| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/00250/И |
| Дугаар | 191/ШШ2025/06334 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/06334
2025 07 28 191/ШШ2025/06334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ш овогт Д-ын О-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тоот, Р 2 давхарт байрлах, Р ХХК /РД:000000/-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, У.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч Д. О миний бие 2024.02.21-ний өдөр Р ХХК-тай 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан гадаад харилцааны мэргэжилтнээр ажилд орсон. Цаашид 2024.07.01-ний өдрөөс Б/38 дугаартай тушаалаар үндсэн ажилтнаар ажилсан. Гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах хугацаанд Р ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б-гийн үүсгэн байгуулсан гүйцэтгэх захирлаар ажилладаг С ХХК-ийн бичиг хэргийг нь хөдөлмөрийн гэрээнд нэмж заалгалгүйгээр давхар хариуцаж ажилладаг байсан. Гэтэл үндсэн ажилтнаар ажиллах болсноос хойш ашиггүй ажилсан үндэслэлээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр С ХХК нь татан буугдсан тул Р ХХК-ийн хуульч С.А нь 2024.10.18-ны өдөр уулзаж 2024.10.31-ний өдөр ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн. С ХХК нь татан буугдсан тул ажлаас гарах өргөдлөө талууд харилцан тохиролцон гэж бичиж өгөхийг хуульч зөвлөсөн боловч миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд нэгэнт татан буугдсан гээд халж байгаа бол хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тушаалаа гаргана уу гэсэн.
Мөн миний бие Р ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компаниас цалин авдаг байсан нь С ХХК татан буугдах болсон шалтгаанаар ажлаас халагдах үндэслэл болж чадахгүй гэсэн боловч хуульч ямар ч байсан 2024.10.31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Үүний дагуу 2024.10.31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөөд нэгэнт орон тоо бүтцээр халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тэтгэмж өгнө үү гэж өргөдөл өгсөн. Гэтэл 2024.11.08-ны өдөр Б/67 дугаартай ажлаас халах тушаал гарсан. тушаалын үндэслэл болохоор харилцан тохиролцсон гэсэн байсан. Миний бие харилцан тохиролцоогүй, намайг ажлаас халаад өгнө үү гээгүй харин С ХХК татан буугдаж байгаа үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол хуульд заасан тэтгэмж өгөхгүй гээд амаараа хэлээд байхаар нь хуулиа хэрэгжүүлнэ үү гэж л өргөдөл өгсөн. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гээд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд хандсан боловч харилцан зөвшилцөөгүй тул шүүхэд ханд гэсэн болно.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон өмнө эрхэлж байсан Р ХХК-ийн гадаад харилцааны мэргэжилтний албан тушаал дээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл өдрөөр гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Д.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэ хариу тайлбарыг гаргав.
"Р" ХХК нь Д.О-г анх ажилд орох үед /2024.02.21/ ТУЗ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Тус бүтэц, орон тоонд Гадаад харилцааны мэргэжилтэн" гэх ажлын байр байгаагүй буюу гадаад харилцааны мэргэжилтэн гэх чиг үүрэг шаардлагагүй байсан. Харин Гүйцэтгэх захирал П.Б-гийн мөн Гүйцэтгэх захирлаар ажилладаг "С" ХХК-д гадаад харилцаа, баримт бичиг цэгцлэх, архивлах, тайлан гаргах чиг үүрэг бүхий албан тушаалтан хэрэгтэй байсан ба "С" ХХК нь татварын өртэйн улмаас байгууллагын данс битүүмжлэгдсэн, гэрээ байгуулж цалин хөлсийг олгох боломжгүй байв.
Дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгчид хэлж, манай компанийн зүгээс Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу Д.О-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Р ХХК дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс олгох ба хийж гүйцэтгэх ажил үүрэг нь С ХХК-ийн баримт бичгүүдийг зохион байгуулах, гадаад харилцааг хариуцахаар тохирсон. Улмаар 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар Р ХХК-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Гадаад харилцааны мэргэжилтэн" гэх орон тоог нэмсэн болно. Өөрөөр хэлбэл Д.Оюунсанд цалин хөлс олгох тул орон тоог шинэчлэн баталсан.
Иймд Д.О нэхэмжлэлдээ ...Гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах хугацаанд С ХХК-ийн бичиг хэргийг хөдөлмөрийн гэрээнд нэмж заалгүйгээр давхар хариуцаж байсан... гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь Р ХХК ба С ХХК-иудын ажлыг давхар хийж гүйцэтгэж байгаагүй, С ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой ажил хийхээр тохиролцсон болно.
С ХХК-ийн цаашдын үйл ажиллагаа болон өр төлбөртэй холбоотойгоор 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан. Гэвч тус хурлаар Хувьцаа эзэмшигчид нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй буюу үйл ажиллагааг улам хумих болсон. Иймд Д.О-г цаашид ажиллуулах боломжгүй болсон ба энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, анх харилцан тохирсон, түүнтэй энэ талаар ярьсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр ажил хүлээлцэх болсон.
Мөн нэхэмжлэгч нь "...орон тоо цөөрсөн тул тэтгэмж авна... гэжээ. Гэвч 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн ТУЗ хуралдаж, компанийн бүтэц орон тооноос Гадаад харилцааны мэргэжилтэн гэх албан тушаалыг хассан зүйл байхгүй буюу зөвхөн түүнийг анх ажилд авах болсон шалтгаан, ярьж тохирсон ажил байхгүй болсон болно. Иймд хуульд заасан үндэслэлээр тэтгэмж өгөх үндэслэл үүсэхгүй бөгөөд хэрэв ойлгоогүй зүйл байвал нэмж тодруулах тухай мэдэгдсэн байдаг.
Түүнчлэн "Р" ХХК-ийн зүгээс хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй, Д.О-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх үндэслэлээр тодорхойлсон.
2. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа РХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс олгох ба хийж гүйцэтгэх ажил үүрэг нь С ХХК-ийн баримт бичгүүдийг зохион байгуулах, гадаад харилцааг хариуцахаар тохирсон, ийнхүү анх ажилд авах болсон шалтгаан, ярьж тохирсон ажил байхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн гэж тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч Д.О нь Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.11.08-ны өдрийн В/67 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай /Д.О/ тушаалыг гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1-д заасны дагуу ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо Рэд рок холдинг ХХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан ба тус хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар тэмдэглэлийг хүлээн авч, шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тус тус хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 2-5 хуудас, 1 хуудасны ар тал/
3.2. Д.О нь 2024.02.21-ний өдөр Рэд рок холдинг ХХК-тай 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан гадаад харилцааны мэргэжилтнээр ажилд орж, 2024.07.01-ний өдрөөс Б/38 дугаартай тушаалаар үндсэн ажилтнаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ байгуулан ажилласан байна. /хавтаст хэргийн 6-11, 87-92 хуудас/
3.3. Р ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.03.19-ны өдрийн 04 дугаар Компанийн болон түүний охин компаниудын зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тогтоолоор Р ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг 1-р Хавсралтаар, орон тоог 2-р Хавсралтаар тус тус шинэчлэн баталсан байх бөгөөд тогтоолын 2-р Хавсралтын 2.3.3-д Гадаад харилцааны мэргэжилтэн 1 байхаар тогтоожээ. /хавтаст хэргийн 26-27, 33-35 хуудас/
3.4. Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.11.08-ны өдрийн В/67 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай /Д.Оюунсан/ тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг үндэслэн Бизнес хөгжлийн газар, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.О-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцсоны дагуу цуцалж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024.10.31-ний өдрөөр дуусгавар болгожээ. /хавтаст хэргийг 2 хуудас/
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж заасан.
4.1. Хариуцагч Р ХХК нь ажилтан Д.О-тай харилцан тохиролцсон үндэслэлээ анх ажилд авахдаа С ХХК-ийн баримт бичгүүдийг зохион байгуулах, гадаад харилцааг хариуцахаар тохиролцсон, энэхүү ажил үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.
4.2. Нэхэмжлэгч Д.О-тай хариуцагч Р ХХК нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллуулсан бөгөөд Р ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд Гадаад харилцааны мэргэжилтэн 1 байхаар Р ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.03.19-ны өдрийн 04 дугаар тогтоолоор тогтоосон, уг тогтоолд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн ажлын байр нь охин компаниудын зохион байгуулалтын бүтцэд бус, Р ХХК-ийн бүтэц, орон тоонд хамааралтай байх бөгөөд одоо ч хэвээр хадгалагдаж байна.
4.3. Р ХХК-ийн гадаад харилцааны мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэгт С ХХК-ийн баримт бичгүүдийг зохион байгуулах, гадаад харилцааг хариуцах ажил үүрэг тусгагдаагүй байна. /хавтаст хэргийн 212 хуудас/
4.4. ажил олгогч Р ХХК нь ажилтан Д.О-тай харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагчийн Д.О-г анх ажилд авахдаа С ХХК-ийн баримт бичгүүдийг зохион байгуулах, гадаад харилцааг хариуцуулахаар тохиролцсон, эдгээр ажил үүрэг дууссан гэх тайлбар нь Р ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.03.19-ны өдрийн 04 дугаар тогтоол, Д.О-ы ажлын байрны тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна.
5. Р ХХК-ийг Д.О-тай харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Р ХХК-ийн 2024.11.08-ны өдрийн В/67 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай /Д.О/ тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
5.1. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1. дэх хэсэгт зааснаар Д.О-г урьд эрхэлж байсан Р ХХК-ийн гадаад харилцааны мэргэжилтэн ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Д.О-г ажлаас чөлөөлсөн 2024.10.31-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч Р ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.О нь сард 2,500,000 төгрөгийн цалинтай болох нь Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сарын дундаж цалин хөлсийг 2,500,000 төгрөгөөр тодорхойлох үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 6 хуудас/
Ажилгүй байсан 2024.11.01-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 8 сар 14 хоногоор тооцоход 21,627,906 төгрөг /1 сар 2,500,000 төгрөг, 1 өдөр 116,279 төгрөг, 2,500,000 : 21,5 хоног = 116,279 төгрөг/, 2,500,000 х 8 сар = 20,000,000 төгрөг, 116,279 х 14 хоног = 1,627,906 төгрөг, 20,000,000 + 1,627,906 = 21,627,906 төгрөг/ болж байх тул 21,627,906 төгрөгийн олговорыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5.3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч РХХК-д даалгах үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 21,627,906 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 266,090 төгрөг тус тус гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар Д.О-г Р ХХК-ийн гадаад харилцааны мэргэжилтэн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Р ХХК-иас 21,627,906 /хорин нэгэн сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулж Д.О-д олгож, Д.О-гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг Р ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Р ХХК-иас 336,290 /гурван зуун гучин зургаан мянга хоёр зуун ер/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА