Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0447

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0447

Улаанбаатар хот

Х.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 110/ШШ2017/0032 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Х-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 110/ШШ2017/0032 дугаар шийдвэрээр: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг даргалагч бөгөөд 2012 онд сонгогдсон Хурлын дарга А.Х-д даалгажээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Шүүх шийдвэр гаргахдаа Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааны санал хураалтад нийт 1111 сонгогч оролцож санал өгсөн гэж үзэхээр байгаа, гэтэл саналын хайрцагнаас 1128 саналын хуудас гарсан буюу тухайн хуралдаанд оролцож, саналаа өгсөн сонгогчдын тоо сонгогчдод олгосон саналын хуудастай тохирохгүй байна гэж дүгнэсэн мөртлөө хэний буруутай үйл ажиллагаанаас болж илүү саналын хуудас гарсан, илүү саналын хуудсыг хайрцаганд хэн хийсэн болохыг тогтоогоогүй байж шийдвэрийн үндэслэл олгосон нь буруу гэж үзэж байна.

Мөн 9 дүгээр багийн сонгогчдын нэрсийн жагсаалтын 6 дугаар хуудасны дэс дугаарын 236-д байгаа Т.Б, 19 дүгээр хуудасны дэс дугаарын 750-д байгаа Б.С гэх сонгогчдын гарын үсэг нэрсийн жагсаалтад байхгүй байхад санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцсон, 10 дугаар хуудасны дэс дугаарын 370-д байгаа Р.Б гэгч сонгогчоор нэрсийн жагсаалтад гарын үсэг зуруулсан мөртлөө санал өгсөн сонгогчдын тоонд оруулаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн мөртлөө ямар албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар тогтоогдсон зүйлгүй байна.

Анх Өлгий сумын 9 дүгээр багийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох хуралдааныг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан байдаг.

Гэтэл шүүхээс багийн Хурлын даргыг сонгон хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг 2012 онд сонгогдсон Хурлын дарга А.Х-д даалгаж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Хэрэв Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид багийн иргэдийн хуралдааныг товлон зарлах эрхгүй бол 9 дүгээр багийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох хуралдааныг товлон зарласан шийдвэр нь эхнээсээ хууль бус болж Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоол хүчингүй болох ёстой.

Шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй мөртлөө дахин хуралдаан товлон зарлахыг 2012 онд сонгогдсон Хурлын дарга А.Х-д даалгаж байгаа нь өөрөө хууль бус юм.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан хэлэлцэж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 110/ШШ2017/0032 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох багийн хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулахаар товлон зарлажээ.

Тухайн өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд Р.Бе, Ө.С, Х.Х нар нэр дэвшиж, Ө.С 401 хүний буюу олонхийн санал авсан нь Өлгий сумын 9 дүгээр багийн тооллогын комиссын тогтоолд тусгагдсан байх бөгөөд хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэр дэвшигч Ө.С 401, Х.Х 398, Р.Б 257 хүний санал авсан, хүчингүй саналын хуудас 71, нийт саналын хуудасны тоо 1127 байна.

Нэр дэвшигч Х.Х дээрх санал хураалтын дүнг эс зөвшөөрч ... санал хураалтад оролцсон иргэдийн тоо 1112 боловч санал хураалтын ажиллагаа дуусч саналын хуудсыг тоолоход нийт санал өгсөн хүний тооноос 15 саналын хуудас илүү гарсан. Санал хураалтад оролцсон иргэний нийт тоо 1112 байхад саналын хуудасны тоо 1127 болж зөрсөн нь саналын хуудас, тухайн хурлын хуралдааны тэмдэглэл, хуралдаан даргалагчийн болон ажиглагч нарын хувийн тэмдэглэлээр тогтоогдсон ... гэж маргаж, Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тогтоолыг хүчингүйд тооцуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох хуралдааныг дахин хуралдуулж хуулийн дагуу зохион байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаас ... санал өгсөн хүний тоо 1112, хайрцагнаас гарсан саналын хуудасны тоо багийн Засаг даргын саналын хуудас 1129, хурлын даргын саналын хуудас 1127 байна. Саналын хуудас тарааж байсан Х.Ш-т удаа дараа хэлж байсан боловч санал өгөх хүмүүсээс талоныг хурааж аваагүй хэмээн нэхэмжлэгч Х.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрч, бүх материалуудыг дахин хянан шалгаад, хуулийн дагуу биелүүлэн ажиллах саналтайгаа илэрхийлсэн байна.

Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, үзлэг хийн, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээдүүд буюу сонгогч Т.Б, Б.С, Р.Б нараас гэрчийн мэдүүлэг авсны үндсэн дээр Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааны санал хураалтад нийт 1111 сонгогч оролцож санал өгсөн атал саналын хайрцагнаас 1128 саналын хуудас гарсан нь тухайн хуралдаанд оролцож, саналаа өгсөн сонгогчдод олгосон саналын хуудасны тооноос 17-оор илүү байсан болохыг тогтоожээ.

Ийнхүү санал хураалтыг хуулийн дагуу явуулаагүй нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байгаа тул уг санал хураалтын дүнг үндэслэн гаргасан тогтоол нь нэхэмжлэгч Х.Х-ийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж дүгнээд тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Маргаан бүхий актыг хүчингүй болгосонтой холбоотой тус багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу сонгогдсон хурлын дарга хэрэгжүүлэхээр байна.

Тодруулбал, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 07 дугаар тогтоолоор тус сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар А.Х-г сонгосон боловч Хурлын Тэргүүлэгчдийг сонгоогүй байх тул 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг даргалсан Хурлын дарга А.Х-д тус багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй хуулийн зүйл, заалт баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 110/ШШ2017/0032 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.4 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ