Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/08570

 

 

 

 

 

 

 

 

2025 06 25 197/ШШ2025/08570

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

10,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.  Нэхэмжлэгч Б нь хариуцагч .. ГХОХХК-иас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1  Нэхэмжлэгч нь ...Манай Өр авлагын сүлжээг судлах төв нь Эм кэй бридж гэдэг компанийн өр төлбөрийг барагдуулах ажлыг хийхээр амаар тохиролцоод, тухайн компанийн байранд сууж байсан. Тухайн компанийн байранд суугаад удаагүй байтал хариуцагч .. компанийн гэх хүмүүс хаалганы цоож эвдэлж, хүчээр дайран орох гэж дайрсан учир хоёр удаа энэ асуудлаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тухайн байрнаас гаргах гээд байхаар нь би Эм кэй бридж ХХК-ийн өр авлагыг цуглуулж байгаа, удахгүй өр авлага нь ороод ирэхээр түрээсийг нь төлж болох байхаа гэтэл намайг тэгвэл төлнө гэдгээ бичиж өг гээд бичүүлсэн. Тэгээд та яаралтай мөнгө хийгээдэх гээд байхаар нь 5,000,000 төгрөгөөр 2 удаа 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болоход .. ХХК-ийн гэх хүмүүс ирээд Эм кэй бридж ХХК-ийн түрээсийн хугацаа дууссан учир намайг оффисоос гар гээп хөөгөөд байхаар нь би мөнгөө төлсөн шүү дээ гэтэл таны төлсөн мөнгийг Эм кэй бридж ХХК-ийн түрээсэнд суутгасан гээд намайг хөөж гаргасан. Ингээд .. ГХОХХК нь намайг хуурч мэхэлж, Эм кэй бридж ХХК-ийн түрээсийг төлүүлээд, суулгахгүй хөөгөөд гаргасан. Уул нь бол мөнгө төлөх үед надад 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш Эм кэй бридж ХХК-ийн түрээсийн хугацаа дуусангуут үргэлжлүүлж суухаар тохиролцоод урьдчилгааг төлсөн... гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

2.2  Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Энэ түрээсийн маргаантай үл хөдлөх хөрөнгийг Эм кэй бридж ХХК-д хариуцагч .. ГХОХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай түрээслүүлсэн. Гэтэл түрээслүүлэх хугацаанд нэхэмжлэгч Б өөрөө тухайн компанийн байранд нь суугаад байсан. Эм кэй бридж ХХК нь өөрөө түрээсэлж байгаад төлбөрөө төлөх ёстой байтал өөрөө оронд нь орж суучихаад тэр компанийн төлбөрийг төлсөн. Харин 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш үргэлжлүүлж түрээслэх гэж мөнгө төлсөн гэдэг бол худлаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухайн оффист суусных нь төлбөрийг л авсан. Тэрнээс ирээдүйд гэрээ байгуулах зорилгоор урьдчилгаа төлбөр авсан гэдэг огт худал. Нэхэмжлэгч болон манай компанийн хооронд ямар ч хэлцэл хийгдээгүй гэх агуулгаар маргасан.

3.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1  Хариуцагч .. ГХОХХК нь У*******,*******,*******, 6 дугаар хороолол, Самбуугийн гудамжинд байрлах, М плаза төв, 7 дугаар давхар, 702 тоотод байрлах, 63 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар, сарын 2,362,500 төгрөгөөр Эм кэй бридж ХХК-д түрээслүүлсэн, мөн Эм кэй бридж ХХК нь түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэхгүй байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан ажлын байрны түрээсийн гэрээ, гэрээ дуусгавар болгох мэдэгдэл, тооцоо, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 36-42, 51-54, 55-р тал/

3.2  Нэхэмжлэгч Б нь хариуцагч .. ГХОХХК-ийн дансруу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт дээр талууд маргаагүй. Дурдсан үйл баримт талуудын тайлбараас гадна хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9-10-р тал/

3.3  Нэхэмжлэгч нь ...Эм кэй бридж ХХК-ийн бусдаас авах өр авлагыг барагдуулахаар тохиролцсоны дагуу тус компанийн байранд суун ажиллаж байхад хариуцагч .. ГХОХХК нь оффисоос гар гээд хөөгөөд байхаар нь Эм кэй бридж ХХК-ийн түрээсийн хугацааг дуусахаар нь уг оффисыг үргэлжлүүлж өөрөө түрээсэлж суухаар 10,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлсэн гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч нь түрээслэгч Эм кэй бридж ХХК-ийн оронд түрээсийн байранд суучихаад байсан учир түрээсийн төлбөрийг нь л авсан...бидний хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй гэж тайлбарлаж байна.

3.4  Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог ба хэлцэл хийгч талуудын хүсэл зориг нэгдсэн үед хэлцэл хүчин төгөлдөр болно.

Гэтэл нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үеийн нэхэмжлэгчийн хүсэл зориг нь Эм кэй бридж ХХК-ийн түрээсийн хугацааг дуусангуут өөрөө тухайн түрээсийн байранд үргэлжлүүлж суухаар урьдчилгаа төлсөн гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг Эм кэй бридж ХХК-ийн түрээсийн төлбөрт суутгаж авахаар төлүүлсэн гэж хүсэл зоригоо тайлбарлаж байна. Харин хэрэгт хэн алиных нь тайлбарыг дэмжих бичгийн баримт авагдаагүй байна.

Иймд хүсэл зоригийн харилцан зөрүүтэйгээр үйлдэл хийснийг талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

3.5  Мөн нэхэмжлэгч Б нь Эм кэй бридж ХХК-ийн түрээсэлж буй байранд тухайн компанийн ажилтны хувиар, эсхүл тухайн компанитай байгуулсан гэрээний дагуу сууж байсан эсэх талаар хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна. Талуудын хэн аль нь энэ талаарх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

3.6  Мөн хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан гараар бичсэн ...М плаза төвийн 702 тоотын төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор барагдуулж дуусна. Гэрээг сунгах асуудлыг жич ярилцая. Энэ компанийг бүрэн төлөөлж, өр төлбөрийг нь өгнө...өр барагдуулах албаны дарга гэж бичээд гарын үсэг зурсан баримтыг нэхэмжлэгч бичиж гарын үсэг зурсан талаар талууд маргаагүй.

Харин уг баримтыг нэхэмжлэгч нь хариуцагч тал намайг оффисоос гаргах гээд хөөгөөд Эм кэй бридж ХХК-ийн түрээсийн төлбөрийг нэхээд байхаар нь тэр компанийн бусдаас авах ёстой авлагыг нь бусдаас авч түрээсийн төлбөрт нь өгье, сүүлд нь би компанитай эцсийн тооцоогоо хийхдээ хэлнэ гэтэл бичиж өг гэсээр бичүүлсэн гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч өөрөө сайн дураараа Эм кэй бридж ХХК-ийн түрээсийн төлбөрийг барагдуулна гэж бичиж өгсөн гэж тус тус маргасан.

Тухайн баримт нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэж заасанд нийцээгүй тул нэхэмжлэгч нь Эм кэй бридж ХХК-ийн түрээсийн төлбөрийг төлөхөөр хариуцагчтай хэлцэл хийсэн гэж дүгнээгүй болно.

3.7  Иймд талуудын хооронд хэлцэл хийгдээгүй, хууль болон гэрээнд зааснаар үүрэг үүсээгүй байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дах хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул хариуцагч .. ГХОХХК-иас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бд олгож шийдвэрлэв.

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бгийн нэхэмжлэлтэй, .. ГХОХХК-д холбогдох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН