| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2020/0258/И |
| Дугаар | 212/МА2021/00067 |
| Огноо | 2021-10-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2021/00067
“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2021/00621 дугаар шийдвэртэй, “Эримбаян-Өлгий” ХК-ийн нэхэмжлэлтэй, ХИС, ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, К.Е , хариуцагч ХИС салбарсургуулийн захирал С.Г , хамтран хариуцагч ХИСийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б /цахим сүлжээгээр/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр 416.137.224 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: “Манай компани нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь 2015, 2016 онуудад манай компанитай дулааны эрчим хүч хэрэглэх аж ахуйн гэрээ байгуулж дулааны эрчим хүч худалдан авч ашигласан. Бидний хувьд шаардлага хангасан дулааны эрчим хүч нийлүүлж ирсэн боловч тус сургууль нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг цаг хугацаанд төлөхгүй явж ирсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн баталгаагаар бүгд 196,425,212 төгрөгийг манай компанид төлөх өглөгтэй гарсан. Гэтэл уг төлбөрийг хариуцагч төлөөгүйгээсээ болоод манай компани уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 271 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснээр одоогийн байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Дараа нь ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь манай компаниас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл дулааны эрчим хүч худалдаж авсан бөгөөд уг худалдаж авсан эрчим хүчний төлбөр нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 359,868,136 төгрөг болсон ба хариуцагчаас зарим төлбөрийг төлж өгснөөр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 416,137,224 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй байна. Энэхүү 416,137,224 төгрөгийг хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас төлөхийг шаардахад 70,336,360 төгрөгийн төлбөрийг тус салбар сургууль төлнө, харин үлдсэнийг нь буюу 345,800,864 төгрөгийн төлбөрийг ХИСь хариуцаж төлөх болно. Учир нь сургуулийн зохион байгуулалтын хэлбэр өөрчлөгдсөн гэсэн тайлбар хэлсэн. Өөрөөр хэлбэл уг төлбөрийг төлөхийг хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас удаа дараа шаардахад яг дээрх байдлаар тайлбар хэлээд байна. Манай компаниас ХИСь руу албан бичиг явуулж 345,800,864 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөх эсэхийг тодруулах гэтэл дорвитой хариу өгөөгүй. Манай компани 2014 оноос эхэлж ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд халаалт нийлүүлж ирсэн, түүнчлэн хариуцагч байгууллага төлбөр төлдөг байсан тул 416,137,224 төгрөгийн төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж байна. Манай компани уг асуудлыг эвийн журмаар шийдвэрлэж авахаар санаачилга гаргаж тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж 2 удаа өргөдөл гаргасан боловч хариуцагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан болно. Иймд хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн санхүүгээс дулааны эрчим хүчний төлбөр болох 416137224 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн тайлбарт: “Тус шүүхэд гаргасан “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь заалт, ХИСийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй. Эрх бүхий байгууллага буюу ХИСиас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 1 дүгээр сарын 23 -ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18 -ны өдрийн 271 дүгээр шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг хянаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 /131, 142/ дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг үндэслэн “Э” ХК-д холбогдох 17020586 тоот бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Түүнчлэн төрийн өмчийн их дээд сургуулийн тогтмол зардлыг улсын төсвөөс 2018 оны 11 дүгээр сар хүртэл санхүүжүүлж ирсэн ба төв сургууль болох ХИСийн төрийн сангийн дансаар дамжиж салбар сургуульд олгогддог. ХИСийн дүрмийн дагуу тус сургуулийн зүгээс тогтмол зардал болох гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр, бохир усны зардлын санхүүжилтийг нэгтгэж, ХИСийн удирдах зөвлөлийн тогтоолоор төсвийн төслийг баталдаг ба жил бүр Ховд аймгийн үндэсний аудитын газраар шалгуулж баталгаажуулалт хийлгэдэг. 2018, 2019, 2020 оны санхүүгийн нэгтгэлээр салбар сургууль нь ХИСиас авах тогтмол зардлын санхүүжилт болох 417,204,855 (дөрвөн зуун арван долоон сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун тавин таван) төгрөгийн авлагатай билээ. ХИСь болон Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль тогтмол зардлын тооцоог нийлсний дагуу Боловсрол шинжлэх ухааны яам 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 331,326,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 293,471,300 төгрөг буюу нийт 612.883.697 төгрөгийг ХИСийн Регистрийн 9066462 дугаартай, 5845555558 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Мөн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Боловсролын яамнаас 4 удаагийн шилжүүлгээр ХИСьд 874,800,000 сая төгрөг олгосон хэмээн Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захиргаанд Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа албан бичгээр мэдэгдсэн билээ. Тус албан бичгээс хойш 2018 оны 11 сар хүртэл хэчнээн төгрөг ХИСийн дансанд орж ирснийг нотлох баримтгүй тул салбар сургуулийн удирдлага мэдэх боломжгүй юм. Энэхүү албан бичгийг үндэслэн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулахад ХИСь нь 874,725,948 төгрөгөөс Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд зөвхөн 160,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд өөр ямар нэгэн санхүүжилтийг нэмж олгоогүй болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 5/37 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор нотлогдон тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, тус салбар сургууль нь 160,000,000 төгрөгийн санхүүжилтээс гадна авбал зохих тогтмол зардлын санхүүжилтийг одоо болтол бүрэн бүтэн авч чадахгүй байна. ХИСиас авах авлага болох 417,204,855 (дөрвөн зуун арван долоон сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун тавин таван) төгрөгийн санхүүжилт манай салбар сургуульд орж ирэхгүй байгаа учраас нэхэмжлэгч “Э” ХК-нд төлөх дулааны эрчим хүч хэрэглэсний өр үүссэн нь үнэн. Өөрөөр хэлбэл, ХИСиас дээрх санхүүжилт орж ирсэн тохиолдолд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлөх боломжтой байна. Нэхэмжлэгч “Э” ХК нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг ХИСиас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч ХИСийн тайлбарт: “Нэхэмжлэгч Э ХК нь 2021 оны 01 сарын 13-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэсэн нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагын дагуу ХИСийг хамтран хариуцагчаар татсаныг эс зөвшөөрч, хариуцагчаас дараах тайлбарыг гаргаж байна. 2018 оны 4 сарын 14-ний өдөр Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т орсон нэмэлт өөрчлөлтөөр их, дээд сургуулиудад тогтмол зардлын санхүүжилтийг улсын төсвөөс олгохгүй болсон. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө яамнаас орж ирсэн тогтмол зардлын санхүүжилтээс Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 2017 онд 60.000.000 , 2018 онд 130.000.000 нийт 190.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. БШУЯ-аас тус сургууль нь 940.171.610.65 төгрөгийн тогтмол зардлын авлагатай байгаа болно. Дээрх санхүүжилт орж ирээгүйн улмаас өнөөдрийн байдлаар тус сургууль нь Ховд аймгийн Дулааны Бадамлах дөл ХК-д дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 703.824.918 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. 2018 оны 11 сараас хойш хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө ХИСь нь цаг хугацаанд нь төлж барагдуулж байгаа ба энэ хугацаанд “Э” ХК-аас авч хэрэглэсэн дулааны төлбөрөө Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль өөрөө хариуцан төлөх ёстой” гэжээ
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2021/00621 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг тус тус баримтлан ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас дулааны эрчим хүчний төлбөр 416137224 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, хамтран хариуцагч ХИСьд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх 2021-07-01-ний өдрийн 130/ШШ2021/00621 дугаар шийдвэртээ ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, технологийн коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компани, ахлах сургуультай байж болно” 5.5-д “Их сургууль, дээд сургууль, коллежийн харьяаллын сургууль нь бие даасан хуулийн этгээд байна. Дээр дурдсан сургууль бие дааж магадлан итгэмжлэлд орно” гэж зааснаар их сургууль, дээд сургууль, коллежийн харьяаллын сургууль нь бие даасан хуулийн этгээд байхаар тусгайлан зохицуулсан байх тул ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг хуулийн этгээдийн эрхгүй гэсэн үндэслэлээр “Э” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй хэмээн дүгнэж ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас 416,137,224 төгрөгийг гаргуулж “Э” ХК-д олгож шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн салбар газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ” гэж заасны дагуу ХИСь нь Баян-Өлгий аймагт өөрийн салбар сургуулиа байгуулсан ба хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь ХИСийн үндсэн чиг үүргийг Баян-Өлгий аймагт гүйцэтгэдэг салбар нэгж юм.
Хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй ба энэ нь манай сургуулийн гэрчилгээ, ХИСийн дүрмийн 2.7-д “Салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй. Эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар тус тус нотлогдоно. Мөн ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Дээд боловсролын тухай хуулийн 5.5-д заасны дагуу бие даан магадлан итгэмжлэлд ордоггүй ба ХИСийн хийлгэсэн магадлан итгэмжлэлийн дагуу хамт явдаг.
Дээд боловсролын тухай хуулийн 5.2-т “Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, технологийн коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компани, ахлах сургуультай байж болно” гэж заасан бөгөөд хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь ХИСийн харьяаллын дээд сургууль, коллеж биш бөгөөд ХИСийн үндсэн чиг үүргийг Баян-Өлгий аймагт гүйцэтгэдэг салбар сургууль юм.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг Дээд боловсролын тухай хуулийн 5.2-т заасны дагуу ХИСийн харьяа сургууль, уг хуулийн 5.5-д зааснаар хуулийн этгээдийн эрхтэй байх ёстой хэмээн дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул тус шүүхийн 2021-07-01-ний өдрийн 130/ШШ2021/00621 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон ХИСьд тус тус холбогдуулан 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл ашигласан эрчим хүчний дулааны төлбөрийн үлдэгдэлд 416.137.224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, харин хариуцагч болон хамтран хариуцагч нар тус тус эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас дулааны эрчим хүчний төлбөрт 416.137.224 төгрөгийг гаргуулан “Э” ХК-д олгож, нэхэмжлэлийн хамтран хариуцагч ХИСьд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан “Э” ХК болон ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 26 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаартай дулааны эрчим хүч худалдах-худалдан авах тухай гэрээгээр халаалтын эхлэх хугацааг 9 дүгээр сарын 15-ны өдөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоож, халаалтын үргэлжлэх хугацааг 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 9.063.38 м.куб талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 14.552.10/ төгрөг 8 сард 112.538.176.784 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна. Гэрээний талуудын тооцоо нийлсэн актаар ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нэхэмжлэгчид 416137224 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан 2017, 2018, 2019, 2020 оны тооцоо нийлсэн акт, талуудын хооронд байгуулагдсан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээгээр хэрэглэгч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь 2017, 2018, 2019, 2020 халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 416.137.224 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогджээ.
Хариуцагч дулааны төлбөрийг төлөөгүй үндэслэлээ “ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д заасны дагуу хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. ХИСиас авах авлага болох 417.204.855 төгрөгийн санхүүжилт манай салбар сургуульд орж ирэхгүй байгаа учраас нэхэмжлэгч “Э” ХК-д төлөх дулааны эрчим хүч хэрэглэсний өр үүссэн нь үнэн. Өөрөөр хэлбэл ХИСиас дээрх санхүүжилт орж ирсэн тохиолдолд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлөх боломжтой. “Э” ХК нь дулааны эрчим хүчний төлбөрийг ХИСиас нэхэмжлэх нь зүйтэй” гэж тайлбарлаж, хамтран хариуцагч ХИСиас авлагатай талаар нотлох баримтаа гаргаж өгсөн боловч энэ нь түүнийг хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнээс буюу гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Их сургууль, дээд сургууль, коллежийн харьяаллын сургууль нь бие даасан хуулийн этгээд байна. Дээр дурдсан сургууль бие дааж магадлан итгэмжлэлд орно.” гэж тус тус заасныг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас дулааны эрчим хүчний төлбөр 416.137.224 төгрөгийг гаргуулан “Э” ХК-д олгож, хамтран хариуцагч ХИСьд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2021/00621 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХИСийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ