| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/02968/И |
| Дугаар | 191/ШШ2025/06695 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06695
2025 08 04 191/ШШ2025/06695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Довогт Бийн А /РД: *****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах АК ХХК /РД: ****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие "АК" ХХК-тай 2020 оны зургаадугаар сарын 12-ны өдөр No7 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн үед баригдсан байсан 4 давхар цутгамал караказан барилгын ажлыг бүрэн дуусган орон сууц худалдан авахаар тохирсон. Гэрээгээр орон сууц нь ******тоот 81.51 м.кв гурван өрөө байрыг нэгж талбайн үнэ 1,400,000 төгрөг, нийт 114,114,000 төгрөг болсон. (Гэрээний хуулбарыг хавсаргав).
Миний бие 35,000,000 болон 15,000,000 төгрөгийн хоёр удаагийн төлөлтөөр нийт 50 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг "АК" ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
Ажил гүйцэтгэж дуусах ерөнхий хугацааг бид гэрээний 2.2-т зааснаар 2020 оны есдүгээр сарын 15 гэж тохирсон боловч өнөөг хүртэл 4 жил 10 сарын хугацаа өнгөрч байхад тухайн 4 давхар барилгын ажил дээр ямар ч ажил нэмж гүйцэтгэгдсэнгүй.
Энэ хугацаанд тус компанийн ажилтан М.Хтай байнга холбогдож барилгын ажил яагаад явахгүй байгаа талаар тодруулахад "Зарим нэг иргэдийн гомдол шүүхэд хэлэлцэгдэж байгаа, асуудал манай талд шийдэгдэж байгаа, удахгүй баригдана, барих асуудалд цаг орохгүй гэсэн тайлбарыг өгч байсан.
Миний бие 4 жил гаруй хугацаанд тус компанийг гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээсэн бөгөөд хэзээ ашиглалтад орох нь одоо хүртэл тодорхойгүй орон сууц захиалгад урьдчилгаа төлбөр төлж хохирч байгаа тул 2024 оны долоодугаар сарын 29-ний өдөр гэрээг цуцалъя, урьдчилгаа төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгөө буцаан авъя гэдэг саналыг М.Хд албан ёсоор тавьсан. М.Х мөн л "Захиралд хэлнэ, хэлсэн, шийднэ, удахгүй" гэсээр найман сарын хугацаа өнгөрөөд байна.
Энэхүү гэрээний 4.1.7-д зааснаар гүйцэтгэгч нь заасан хугацаанд орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөөгүй, мөн захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр заасан. Гүйцэтгэгч нь гэрээний 4.1.1, 4.1.2-т (...зохих журмын дагуу тогтоосон хугацаанд нь барьж, улсын комисс хүлээн авсан орон сууцыг захиалагчид хүлээлгэх өгөх, ажлын гүйцэтгэлийн талаар захиалагчид байнга мэдээлж, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх) заасан үүргээ биелүүлээгүй.
Гэрээний 6.1.3-ийн дагуу бичгээр гаргасан саналд 14 хоногийн дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй бөгөөд миний бие 2024 оны 10 дугаар сарын 14- нд бичгээр тус компанид хүсэлт гаргаж, М.Хтай биечлэн уулзсан бөгөөд 14 хоногийн дотор буюу 2024 оны 11 дүгээр сарын 1-ний дотор миний төлсөн урьдчилгаа төлбөрийг төлнө гэж мэдэгдсэн. Үүнээс хойш олон удаа холбогдсон боловч ойлгож байна, мэдэж байна, борлуулалт хиймэгц өгнө гэсээр өнөөг хүрсэн болно.
Иймд хариуцагч "АК ХХК-аас миний урьдчилгаа төлбөрт төлсөн 50,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Бийн А нь гүйцэтгэгч АТ ХХКомпанийн Сүхбаатар үүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхэлсэн 61/Б блок бүхий орон ууцны барилгаас 81.51 м.кв талбайтай орон сууцыг 1м.кв талбайн үнийг 1.400.000 төгрөгөөр, нийт 114.114.000 төгрөгөөр худалдаж авахаар захиалгын гэрээний үүргийг үлээсэн АК ХХК хоёр талын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 50.000.000 төгрөг тус компанид төлсөн нь үнэн болно.
Гэвч манай компанийн барьж эхэлсэн барилгын зэргэлдээх орон сууцанд амьдардаг иргэд, манай барилгыг барилга хоорондын зай зөрчсөн гэх мэт суудлуудаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл арган, уг хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд барилгын ажлыг зогсоож, 3 шатны шүүхээр амжиж шийдвэрлэгдэх 5 жилийн хугацаагаар барилгын ажлыг саатуулж, хэрэг шийдвэрлэлтийн ажиллагаа 2023 оны 05 дүгээр сард дууссан юм. Үүнээс шалтгаалан орон сууц захиалагч Б.Атэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ нь хугацаандаа Биелэгдээгүй нь манай компанийн үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан асуудал биш юм. Орон сууц захиалагч Б.А нэгэнт гэрээгээ цуцалж, урьдчилгаа болгон төлсөн 50.000.000 төгрөгөө буцаан авахыг шаардаж байгаа тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрнө.
Харин гэрээнд заасан алдангийн хувьд төлөхийг зөвшөөрөх боломжгүй бөгөөд учир нь барилгын ажлын гүйцэтгэл саатсан нь манай буруугаас шалтгаалаагүй бөгөөд иргэдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл зогсоосон боловч, эцэст нь манай компанийн барилга хууль зөрчөөгүй нь тогтоогдсон тул барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой болоод байгаа юм. Иймд манай компани нэхэмжлэгч Б.Ад дээрх барилгын ажил ямар шалтгаанаар саатсан болон, энэ хугацаанд шүүхээр маргаан хэлэлцэгдэж, барилгын ажлыг зогсоон, 3 шатны шүүхээр 5 жилийн хугацаанд хэрхэн шийдвэрлэгдэж өдийг хүрсэн талаарх бүх үйл явцыг шүүхийн шийдвэрүүд, холбогдох байгууллагуудын шийдвэрүүдээр тодорхой үзүүлэн ойлголцолд хүрч болно гэдэгт итгэлтэй байна. Энэ асуудлаар нэхэмжлэгчтэй уулзан эвлэрлийн журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №7 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх-5-10/, Б.Агийн Худалдаа хөгжлийн банк дахь **** тоот дансны хуулга /хх-11-12/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26/, АК ХХК-ийн дүрэм /хх-27-29/, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/01 тоот Итгэмжлэл /хх-30/, хариу тайлбар /хх-33/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Агээс хариуцагч АК ХХК-нд холбогдуулан 75,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хууль зүйн туслалцаа авах шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн ирүүлсэн боловч уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаан хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч Б.А нь, хариуцагч АК ХХК-аас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №7 Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50,000,000.00 төгрөг, алдангид 25,000,000.00 төгрөг нийт 75,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.
Хариуцагч АК ХХК нь өөрийн буруугаас гэрээний хугацаа зөрчөөгүй, зарим захиалагч болон төрийн байгууллагаас хамаарч хугацаандаа барилгаа ашиглалтад өгөх боломжгүй болсон, нэгэнт нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул өгсөн авсан зүйлээ буцааж өгөхөд татгалзах зүйлгүй харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна./х.х-ийн 33 дугаар тал/
2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч АК ХХК-тай №7 Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд баригдах Барилгын Б блок байрны 6 дугаар давхрын 3 тоотын 81,51 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 114,114.00.00 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон байна./х.х-ийн 6-10 дугаар тал/
Тодруулбал, нэхэмжлэгч Б.А нь дээрх гэрээгээр орон сууцны талбай 81,51 м.кв, талбайг 1 м.кв талбайг 1,400,000.00 төгрөгөөр тооцож, нийт 114,114,000.00 төгрөгөөр орон сууц захиалан бариулах, хариуцагч АК ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ний дотор захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн ба энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 35,000,000.00 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000.00 төгрөгийг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн ирүүлсэн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 11, 12 дугаар тал/.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох 81,51 м.кв талбай бүхий орон сууц нь зориулалтын дагуу ашиглахад бодитоор бий болоогүй, харин хариуцагч нь уг орон сууц 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр багтаан ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хариуцагч АК ХХК-ийн зүгээс зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 81,51 м.кв талбай бүхий орон сууц барьж гүйцэтгэх, тийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Б.Ад хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний талууд гэрээнд заасан үүргээ тэдгээрээс үл хамаарах шалтгаанаар биелүүлэх боломжтой байвал заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.
Энэ талаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ гээд 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж тус тус заасан ба хариуцагч буюу ажил гүйцэтгэгч АК ХХК нь 81,51 м.кв талбай бүхий орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэгэнт хариуцагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс цаашид 81,51 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.
Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.
Иймд хариуцагч АК ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгч Б.Ад хүлээлгэн өгөх хугацаа тодорхойгүй тул нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийг үндэслэн орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 221.5-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ. Тайлбарлавал, зохигчид гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
4. Зохигч нарын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7-т зааснаар талууд үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохирчээ. Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэг гүйцэтгэгч этгээд нь хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгүүлэгчийн алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн үүргийг хүлээн авсан тохиолдолд алданги төлөх үүрэг үүсдэг.
Харин үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзаж, улмаар гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний бүхий л тохиролцоо мөн адил цуцлагддаг тул ажил гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч гэсэн алданги тооцох тухай гэрээний заалт гэрээ цуцлагдсан байхад хүчин төгөлдөр хэрэгжихгүй.
Иймд дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч АК ХХК-аас 50,000,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 25,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ 50,000,000.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 407,950.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч АК ХХК-аас 50,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА