| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/01597/И |
| Дугаар | 197/ШШ2025/06992 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/06992
2025 05 28 197/ШШ2025/06992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Уы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 2,179,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч С Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Р.Бод холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр бусад зардалд 2,179,020 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Баянзүрх дүүргийн*******, 12 дугаар хороолол,*******, 14 тоотын оршин суугч Р.Б нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2017 оны 01 сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд төлөөгүй тул энэ хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох 1,890,320 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 250,000 төгрөг, шуудан, нотариатын зардал 38,700 төгрөг, нийт 2,179,020 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Хуулийн этгээдийн эрхгүй холбоо нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсаныг ойлгохгүй байна...20 гаруй жилийн өмнө 26 дугаар байрны Тулгаа гэх зальт этгээд хуулийн хоёрдмол утгатай заалтыг ашиглаж байгуулсан сууц өмчлөгчдийн холбоо одоо хүртэл манай*******анд байрлаж байна. Нэгэнт өөр байшингийн өмчлөгч манай байшингийн эрх ашгийг огт хайхарч үздэггүйгээс Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх заалт ноцтой зөрчигдөж байгаагаас оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй байгаа нь дараах шалтгаануудаас үүдэлтэй. Манай байрны хогийн бункерт сууц өмчлөгчдийн холбооны даргын байрныхан нэг холбоо гэдэг утгаар хогоо авчирч хийдгээс манай хогийн сав бөглөрч, манай байрны иргэдийн эрүүл амьдрах эрх ашиг хөндөгдөж байна. Тус сууц өмчлөгчдийн холбоо нь*******ны ханыг нурааж, өрөө болгож ашигладаг...орцны үйлчлэгчийн цалин хөлсийг бид нар хувиараа мөнгө цуглуулж өгдөг...өөрийн давхрын гэрэлтүүлгийн цахилгааны хураамжийг өөрийн гэрийнхтэй хамтатган төлдөг...лифтний төлбөрийг хамт нэхэмжилсэн байх боловч*******ны суугчид лифт үйлчилгээний төлбөрийг ОСНААУГ-т сар бүр тогтмол төлдөг...Одоогийн сууц өмчлөгчдийн холбооны даргыг дээр дурдсан Тулгаа гэгч өөрийн танилаа авчирч, оршин суугчдыг дарамталж байгуулсан тул анхнаасаа энэ холбоог хүлээн зөвшөөрөөгүй... гэж маргасан.
2.3 Хариуцагч Р.Бод шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт зааснаар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр утас /мессеж/-аар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх саналыг үндэслэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
3. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Баянзүрх дүүргийн*******, 12 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 58 тоот байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээг С Сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг, тус холбооны гүйцэтгэх захирлаар Б.Баттулга ажилладаг болох нь хэрэгт авагдсан тус сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 7-р тал/
3.2 Хэрэгт авагдсан Төрийн банк ХК-ийн хариуцагч Р.Бын нэр дээрх нэхэмжлэхээр хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох 1,890,320 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн28-30-р тал/
Хариуцагч нь хариу тайлбартаа энэ хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлсөн эсэхэд маргаагүй.
3.3 Мөн зохигчид сууц өмчлөгчдийн сар бүр төлөх тогтмол болон хувьсах төлбөрийн хэмжээний талаар болон хариуцагч Р.Б нь тухайн байрны өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
3.4 Харин хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тул нэхэмжлэл гаргах эрхгүй...тус холбоо нь*******ны ашиглалт, засвар, үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэдэг...*******ны суугчид лифт үйлчилгээний төлбөрийг ОСНААУГ-т сар бүр тогтмол төлдөг тул холбоонд давхар төлөхгүй... гэх үндэслэлүүдээр хариу татгалзлаа гаргасан.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дах хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мөн.
Түүнчлэн Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж заасан тул хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул ...Сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэл гаргах эрхгүй... гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
3.5 Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна, 143.2 дах хэсэгт Зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж зааснаар талуудын хооронд хуульд зааснаар үүрэг үүссэн байна.
Хариуцагчийн тус Сууц өмчлөгчдийн холбоо нь засвар, үйлчилгээгээ муу хийдэг гэх үндэслэл нь түүнийг дээрх хуульд зааснаар үүсэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
3.6 Хэрэгт авагдсан Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 байгууллагын тодорхойлолтоор Баянзүрх дүүргийн*******ны*******ны цахилгаан шат ашиглалтын төлбөрийг тус газар нь хураан авдаггүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн*******ны суугчид лифт үйлчилгээний төлбөрийг ОСНААУГ-т сар бүр тогтмол төлдөг тул холбоонд давхар төлөхгүй гэх тайлбар нотлогдохгүй байна.
3.7 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь шүүхэд өөрийгөө өмгөөлөгчөөр төлөөлүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж буй тул өмгөөлөгчид төлсөн ажлын хөлс 250,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжилсэн...би тус сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс нэг жилийн хугацаанд бүх хэргүүдэд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар тохиролцсон гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн тухайн хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөөгүй, 1 жилийн хугацаанд шүүхэд төлөөлнө гэж тайлбарлаж байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх нь түүний үүрэг биш, эрхийн асуудал тул хариуцагч Р.Боос гаргуулах зайлшгүй зардалд хамаарахгүй.
Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 250,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.8 Мөн шуудангийн зардал 38,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтууд нь тухайн хэрэгтэй холбоотойгоор гарсан зардал мөн эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгов.
3.9 Иймд хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийт төлбөр болох 1,890,320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 288,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Энэхүү журмаар үнэлэхдээ нэхэмжлэгч байгууллагын өөрийн хуулбар үнэн тэмдгийг дарж шүүхэд гарган өгсөн бүхий л баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 49,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,195.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Р.Бод холбогдох, 2,179,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас 1,890,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 288,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 49,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,195.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН