2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/06267

 

 

 

 

 

 

 



2025      07        25                                  191/ШШ2025/06267

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, М овогт Н-н Б

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо 0 тоотод оршин суух, И овогт Б-гийн Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 давхарт байрлах, М ХХК-д холбогдох,

55,536,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б, Б.Т нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ: Иргэн Н.Б, Б.Т нар нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр тус компанийн Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт "Поларис аппартмент-3" орон сууцны хотхоны 0 мкв, /1 м.кв-ын үнэ 1,600,000 төгрөг/ 2 өрөө орон сууцыг /ПЗ-Д-01/40-183/ дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахдаа, ажлын төлөвлөгөөгөөр 2023 оны 09 сарын 30-ны өдөр ашиглалтад өгнө гэсэн гэрээ хийсэн бөгөөд энэ хугацаандаа ямар ч ажил хийгдээгүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл хэвээр ажлын гүйцэтгэл байхгүй болно.

Байгуулсан гэрээ ёсоор ажил үүрэг гүйцэтгэгдээгүй тул 2023 оны 08 сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах хүсэлт гаргасны үндсэн дээр Гэрээ цуцлах акт"-ыг үйлдсэн. Гэрээ цуцлах актад заасан 180 хоногийн хугацааг хүлээсэн ба байгууллага мөнгөгүй, буцаалт олгогдох боломжгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл буцаан олгох боломжгүй гэсэн хариуг удаа дараалан өгч, актад заасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй учир танай шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд гэрээ цуцлагдсантай холбогдуулан хариуцагч нь миний төлсөн бүрэн төлбөр болох 55,536,000 /тавин таван сая таван зуун гучин зургаан мянган/ төгрөгийг буцаан олгох үүрэг хүлээсэн боловч өнөөг хүртэл уг төлбөрийг буцаан өгөөгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 245 дугаар зүйлийн 245.1, 456 дугаар зүйлүүдийг үндэслэн хариуцагчаас гэрээ цуцлагдсан үндэслэл бүхий 55,536,000 төгрөгийг гаргуулж, миний Хас банкны 00000 тоот дансанд шилжүүлж өгөх гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: Н.Б, Б.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.08.28-ны өдрийн гэрээ цуцалсан акт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл-3ш, Хаан банкны депозит дансны хуулга зэргийг гаргаж өгсөн, хариуцагч талаас М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

  

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б, Б.Т нар нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 55,536,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч нар нь дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.Б, Б.Т нар нь хариуцагч М ХХК-тай 2023.08.28-ны өдрийн Гэрээ цуцалсан акт үйлдэж М ХХК нь 55,536,000 төгрөгийг 180 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй гэх үндэслэлээр тодорхойлсон.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Н.Б, Б.Т нар нь М ХХК-тай 2022 оны 10 сарын 05-ны өдөр ПЗ-Д-01/40-183 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, тус компанийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Поларис аппартмент-3" орон сууцны хотхоны 0 мкв, /1 м.кв-ын үнэ 1,600,000 төгрөг/ 2 өрөө орон сууцыг захиалан бариулах, М ХХК нь орон сууцыг барьж, захиалагч талд 2023 оны 09 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 10-16 хуудас/

 

Гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц байх ба уг орон сууцыг шууд ашиглах боломжтойгоор нэхэмжлэгчид шилжүүлэх, хариуцагч нь үнэ төлөх агуулгатай байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна.

 

4. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

4.1. Гэрээний дагуу Н.Б, Б.Т нар нь М ХХК-д 2022.10.05-ны өдөр 47,000,000 төгрөгийг, 2022.11.29-ны өдөр 2,850,000 төгрөгийг 2022.12.29-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2023.01.30-ны өдөр 3,690,660 төгрөгийг тус тус төлж, нийт 55,536,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-9 хуудас/

 

5. М ХХК нь гэрээнд заасны дагуу орон сууцыг 2023 оны 09 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас Н.Б, Б.Т нар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж, талууд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Гэрээ цуцалсан акт-ыг үйлдэж, М ХХК нь Н.Б Б.Т нарын гэрээний дагуу төлсөн 55,536,000 төгрөг төлснийг баталгаажуулж, төлбөрийг 180 хоногийн дотор буцаан төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 5 хуудас/

 

6. Талууд гэрээнээс татгалзснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагч М ХХК-д 55,536,000 төгрөгийг Н.Б, Б.Т нарт буцаан төлөх үүрэг үүссэн.

Хариуцагч М ХХК нь Гэрээ цуцалсан актад заасан хугацаандаа Н.Б, Б.Т нарт төлбөрийг олгоогүй байна.

Иймд М ХХК-иас 55,536,000 төгрөгийг гаргуулж Н.Б, Б.Т нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан боловч хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 435,654 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 55,536,000 /тавин таван сая таван зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б, Б.Т нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,654 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 435,654 /дөрвөн зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж Н.Б, Б.Т нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ОЮУНТУЯА