Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 000136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Ш.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 1825000000089 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инжинер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ын З гэв.

 

Шүүгдэгч Б.З нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зохимж” дэлгүүрт 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ш.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр Д Зохимж төвд үйл ажиллагаа явуулдаг “ДиЭксЭн” бараа бүтээгдэхүүний борлуулагчаар ажилладаг юм. Энэ ажлыг хийгээд 10 жил болж байна. Зохимж  төв дээр үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байна. Би эхнэрийнхээ ажилд туслаад бараа бүтээгдэхүүнийг нь янзалж өгдөг. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эхнэр бид 2 зохимж төв дээр ирээд бараа бүтээгдэхүүнээ борлуулж байхад орой 17 цагийн үед гаднаас үл таних эмэгтэй орж ирээд шууд лангуун дээр байсан ногоон замгийг зөвшөөрөлгүй аваад явахаар нь би хөөе та яаж байгаа юм бэ? гэж асуусан чинь тэр эмэгтэй чи юу хуцаад байгаа юм бэ? дуугүй сууж бай гэж хэлээд үүд рүү яваад байхаар нь та авах гэсэн юм бол очер дугаараар үйлчлүүлээч гэж хэлсэн. Тэр эмэгтэй солиор чиний бараа юм уу? гээд манай эхнэр үүдэнд сууж байхад үүд рүү очихоор нь та ингэж болохгүй шүү дээ гэж хэлээд очоод гарт нь байсан ногоон замгаа аваад буцааж лангуун дээр тавиад суудал дээрээ суугаад бараа авч байсан хүндээ үйлчилж байхад нөгөө эмэгтэй миний өмнө ирээд надтай хэрүүл хийж эхэлсэн. Тэнд олон хүн байсан учраас би тэр эмэгтэйд та очер дугаараараа үйлчлүүл гэж хэлсэн. Тэгтэл гар утсаа гаргаж ирээд би чиний зургийг авна гээд гар утсаа над руу харуулаад байхаар нь би суудлаасаа босч та боль гэж хэлээд гар утсыг нь доошоо болгох гээд гараа сунгатал тэр эмэгтэй өөрөө утастай гараа хойш нь татаад миний гарт утас нь  тээглээд газар унасан. Манай эхнэр Д газраас гар утсыг нь авч өгсөн. Одоо та гар гээд гарынхаа алгаар энгэр рүү нь зөөлөн түлхтэл эмэгтэй намайг 2 гараараа цааш нь түлхэхэд би арынхаа ширээн дээр унаад ширээ хугарсан. Би босч ирээд эмэгтэйг тохой мөрөн дээрээс нь түлхээд хаалга руу гаргатал тэр эмэгтэй буцаж орох гэж дайрч байхдаа халтирч унаад газар 2 гараараа тулаад 4 хөллөөд газар унасан. Утас нь бүрэн бүтэн байсан. Үүний дараа би удаа дараа та энэ өрөөнөөс гар гэж хэлсэн. Орилж хашгираад хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болоод байсан тэгээд таныг оруулахгүй гээд хаалгаа хаасан. Би нэг ч удаа цохиогүй зодоогүй. Өөрөө хальтарсан уу эвгүй гишгэсэн үү мэдэхгүй хаалганаас гараад унасан. Олон нийтийн хэв журмыг зөрчиж үйлчилгээний ажилтан руу дайрсанд  хохирогч өөрөө буруутай. Би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна гэв.

 

-Хохирогч Ш.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Миний хувьд ДиЭксЭн-ний сүлжээний бүтээгдэхүүнийг 10 жил гаран хэрэглэж байна. Бизнес хийдэггүй, зүгээр хэрэглэгч. Жилд 2-3 удаа очиж авдаг. Замган тэжээл авах хэрэгтэй болоод би 2018 оны 01 дүгээр сарын 25-нд очсон. Тэгэхэд Д надад байхгүй та 2018 оны 01 дүгээр сарын 31-ний үеэр хүрээд ирэхгүй юу гэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой очиход 4 эмэгтэй сууж байсан. Шүүгдэгчийг би өмнө харж байгаагүй. Оронгуутаа ногоон замаг ирсэн үү гэхэд Д ирээд дуусах шиг боллоо шүүгээн дээр нэг байх шиг байна гэсэн. Тэгвэл үүнийг чинь би авчих уу гэсэн  ав ав гэсэн. Энэ яриаг Б.З сонсоогүй байж болох юм. Би очиж аваад Дд мөнгөө өгөөд баримтаа авах гэсэн чинь хаанаас орж ирсэн хулгайч вэ чи дур зоргоороо авдаг хэн юм гэж намайг элдэв янзаар дорормжилсон.  Би үүнийг авчихаж болохгүй юу гэсэн. Би чи яагаад надруу дайраад байгаа юм бэ? би энд мөнгөө тушаах гээд зогсож байна гэсэн. Тэгээд миний баруун гар дээрх замгийг аваад түмбүүчиг рүү Б.З шидсэн. Утсаар замаг авах гэж ирсэн чинь бөөн хэл ам боллоо гэж эгч рүүгээ ярьсан. Дараа нь миний утсыг өрөө аваад хана руу шидсэн. Би тэгж хурдан зураг авдаг ч хүн биш. Би эрхийн хуруундаа гэмтэлтэй одоо ч өвчтэй байдаг. Цагдаа дуудна гэсэн чинь дууд чи гэсэн. Урдаас дунд хуруугаа гаргаад доромжилсон тэр ширээ голооороо чад гэж дугараад миний утсыг шидэхэд авгай нар уулга алдсан. Бид хоёрыг хэрэлдэж байхад хэн ч болиоч гэж дуугарч байгаагүй, би шубатай явсан учраас багалзуурдахад миний хоолой улайгаагүй юм билээ. Намайг түлхээд унагаасан,гар гээд түлхэхэд нь би баруун дагзаараа хаалга мөргөсөн. Намайг хаалгаар өөрөө гүйцэж гарч ирээд унагаасан. Нэг хөл эвгүй гишгэгдээд цагдаа дуудсан. Цагдаа 10 минутын дараа ирсэн. Тухайн үед бизнес хийдэг хүмүүс байсан тул нилээн яарсан байдалтай байсан. Маргаан үүсгэж намайг зодсон толгойн хэсэг гарын хэсэгт гэмтэлтэй. Тухайн үед байгаа мөнгөндөө тааруулан тархи, нурууны зургаа авахуулсан болсон үйл явдал ийм л байна. Энэ хүн цагдаа шүүхээр явж учраа ол гэсэн. Нэг бүтээгдэхүүн авах гэж яваад ийм зүйл болсонд гомдолтой байна. Би залуу хүн биш, яс минь хугараагүйд Б.З баярлах хэрэгтэй. Хэрвээ зүрх нь өвддөг даралттай хүн байж байгаад хаагдсан бол Б.З өнөөдөр ингэж худлаа мэдүүлэг өгөөд сууж байхгүй л байх байсан. Хийсэн үйлдлээ, хэлж байгаа үгээ Б.З мэдэхгүй байж болно. Тэр өдөр болсон бүх явдлаа би компьютерт тэмдэглэсэн. Би 2 шөнө халуурсан. Маргааш нь нүд дээшээ доошоо хараад байна гээд  Мажаа эмнэлгээс асуухад мажаагийн эмч тархи чинь доргисон байна гэсэн. Би хүнд зодуулсан гэдгээ хэлсэн. Тэгвэл холбогдох газраар нь явж үзүүл гэсэн. Авсан эм тарианы зардал бодитоор явж байгаа. Одоо миний толгой байнга дүүнгэ байдаг. Манай нөхөр өнгөрөөд 21 хонож байна, энэ их хар мөртэй залуу юм билээ. Би хань ижлээ алдаа. Гайтай юм шиг тэр дэлгүүр ордог нь ч яахав дээ гэж бодож л сууна. Хараал хийдэг ч юм билүү мэдэхгүй байна. Үнэн бодитоор явдаг бол өмгөөлөгч авах хэрэггүй. Намайг шүүх цагдаагаар яваад юм долоогоорой гэсэн, их бардам хэлж байсан. Эмчилгээнд нийт 955.000 төгрөг гарсан үүн дээр нэмээд 140.000 төгрөгийн баримт байна, үүнийг гаргаж байна. Надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй  гэв.

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлтэд...Эрдэнэсувдын биед тархи доргилт, баруун шилбэ, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, 2018 оны 02 дугаар сарын 01-нд үүссэн байж болно гэжээ. /хх-ийн 12 ху/,

 

-Б.Зыг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 43-44 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.З нь “Зохимж” төвд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ш.Эыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн намайг түлхээд унагаасан, түлхэхэд нь би баруун дагзаараа хаалга мөргөсөн. Намайг хаалгаар гаргах гээд түлхэж унагаасан. Нэг бүтээгдэхүүн авах гэж яваад ийм зүйл болсонд гомдолтой байна гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Эын биед тархи доргилт, баруун шилбэ, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдэд цус хуралт үүссэнийг тогтоосон 188 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.З нь... би хохирогч Ш.Эыг нэг гараараа мөрнөөс нь нөгөө гараараа тохойноос нь бариад өрөөнөөсөө түлхэж гаргаад хаалга хаасан. Гаргасны дараа коридорт өөрөө унасан. Би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй бөгөөд гэрч О.Хоролмаагийн ...Тухайн үед хаалгаар гаргах гэж нэлээн хэрүүл маргаан болж З Эрдэнэсувдыг хаалгаар хүчээр түлхэж гаргаад хаалгаа өөрөө хаасан гэх мэдүүлэг / хх 27 ху /, шүүгдэгч Б.Зын ...би тэр эгчийг гаргах гээд үүд рүү түлхсэн. Түлхэж гаргахад үүдээр гарангуут нөгөө эгч газар унасан гэх мэдүүлэг / хх26 ху /, хохирогч Ш.Эын...намайг гар гээд хүчтэй түлхэхэд нь би баруун дагзаараа хаалга мөргөсөн гэх мэдүүлгүүд нь шүүгдэгчийн гэм буруутайг давхар нотлож байна.

 

                      Иймд шүүгдэгч Б.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                     Хохирогч  Ш.Э нь хохирол төлбөрт 1.095.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтын хэмжээнд медипас эмнэлэгт зураг авахуулсан 180.000 төгрөг, эм тарианы / 65.400,180.000,108.500,17.400, 2000 төгрөг, мажаа эмнэлэгт бариа засалын 27.000 төгрөг / бүгд 580.300 төгрөгийг шүүгдэгч Б.Заас гаргуулан хохирогч Ш.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 514.700 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

 

          Харин шүүгдэгчийн цалин орлого, хувьд оногдох эд хөрөнгө, хохирол төлөх боломжийг нотлох ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүх тогтоох боломжгүй байна.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь үндэстэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Б.Заас 580.300 төгрөг гаргуулан /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-43 тоотод оршин суух, регистрийн дугаар ФМ 57040322, утас 99045840/ хохирогч Ш.Эад  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 514.700 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ