгрөг, 76000116 дугаар бүхий битүү вагоны Б талын хаалганы дээд хөмсөг цохигдсон, хумигдсан болон 76000173 дугаар бүхий битүү вагоны Б талын хаалганы дээд хөмсөг доош хумигдсан, А талын хаалга цүлхийсэн гэмтлийг засварлахад 85,744.32 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан 2024.05.31-ний өдрийн "Р" ХХК-д түрээслүүлж буй битүү вагонд засвар үйлчилгээ хийсэн ажлын төлбөр, 2024.05.31-ний өдрийн Вагон засварын ажлын гүйцэтгэлийн тайлан, 2024.05.31-ний өдрийн ХХК-д түрээслүүлж буй битүү вагонд засвар үйлчилгээ хийсэн ажлын төлбөр, 2024.05.31-ний өдрийн Вагон засварын ажлын гүйцэтгэлийн тайлан зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 42-51 хуудас/

 

5.1. Гэрээний 6 дугаар зүйл Түрээслэгчийн эрх, үүрэг хэсгийн 6.2, 6.7, 6.10, 6.12 дахь хэсэгт зааснаар түрээслэгч Р ХХК нь воганд аливаа гэмтэл, эвдрэл учруулахгүй байх, учруулсан тохиолдолд холбогдох зардлыг хариуцах, засварын ажлыг өөрийн хөрөнгө, зардлаар гүйцэтгүүлэх, воганыг аливаа гэмтэлгүй буцаан хүлээлгэж өгөх үүрэгтэй байна.

Иймээс Р ХХК нь воганыг ашиглах явцдаа учруулсан гэмтлийг засварлахад гарсан зардлыг хариуцах үүрэгтэй байх тул дээрхи засварын зардал 183,750 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5.2. Нэхэмжлэгч Т ХХК нь Воган ашиглалтын депогоос 2024.07.30-ны өдөр нэхэмжилсний дагуу 2024.09.24-ний өдөр төлсөн 422,536 төгрөгийн воган засварын төлбөрийг хариуцагч Р ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг төлбөрийг хариуцагч Р ХХК хариуцах үүрэгтэй болохыг баримтаар нотлоогүй байна. /хавтаст хэргийн 40-41 хуудас/

Мөн гэрээний хугацаа дууссан, воганыг буцаан хүлээлгэж өгснөөс хойшхи зун улиралд бэлтгэх үзлэг засварын ажлын зардлыг Р ХХК хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн зуны тээвэрт бэлдэх үзлэг, засварын ажлын төлбөр 422,536 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Алдангийн тухайд,

Талууд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ТүГ-2023/13 дугаар Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ний 3.4-д түрээсийн төлбөрийг түрээсийн хугацаа тоологдож эхлэхээс 3 хоногийн өмнө урьдчилж төлнө гэж төлбөр төлөх хугацааг тогтоожээ.

Мөн гэрээний 7.2энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу зохих ёсоор, эхүл хэсэгчлэн биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцсоноор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг байгуулжээ.

 

6.1. хариуцагч Р ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа түрээсийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Тавантолгой төмөр зам ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөөс хоног тутам 0.5%-ийн алданги тооцон шаардах эрхтэй байна.

Алдангийг тооцоолбол: гүйцэтгээгүй үүрэг 52,780,000 төгрөгийн 0,5% алданги 263,900 төгрөг, 2024.01.01-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар 26,390,000 төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

7. Дээрхи үндэслэлээр хариуцагч Р ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 52,780,000 төгрөг, алданги 26,390,000 төгрөг, засварын зардал 183,750 төгрөг, нийт 79,353,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р ХХК-иас 79,353,750 /далан есөн сая гурван зуун тавин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38,545,291 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747,445 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р ХХК-иас 554,719 /таван зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА