| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0143/Э |
| Дугаар | 000150 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 000150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1825000000138 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик, жолооч мэргэжилтэй, Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овгийн Б-ын
Шүүгдэгч Б.Г 2018 оны 03 дугаар сарын 15-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын газрын жижүүрийн өрөөнд согтуугаар Э.Мөнхдалайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохиролцсон торгох ялыг бэлнээр нь шууд төлнө гэв.
-Хохирогч Э.Мөнхдалайгийн...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би Онцгой байдлын газрын жижүүрийн үүргийг 24 цагийн хугацаатайгаар гүйцэтгэж байсан юм. Орой 00 цаг өнгөрч байсан байх, нэг энгийн хувцастай согтуу хүн паркаар дамжаад орж ирээд миний өмнө зогсоод чи хүн орж ирж байхад ёсолдоггүй юм уу? гэж надаас асуусан. Би саяхан ажилд орсон таньдаггүй ээ гэж хэлтэл өөдөөс чи яахаараа хүн таньдаггүй юм бэ? пизда минь гэж хэлээд намайг нүүрэн тус газар гараараа цохихоор нь би тэр ахаас та яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэж асуутал дахиад намайг цохисон. Миний хамраас цус гарахаар нь доошоо тонгойгоод зогсож байтал хөлөөрөө толгойн тус газар нэг удаа өшиглөхөөр нь би Гийг заамдаж автал намайг зөрүүлээд боогоод хананд шахаад пижигнэлдээд явчихсан чинь парк дотроос манай албан хаагч Эрдэнэбаяр гарч ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл Г дахин намайг цохих гээд шалны мод бариад дайраад байхаар нь би дээшээ гараад явчихсан. Надад учирсан хохирол 500.000 төгрөгийг өгч эвлэрсэн тул гомдол, санал хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /хх 05-08 ху/,
- Гэрч Г.Эрдэнэбаярын: 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 24 цаг ээлжинд гарч байхад 01 цагийн үед байх, цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Намайг машины паркт байж байхад жижүүрийн байранд хэн нэгэн орилох шиг болохоор нь очоод хартал ахлах ахлагч Б.Г, д/а Мөнхдалай хоёр бие биеийгээ заамдаад авчихсан зогсож байхаар нь очоод салгасан. Би Гийг аваад парк руу дагуулж ороод зогсож байхад араас Мөнхдалайгийн аав, ээж хоёр нь орж ирэхээр нь гараад явсан. Мөнхдалай парк руу орж ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/
Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 15-ны өглөө ажлаасаа буусан.Орой 21 цагийн үед Хуримт бааранд 3 шил пиво уусан.Тэгээд гэртээ харьсан. Гэртээ байж байхад ажлын газраас холбоочин мэдээлэл дамжуулаад маргааш үер усан дээр ажиллах бэлтгэлээ хангаарай гэж дамжуулсан болохоор усны гутлаа авах зорилгоор Онцгой байдлын жижүүр дээр иртэл дэд ахлагч Э.Мөнхдалай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба гар утсаараа тоглоод сууж байхаар нь чи хүн орж ирж байхад харуулд ингэж үүрэг гүйцэтгэдэг юм уу, хүнтэй ёсолдоггүй юм уу гэж хэлтэл Мөнхдалай миний өөдөөс яачихаад байгаа юм бэ гээд л өнгөрсөн.Тэгээд би өөрийнхөө хувцасны өрөөнөөс орж усны гутлаа аваад буцаж гарахад жижүүр д/а Мөнхдалай бас гар утсаараа оролдоод сууж байхаар нь чи босдоггүй юм уу гэж хэлтэл Мөнхдалай босоод ирэхээр нь тэгээд ёсолдоггүй юм уу гэж хэлтэл яахаараа ёсолдог юм бэ гэж уурлангуй хэлэхээр нь явж очоод шанаан тус газар нь 2 удаа цохиж автал өөдөөс намайг заамдаад авахаар нь зөрүүлээд өөрийг нь заамдаж аваад зууралдаж байхад ахлагч Эрдэнэбаяр хүрч ирж бид хоёрыг салгасан гэсэн мэдүүлэг /хх52-53 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 273 дугаартай шинжээчийн: Э.Мөнхдалайгийн биед эрүүний ясны баруун талын үений мултрал үүсчээ. Гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байхыг үгүйсгэхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 10 ху/,
-Б.Гийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,52-53 ху/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Гийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын газрын жижүүрийн өрөөнд согтуугаар Э.Мөнхдалайг зодож эрүүл мэндэд эрүүний ясны баруун талын үений мултрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Мөнхдалайгийн...намайг нүүрэн тус газар гараараа цохихоор нь би тэр ахаас та яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэж асуутал дахиад намайг цохисон. Миний хамраас цус гарахаар нь доошоо тонгойгоод зогсож байтал хөлөөрөө толгойн тус газар нэг удаа өшиглөхөөр нь би Гийг заамдаж автал намайг зөрүүлээд боогоод хананд шахаад пижигнэлдээд явчихсан чинь парк дотроос манай алба хаагч Эрдэнэбаяр гарч ирээд бид хоёрыг салгасан гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэбаярын ахлах ахлагч Б.Г, д/а Мөнхдалай хоёр бие биеийгээ заамдаад авчихсан зогсож байхаар нь очоод салгасан. Мөнхдалай парк руу орж ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед эрүүний ясны баруун талын үений мултрал үүссэнийг тогтоосон 273 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Э.Мөнхдалай нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэн даруй төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ