Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 778

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Б

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар  

Гуравдагч этгээд: “Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо” НҮТББ

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит Их хурлын огноо дугаартай давхардуулан үйлдсэн “2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Удирдах зөвлөлийн тэмдэглэл, “Монголын Усан спортын холбоо” НҮТББ үүсгэн байгуулагчийн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шийдвэр, “Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, мөн Монголын Усан спорт сонирхогчдын холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлын 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн протокол, Монголын Усан спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, Монголын Усан спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэр болон Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны дүрмийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, улсын бүртгэлээс хасалт хийлгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, гэрч  Л.Э, Г.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монголын Усан спорт Сонирхогчдын Холбоо /цаашид “Холбоо" гэх/ нь 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдөр холбооны II Их хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү хурлын 05 дугаар тогтоолоор холбооны шинэчилсэн дүрмийг, 06 дугаар тогтоолоор холбооны Ерөнхийлөгчийг, 07 дугаар тогтоолоор холбооны дэд ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн даргыг, 08 дугаар тогтоолоор холбооны тэргүүлэгч гишүүдийг тус тус сонгож баталгаажуулсан байдаг. Тус хурлаар баталгаажуулсан холбооны дүрэмд “Их хурал нь Монголын Усан спорт сонирхогчдын холбооны удирдах дээд байгууллага мөн.", Их хурлыг 4 жилд нэг удаа зарлан хуралдуулна.”, МУССХолбооны Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн тэргүүн байна. Холбооны Их Хурлаар Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийг, МУССХолбооны Дэд ерөнхийлөгч, МУССХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг 4 жилийн хугацаатай сонгож томилно.” гэх мэт зохицуулалтуудыг тусгасан байдаг. 

Гэвч 2006 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан холбооны II Их хурлаас хойш

дахин хурал зарлан хуралдуулаагүй байдаг. Харин 2010 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ямар ч хурлын тов зарлалгүйгээр “Монголын Усан спорт сонирхогчдын холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлын протокол үйлдэж, хуралд Ч.У, Д.Б,

Г.Б, О.Э, Х.Э нар оролцсон байдаг. Холбооны 2006 оны

II Их хурлын 08 дугаар тогтоолоор 11 хүнийг тэргүүлэгчээр сонгож баталсан байдаг. Энэхүү ирц бүрдээгүй, дүрмийн бус хурлаар Г.Бгийн өөрийн хүсэлтээр холбооны холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албан үүргээс чөлөөлж түүний оронд Х.Эыг томилсон бөгөөд дээрх хурлаас гарсан шийдвэрийг үндэслэж холбооны Ерөнхийлөгчийн шийдвэр гарсан байдаг. /Холбооны хүчин төгөлдөр дүрмийн дагуу холбооны Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохдоо Тэргүүлэгчдийн хурлаар бус холбооны ээлжит Их хурлаар холбооны Ерөнхий нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаатай томилох заалттай байдаг. Мөн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай Ерөнхийлөгчийн шийдвэрээр холбооны тэргүүлэгч гишүүн Н.Н өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна. Холбооны тэргүүлэгч гишүүн Н.Н нь холбооны тэргүүлэгч гишүүнээс чөлөөлөгдөх тухай ямар нэгэн хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд холбооны дүрэмд тэргүүлэгч гишүүнийг мөн л холбооны Их хурлаар томилох, чөлөөлөх заалттай байдаг. Холбооны Ерөнхийлөгч зөвхөн шаардлагатай  тохиолдолд л холбооны дэд ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн даргыг хугацаанаас өмнө чөлөөлөх эрхтэй байдаг. 

Дээрх холбооны дүрэмд харшилсан шийдвэрүүдийг гаргахдаа 2006 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан ээлжит II Их хурлын огноо, дугаартай давхардуулан “Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, “Монголын Усан Спортын Сонирхогчдын Холбоо” НҮТББ үүсгэн байгуулагчийн шийдвэр”, “Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн тогтоол" зэрэг хуурамч баримтуудыг бүрдүүлэн Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна. Энэхүү нэмэлтээр оруулсан хуурамч баримтаар холбоог шинэчлэн байгуулж, дүрмийг баталж,  удирдах зөвлөлийн 5 гишүүдийг сонгож баталгаажуулсан “Монголын Усан Спортын Сонирхогчдын холбоо” НҮТББ үүсгэн байгуулагчийн 01 дугаартай шийдвэр”-ийг гаргажээ. Мөн “Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо”  НҮТББ-ын удирдах зөвлөлийн 02 дугаартай тогтоол гаргаж Удирдах зөвлөлийн даргаар Ч.Уыг сонгож баталгаажуулсан байдаг. 2006 оны албан ёсны хурлаар тэргүүлэгч 11 гишүүнийг сонгон баталгаажуулж, холбооны дүрмийн дагуу Ерөнхийлөгч нь удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгогдох эрхтэй байдлаар зохицуулалт хийж өгсөн. Иймээс дээрх давхардуулан гаргасан хуурамч тогтоол, шийдвэрүүд нь одоогийн холбооны удирдлагууд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гаргасан хууль бус матөриалууд юм.

Мөн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр холбоог улсын бүртгэлд шинэчлэн

бүртгүүлэхээр өргөдөл гаргаж, шинэчилсэн дүрмийг бүртгүүлсэн бөгөөд 2006 онд баталгаажуулсан дүрмийн дагуу бус дээрх хууль бус шийдвэр, тогтоолоор томилогдсон Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон удирдах зөвлөлийн дарга нарын хийж буй хууль бус үйлдэл юм

Энэхүү хуурамч материалуудыг үйлдэхдээ холбооны тэргүүлэгч гишүүн Р.Б, Ш.Дөрвөнжин нарын гарын үсгийг дуурайлган зурсан байдаг. 

Иймд дээрх хуурамчаар үйлдсэн протокол, шийдвэр, тогтоол, дүрэм зэргийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасалт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Улсын бүртгэлийн байгууллагад 8150427 регистрийн дугаартай, 9071050139 бүртгэлийн дугаартай “Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо” НҮТББ-ийн оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох, улсын бүртгэлээс хасалт хийлгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах Р.Б нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.  

"Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо" НҮТББ-ын 2006 оны 06 дугаар 09-ний өдрийн 2-р их хурлын 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр тогтоолууд, шинэчлэн бүртгүүлэх үүсгэн байгуулагчийн 2006 оны 06 дугаар сарын 01 тоот шийдвэр, мөн өдрийн удирдах зөвлөлийн 02 тоот тогтоол, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шинэчилсэн дүрэм зэргийг үндэслэн шинэчилсэн бүртгэлд оруулан улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр олгосон байна.

Иймд Р.Б нэхэмжлэлд дурьдсан “Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо” НҮТББ-ийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох, улсын бүртгэлээс хасалт хийлгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Холбооны анхдугаар Их хурлыг 2001 оны 06-р сарын 24-ний өдөр дүгнэлтэд бичигдсэн нэрсийн жагсаалтын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан нь үнэн болно. 

2006 оны 06-р сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан Холбооны хоёрдугаар Их хурлын 05 дугаар тогтоолоор холбооны дүрмийг шинэчлэн баталсан нь үнэн болно. Хууль бус тэмдэглэлд холбооны Их хурлын тэргүүлэгч гишүүн Ш.Д-гийн гарын үсгийг дуурайлган зурсан гэх дүгнэлт нь худал ташаа гүтгэлэг бөгөөд гарын үсгийг дуурайлган зурах ямар ч боломжгүй урт бөгөөд 12 ширхэг эх хувиараа байгаа. 2009 онд Бүх спортын холбоонуудыг Олимпын хороо болон Яамнаас Улсын бүртгэлийн албад бүртгүүл гэсэн шаардлага тавьсан. Уг шаардлагын дагуу 2006 оны Их хурлын бүх тогтоол шийдвэрийг Улсын бүртгэлийн албанд хавсаргаж өгсөн. Энд ямар нэгэн хуурамч бичиг баримт байхгүй. Харин 2014 оны 09-р сарын 19-ний өдөр Монгол улсын засгийн газрын 2004 оны 20-р тогтоолоор Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрмийн дагуу (НҮТББ) өмнөх дүрмийн заалтуудыг үг, үсэг оруулсан болно. Гарын үсгийг дуурайлган зурсан зүйл байхгүй ба тогтоолыг өөрчлөөгүй болохыг баталж байна. (Улсын бүртгэлийн газраас зөвлөгөө авсан) 2010 оны 10-р сарын 12-ны өдөр холбооны Тэргүүлэгч гишүүн А.С, Н.Н нарын хүсэлтийг харгалзаж, Таны шийдвэрийн дагуу Тэргүүлэгч гишүүнээс чөлөөлсөн нь үнэн бөгөөд Н.Н нь хүсэлт гаргаагүй гэх мэдээлэл нь худлаа болно. Иймээс хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн гэх нотолгоо байхгүй гэж үзэж байна.

2014 оны 09-р сарын 19-ний өдөр холбоог Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргаж, холбооны дүрмийг шинэчилж, үүсгэн байгуулагчаар Таны нэрийг бичиж, өргөдөл болон дүрэмд Та гарын үсгээ зурсан нь үнэн бөгөөд тухайн үед нь Танд бүгдийг танилцуулсан болно. Холбооны Их хурал дүрмийн шинэчлэл хийхээр бэлтгэж байгаа” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Холбоо анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш 1999 онд Их Хурал зарлан хуралдуулсан байдаг. Энэ нь ямар шаардлагын улмаас хуралдсан гэхээр холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд хүрлээ гээд улмаар хурлаа хуралдуулаад хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэх саналыг харгалзан үзэж хурлаа хуралдуулсан байдаг. Үүний дагуу холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоод үйл ажиллагаа явуулсан байдаг. Үүнийг дараа 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр /бидний үзэж байгаагаар/ 2 дох ээлжит хуралдаан зарлагдсан байдаг. Энэхүү хуралдаанаар ямар ямар асуудал хэлэлцсэн гэхээр холбооны тайлан, дүрмийг батлах, ерөнхийлөгчийг сонгох, удирдах зөвлөлийг сонгож батлах, хяналтын зөвлөлийг сонгож батлах гэсэн хурлын дэг гарсан байдаг. Тухайн хурал хуралдаад 9 хүртэлх дугаар бүхий тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолуудаар юу юуг шийдвэрлэсэн гэхээр 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Монголын Усан спорт сонирхогчдын 2 дугаар их хурлын тогтоол гээд дугаар 5 гээд Монголын усан спорт сонирхогчдын холбооны шинэчилсэн дүрмийг баталсугай. Хурлын дарга Ч.У, тэргүүлэгч н.Т нарын гарын үсэгтэй байгаа юм. 

6 дугаар тогтоол дээр их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ч.Уыг Усан спорт сонирхогчдын Ерөнхийлөгчөөр сонгон баталсан байгаа юм.

7 дугаар тогтоолоор холбооны 2 дугаар их хурлын төлөөлөгчдийн 52 хувийн санал авсан Д.Бг Дэд ерөнхийлөгчөөр, 50.9 хувийн санал авсан Г.Бг Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгон баталсан байдаг. 

8 дугаар тогтоолоор 2 дугаар их хурлын олонхийн санал авсан Ч.У, Д.Б, Г.Б, А.С, Ж.М, А.Э, О.Э, Н.Н, Р.Б, Ч.Од, Ш.Д нарыг Монголын усан спорт сонирхогчдын холбооны Тэргүүлэгч буюу Удирдах зөвлөлийн гишүүдээр сонгож баталсан байдаг. 

9 дүгээр тогтоолоор хяналтын зөвлөлийн гишүүдийг баталсан. Үүнд С.А, Б.Д, Б.Э нарыг сонгосон байдаг. Үүгээр албан ёсны хурал болж бүх зүйлүүдийг баталж, сонгох ажиллагаанууд хийгдсэн байдаг. Гэтэл 2016 оны 05 дугаар сард холбооны их хурлыг хийхгүй их удаж байна. Холбооны удирдлагыг хэд хэдэн хүмүүс олон жил авч явж байна, тамирчид болон дасгалжуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна гэсэн гомдол ихээр ирэх болсон. Энэ гомдлыг үндэслээд холбооны тэргүүлэгч гишүүн Р.Б тэргүүтэй хүмүүс холбооны их хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай байна гээд энэ тухай хүсэлтийг холбооны ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Ийнхүү 2016 оны 04 дүгээр сарын үед их хурлыг хуралдуулах маргаантай асуудал үүссэн байдаг. Тэрхүү маргаантай зүйл нь холбооны их хурлаар сонгогдсон 11 гишүүн 5 болсон байсан. Бид хуучнаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хүсэлт тавьснаар архивын материалуудыг хуулбарлаж авахад  гишүүд нь 5 болоод холбооны дүрэм өөрчлөгдсөн байсан. Улмаар бид судлаад үзэхэд 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2 дугаар их хурлын огноотой нь давхардуулаад удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл Убаатар хотод хийсэн байдаг. “...Энэхүү хурлаар Монголын усан спорт сонирхогчдын холбооны удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр сонгогдох тухай хэлэлцүүлгээр 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр их хурлын төлөөлөгчдийн гишүүд оролцлоо. Уг хурал 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Убаатар хот Техникийн их сургуулийн их танхимд явагдав гэж байгаа юм. Хурлын дарга Ч.У цугларсан шалтгааныг товч танилцуулан хурлыг нээв. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Э дэлгэрэнгүй мэдээллийг хийв гэж байгаа. Улмаар удирдах зөвлөлийн даргыг дахин сонгох талаар мэдээлэл хийв. Гишүүд 2001 оноос хойш холбооны ерөнхийлөгчийн ажлыг амжилттай хийсэн учраас дахин сонгоход татгалзах зүйлгүй байна. Холбооны их хурлын 53 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Ч.Уыг дахин ерөнхийлөгчийг сонгож байна...” гэсэн байгаа юм.

Гэтэл энэхүү хурлаар зөвхөн ерөнхийлөгчийг сонгож байгаа. Гэтэл мөн гээд “...удирдах зөвлөлийн гишүүдээр Д.Б, Х.Э, Р.Б, Б.Б нарыг сонгож байна гээд шийдвэр нь удирдах зөвлөлийн даргаар Ч.Уыг 100 хувийн саналаар дэмжлээ. Гишүүдэд Баягалан, Х.Э, Р.Б, Г.Б нарыг дэмжлээ гээд н.Д гарын үсэгтэй тэмдэглэл байгаа юм. Энэхүү тэмдэглэлийг үндэслээд Монголын усан спорт сонирхогчдын холбоо Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэж шийдвэрлэв гэж байгаа юм. Хурлын тэмдэглэл дээр дарга, ерөнхийлөгчийг сонгох тухай хэлэлцүүлж байгаа юм. Гэтэл 01 дугаартай шийдвэр дээр Монголын усан спорт сонирхогчдын холбоо, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг шинэчлэн байгуулсугай гэж байгаа. 2-т нь дүрмийг баталсугай, 3-т нь холбооны удирдах зөвлөлийн зөвлөл нь 5 гишүүнтэй байхаар тогтоосугай гэж байгаа юм. 

Үүнээс харах юм бол Р.Б гэж хүн өнөөдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Гарын үсгийг нь “РБ” гээд бичсэн байгаа юм. Бгийн гарын үсэг дээр зүгээр “Б” үсэг тавьсан байгаа юм. Тэгэхээр холбооны 2 дугаар их хурлаар 1 дугаартай тогтоолоор төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан тогтоол гарсан. 2 дугаар тогтоолоор нь 53 төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч баталгаажуулсан тогтоолууд гарсан. Гэтэл яг он сар өдөр нь давхацсан 1 болон 2 дугаар шийдвэр болон тогтоол гарсан байгаа юм. 

2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан дүрэм нь бүх гишүүдийн саналаар баталсан байгаа. Дүрмийг шинэчлэн баталсан байж шинэчилсэн дүрэм нь байхгүй. Энэ дүрэмд холбооны их хурал гэж байгаа. Холбооны их хурлыг 4 жилд нэг удаа зарлан хуралдана гэж байгаа. Шаардлагатай тохиолдолд удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрээр эсхүл гишүүн байгууллагын 3/2-оос доошгүй саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно гэж байгаа. 

Холбооны их хурлаар доорх үндсэн асуудлаар хэлэлцэж тогтоол гаргана гэж байгаа. 

Удирдах зөвлөлийн тайлан, зорилт, үндсэн чиглэл дүрмийг батлах өөрчлөлт оруулах, хяналтын зөвлөлийн тайлан, ерөнхийлөгч болон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох болон бусад асуудлыг хэлэлцэнэ гэж байгаа. Тэгэхээр 2014 онд шинэчилсэн дүрэм гараад ирж байгаа юм. Үүсгэн байгуулсан хэдэн сарын хэдний өдөр нь мэдэгдэхгүй 1 тоот шийдвэрийг батлав гэж байгаа. Энэ нь Улсын бүртгэлд байдаггүй. Энэ дүрмийг хариуцагч тайлбарлахдаа хуулийн этгээдийн шинэчилсэн дүрэм батлагдсан, гэрчилгээг шинээр олгосон гэдэг. Дүрэм өөрчлөгдөж байна гэж бодоход 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хүчин төгөлдөр байсан дүрмийн дагуу холбоог хуралдуулж үүгээрээ дүрмээ өөрчилж байж бүртгүүлэх ёстой байсан. Гэтэл хуулийн этгээдэд гэрчилгээг шинэчлэх гэж байгаа нэрийдлээр дүрмийг өөрчилсөн байгаа юм. Энэ хугацаанд тэргүүлэгч гишүүдийг 5 болгосон байгаа юм. Гэхдээ албан ёсоор 14 гишүүн байсан. Гэтэл 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тэргүүлэгч гишүүн А.С, Н.Н өөрсдийн хүсэлтийг харгалзан үзэж Монголын усан спорт сонирхогчдын тэргүүлэгч гишүүнээс чөлөөлсөн байдаг. Уг нь бол миний хууль бус гэж үзэж байгаа шийдвэр дээр 5 гишүүн байгаа. Үүнд Н.Н болон А.С нарын нэр байхгүй. Харин жинхэнэ холбооны 2 дугаар их хурлаар баталсан тэргүүлэгч гишүүдийн нэр дотор эдгээр 2 хүний нэр бол байгаа. Гэтэл 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлт нь холбоо дээр байхгүй, ирээгүй гэдгийг би 100 хувь хэлж чадна. Тэгэхээр ийм шийдвэрийг гаргасан байгаа юм. Энэ нь өөрөө хууль бус юм. 

2010 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монголын усан спорт сонирхогчдын холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлын тэмдэглэл байдаг. Тэргүүлэгчид хурлаа хийгээд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Бг Х.Эаар сольсон шийдвэр гаргасан. Үүнийг тухайн дүрэмтэй уялдуулаад үзэхэд холбооны их хурлаар шийдэх асуудал байх боловч зөвхөн тэргүүлэгч 5 гишүүнээр холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг сольсон байдаг. Энэ мэт зөрчил илэрсэн байдаг. Бид үүнийг 2015 оны 04 дүгээр сард мэдсэн. Мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн газар гомдлоо гаргасан боловч бидний гомдлыг хүлээн аваагүй. Бүртгэл албан ёсоор хийгдсэн байна гэсэн хариу өгсөн. 

Бүртгэл албан ёсоор хийгдсэн гэж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүртгэл дутуу бол” гэж байгаа “үүсгэн байгуулагчийн баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол Улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзана” гэсэн хуулийн заалт байдаг. 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12-т “дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам” гэж заасан байдаг. Үүнийгээ төрийн бус байгууллагын дүрэмд тусгасан байх шаардлагатай. Гэтэл бол 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит бус хурлаар баталсан дүрэм дээр өөрчлөлт оруулах журмаа баталсан байгаа юм. Тэгэхээр их хурал хуралдаж байж холбооны дүрэм өөрчлөгдөх ёстой юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн хуулийн этгээдийн Улсын бүртгэл хөтлөх журам гэж байдаг. Энэхүү журмын 4.2-т хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ гэсэн байдаг. 

Үүнд: Баталсан мэдээллийн дагуу өргөдөл гаргана. Үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол, шийдвэр гэж байгаа. Энэ дээр байгаа гол зүйл нь эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол, шийдвэр хэрэгтэй байгаа юм. Эдгээр зүйлүүд байдаггүй. 2014 оны 09 дүгээр сард бүртгүүлсэн. Үүсгэн байгуулагчийн он сар өдөр байхгүй” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Энэхүү бүртгэлийг би өөрөө хийлгэсэн. Тийм учраас би бүх процессыг мэдэж байгаа. 1999 онд анхдугаар хурал болсон гэж байна. Тэр бол анхдугаар хурал биш юм. Манай холбоо 1994 онд байгуулагдсан гэж явдаг. Тэр үед Улсын бүртгэл аваагүй байж байгаад 1999 онд цөөн хэдэн хүмүүс хуралдаж байгаад Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. Үүнээс хойш 2001 онд албан ёсны хурлаа хийж байсан. Улмаар 2006 онд дараагийн их хурлаа хийсэн. Энэ хугацаанд 2004 онд Хууль зүйн яаманд бүртгэхээ болиод Улсын бүртгэлийн алба бүртгэж эхэлсэн. Энэ хооронд 2006 онд улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. 2001 онд нарийн бичиг болсон н.Э бүртгүүлээгүй мөн 2006 онд нарийн бичиг байсан н.Б бүртгүүлээгүй байдаг. Намайг 2010 онд нарийн бичиг болгоод тухайн үед шигшээ багийг бүрдүүлье гээд улсын хороонд яваад очихоор шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой гээд би Улсын бүртгэлд очиход 2010 онд нэр зэрэг бүх зүйл хасагдсан байсан. Тэгэхээр нь 2010 онд аваад бүх хүмүүсийн материалыг бүрдүүлээд 4 жил гаруй явсан. Тэгэхэд би бүртгэлээ хийлгэж чадаагүй. Улмаар 2014 онд бүртгүүлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл тамга тэмдгээ аваагүй байгаа. Гэрчилгээ гарсан хирнээ их хурлаа хуралдуулаад 2006 оны дүрмээ сэргээгээд явна гэсэн бодолтой байгаа. 

Холбооны 9.1-т Холбооны ерөнхий удирдлагын ерөнхийлөгчийн эрх үүрэг дээр “Холбооны ерөнхийлөгч Дэд ерөнхийлөгч болон Ерөнхий нарийн бичгийг шаардлагатай бол хугацаанаас нь өмнө чөлөөлнө” гэж заасан байдаг. Энэ үүднээс 2010 онд их хурал хийх байсан боловч энэ үед төв бассейны үйл ажиллагаа түр зогсонги байдал орсон байсан. 2011 оноос эхэлж клубууд гэрчилгээ авч албан ёсоор элссэн боловч өнөөдрийг хүртэл татвар төлөөгүй байж байгаа. Тэгэхээр эдгээр клубуудыг гишүүн байгууллага гэж хэлэх хэцүү байгаа юм. Их хурлаа хуралдуулъя гэхээр гишүүн байгууллага байхгүй учраас хурал хийх боломжгүй болсон. 2016 оны 03 дугаар сард хурлаа хийе гэсэн боловч нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сараас эхэлж ийм байдал үүсгэсэн учраас хурал хийх боломжгүй байгаа юм. Бид хууль зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй. Бид одоо хуучин 2006 оны дүрмээрээ явж байгаа. Гэрчилгээ авсан гэхдээ бид зөвхөн нэрээ л баталгаажуулсан. Гэхдээ энэ гэрчилгээг бид нийтэд зарлаагүй. Тамга тэмдэг одоог хүртэл гараагүй. Одоо бид хурлаа хуралдуулбал бид шинэчилсэн дүрмээрээ явна. 

Нарийн бичгийг сольсон асуудал бол Г.Б өөрөө хүсэлтээ өгсөн байдаг. Тийм учраас хурал хуралдах ямар ч боломжгүй болсон. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд олон усан бассейн байгаа ч бүгд гишүүн байгууллага биш. Яагаад гэхээр 25 метрийн бассейн болон түүнээс дээш гэсэн учраас зарим нь орох боломжгүй болж байгаа юм. 

Хүмүүсийн гарын үсгийг дуурайлгаж зурсан гэж тайлбарлаж байна. Үүнд би өөрөө утсаар ярьж гарын үсгийг нь зурсан байгаа” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Р.Б нь “Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит Их хурлын огноо дугаартай давхардуулан хуурамчаар үйлдсэн “2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Удирдах зөвлөлийн тэмдэглэл, “Монголын Усан Спортын холбоо” НҮТББ үүсгэн байгуулагчийн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шийдвэр, Монголын Усан спорт сонирхогчдын холбоо НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, мөн Монголын Усан спорт сонирхогчдын холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлын 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн протокол, Монголын Усан спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, Монголын Усан спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэр болон Монголын Усан спорт сонирхогчдын холбооны дүрмийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, улсын бүртгэлээс хасалт хийлгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д  “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна”, 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заажээ. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана, 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд хавсаргасан нотлох баримтууд нь бичиг баримтын бүрдэл дутуу буюу бүрэн бус хоорондоо зөрчилтэй, зөрүүтэй, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байна. 

2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Монгол Усан Спорт Сонирхогчдын Холбоо” /цаашид МУССХ гэх/-ны ээлжит их хурлаар батлагдсан дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Удирдах зөвлөлийн тэргүүлэгчид 11-ээс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна” гэж заасан байхад 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн МУССХ-ны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Удирдах зөвлөл нь 5-аас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ” гэж заасан байна. 

Мөн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн МУССХ-ны дүрмийг холбооны ээлжит их хурлаар баталсан байтал 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн МУССХ-ны дүрмийг нэг иргэн буюу зөвхөн үүсгэн байгуулагч баталсан байна. 

МУССХ-ны Удирдах зөвлөлийн 11 гишүүдийг 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн холбооны ээлжит их хурлаар сонгож баталсан байна, гэтэл улсын бүртгэлийн байгууллага 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлийг хийхдээ нэг хүн буюу зөвхөн үүсгэн байгуулагч нь Удирдах зөвлөлийн 5 гишүүнийг сонгож баталсан шийдвэрийг үндэслэн бүртгэсэн байна.  

Дээрх зөрүүтэй нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад зөрүүтэй нотлох баримтууд нь  нэг цаг хугацаанд буюу 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн, адилхан он, сар, өдөртэй байгаа болно. 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна” гэж заасан. 

2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн МУССХ-ны ээлжит их хурлаар батлагдсан дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Их хурал нь МУССХ-ны удирдах дээд байгууллага мөн” гэж заасан байна.

2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн МУССХ-ны ээлжит их хурлаар батлагдсан дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаас үзэхэд МУССХ-ны дүрмийг батлах, дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах, Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудал нь Холбооны их хурлын бүрэн эрхийн асуудал байхад улсын бүртгэлийн байгууллага нь нэг үүсгэн байгуулагчийн баталсан Холбооны дүрмийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн байна.

Мөн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн МУССХ-ны ээлжит их хурлын 7 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Бг томилсон атал Холбооны ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Х.Эыг томилсон байна. 

Зүй нь улсын бүртгэлийн байгууллага нь дээрх зөрүүтэй нотлох баримтуудыг нягтлан шалган үзэж, яагаад, ямар шийдвэрийг үндэслэн “Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 11 байж байгаад 5 болсон, холбоо ямар шийдвэрийг үндэслэн, яагаад нэг үүсгэн байгуулагчтай болсон, нэг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр яагаад дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх мэт нөхцөл байдлуудыг тодруулж, өргөдөл болон түүнд хавсаргасан баримтууд нь хууль тогтоомж, тус холбооны дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалган үзсэний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэх эсэхээ шийдвэрлэх үүрэгтэй байжээ. 

Өөрөө хэлбэл дээрх өргөдөл гаргагчийн өргөдөлдөө хавсаргасан баримтууд нь хоорондоо зөрчилтэй, зөрүүтэй байхад эдгээр нөхцөл байдлыг тодруулан, нягтлан шалгах үүргээ бүртгэлийн байгууллага биелүүлэлгүйгээр 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлийг хийсэн нь хууль зөрчсөн байна.  

Тодруулбал хуульд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл бий болсон нь илт байхад бүртгэлийн байгууллага 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлийг хийсэн нь хууль зөрчсөн байх ба улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой байжээ. 

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан журмын дагуу биш буюу хурал хийлгүйгээр зарим гишүүүдээс утсаар асуусны үндсэн дээр гарын үсэг зурж, холбогдох баримтуудыг бүрдүүлснээ хүлээн зөвшөөрсөн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарласан болно. 

Дээрх зөрчилтэй, зөрүүтэй нөхцөл байдлуудыг нягтлан шалгасны үндсэн дээр бүртгэх эсэхийг шийдвэрлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Р.Б төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцох, төрийн бус байгууллагын үүсгэн байгуулах баримт бичиг болон түүнтэй холбоотой бичиг баримтуудыг батлах үйл явцад оролцох, санал өгөх, санал бодлоо илэрхийлэх гэх мэт субьектив эрх зөрчигдсөн байна. 

Иймд улсын бүртгэлийн байгууллагын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн холбогдох бүртгэлүүдийг шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус баримтлан  иргэн Р.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит Их хурлын огноо дугаартай давхардуулан үйлдсэн “2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Удирдах зөвлөлийн тэмдэглэл, “Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагчийн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шийдвэр, “Монголын Усан спорт сонирхогчдын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, мөн Монголын Усан спорт сонирхогчдын холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлын 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн протокол, Монголын Усан спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, Монголын Усан спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэр болон Монголын Усан спорт сонирхогчдын холбооны дүрмийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасалт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.БАТЗОРИГ