2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/06153

 

 

 

 

 

 

 

 



 

  2025      07         23                               191/ШШ2025/06153

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад, 0 давхарт байрлах, М ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 34 дүгээр хороо, 0 тоотод байрлах, Ж ХХК /000000/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 52,978,985 төгрөг, алданги 26,489,492 төгрөг, нийт 79,468,477 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: "М ХХК нь хатуу хужилттай авто зам тавих ажлыг Улаанбаатар хот болон орон нутагт хийж гүйцэтгэдэг бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г "Ж" ХХК-ийн захирал Г.Э-тай байгуулан түрээслэгчийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтэц ажилд техник, тоног төхөөрөмж буюу машин механизмуудаа түрээслэн ашиглуулахаар хамтран ажилласан билээ.

Түрээслүүлсэн техник, тоног төхөөрөмжүүдийг дурьдвал өөрөө буулгагч, автогредер, экскаватор, индүү, ковш, усны машин зэргийг түрээслүүлсэн. "Ж ХХК нь 2020 оны 05 дугаар сарын түрээс 7,000,000 төгрөг, 06 дугаар сарын түрээс 127,076,902 төгрөг, 07 дугаар сарын түрээс 85,490,803 төгрөг, 08 дугаар сарын 38,118,279 төгрөг, нийт 258,370,985 төгрөг төлөх байсан. Үүнээс 05 дугаар сарын түрээс 7,000,000 төгрөг, 06 дугаар сарын түрээснээс 10,000,000 төгрөгийг, 07 дугаар сарын түрээс (түлшний) 68,392,000 төгрөг, 8 дугаар сарын түрээс (ковшны үнэ) 120,000,000 төгрөгийг оруулан 205,392,000 төгрөг төлснийг Мэнд суурь ХХК нь хүлээн авсан.

Бид удаа дараа эрх бүхий хүмүүс рүү холбогдож төлбөрөө нэн даруй төлөхийг шаардсан боловч төлнө гэсээр түрээсийн төлбөрийг төлөөгүй.

Түрээслэгч "Ж" ХХК нь тус байгуулсан гэрээний 3.3-т заасан хугацаанд техник, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг бүрэн төлж байх үүрэгтэй гэж заасныг үл биелүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-нүүдийн 5.3, 5.4-д урьдчилгаа үнийн дүн 50% буюу 6,0 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөрт багтаан төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг ажлын явцад гүйцэтгэлийг үндэслэн нэхэмжилснээс хойш 3 хоногт багтаан төлөхөөр заасан. Мөн гэрээний 5.9-д Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги нэмж төлөхөөр тохиролцсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэт заасныг баримтлан үндсэн түрээсийн төлбөр болох 52,978,985 төгрөгнөөс алданги 26,489,492 төгрөгийг төлөх үүрэг үүссэн.

Иймд хариуцагч Ж ХХК-иас 79,468,477 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 52,978,985 төгрөг, алданги 26,489,492 төгрөг, нийт 79,468,477 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: талууд Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г байгуулж, өөрөө буулгагч, автогредер, экскаватор, индүү, ковш, усны машин зэргийг түрээслүүлсэн боловч түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй тул гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэг үүссэн гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. М ХХК нь Ж ХХК-тай 2020 оны 06 сарын 01-ний өдөр ижил нөхцөл бүхий нийт 6 ширхэг Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г бичгээр байгуулж, өөрийн өмчлөлийн 21-25 УБ улсын дугаартай автоачигчийг сарын 12,000,000 төгрөгөөр, 89-51 УБ улсын дугаартай далангийн индүүг сарын 12,000,000 төгрөгөөр, 77-64 УН улсын дугаартай экскаваторыг сарын 35,000,000 төгрөгөөр, 00-44 УР улсын дугаартай автогредерыг сарын 18,000,000 төгрөгөөр, 75-22 ӨМӨ, 50-69 ӨМА, 70-14 ӨМӨ, 65-55 ӨМА, 18-12 ӨМӨ, 78-07 ӨМА улсын дугаар бүхий өөрөө буулгагч нарыг сарын 44,000,000 төгрөгөөр, 19-49 УБ улсын дугаартай далангийн индүүг сарын 12,000,000 төгрөгөөр түрээслүүлэхтүрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 10-27 хуудас/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 

4. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.1. Нэхэмжлэгч М ХХК нь гэрээний дагуу техникүүдийг хүлээлгэн өгч 2020 оны 08 сарыг хүртэл түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад байлгаж, ажиллуулсан бөгөөд нийт түрээсийн төлбөр 258,370,985 төгрөг болох нь 2020.08.05-ны болон 17-ны өдрийн Нэхэмжлэх-үүд, М ХХК-ийн 2020 оны 05-08 сар техникийн түрээс гэх баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4-5, 55-56 хуудас/

 

4.2. Түрээслэгч Ж ХХК нь түрээсийн төлбөрт, 05 дугаар сарын түрээс 7,000,000 төгрөг, 06 дугаар сарын түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгийг тус тус төлж, 07 дугаар сарын түрээст түлшээр 68,392,000 төгрөг, 8 дугаар сарын түрээст ковшоор 120,000,000 төгрөг нийт 205,392,000 төгрөг төлсөн болох нь М ХХК-ийн 2020.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийн харилцагчийн гүйлгээ, 80-13 УН улсын дугаар бүхий ковшийг М ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн М ХХК-ийн Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7, 57-59 хуудас/

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 

Түрээслэгч Ж ХХК нь 2020.06.01-ний өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ гэрээнүүдийн 5.3, 5.4-д заасны дагуу урьдчилгаа 50%-ийг гэрээ байгуулсан өдөрт багтаан төлөх, үлдэгдэл төлбөрийг ажлын явцад гүйцэтгэлийг үндэслэн нэхэмжилснээс хойш 3 хоногт багтаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үлдэгдэл 52,978,985 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу Ж ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул 2020.06.01-ний өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ гэрээнүүдийн 5.9-д Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги нэмж төлөхөөр тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Алдангийг нэхэмжлэгч 2020 оны 08 сараас шүүхэд нэхэмжлэл гаргах 2025-04-07-ны өдөр хүртэл тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар нэхэмжилсэн нь хууль болон гэрээний 5.9 дэх заалтад тус тус нийцсэн байна.

Иймд нэхэмжлэлийн уг шаардлагын хүрээнд хариуцагч Ж ХХК-иас алданги 26,489,492 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Ж ХХК-иас түрээсийн төлбөр 52,978,985 төгрөг, алданги 26,489,492 төгрөг, нийт 79,468,477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мэндсуурь ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 555,293 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж ХХК-иас 79,468,477 /далан есөн сая дөрвөн зуун жаран найман мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,293 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 555,293 /таван зуун тавин таван мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА