Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 528

 

Н.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Г-, хохирогч Э.Н-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр цагаатгах тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар магадлалтай, Н.А-т холбогдох 1839003730068 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Н-н А.

Н.А- нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 04-05 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Хэнтий аймаг чиглэлийн босоо тэнхлэгийн АБ 501 тоот замд өөрийн эзэмшлийн 24-95 дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Д-т жолоогоо шилжүүлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын Б заалтыг зөрчин захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э.Д-ын амь нас хохирч, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Ц.Б-ын эрүүл мэндэд хүнд, Б.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.А-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, Н.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

1. ...Прокурорын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.3-д заасан яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгах шаардлагыг хангаагүй гэжээ.

Энэ талаар дүгнэхэд яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгаагүй ч хавтаст хэрэгт хохиролын талаарх мэдээллийг бүрэн тусгасан. Энэ нь хэргийн хохирогч Э.Н-, Ю.Г- нарын мэдүүлгээр бүрэн нотлогдсон /хх-ийн 33-34, 43-44/

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх ба үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.А-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Н.А-, Б.Э-, Ц.Б-, Б.Т, Э.Д- нарын хооронд найз нөхдийн холбоо байсан эсэхийг тогтоох нь гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай гэжээ. Эдгээр хүмүүс бүгд хувиараа хот хооронд бусдын ачааг ачдаг, ажил төрлийн шугамаар бие биенээ сайн таньдаг. Харин Н.А- нь Б.Э-, Ц.Б-, Б.Т-, Э.Д- нартай дотны найз нөхдийн холбоогүй гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан гэрч Б.Т- /хх-ийн 66-67/, Ч.Нямдорж /хх-ийн 75-77/, хохирогч Ц.Б- /хх-ийн 36-37/, гэрч Н.А- /хх-ийн 54-56 хуудас/ нарын мэдүүлгүүдээр бүрэн нотлогдсон гэж үзэж байна.

3. Хохирогч Ц.Б- 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр авто осолд орж эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд тэрээр архаг хууч өвчний улмаас эсхүл уг гэмтлээс шалтгаалсан өөр хүндрэлийн улмаас нас барсан болохыг дахин шинжээч томилж тогтоолгох шаардлагатай байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шинжээчийн 9821 дугаартай дүгнэлт /хх-ийн 103/, шинжээч эмч Л.Б-н мэдүүлэг /хх-ийн 88-89/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ дээр нас баралтын хэлбэр өвчнөөр, өвчний шалтгаан нь элэгний хорт хавдар, цус алдалтын дараах цочмог цус багадалт, амьсгал, зүрх судасны хурц дутагдал, хордлогын үндсэн шалтгаан хорт хавдар /хх-ийн 112/, гэрч Д.У-ний мэдүүлэг /хх-ийн 86/ зэрэг эдгээр нотлох баримтуудыг үндэслэж дүгнэлт хийхэд талийгаач Ц.Б- гэмтэл авахаас өмнө удаан хугацаагаар элэгний церроз өвчнөөр өвдөж байсан ба гэмтлийн улмаас биш улмаар элэгний хорт хавдар өвчнөөр нас барсан гэдэг нь бүрэн нотлогдож байх тул дахин шинжээч томилох үндэслэл байхгүй байна.

Н.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд зааснаар “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө” хариуцлага хүлээлгэж болохгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.А-ын бусдад буюу Э.Д-т жолоогоо шилжүүлсэн үйлдэл болон ослын улмаас Э.Д-ын амь нас хохирч, Ц.Б-ын эрүүл мэндэд хүнд, Б.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хоёрын хооронд шалтгаан холбоо байхгүй байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчилд тооцогдоно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаагийн гаргасан гомдлыг үндэслэн Н.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Н.А- нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 04-05 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг дахь замд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Д-т жолоогоо шилжүүлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын Б заалтыг зөрчин захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э.Д-ын амь нас хохирч, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Ц.Б-ын эрүүл мэндэд хүнд, Б.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дүгээр зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтуудад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй байхад анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, тухайн осол болох үед тээврийн хэрэгслийг хэн барьж явсан, энэ талаар харилцан эсрэг үйл баримт мэдүүлж байгаа мэдүүлгүүдийн аль нь үнэн бодитой болох, гэрчүүд өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь ямар хүчин зүйлстэй холбоотой байж болох, тухайн хувь хүний сэтгэцийн онцлогийг судалж, шинжлэх ухааны тусгай мэдлэг, мөрдөн шалгах ажиллагааны бусад арга хэрэгсэл ашиглан хэргийн үйл баримтыг тогтоох, мөн хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаагийн гаргасан “...Н.А-ын үйлдлийг хангалттай шалгаж тодруулсан, ...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН