| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0047/Э |
| Дугаар | 000074 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 000074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд, Х.Оюунбат
Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч С.Б, П.Лхагважаргал
Өсвөр насны шүүгдэгч Б.Ц, Э.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, Э.Н нарт холбогдох эрүүгийн 1725004340003 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн 13 дугаар сургуулийн 10а ангид суралцдаг, ам бүл-4, аав, 2 ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д овгийн Б-ийн Ц
Монгол улсын иргэн, Булган аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн 2 дугаар сургуулийн 9-р ангид суралцдаг, ам бүл-6, аав, ээж, эгч, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Э-ийн Н
Өсвөр насны шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг дельта тетрагидраканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 оны 11 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2017 оны 11, 12 дугаар саруудад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Э.Н бид хоёр энэ өвсний талаар ер мэддэггүй байсан. Өвсийг цүнхэндээ хадгалж байсан. Тэр өвс дүнсэн тамхи шиг л юм байхаар нь сонирхоод татаж үзсэн. Би маш буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Э.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ өвсний талаар ерөөсөө ойлгохгүй байсан. Хүүхдүүд замын хажууд ургадаг гэж ярихыг сонссон. Би энэ өвсийг түүж татсан нь үнэн гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 21 цагаас Говил багийн засаг дарга Л.Даваажав, хэсгийн байцаагч Өнөболд, хэсгийн цагдаа Ж.Амгаланбаяр нарын хамт Говил багийн Илгээлт, 2 дугаар 10 жилийн сургууль орчимоор эргүүлд ажиллаж байхад 22 цагийн орчим 2 дугаар сургуулийн хашааны хаалганы тэнд явж байсан чинь хашаан дотор хүүхдүүд тамхи татчихсан явж байхаар нь цагдаа Амгаланбаяр тэр хүүхдүүдийг дуудахад 4 хүүхэд тамхи татсан байсан бөгөөд тэр хүүхдүүдийн нүд нь сонин харцтай болчихсон байсан. Үнэрлээд үзсэн чинь сонин үнэр үнэртээд байсан тул цагдаа Амгаланбаяр та нараас юу үнэртээд байгаа юм бэ? гэж асуусан чинь Ц гэдэг хүүхэд би гэртээ боорцог хайраад гарч ирлээ гэсэн. Цагдаа Амгаланбаяр, хэсгийн байцаагч Өнөболд нар тэр хүүхдүүдийг шалгахад П гэдэг хүүхдийн үүрсэн улаан өнгийн цүнхэн дотроос улаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл гарч ирсэн. Мөн нэг хүүхдийнх нь халааснаас хуйлсан мөнгөлөг цаас гарч ирсэн тул цагдаагийн газар авч ирсэн гэсэн мэдүүлэг / хх 38 ху/,
-Насанд хүрээгүй гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Явах замдаа 48 айлын орон сууцны хойд талын гражнуудын хойно очсон. Цээс нөгөө өвс чинь байгаа юу гэхэд байгаа гэсэн. Тэгэхээр нь татаж үзье гэж ярилцаад тэндээ татсан гэсэн мэдүүлэг / хх 39 ху/,
-Насанд хүрээгүй гэрч М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Бид нар түлээгээ хагалж дуусаад 48 айлын орон сууцны тийшээ өвс татъя гэж ярилцаад бөөнөөрөө очоод гражнуудын ард ороод өвс татсан. Тэр үед Ц-д өвс байгааг бид нар мэдэж байсан гэсэн мэдүүлэг /хх 40 ху/
-Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүргийг багийн засаг дарга Даваажав, хэсгийн ахлагч Батцэцэг нарын хамт 2 дугаар сургуулийн орчим үүрэг гүйцэтгээд явж байтал сургуулийн хашаан дотор сургуулийн сурагч бололтой 4 хүүхэд тамхи татаад явж байсан. Тэгээд хэсгийн байцаагчийг ирэхээс өмнө тухайн хүүхдүүдийг 2 дугаар сургууль руу оруулаад гэрэлд харсан чинь нүдний хар хэсэг нь тас хар өнгөтэй, энгийн хүний нүднээс шал өөр харагдаад байсан гэсэн мэдүүлэг /хх 45 ху/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11444 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйл болон “Б Ц гэсэн хаягтай шээс, “Б П гэсэн хаягтай шээс, “Э Н гэсэн хаягтай шээс тус бүрийн хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. “М.Т” гэж хаягласан шээс үлдэгдэлгүй асгарсан тул шинжилгээг хийх боломжгүй байв.
Шинжилгээнд ирүүлсэн Цээс хураан авсан улаан өнгийн цэцэгтэй ууттай өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агууламж илрэв.
Шинжилгээнд ирүүлсэн Цээс хураан авсан улаан өнгийн цэцэгтэй ууттай 0.66 грамм жинтэй өвс мэт зүйлийг “BOSH” аналитик жин дээр уутны хамт жигнэхэд 65.6200 гр /зураг №1/, шинжилгээнд дээж авсны дараа 65.4094 гр /зураг №2/, буцааж дүгнэлтийн хамт хүргүүлэв.
Шинжилгээнд ирүүлсэн “Б Ц” гэсэн хаягтай шээсэнд тетрогидроканнабинол /ТНС/-ын агуууламж, “Б П” гэсэн хаягтай шээсэнд тетрогидроканнабинол /ТНС/-ын агуууламж, “Э Н” гэсэн хаягтай шээсэнд тетрогидроканнабинол /ТНС/-ын агуууламж тус тус илэрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх 31-32 ху/,
-Илтгэх хуудас /хх17 ху/
- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-19 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 89 ху/
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх21-26 ху/
-Нас тоолсон тухай тэмдэглэл / хх 70, 71 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /64,65 ху/
-Б.Ц, Э.Н нарыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 08-11 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтанд хамааралтай байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг дельта тетрагидраканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 оны 11 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2017 оны 11, 12 дугаар саруудад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц, Э.Н нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Батцэцэг / хх 38 ху/, Л.Б / хх 39 ху/, М.Т /хх 40 ху/, Ж.Амгаланбаяр /хх45 ху/ нарын мэдүүлгүүд, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 114444 дугаартай дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Б.Ц, Э.Н нарыг НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг дельта тетрагидраканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 оны 11 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2017 оны 11, 12 дугаар саруудад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын өсвөр насны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 65 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овгийн Б-ийн Ц, Б овгийн Э-ийн Н нарыг сэтгэцэд нөлөөт бодис,тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Н-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ц, Э.Н нарын эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Э.Н нарт оногдуулсан тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 65 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ