| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02172/И |
| Дугаар | 191/ШШ2025/04188 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04188
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 191/ШШ2025/04188 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, Х овогт Б Б /Регистрийн дугаар:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоотод оршин суух, Ш овогт С-ын О /Регистрийн дугаар:***********/-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ************* тоотод байрлах,******* хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч нь хариуцагч С.О-д холбогдуулж газар албадан чөлөөлүүлэхээр шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Б нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр ****************** байрлалтай, ************** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмшдэг. Уг газраа ашиглах гэтэл С.О нь барьсан хашааг нураан, хууль бусаар хашаа хатгаж, байшин барьсны улмаас тухайн газрыг ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч дээрх газартай холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд тус газартай холбоотой С.О нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан, гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай **** дугаар захирамжийн Б.Б-йд холбогдох хэсэг, Б.Б-н газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай шүүхэд нэхэмжлэл гарган, гуравдагч этгээдээр Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ****/ШШ***/*** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***/МА***/*** дугаартай магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэн, намайг *********** байрлалтай, ************** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоосон.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу С.О-ыг миний хууль ёсны эзэмшил болох ************* байрлалтай, *************** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: С.О нь гэр бүлийн хамт 2011 оноос эхлэн маргаж буй 475 м.кв газар дээр амьдарсан, хорооны Засаг даргын тодорхойлолтод 2012 оны 6 дугаар сараас уг газарт амьдарч байгаа талаар дурдсан байдаг. Хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ***/ШШ****/***** дугаартай шийдвэрээр С.О-ыг 2012 оноос эхлэн маргаж буй газар дээр амьдарч байгаа болохыг тогтоосон. Нэхэмжлэгч гэх Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуучнаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан. /10-н жил өнгөрсний дараа/ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар, 75.2.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан байдаг. Б.Б нь хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч тал үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Өөрөөр хэлбэл С.О-ы амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хамгийн сүүлд Б.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Өмнө нь хянан шийдвэрлэгдэж байсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. Хариуцагч С.О, түүний гэр бүлийнхэн шударгаар олсон хөрөнгө мөнгөө гарган, өөрсдийн хөлс хүчээ зарцуулан хашаа хатгаж, 10х6 метрийн хэмжээтэй өвлийн байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд ямар нэгэн хүн, хуулийн этгээд, байгууллагын зүгээс газартай холбоотой маргаан үүсгэж байгаагүй, дүүргийн газрын албанаас ч мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй байдаг. Нэхэмжлэгч Б.Б нь газар албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй, хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дөрөв.Хариуцагч нь Б.Б-д холбогдуулан ************** байрлах******* хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч С.О нь гэр бүлийн хамт 2011 оноос эхлэн маргаж буй 475 м.кв газар дээр амьдарсан бөгөөд 2014 онд 10х6 метрийн харьцаатай өвлийн байшин барьж, өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа болно. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ямар нэгэн хүн, хуулийн этгээд, байгууллагын зүгээс газартай холбоотой маргаан үүсгэж байгаагүй, дүүргийн газрын албанаас ч мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй. Харин 2022 оны 10, 11 сараас Б.Б гэх хүний хүүхэд гэж өөрийгөө танилцуулсан хүн гарч ирээд энэ газар бол манай аавын газар, нүүгээрэй гэх мэтийн зүйлс ярьж эхэлсэн байдаг. Энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг маргааны үед нотлогдон тогтоогдсон. С.О, түүний гэр бүлийн хувьд шударгаар олсон хөрөнгө мөнгөө гарган, өөрсдийн хөлс хүчээ зарцуулан хашаа хатгаж, байшин барьсан. Харин Б.Б нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших ашиглах эрхээ эдлээгүй, мөн хуулийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүргээ зөрчсөн. С.О нь 10х6 метрийн хэмжээтэй өвлийн байшингаа 50.000.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд өөрийн шударгаар олсон хөрөнгө мөнгөө гарган, хөлс хүчээ зарцуулан барьсан. Шударга өмчлөгч буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй. 13-н жилийн турш эзэмшиж ашигласан тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Тав.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Б.Б нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ********* дугаартай Улаанбаатар хот, *******, ***** байрлалтай, ************ гэрчилгээг эзэмшдэг бөгөөд уг гэрчилгээ нь 15 жилийн хугацаатай хүчин төгөлдөр гэрчилгээ гарсан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ***/ШШШ****/**** дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ***/МА****/**** дугаар магадлалаар тус газрын шударга эзэмшигч болохыг тогтоосон. Гэтэл С.О нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхүй, хууль бусаар Б.Б-н эзэмшлийн газарт 2011 оноос эхлэн амьдарсан байдаг. Газрын тухай хуулийн 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан ба газар эзэмших эрхгүй этгээд хууль бусаар байшин барьж амьдарсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Тухайн байшинг өмчлөөд, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд бусдын газар эзэмших эрхийг зөрчиж болохгүй. Байшин нь тухайн газартайгаа холбоотой байгаа. Эхлээд газар эзэмших эрхийн асуудал яригдаж байж дараа нь үл хөдлөх эд хөрөнгийн асуудал яригдана. Бодит байдал дээр өмчлөх эрх хэрэгжихгүй. Газрын өмчлөл дээр маргахгүй байгаа. Харин байшин чи авна, би авна гэж маргаж байгаа бол сөрөг нэхэмжлэлээ гаргаад явах боломжтой. Сөрөг нэхэмжлэлийн цаад агуулга нь өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлээс гэрчилгээ авах гэсэн арга гэж харж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах эрхгүй. Иймээс хариуцагчийн цаад зорилго нь шүүхийн шийдвэрийг ашиглаад, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гээд байгаа. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-т зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх асуудал биш учраас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зургаа:Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын байршлын кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ***/ШШ****/**** дүгээр шийдвэр, Захирагааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***/МА****/**** дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/1285 тоот албан бичиг, гэрэл зураг, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн*******ны засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22/1017, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 539, 8 дугаар сарын 15-ны өдрийн 94 дүгээр тодорхойлолт, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, газар эзэмих, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл, ***** дугаартай бүртгэл-хяналтын карт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамж, түүний хавсралт, С.О-ы гэр бүлийн зориулалтаар газар эзэмшихийг хүссэн өргөдөл, бүртгэл хяналтын карт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/5914 тоот албан бичиг зэргийг ирүүлжээ. /хх 4-25, 43, 63, 105, 121-139/
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/842, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/908 тоот албан бичиг хуулбар, кадастрын зураг хуулбараар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/3544 тоот албан бичиг зэргийг ирүүлжээ. /31, 74-86/
Шүүхийн журмаар: Хариуцагч талын хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн **/ШШ*****/**** дүгээр шийдвэртэй хэргээс Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/908 тоот албан бичиг, түүний хавсралтууд /нэгж талбарын *********** дугаар бүхий газарт хадгалагдаж буй 2011 болон 2015 оны сансарын зураг/ зэргийг бүрдүүлжээ. /хх 114-120/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.О-д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба улмаар ************* байрлах,******* хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг татгалзахдаа хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дууссан, нэхэмжлэгч газар эзэмших эрхийнхээ дагуу тухайн газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаагүй хэмээн маргасан.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
Хэргийн 5 дугаар талд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-ний хуулбар, 6 дугаар талд кадастрын зураг, 7-8 дугаар талд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар тус тус авагдсан бөгөөд эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Б нь Улаанбаатар хот, ********** хаягт, нэгж талбарын ********* дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр олж авсан.
Улмаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн **** тоот тушаалаар Улаанбаатар хот, ******************* байрлах, нэгж талбарын *************** дугаартай, 699 м.кв талбай бүхий газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Э-******************* дугаарт бүртгэн, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олсон нь хэргийн 105 дугаар талд авагджээ.
Гэтэл хариуцагч С.О нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр 2011 оноос эхлэн амьдарч, 2014 онд тухайн газарт 10х6 м хэмжээтэй байшин барьсан болон уг байшин нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт бүхэлдээ багтсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч уг газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.
Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ***/ШШ****/**** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ****/МА****/***** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоол зэргээс үзэхэд С.О нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар С.О-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б-н газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх бөгөөд түүний эзэмших эрхийг цуцлаагүй, тэрээр маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн байна.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.О-аас хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч С.О Өнгөрсөн 13 жилийн хугацаанд ямар нэгэн хүн, хуулийн этгээд, байгууллагын зүгээс газартай холбоотой маргаан үүсгэж байгаагүй, дүүргийн Газрын албанаас ч мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх, мөн зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
Гэвч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг, нэхэмжлэгч нь хуульд заасан энэ журмаар эзэмших эрхээ олж авсан байх тул түүний эрх хамгаалагдах тул үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.
Хариуцагч нь байшин барьсан газраа эзэмших эрхгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байх тул талуудын хооронд хөршийн эрхийн харилцаа үүсэхгүйгээс гадна байшин бүхэлдээ нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр баригдсаны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна.
Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа харж хандаж байгаагүй, олон жил болсны улмаас тухайн газарт хариуцагч байшин барьсан, төдий хэмжээгээр хариуцагчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхийг энэ шүүхийн шийдвэр хязгаарлахгүй бөгөөд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч С.О-д холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Хариуцагч С.О нь нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан *******, *********************** тоотод байрлах,******* метр хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Гэвч дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.О газар эзэмших эрхгүй гэдгээ мэдсээр байж, бусдын эзэмшил газар дээр эзэмшигчийнх зөвшөөрөлгүйгээр байшин барьсан байх бөгөөд зөвхөн хариуцагчийг хөрөнгө зарцуулсан үйл баримтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоох боломжгүй юм.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нь газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан, харин хариуцагч тухайн газар дээрх барилгын өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан ба хариуцагчийн барьсан байшингийн өмчлөгчөөр тогтоосон нөхцөлд нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх шаардлагын үр дагавар арилахгүй.
Иймд хариуцагч С.О-ы нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан *******, *************** байрлах,******* метр хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч С.О-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлйн 106.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, ****** хаягт байрлах, нэгж талбарын *******6 дугаартай, 699 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Э-********** дугаартай эзэмших эрхтэй газар /хуучнаар Улаанбаатар хот, **************байрлах, нэгж талбарын ***************** дугаартай, 700 м.кв талбай бүхий газар/-ыг хариуцагч С.О-ы хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.Б-д холбогдох *******, ************ тоотод байрлах,******* метр хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч С.О-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч С.О-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ