| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0160/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0607 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М*******,
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.У*******,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М,
Гуравдагч этгээд: Ш.А,
Маргааны төрөл: Б.М*******ыг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Ц.М, хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У*******, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/ дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
2. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Б.М*******ыг Хүрээ амаржих газрын захирлын албан тушаалд түр томилж, мөн сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар Б.М*******ыг тус өдрөөс “Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын албан тушаалд томилж, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүйд тооцжээ.
2.1. “Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанаас Нийслэлийн харьяанд шилжүүлэн “Хүрээ” амаржих газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Б.М*******ы Эрүүл мэндийн сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.
2.2. Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Б.М*******ыг Хүрээ амаржих газрын захирлаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд томилжээ.
2.3. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.
2.4. Дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хороо талууд маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан тохиролцоогүй гэж ажиллагааг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болгожээ.
2.5. Мөн Төрийн албаны зөвлөлд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдолд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/*******4 дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.
2.6. Улмаар нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл шүүхэд гаргасныг хүлээн аваад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байна.
3. Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/159 дүгээр албан бичгээр Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд хүргүүлсэн байх бөгөөд салбар зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тусгай шалгалтын бүртгэлийг явуулсан байна.
3.1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд шүүхээр маргааны эцэслэн шийдвэрлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/ дугаар албан бичгээр гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа 2025 оны 04 дүгээр сарын *******-18-ны өдрүүдэд шалгалтыг зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Ш.Аг Хүрээ амаржих газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Б******* хүргүүлжээ.
3.2. Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Ш.Аг Хүрээ амаржих газрын даргаар томилсон байна.
4. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/ дүгээр албан бичгийн хариуг Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт дууссаны дараа буюу 2025 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн *******/38 дугаар албан бичгээр өгчээ.
5. Нэхэмжлэгч Б.М******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...2022 оны 02 дугаар сарын *******-ны өдөр Эрүүл мэндийн сайдын Б/ дугаар тушаалаар Хүрээ амаржих газрын захирлын албан тушаалд түр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар “Хүрээ амаржих газар” мэргэшлийн эмнэлгийн захирлын албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдсон болно.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай 460 дугаар тогтоолоор үндсэн чиг үүрэг өөрчлөгдөж “Амаржих газар” болгон Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяалалд шилжүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн А/******* дугаар “Шилжүүлэх тухай” тушаалаар шилжин, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу “Хүрээ амаржих” газрын захирлаар томилсон болно. Ингэхдээ надтай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг харилцан тохиролцож бичгээр байгуулаагүй болно.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Б.М******* надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлаагүй, аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байна. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын үндэслэх хэсэг болон тушаах хэсэг нь хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байвал зохино.
Мөн Төрийн албаны сонгон шалгаруулалтыг ажил олгогчоос огт зарлаагүй мөртлөө сонгон шалгаруулалтгүй томилогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй болно. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4 дэх хэсэгт сонгон шалгаруулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, шалгалт авах тухай харилцааг зохицуулсан байх бөгөөд сонгон шалгаруулалт зарлах үүрэг нь ажил олгогч, Нийслэлийн эрүүл мэндийн газар болно. Нөгөө талаар Төрийн үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй болно. Хэдийгээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа боловч материаллаг эрх зүйн харилцааны буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхээр заасан байх тул Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Төрийн үйлчилгээний албанд хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах тул дээрх байдлаар хандсан болно. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар зөвлөлд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/ дүгээр “... дээрх сонгон шалгаруулалт нь холбогдох хууль зөрчсөн байх тул төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Нийслэлийн хүрээ амаржих газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, хууль заасан үүргээ биелүүлнэ үү” гэх гомдол гаргасан. Гэвч тухайн гомдлыг шийдвэрлээгүй атлаа, 2025 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн *******/38 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн.
Иймээс Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар зөвлөлд хандаж гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/ дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалт болох хүртэл томилсон атлаа түүнийг 12 дугаар сарын 27-ны өдөр чөлөөлөх үед сонгон шалгаруулалт зарлагдаагүй буюу бодит нөхцөл байдалд нийцээгүй, зорилгодоо нийцээгүй үйл ажиллагааг захиргааны байгууллага хэрэгжүүлээд байгааг шүүх анзаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг шийдвэрлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн төлөөлөгчөөс сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж одоо шүүх хуралдаан дээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ яг тухайн үедээ түдгэлзүүлж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн бол түдгэлзүүлж шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг ирүүлэх ёстой. Гэтэл ирүүлээгүй. Хэрвээ тухайн үед түдгэлзүүлж шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг ирүүлчихсэн бол нэхэмжлэгчээс тухайн сонгон шалгаруулалтад бүртгүүлээд оролцох эрх нь нээлттэй байсан. Хэрхэн яаж шийдвэрлээд байгаа нь тодорхойгүй эс үйлдэхүй гаргачхаад өнөөдөр шүүх хуралдаан дээр түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбар гаргаад байгаа нь хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар өргөдөл, гомдол гаргасан этгээд нь тухайн гомдлынхоо хариуг авах эрхтэй. Мөн өргөдөл, гомдлыг хүлээн авсан төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацааны дотор хариуг хүргүүлж гомдлыг барагдуулах тусгай үүрэгтэй байгаа. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж бичгээр хариу өгөх ёстой. Шаардлагатай бол 30 хоногийн дотор сунгана гэдэг зохицуулалт байгаа. Гэтэл үүнийг шийдвэрлээгүй, хэрхэн яаж сонгосон талаарх баримт байхгүй байхад ******* дугаар сарын 02-ны өдөр албан бичгээр хариу ирүүлээд байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар хариуцагч байгууллага өөрөө хууль бус эс үйлдэхүй гаргасан гэдэг нь тогтоогдсон байна. Мөн маргаан бүхий захиргааны акт нь хууль бус гэдэг тогтоогдсон. Ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.
5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга зөвшилцөөгүйгээр шууд хүнийг чөлөөлөх эрх хэмжээ байхгүй. Нэгэнт эрх хэмжээгүй гаргасан тушаалыг хууль тогтоомжид нийцсэн гэж үзэх боломж байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
6. Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн А/******* дугаар "Шилжүүлэх тухай" тушаалаар “Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанаас Нийслэлийн харьяанд шилжүүлэн “Хүрээ” амаржих газар болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан тус эмнэлгийн захирал Б.М*******ы Эрүүл мэндийн сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 01 сарын 12-ны өдрөөр дуусгавар болгосон.
Энэхүү тушаалаар “Хүрээ” амаржих газар нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд ирсэн тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 сарын 12-ны өдрийн Б/******* дугаар “Буянгийн М*******ыг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар Б.М*******ыг Хүрээ амаржих газрын захирлаар 2024 оны 01 сарын 12-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд томилсон.
Нэхэмжлэгч Б.М******* нь тухайн албан тушаалд тавигдах тусгай шалгалтыг өгөөгүй нь Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчид тавигдах нийтлэг шаардлага, журмыг зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагад нийцээгүй байсан учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн Б/ дугаар “Б.М*******ы хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хүрээ амаржих газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М*******ыг ажлаас чөлөөлсөн болно.
Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн Б/ дугаар “Б.М*******ы хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай" тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
7. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Б.М*******ыг Хүрээ амаржих газрын захирлын албан үүргээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалаар чөлөөлсөнтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсэн хянан шалгагдаж байхад Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг явуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5 болон 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь заалтыг тус тус зөрчсөн гэжээ.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах”, 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх” гэж тус тус заасан нь Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хамааралгүй буюу зөвхөн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хамаарах заалт, үндэслэл болно.
Учир нь нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалд томилох, чөлөөлөх шийдвэрийг зөвхөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар гаргах ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болсон хуулийн үүднээс Нийслэлийн Эрүүл мэндийн газар уг тохиолдолд татгалзах боломжтой байсан.
Харин Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 3.3.4, 4.4-т заасны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/386 дугаар албан бичгээр ирүүлсэн Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгын дагуу тусгай шалгалтыг зохион байгуулсан.
Тусгай шалгалтын бүртгэл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 09:00 цагт эхэлж, мөн сарын 14-ний өдрийн *******:00 цагт бүртгэл дууссан ба шалгалтыг 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан. Нэхэмжлэгч Б.М*******ы тухайд тус тусгай шалгалтад оролцохоор бүртгүүлээгүй.
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл чиг үүргийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.1 дэх хэсэгт зааснаар Ширчинжавын Аг Улаанбаатар хотын Хүрээ амаржих газрын даргын албан тушаалд санал болгон нэр дэвшүүлж 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” ******* тоот албан бичгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.
Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан чиг үүргийн дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5 болон 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь заалттай хамааралгүй, зөрчсөн үйлдэл байхгүй тул нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/09 дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.М******* нь анх томилогдохдоо буюу 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдөр ЭМС-ын Б/ дугаар тушаалаар түр томилогдсон. Нийслэлийн Хүрээ амаржих газрын даргын албаны тушаал нь Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт өгч, тэнцсэн тохиолдолд томилдог албан тушаал бөгөөд төрийн сонгон шалгаруулалтгүй түр томилсон байна.
Ингээд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт өгөөгүй тул, Б.М*******ыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалаар чөлөөлсөн байна. Энэ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Б.М******* нь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан, миний гомдлыг шийдвэрлээгүй байж, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарласан гэж байна.
Төрийн албаны салбар зөвлөлийн гомдолд хариу өгөөгүй асуудал нь тусдаа асуудал бөгөөд Төрийн албаны сонгон шалгаруулалтыг зөвхөн Б.М*******д зориулж зарлахгүй бөгөөд Төрийн албаны сонгон шалгаруулалт зарлахад
Б.М******* тухайн сонгон шалгаруулалтад ороогүй байгаа өөрөө Төрийн албаны шалгалт өгөх эрмэлзэл байгаагүй гэж үзэж байна.
Иймд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 01/159 дүгээр албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлсэн.
Ингээд Төрийн албаны салбар зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс тусгай шалгалтын бүртгэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *******:00 цаг хүртэл явуулахад тус бүртгэлд Б.М******* бүртгүүлээгүй байгаа нь тус сул орон тоонд Ц.Н*******, Ш.А гэсэн 2 иргэн бүртгүүлснээр харагдаж байна.
Ингээд Ш.А нь тус шалгалтад тэнцэж, 71,4%-иар үнэлэгдэн Хүрээ амаржих газрын даргын сул орон тоонд тэнцэж, 2025 оны 05 дугаар сарын 07-ны Өдрийн Б/ дугаар тушаалаар хууль журмын дагуу томилсон.” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт байгаа баримт болон талуудын гаргасан тайлбараар нэг зүйл тодорхой болсон. Тэр нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлыг хашихдаа Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын үндсэн дээр албан тушаалд томилогдох хуулийн шаардлагыг зөрчсөн гэдэг нь тодорхой болж байна. Тэгэхээр Эрүүл мэндийн сайд болон нэхэмжлэгч нар хоорондоо тохироод хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгууллаа гэдэг маань Төрийн албаны хуулийн шаардлагыг байхгүй мэтээр үгүйсгэх үндэслэл болохгүй. Хуулийн шаардлага нэгдүгээрт хангагдаж байх ёстой. 2 хүнд тохирсон гэдгээр хуулийн шаардлагыг надад хамаагүй гэдэг агуулгаар маргаж болохгүй байх гэж бодож байна. Эрүүл мэндийн сайдтай тохирсон гэдэг агуулгаар хуулийн зохицуулалтыг үгүйсгэж болохгүй. Хариуцагчийн тайлбарыг сонсоход Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоол, 2023 оны мэдэгдэлд үндэслээд шийдвэрээ гаргасан. Энэ агуулга нь юуг харуулж байна гэхээр албан тушаалд заавал сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн томилогдох ёстой. Тэгэхээр сонгон шалгаруулалтад томилогдоогүй хүн ажиллаж байгаа учраас сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаагаар нэхэмжлэгчийг томилсон нь зүйтэй гэж үзэж байна. Сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зарлаад хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулаад гуравдагч этгээд сонгон шалгаруулалтад ороод тэнцээд албан тушаалд томилогдсон байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд сонгон шалгаруулалтад өөрийн сонголтоор ороогүй юм байна гэж би ойлголоо. Орох эрх нь байсан, орох эрхийг нь хаасан зүйл байгаагүй. Сонгон шалгаруулалтад ороогүй учраас өнөөдөр дахин сонгон шалгаруулалт зохион байгуулах ёстой гэдэг агуулга өөрийнх нь ярианаас сонсогдоод байна. Тийм агуулга нэхэмжлэгч талаас гараад байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч эргэж томилогдоно гэвэл сонгон шалгаруулалт болох хүртэл томилох гэдэг ажил олгогчийн шийдвэр дахиж гарах ёстой юм шиг үр дагаварт хүрч байна. Шүүхийн шийдвэрийн дагуу буцааж томилохдоо мөн л сонгон шалгаруулалт болох хүртэл гэж тушаал нь гараад дахиж сонгон шалгаруулалт болоод явах ёстой юм шигээр тайлбарлаад байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг бас тайлбарлаад байна. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулчихсан байна гэж яригдаад байна. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаад хугацаа нь дууссан бол шаардах эрх нь байхгүй болно. Хугацаа дуусчихсан байхад буцааж ажилд нь томилдоггүй. Харин нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах асуудал л яригддаг. Ажил олгогч ажилтны хоорондын тохиролцоогоор хийгддэг гэрээний хугацааны асуудал юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу хугацаа тогтоох нь тийм үр дагаварт орох гээд байгаа. Тийм учраас хугацаа дууссан тохиолдолд ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагыг хангадаггүй. Нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага хангах хууль зүйн үндэслэлгүй гэж харагдаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Хүрээ амаржих газар түр, мөн оны Б/******* дүгээр тушаалаар Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын албан тушаалд томилогдсон байх бөгөөд Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанаас Нийслэлийн харьяанд шилжүүлэн “Хүрээ” амаржих газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Б.М*******ыг Хүрээ амаржих газрын захирлаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд томилжээ.
1.2. Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэж үзэхээр байх бөгөөд тус хуулийн үйлчлэл мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.“Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.” гэж зааснаар зогссон байна.
2. Засгийн газрын 2023 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-аас үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарч байна.
2.1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1“төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”, 27.2.“Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.”, 27.3.“Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.”, 39 дүгээр зүйлийн 39.1.15.“төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;”, Төрийн албаны зөвлөлийн 20 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам“-ын 1.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтан (цаашид удирдах албан тушаалд томилогдох ажилтан гэх)-ыг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.”, 1.2.“Удирдах албан тушаалд томилогдох ажилтанд Төсвийн тухай хуулийн 16.4.1-16.4.*******-д зааснаас бусад боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны болон эрүүл мэнд, биеийн тамир, спортын зэрэг албан тушаалтнуудыг хамааруулан ойлгоно.” гэж тус тус заажээ.
2.2. Дээрх хуулийн зохицуулалт болон үйл баримтаас үзвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Хүрээ амаржих газрын захирлаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд томилсон тул Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл зогссоноор Хүрээ амаржих газрын захирал буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч орохоор байжээ.
2.3. Гэтэл хариуцагч нь сонгон шалгаруулалтыг зарлаагүй байхдаа маргаан бүхий тушаалаар төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилогдсон үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь түүнийг сонгон шалгаруулалт болох хүртэл томилсон зорилгод нийцээгүй гэж үзэхээр байна.
3. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/159 дүгээр албан бичгээр Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд хүргүүлжээ.
3.1. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалт зарлагдсан болохыг мэдэж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/ дугаар албан бичгээр шүүхээр маргааны эцэслэн шийдвэрлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай хүсэлт Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд гаргасныг тус зөвлөл мөн сарын 15-ны өдөр хүлээн авч бүртгэсэн байна.
3.2. Улмаар дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа 2025 оны 04 дүгээр сарын *******-18-ны өдрүүдэд шалгалтыг зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Ш.Аг Хүрээ амаржих газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлснийг үндэслэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Ш.Аг Хүрээ амаржих газрын даргаар томилжээ.
4. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Б.М*******ыг Хүрээ амаржих газрын захирлаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан эргэн томилуулахыг хүссэн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд сонгон шалгаруулалтад орж тэнцсэний үндсэн дээр томилогдох албан тушаал байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж байгаагүй тул түүнийг чөлөөлсөн болон гуравдагч этгээдийн томилсон тушаалыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзлээ.
6. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаас үзвэл зарлагдсан сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх эрхийг Төрийн албаны зөвлөлд хуулиар олгоогүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасан зохицуулалт нь албан хаагчийг томилох эрх бүхий этгээдэд хамаарах зохицуулалт байх бөгөөд энэ талаарх хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
7. Захиргааны хэргийн шүүх захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгож зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээдэг ба энэ тохиолдолд хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.3, 1*******.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М*******аас “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах, Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар зөвлөлд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25/ дугаартай гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Хүрээ амаржих газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтын хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 07-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН