Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

Ж.Б-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/133 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч Ж.Б-ад холбогдох эрүүгийн 2413000250090 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл /цахим сүлжээгээр/, яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ****боловсролтой, **** мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл *** хүнтэй, ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Ж.Б- /************/.

2. Ж.Б- нь Баян-Өлгий аймгийн ***** багт нийгмийн ажилтнаар ажиллахдаа 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “...О овгийн У-ын К нь аав, ээж, охин дүү, эхнэр хүүхдүүдийн хамт ****** оршин суудаг. Х банкны тус аймаг дахь салбарт АТМ хариуцсан ажилтнаар ажилладаг. Эхнэр нь Х.Ж эрхэлсэн тодорхой ажилгүй, аав нь цэргийн байнгын тэтгэвэрт, ээж Т.К Өлгий сумын ** дугаар сургуульд багш, охин дүү нь У.А Г банкны тус аймаг дахь салбарт теллерээр тус тус ажилладаг. Охин К.Д 5 настай, Өлгий сумын **дугаар цэцэрлэгт хүмүүжигдэж байгаа бөгөөд төрснөөс хойш өдий хүртэл өвөө, эмээгийн асрамжид байгаа нь үнэн болно...” гэсэн мэдээллийг багтаасан тодорхойлолт бүхий албан бичгийг боловсруулан үйлдэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багийн Засаг даргын албан бланк дээр хэвлэн, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр он, сар, өдрийг бичиж 13/224 гэсэн дугаар олгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн  Б/37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “албан тушаалын тодорхойлолт”-д заагдсан чиг үүрэгт хамаарахгүй ажлыг Засаг дарга М.Ж-ны өмнөөс хэрэгжүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах “Дураараа аашлах” гэмт хэрэгт холбогджээ.  

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар яллах дүгнэлтээр Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн  2024/ШЗ/133 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж.Б-ад холбогдох эрүүгийн 2413000250090 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:

4.1. Яллагдагч Ж.Б-ын олгосон гэх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13/224 дугаартай Өлгий сумын ** дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод зурагдсан гарын үсэг тус багийн Засаг дарга М.Ж- гарын үсэг мөн эсэх талаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах,

4.2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бусад багийн нийгмийн ажилтнуудаас багийн Засаг дарга нар тамгаа үлдээдэг эсэх, ард, иргэдийн хүсэлтээр багийн Засаг дарга байхгүй үед тодорхойлолт бичиж олгодог эсэхийг тодруулах, иргэн У-аас гэрчийн мэдүүлэг авч тодорхойлолтыг Ж.Б- боловсруулсан эсэх, эсхүл түүнд өөрөө хэлж бичүүлсэн эсэхийг тодруулах, хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан “Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай” мөрдөгчийн тогтоолд прокурор гарын үсэг зураагүй байх тул, гарын үсэг зуруулах,

4.3. Нэхэмжлэгч Х.Жу- нэхэмжлэлтэй хариуцагч У.К-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, анхан шатны шүүх багийн Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэрхэн үнэлэх эсэх нь тодорхойгүй байгаа ба тухайн тодорхойлолтыг шүүх нотлох баримтаар үнэлэх эсэхээс хамаарч Х.Жу- эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна.

 

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-ын яллагдагчаар болон гэрчээр өгсөн “...М.Ж- гэх хэсэгт зурагдсан гарын үсгийг би зурсан. Уг гарын үсгийг М.Ж- гарын үсгийг дуурайлгасан байдалтай зурсан. Гэхдээ уг гарын үсэг түүнээс болон минийхээс шал өөр байдалтай зурагдсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Ж- “... дээрх тодорхойлолт бүхий албан бичгийг иргэн У-ад би бичиж өгөөгүй болно. Би тухайн өдөр Дэлүүн сумын 6-р багийн “Нүцгэн” нэртэй, сүлжээгүй газарт явж байсан, тэр өдөр манай багийн нийгмийн ажилтан надад иргэнд албан тоот өгөх гэж байгаа талаар мэдэгдээгүй. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн албан бичигт зурагдсан гарын үсгийг яллагдагч К.Б- нь зурсан болох нь тогтоогдсон байхад дээрх нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

5.2. Мөн прокуророос яллагдагч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд “Дураараа аашлах” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс уг дүгнэлтийг үгүйсгээгүй атлаа яллагдагч Ж.Б-ыг хуурамч нотлох баримт үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох талаар захирамжид тусгасан нь үндэслэлгүй байна.

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Жу- нэхэмжлэлтэй хариуцагч У.К- Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн яллагдагч Ж.Б-ын үйлдсэн гэх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13/224 дугаартай албан бичгийг шүүхээс эх хувиар нь гаргуулах талаар хүсэлт гаргахад шүүх “...хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө хэрэгт авагдсан нотлох баримтыг өгөх боломжгүй” гэх утга бүхий хариу өгсөн тул шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

5.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Шүүх..., ...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчилсан. Гэтэл шүүхээс хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт хяналгүйгээр хэсэгхэн буюу яллагдагч Ж.Б-ын мэдүүлгийг цухас дурдаж мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг үнэлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. 

5.5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан атал шүүх “Өлгий сумын бусад багийн нийгмийн ажилтнуудаас багийн Засаг дарга нар тамгаа үлдээдэг эсэх, ард, иргэдийн хүсэлтээр багийн Засаг дарга байхгүй үед тодорхойлолт бичиж өгдөг эсэхийг тодруулах” гэж шийдвэрлэсэн хуулийн дээрх зүйл, заалттай нийцэхгүй байна.

5.6. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагч Ж.Б-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн иргэн н.У-аас мэдүүлэг аваагүй боловч хэрэв шүүх иргэн н.У-аас мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл хэргийг прокурорт буцаалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 60 хүртэлх хоногоор хойшлуулж, захирамжид дурдагдсан зарим мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийг шуурхай шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэх юм.

5.7. “Нэхэмжлэгч Х.Жу- нэхэмжлэлтэй хариуцагч У.К-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, анхан шатны шүүх багийн Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй байгаа ба тухайн тодорхойлолтыг шүүх нотлох баримтаар үнэлэх эсэхээс хамаарч Х.Жу- эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах” гэх асуудлын хувьд яллагдагч Ж.Б-ын үйлдсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13/224 дугаартай албан бичгийг иргэний хэргийн анхан шатны болон эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үнэлэх эсэх нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.Учир нь прокуророос яллагдагч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “Нотлох баримт хуурамчаар үйлдэх...” гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчлээгүйгээс гадна яллагдагч Ж.Б- нь тухайн албан бичигт дурдагдсан хувь хүний мэдээллийг тодорхойлж бичих албан тушаалын бүрэн эрх болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй төрийн үйлчилгээг бусдад үзүүлж, дур мэдэн бусдын хувийн байдлыг тодорхойлж бичсэн гэж дүгнэн шүүх рүү шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

5.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/133 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргасан. Яагаад гэвэл сүүлийн үед ялангуяа энэ авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийг мөрдөгчөөс прокурорын хяналтад шилжүүлсэн хугацаандаа шууд яллах дүгнэлт үйлдэж, прокурорт хүсэлт гаргах боломжийг олгохгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлдэг жишиг тогтсон.  Тийм учраас ч бид нар нэмэлт ажиллагаатай холбоотой хүсэлтийг шүүхэд ирээд гаргадаг болсон. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зөрчигдсөн эрх,  яллагдагчийн нотлох баримт шалгуулах, нэмж ажиллагааг хийлгүүлэх, гэрч асуулгах асуудлуудыг дандаа шүүхэд ирээд, хүсэлтээ гаргаж байгаа. Шүүхээс энэ асуудалтай холбоотой зарим нэгэн нэмэлт ажиллагааг хийлгүүлье гэдэг хүсэлтийг ханган шийдвэрлэчихсэн. Үүнийг прокурорын зүгээс эсэргүүцэл гаргаж, давж заалдах журмаар хянуулж байгаа нь үндэслэлгүй.

6.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг зайлшгүй хийх ёстой ажиллагаанууд юм. Уг ажиллагаануудыг заавал нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаад хийлгэх ёстой. Түүнээс биш уг ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй. Урьд нь энэхүү хэрэгт гэрчээр асуугдаагүй хүмүүсийг гэрчээр асуухдаа хууль сануулж байгаад асуух шаардлагатай болдог. Энэхүү ажиллагааг шүүхийн шатанд хийх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Засаг даргад тусалж байгаа “нийгмийн ажилтан” гэдэг албан тушаалын утгыг ойлгоогүй нөхцөл байдал гарсан. Нийгмийн ажилтан гэдэг албан тушаалтан нь урьд нь “Засаг даргын туслах” гэдэг нэрийдлээр явж байсан. Багийн  Засаг даргын туслахууд нь урьд нь ямар ажил хийж байсан одоо ч гэсэн тэр ажлыг хийж байгаа. Дурдаад хэлбэл оршин суугч нар нь ямар ажил хийдэг, хийдэггүй гэдгийг харах программтай. Түүнээс харж байгаад Засаг дарга байх үед Засаг дарга нь хэвлээд гарын үсэг зурж, тамга дараад явуулдаг. Харин Засаг дарга нь байхгүй үед Засаг даргын туслах нь уг ажиллагааг гүйцэтгэдэг. Засаг дарга болон түүний туслах нь нэг компьютер ашиглаж, нэг ажил хийдэг. Тийм учраас уг гэрчүүдийг заавал асуух шаардлагатай.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдтэй холбогдуулан хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул  энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэхийг ойлгох бөгөөд анхан шатны шүүх Ж.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, урьдчилсан хэлэлцүүлгээс шүүгчийн захирамж гаргаж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь дараах байдлаар тогтоогдож байна.  

 

9. Мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид “.... Яллагдагч Ж.Б-ын олгосон гэх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдийн 13/224 дугаартай Өлгий сумын **дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод зурагдсан гарын үсэг тус багийн Засаг дарга М.Ж- гарын үсэг мөн эсэх талаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бусад багийн нийгмийн ажилтнуудаас багийн Засаг дарга нар тамгаа үлдээдэг эсэх, ард, иргэдийн хүсэлтээр багийн Засаг дарга байхгүй үед тодорхойлолт бичиж олгодог эсэхийг тодруулах, иргэн У-аас гэрчийн мэдүүлэг авч тодорхойлолтыг Ж.Б- боловсруулсан эсэх, эсхүл түүнд өөрөө хэлж бичүүлсэн эсэхийг тодруулах, хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан “Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай” мөрдөгчийн тогтоолд прокурор гарын үсэг зураагүй байх тул, гарын үсэг зуруулах,

- Х.Жу- нэхэмжлэлтэй хариуцагч У.К-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, анхан шатны шүүх багийн Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэрхэн үнэлэх эсэх нь тодорхойгүй байгаа ба тухайн тодорхойлолтыг шүүх нотлох баримтаар үнэлэх эсэхээс хамаарч Х.Жу- эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой” гэж өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн агуулгатай дүгнэлтийг хийж, хэргийг прокурорт буцаажээ.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн бүрэлдэхүүний  шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг хамруулан ойлгодог. Түүнчлэн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх хэрэг нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн ерөнхий объекттой, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байдал нь тухайн гэмт хэргийн гол шалгуур, үндсэн шинж байхаар хуульчилсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-ын яллагдагчаар өгсөн “...М.Ж- гэх хэсэгт зурагдсан гарын үсгийг би зурсан. Уг гарын үсгийг М.Ж- гарын үсгийг дуурайлгасан байдалтай зурсан. Гэхдээ уг гарын үсэг түүнээс болон минийхээс шал өөр байдалтай зурагдсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Ж- “... дээрх тодорхойлолт бүхий албан бичгийг иргэн У-ад би бичиж өгөөгүй. Би тухайн өдөр Дэлүүн сумын 6-р багийн “Нүцгэн” нэртэй, сүлжээгүй газарт явж байсан, тэр өдөр манай багийн нийгмийн ажилтан надад иргэнд албан тоот өгөх гэж байгаа талаар мэдэгдээгүй. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн албан бичигт зурагдсан гарын үсгийг яллагдагч К.Б- зурсан нь тогтоогдсон, тус үйл баримтыг сэргээн тогтооход эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй байхад “яллагдагч Ж.Б-ын олгосон гэх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдийн 13/224 дугаартай Өлгий сумын ** дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод зурагдсан гарын үсэг тус багийн Засаг дарга М.Ж- гарын үсэг мөн эсэх талаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах” мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэх бодит үндэслэлгүй ба энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

 

12. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх үндэслэлүүдийг  зааснаас үзэхэд яллагдагч Ж.Б-ын яллагдагчаар өгсөн “...М.Ж- гэх хэсэгт зурагдсан гарын үсгийг би зурсан. Уг гарын үсгийг М.Ж- гарын үсгийг дуурайлгасан байдалтай зурсан. Гэхдээ уг гарын үсэг түүнээс болон минийхээс шал өөр байдалтай зурагдсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Ж- “... дээрх тодорхойлолт бүхий албан бичгийг иргэн У-ад би бичиж өгөөгүй болно. Би тухайн өдөр Дэлүүн сумын 6-р багийн “Нүцгэн” нэртэй, сүлжээгүй газарт явж байсан, тэр өдөр манай багийн нийгмийн ажилтан надад иргэнд албан тоот өгөх гэж байгаа талаар мэдэгдээгүй. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн албан бичигт зурагдсан гарын үсгийг яллагдагч К.Б- нь зурсан болох нь тогтоогдсон байхад дээрх нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

13. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн бусад үндэслэлүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтын урьдчилсан нөхцөлүүдийг болон мөн хуулийн зорилтыг хангаагүй байх тул шүүгчийн уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцааж, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл яллагдагч Ж.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж хэрэглэнэ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/133 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл яллагдагч  Ж.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

                         

ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                       

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ