Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00068  

 

Х.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00589 дугаар шийдвэртэй, Х.Б ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн БТС  газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Б ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн БТС  газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Х.Б  нь тус газрын даргын 2012 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байсан билээ. Гэтэл Аймгийн засаг даргын 2017 оны 3 сарын 03-ны өдрийн 6/109 тоот захирамжаар тус газрын даргаар түр томилогдон ажиллаж байсан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 р сарын 27-ны өдрийн Б/63 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Энэ өдөр хүртэл би тус газарт хөдөлмөрийн харилцаанд байсан бөгөөд ажилтай болгож, хуучин ажиллаж байсан орон тооны ажилд эгүүлэн томилох талаар аймгийн Засаг дарга болон аймгийн БТС  газрын даргад хүсэлт тавихад аймгийн Засаг дарга А.Гылымхан намайг ажилтай болгох талаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1- 01/71 тоот албан бичгээр БТС  газрын дарга Х.Хайнарт уламжлан үүрэг болгосон боловч янз бүрийн шалгаг тоочиж намайг ажилд томилохоос үндэслэлгүй татгалзсан байна. Аймгийн Засаг дарга тухайн үед санал болгож тус газрын даргаар түр ажиллуулсан болохоос надад буруутай асуудал байхгүй юм. Миний ажиллаж байсан Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орны тоонд С.Бахыт ажиллаж байгаад тэр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байсан ба уг орон тоо нь одоо сул чөлөөтэй байгаа болно. Тус газрын орон тоо бүтцийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын А/329 тоот захирамжаар баталсан бөгөөд уг захирамж одоо болтол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа болно. Иймд гомдол гаргагч Х.Б  намайг аймгийн БТС  газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын дарга Х.Хайнарт даалгаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: “Нэхэмжлэгч Х.Б аас тус шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан БТС  газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1.Нэхэмжлэгч Х.Б  нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот захирамжаар тус газрын даргаар томилогдсон ба тус аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 тоот захирамжаар тус газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд 4 сарын нүүр үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Б  нь тус газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө газрын даргын ажлыг эрхэлж байсан ба хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд нэг ч өдөр ажиллаж байгаагүй юм. 2.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны06 дугаар сарын 09-ний өдрийн А/329 тоот захирамжаар тус газрын бүтэц, орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоо байсан боловч тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар уг хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоо болгон өөрчилсөн юм. Учир нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2019/ дугаартай шийдвэрээр өмнө нь тус газарт хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоонд ажиллаж байсан М.Талгатыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон юм. М.Талгат нь Баян-Өлгий аймгийн БТС  газарт 2011 онд хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд орж эдүгээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

Иймд нэхэмжлэгч Х.Б ын маргаж буй хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажил бодит байдалд хүндийн өргөлтийн дасгалжуулагч М.Талгат хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-д заасан бололцооны дагуу ажил олгогч ажилтанд өөр ажил олж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Тухайн байгууллагын бүтэц орон тоо 2019 оны 3 дугаар сарын 01-ний байдлаар нийт 18 орон тоотой ба 18 ажилтан, албан хаагчид хууль ёсоор ажиллаж байгаа. Тэгэхээр ажил олгогчоос нэхэмжлэгч Х.Б ыг бололцооны дагуу өөр ажилд томилох хууль зүйн болон санхүүгийн боломж байхгүй юм. Иймд нэхэмжлэгч Х.Б ын аймгийн БТС  газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00589 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б ын урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн БТС  газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:Х.Б ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Биеийн тамир спортын газарт холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 130/ШШ2021/00589 дугаартай шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Х.Б  би эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Х.Б  миний бие Анхан шатны шүүхийн Шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 07-ний өдөр гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд гомдлыг гаргаж байгаа болно.

Анхан шатны шүүх аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх заалт, Биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэгч Х.Б ыг Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дугаартай захирамжаар БТС  газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар өөрсдийн ажлын зэрэгцээгээр бусад ажил үүргийг орлон ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна”, гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б  нь өөрийн “Хөнгөн атлетикийн дасгалжуулагч”-аар ажиллаж байсан. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газарт даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түүний ажлын байрыг хэвээр хадгалж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Засаг даргын шийдвэрээр өөрийн үндсэн байгууллагатай өөр албан тушаалыг түр орлон гүйцэтгэж ажилласныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахгүй харилцаа байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Х.Б  нь газрын даргаар ажиллах үед оронд нь 2017 оны 03 дугаар сарын 06-ний өдөр Б/03 дугаар тушаалаар түүний оронд С.Бахытыг түр томилон ажиллуулсан байх бөгөөд С.Бахыт нь 2018 оны 12 дугаар сарын хүртэл дасгалжуулагчаар ажиллаж цалин авч байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Биеийн тамир спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй үндэслэл нь няцаагдаж байна гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн харилцаанд Хөдөлмөрийн тухайн хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлүүдээр ажил олгогчийн эрх зүйн харилцаа дуусгавар болгосон шийдвэрээр Хөдөлмөрийн харилцаа үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болох хуулийн зохицуулалттай, Гэтэл нэхэмжлэгч Х.Б ын үндсэн ажлын байр болох “Хөнгөн атлетикийн дасгалжуулагч”-ийн албан тушаалд өөр хүн ажиллаж байна гэх үндэслэлээр Х.Б ыг “Хөнгөн атлетикийн дасгалжуулагч”-ийн ажлаас чөлөөлсөн ямар нэг шийдвэр гараагүй. Ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй гэсэн тайлбарыг анхан шатны шүүх үгүйсгэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Нотлох баримт үнэлэх” журмыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Б  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлүүдээр миний хуучин ажиллаж байсан “Хөнгөн атлетикийн дасгалжуулагч”-ийн ажлын байр хэвээр хадгалахаар байхад албан тушаал, цалин хөлс буруулахгүйгээр өөр албан тушаал хариуцуулан ажиллах үүрэгтэй гэж маргаж байгаа бөгөөд Х.Б ын ажлын байр хэвээр хадгалах тохиолдлыг хууль тогтоомжоор зохицуулсан нь тодорхойгүй мөн Хамтын ба Хөдөлмөрийн гэрээгээр түүний ажлын байрыг хэвээр хадгалахаар тохиролцсон талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хангаж үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан зохицуулсан хуульд хуульчилсан асуудлаар хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр талууд дахин тохиролцох шаардлагагүй бөгөөд харин хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулснаар эрх зүйн харилцааг дээр дурдсан асуудлаар талууд гэрээгээр тохиролцож болохыг хуулиар зөвшөөрсөн гэтэл анхан шатны шүүх Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Х.Б ын тохиолдлыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байна, эсвэл Хамтын ба Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцох ёстой байсан гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт нь “Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, байгууллагын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзлээ. “Биеийн тамир спортын газар”-ын бүтцэд 20 ажилтан ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага хангахгүй, мөн үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагад нэхэмжлэгч Х.Б  нь Биеийн тамир спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн үед хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоо байсан бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Х.Б  нь урьд эрхэлж байсан “Хөнгөн атлетикийн дасгалжуулагч” адил чанарын албан тушаал байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүх “Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах”, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд харин нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгоогүй тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2 үндэслэлээр тодорхойлсон бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл “Хөнгөн атлетикийн дасгалжуулагч”-ын орон тоо байгууллагын бүтцэд байсан хугацаагаар түүнээс хойш Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааг адил чанарын албан тушаалын жишгээр тодорхойлсон, гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрд дүгнэлт нотлох баримтын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00539 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч хуульд зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт зарим өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           

Нэхэмжлэгч Х.Б  нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай гомдол  гаргаж, үндэслэлээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлүүдээр миний урьд ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлын байр хэвээр хадгалагдахаар байхад албан тушаал, цалин хөлсийг буруулахгүйгээр өөр адил чанарын албан тушаалд ажиллуулах үүргийг хариуцагч биелүүлээгүй” гэж тайлбарлажээ. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “орон тоо шинээр бий болгох боломжгүй” гэж тайлбарласан байна.

 

            Баян-Өлгий аймгийн БТС  газрын дарга ажилтай Х.Хайнар нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул түүнийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/64 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан үүргээ хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон үйл баримт тогтоогджээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар, ажлаас үндэслэлгүй халагдсан Х.Хайнарыг ажилд эгүүлэн томилсон тул БТС  газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Б ыг мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

                         

Баян-Өлгий аймгийн Засаг даргын дээрх захирамжууд, БТС  тухай хуулийн 8.1.8 дахь хэсэгт зааснаас үзвэл, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтан болох Х.Б ын хувьд түүний ажил олгогч нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга учраас нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн БТС  газарт холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн БТС  газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгчийн хувьд Баян-Өлгий аймгийн БТС  газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т заасан ажил олгогч биш, тэрээр тус газрын  хөнгөн  атлетикийн дасгалжуулагчийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхээс хариуцагч Баян-Өлгий аймгийн БТС  газрын даргад Х.Б ыг урьд эрхэлж байсан албан тушаалтай нь адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг даалгаж, үүрэг болгох нь хууль ёсны зарчимд нийцэхгүй.

 

Учир нь, хэргийн 1 дүгээр хавтасны 74 дүгээр талаас 80 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймгийн БТС  газрын даргын ажилтан С.Бахыттай холбогдуулан гаргасан 7 удаагийн ажил олгогчийн шийдвэрүүдийг харьцуулан судлахад, нэхэмжлэгч Х.Бекболтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчтой тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн буюу хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажилласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, харин хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Х.Б  нь эрхэлж байсан ажлаасаа өөр ажилд шилжин томилогдон, оронд нь бүр тушаалаар иргэн С.Бахытыг томилон ажиллуулж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нөгөөтээгүүр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/329 дүгээр захирамжаар батлагдсан тус аймгийн БТС  газрын бүрэлдэхүүнд байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоо нь тус аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжаар хасагдсан бөгөөд Засаг даргын уг захирамжийг хүчингүй болгох, БТС  газрын бүтэц, бүрэлдэхүүнд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог нэмүүлэх тухай Х.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймд дээр дурдсан, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлуудыг үндэслэж, нэхэмжлэгч Х.Б ыг Баян-Өлгий аймгийн БТС  газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байх үед түүний ажлын байр нь цомхотгогдсон гэж үзэх, эсхүл түүнийг ажлаас үндэслэлгүйгээр, хууль бусаар буруу чөлөөлөгдсөн, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн БТС  газарт Х.Б ыг өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэг үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Х.Б ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25.077.657 төгрөг гаргуулах тухай болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тодорхой, ойлгомжтой болгох үүднээс “нэхэмжлэлийг бүхэлд нь” гэсний дараа орсон “хэрэгсэхгүй болго бүхэлд нь” гэж бичсэн техникийн шинжтэй алдааг хасаж залруулан, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцүүлэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч Х.Б ын гаргасан үндсэн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул хуульд зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагаас гагцхүү ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 25.077.657 төгрөг гаргуулах тухай мөнгөн хөрөнгөөр илэрхийлэгдсэн үнийн дүнгээс тэмдэгтийн хураамжийг тооцож гаргуулах байжээ. Тэрээр улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлчихсөн учраас түүний төлбөл зохих, 25.077.657 төгрөгт ноогдох 283.338 төгрөгөөс 70.200 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн нөхөж төлөх тэмдэгтийн хураамжийн хэмжээг 213.138 төгрөг байхаар тогтоох нь хуульд нийцнэ.

Түүнчлэн тэрээр давж заалдах журмаар гомдол гаргахдаа, гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулан, хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан 70.200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянахад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болох үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00589 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийг бүхэлд нь” гэсний дараа орсон “хэрэгсэхгүй болго бүхэлд нь” гэснийг хасаж, 2 дахь заалтын “283338 төгрөгийг” гэснийг “213.138 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа хуульд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан 70.200 төгрөгийг Төрийн сангийн 100020000941 дугаар данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг баримтлан түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.338 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                                                     

С.ӨМИРБЕК