Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0673

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С******* х к м” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З, М.Х, Ч.Т, Ц.Ч*******, 

Хариуцагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, 

Хариуцагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Б, 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б, 

Маргааны төрөл:  “С******* х к м” ХХК-д хийсэн хяналт шалгалт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Б.З, Ц.Ч*******, хариуцагч М.У, Ч.Б, нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч  “С******* х к м” ХХК  шүүхэд “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагч М.У, Ч.Б, Н.Б, улсын байцаагч Д.С нарын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан шаардлага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагч М.Уын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дүгээр болон мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07/ дугаар актууд, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Бийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06*******, 06 дугаар шийтгэлийн хуудаснууд болон мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. 
  2. Тус нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, нэхэмжлэгчээс 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  3. Улмаар хариуцагчаар оролцуулсан  улсын ахлах байцаагч Н.Б Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг болох нь тогтоогдсон тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Бт холбогдуулан гаргасан “Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Бийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06*******, 06 дугаар шийтгэлийн хуудаснууд болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. 
  4. Мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5928 дугаар захирамжаар “С******* х к м” ХХК-ийн гомдолтой Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Бд холбогдох захиргааны хэргийг энэхүү хэрэгт нэгтгэсэн байна. 
  5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, М.Х нар 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “С******* х к м” ХХК-д явуулсан хяналт шалгалтын үйл ажиллагаа буюу захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагч М.У, Ч.Б, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б нарын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар албан шаардлагыг хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагч М.Уын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07/ дугаар актуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Бын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай гэж тодорхойлжээ.
  6. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын ерөнхий байцаагч Б.Б*******ийн баталсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08- дугаар удирдамжаар “С******* х к м” ХХК-д Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, норматив, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 5 хоногийн хугацаанд хийх удирдамжийг баталсан байна. 
  7. Улмаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын дарга, Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Б******* 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08- удирдамжид заасан хугацааг  улсын байцаагчдын томилолт болон унааны зардал удирдамжид заасан хугацаанд шийдэгдээгүй байсан үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 7 хоногоор, шалгалтын дүнг танилцуулах хугацааг 5 хоногоор тус тус сунгасан байна. 
  8.  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагч М.У, Ч.Б, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б нарын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар улсын байцаагчийн албан шаардлагаар (1) хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 13, (2) хөдөлмөрийн аюулгүй байдлыг чиглэлээр 10, (3) хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр 11, (4) нийгмийн хамгааллын чиглэлээр 4 нийт 38 зөрчил арилгахыг шаардсан байна. 
  9. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дүгээр актаар 2024-205 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийг нөхөн төлүүлэхээр, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07/ дугаар актаар 2024 онд ажилтнуудад олгосон илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. 
  10. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Б 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийтгэлийн хуудсаар “С******* х к м” ХХК-д 3,000,000 төгрөгийн шийтгэлийн хуудас оногдуулжээ.
  11. “С******* х к м”  ГХОХХК-иас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчид гаргасан гомдолд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 08/******* дугаар албан бичгээр хариу өгсөн байна. 
  12. “С******* х к м”  ХХК-иас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны Салбарын Улсын Ерөнхий Байцаагч нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 08- дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх тухай”  удирдамжийг баталж, уг удирдамжийн дагуу нэхэмжлэгч “С******* х к м” ГХОХХК-д 2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд тус яамны холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн. 

Дээрх хяналт шалгалтын үйл ажиллагаа буюу захиргааны үйл ажиллагааг үндэслэн хариуцагчаар татаад буй Улсын байцаагч нь дараах шийтгэлийн хуудсыг албажуулж, “С******* х к м”  ГХОХХК-ийн эрх бүхий этгээдүүдэд танилцуулсан болно. 

ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын ахлах байцаагч Ч.Бын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас;

Улсын ахлах байцаагч Ч.Б нь дээрх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн тул компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж зааснаар “С******* х к м” ГХОХХК-аас дээрх захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл аливаа хяналт, шалгалт нь гагцхүү эрх бүхий этгээдээс тухайн тохиолдолд баталсан удирдамжид заагдсан хамрах хүрээ, шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа, шалгалтын арга, хэлбэрийн дагуу хийгдэх ёстой бөгөөд ингэж хэмээнэ хууль ёсны байх шаардлагыг хангах билээ.

Гэвч Улсын ахлах байцаагч Ч.Б нь 2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “С******* х к м”  ГХОХХК-д төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх” хуулийн зохицуулалтыг зөрчсөн буюу Салбарын Улсын Ерөнхий Байцаагчийн 08- дугаартай удирдамжийг баримтлаагүй, хяналт, шалгалтыг зохих ёсоор хийгээгүй бөгөөд уг хяналт шалгалтдаа тулгуурлан 06 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг.

Тодруулбал, салбарын Улсын Ерөнхий Байцаагчийн удирдамжийн “Зургаа” хэсэгт “...Хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ…” гэж хяналт шалгалт эхлэх болон дуусах хугацааг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл тус төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох ёстой байсан.

Гэтэл хариуцагч Ч.Б нь хяналт шалгалтыг удирдамжид заасан хугацаанд хийгээгүй буюу 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хийсэн нь шалгалтын тэмдэглэлээр нотлогдож байна.

Ийнхүү дээр дурдсан 08- дугаартай удирдамжийг Улсын ахлах байцаагч Ч. Б нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг зөрчиж захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж зааснаар Улсын ахлах байцаагч Ч. Бын гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

  1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны Салбарын Улсын Ерөнхий Байцаагч нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 08- дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийг баталж, уг Удирдамжийн дагуу нэхэмжлэгч “С******* х к м” ГХОХХК -д 2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүд тус яамны холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн.

Улсын ахлах байцаагч М.У, Ч. Б, Н.Б, Улсын байцаагч Д.С нар нь дээрх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийхдээ “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн тул “С******* х к м”  ГХОХХК-иас уг хяналт, шалгалт хийсэн захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус хууль бус захиргааны үйл ажиллагааг үндэслэн гарсан холбогдох захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байгаа болно.

Монгол Улсын Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.2 дахь хэсэгт  тус тус заасан. 

Өөрөөр хэлбэл аливаа хяналт, шалгалт нь гагцхүү эрх бүхий этгээдээс Тухайн тохиолдолд баталсан удирдамжид заагдсан хамрах хүрээ, шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа, шалгалтын арга, хэлбэрийн дагуу хийгдэх ёстой бөгөөд ингэж гэмээнэ хууль ёсны байх шаардлагыг хангах билээ.

Гэвч Улсын ахлах байцаагч М.У, Ч.Б, Н.Б, Улсын байцаагч Д.С нар нь 2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “С******* х к м” ГХОХХК-д төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх” хуулийн зохицуулалтыг зөрчсөн буюу Салбарын Улсын Ерөнхий Байцаагчийн 08- дугаартай удирдамжийг баримтлаагүй, хяналт, шалгалтыг зохих ёсоор хийгээгүй болно. Тодруулбал: а) “Хяналт, шалгалтын хамрах хүрээ”-г зөрчсөн тухайд: Салбарын Улсын Ерөнхий Байцаагчийн 08- дугаартай удирдамжийн “Хоёр” хэсэгт Хяналт шалгалтад хамрагдах асуудлыг “...Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийнэ.” хэмээн тусгаж, удирдамжийн “дөрөв” хэсэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг дараах хяналтын хуудаснуудаар хийж гүйцэтгэнэ гэсэн байдаг. Үүнд: 07.1.1 кодтой Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас; 07.1.2 кодтой Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас: 07.2.1 кодтой Хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас;

Гэтэл хяналт, шалгалтыг хийсэн захиргааны байгууллага буюу Улсын ахлах байцаагч М.У, Ч.Б, Н.Б, Улсын байцаагч Д.С нар нь “С******* х к м” ГХОХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг “Хөдөлмөрийн тухай хууль Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийн хүрээнд хийсэн буюу удирдамжид заасан хяналт, шалгалтын хүрээг зөрчсөн болно. Өөрөөр хэлбэл, удирдамжид заасны дагуу тус хяналт, шалгалтын хүрээнд “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийн шалгалт хамаарахгүй билээ.

Түүнчлэн удирдамжид хяналт, шалгалтыг 07.1.1 кодтой Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас, 07.1.2 кодтой Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, 07.2.1 кодтой Хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудсаар хийж гүйцэтгэхээр заасан байтал №6.1 Ил уурхайн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, №6.8 Маркшейдэрийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар шалгалт хийж, хууль зөрчсөн.

b) “Хяналт, шалгалтын бүрэлдэхүүн”-ийг зөрчсөн тухайд: Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх тухай 08- дугаартай Удирдамжийн “Тав” хэсэгт Хяналт шалгалтын бүрэлдэхүүнийг “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Б нар төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэнэ…” гэж тодорхой заасан.

Гэтэл “С******* х к м” ГХОХХК-д төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг Улсын ахлах байцаагч М.У, Ч.Б нараас гадна Н.Б, Ц.О*******, Д.С нарын удирдамжид заасан бүрэлдэхүүнд үл хамаарах байцаагч нар хийсэн.

с) “Хяналт, шалгалтын хугацаа”-г зөрчсөн тухайд:

Салбарын Улсын Ерөнхий Байцаагчийн удирдамжийн “Зургаа” хэсэгт “...Хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ…” гэж хяналт шалгалт эхлэх болон дуусах хугацааг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл тус төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох ёстой байсан.

Гэтэл хяналт шалгалтын баг нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хяналт, шалгалтыг эхлүүлж 12-ны өдөр дуусгавар болгосон билээ.

Ийнхүү дээр нэг бүрчлэн дурдсаны 08- дугаартай удирдамжийн дагуу дагуу “С******* х Корпорейшн М” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн захиргааны үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 52 дахь хэсэг, 5.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

Иймд нэгдүгээрт 2025 оны 11, 12-ны өдрүүдэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж “С******* х к м” ХХК-д явуулсан хяналт шалгалтын үйл ажиллагаа буюу захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү.”гэжээ.

Түүнчлэн дээрх хууль бус захиргааны үйл ажиллагааны үндэслэн гаргасан Улсын ахлах байцаагч М.У, Ч.Б, Н.Б, Улсын байцаагч Д.С нарын дараах актуудыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар албан шаардлагыг хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагч М.Уын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07/ дугаар актуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Бын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 08- дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх тухай удирдамжийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын дарга, салбарын улсын ерөнхий байцаагч Б.Б******* гэдэг хүн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хяналт шалгалтын хугацаанд өөрчлөлт оруулах буюу хугацааг 30 хоногоор сунгасан, бүрэлдэхүүнийг өөрчилсөн гэдэг агуулга бүхий тэмдэглэл үйлдсэн байдаг. Тухайн тэмдэглэлийг захиргааны шийдвэр гэж харж байгаа. Захиргааны шийдвэр нь яагаад эргэлзээ төрүүлж байгаа вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргасан байх шаардлагыг тавьсан байдаг. Тухайн хавсаргасан дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагчийн эцэг, эхийн нэр, өөрийнх нь нэр, албан тушаал, оролцоо, захиргааны шийдвэр боловсруулалтад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна гэж байгаа. Хавсаргах баримтыг тухайн төрийн байгууллага архивлаж хадгалсан байх ёстой. Тэгээд шүүхэд гаргаж өгсөн баримтаас харахад 1 хуудас тэмдэглэл байдаг. Тухайн гаргасан огноог балаар бичсэн байгаа нь нөхөн гаргасан байх болзошгүй гэдэг эргэлзээ төрүүлж байгаа. Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т аливаа хяналт шалгалт, захиргааны шийдвэрийг гаргах үндэслэлээ сонгох тохиолдолд тухайн оролцогч этгээдэд заавал бичгээр мэдэгдэх ажиллагаа хийнэ. Тухайн хяналт шалгалтад 08- дугаартай 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан удирдамжаа танилцуулаад хяналт шалгалтыг эхлүүлсэн байдаг. Тэгэхээр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтад өөрчлөлт оруулсан тэмдэглэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.” гэжээ. 
  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хяналт шалгалтаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны төлөөллийг оролцуулсан байдаг. Гэхдээ тус хяналт шалгалтын ажилд 3 төлөөлөл оролцсон нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байгаа. Мөн ажлын хэсэг өрөөнд ороод хуралдаж байхад дотроосоо авсан гэрэл зургууд байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Тийм учраас хэт нэг талыг барьсан, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг гадагшаа задруулсан. Задруулсан явдал нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасан хяналт шалгалт нь хараат бус байх зарчим, 10 дугаар зүйлийн 10.9.10 дахь заалтад заасан шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа.” гэжээ. 
  3. Хариуцагч М.У, Ч.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн гомдлын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжид заасан асуудлаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “С******* х корпорэйшн м” ГХОХХК-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд 2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдөр хяналт шалгалт хийсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 (холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх), Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр тогтоолоор баталсан Хяналт шалгалт хийх нийтлэг журмын 9.2 (Хяналт шалгалтын удирдамж батлах эрх бүхий албан тушаалтан нь хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагчийг томилж, хяналт шалгалтын хамрах хүрээ, хугацааг тодорхойлно), 9.3 (Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг зөвшилцсөний үндсэн дээр татан оролцуулж болно)-д тус тус заасны дагуу шалгалтад холбогдох чиглэлийн улсын байцаагчдыг татан оролцуулсан болно.

“С******* х корпорэйшн м” ХХК-тай холбоотой өргөдөл гомдлын дагуу цалин хөлс хөдөлмөрийн аюулгүй байдал болон түүнээс авах нийгмийн даатгалын шимтгэл, уул уурхайн олборлолтыг зохих хууль дүрмийн дагуу шалгах зайлшгүй шаардлагатай байсан тул Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Геологи, уул уурхайн, хяналтын улсын байцаагч Ц.О******* нарыг татан оролцуулсан юм.

Дээр дурдсан нэр бүхий улсын байцаагчид нь Хяналт шалгалтын удирдамжид заасан 07.1.1 кодтой Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас, 07.1.2 кодтой хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, 07.2.1 кодтой хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас, 07.3.1 кодтой нийгмийн хамгааллыг шалгах хяналтын хуудсаар хяналтын хуудсаар шалгалт хийсэн нь Засгийн газрын 2022 оны 4 дүгээр тогтоолоор баталсан Хяналт шалгалт хийх нийтлэг журмын 11.5 (Улсын байцаагч хяналт шалгалтыг хяналтын хуудсаар хийж, шалгуулагч этгээдийн хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын сахин мөрдөлтийн түшинг тогтооно)-д заасантай нийцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр тогтоолоор баталсан Хяналт шалгалт хийх нийтлэг журмын 11.4 (Хяналт шалгалтын явцад зайлшгүй нөхцөл байдал тогтоогдвол энэ талаарх үндэслэлээ хяналт шалгалтын удирдамж баталсан албан тушаалтанд танилцуулж, хугацааг 30 хүртэл хоногоор сунгуулах болон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно)-д заасны дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явах автомашины хуваарь, томилолтоос шалтгаалан удирдамжийн хугацааг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан болно.

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 07/ дугаартай актаар Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2 заалтыг зөрчсөн (хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөөгүй) зөрчлийн дагуу нөхөн төлүүлэхээр тогтоосон байна.

Тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 (Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно)-д заасныг зөрчсөн нь хяналт шалгалтаар илэрсэн бөгөөд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгуулахаар 07/******* дугаартай акт тогтоон нөхөн олгуулахаар ажилласан. Мөн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан, хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 109.8(хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах) 10 12.2 (аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэ)-д заасан үүргээ биелүүлсэн юм. Шалгалт хийсэн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нь тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргаж өгсөн баримт материалд тулгуурлан акт үйлдсэн бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 (улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах)-д заасны дагуу гаргасан эрх зүйн баримтын үнэн зөвийг өөрөө хариуцна. С******* х корпорэйшн м ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд улсын байцаагчийн тавьсан хууль ёсны акт, шаардлагыг биелүүлэхгүй, элдэв арга саам хэрэглэж байгаа тул тус компанийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

17. Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн гомдлын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08- тоот удирдамжид заасан асуудлаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа С******* х корпорейшн м ГХОХХК-д Монгол Улсын Хөдөлмөрийн, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд 2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдөр хяналт шалгалт хийсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр тогтоолоор баталсан Хяналт шалгалт хийх нийтлэг журмын 11.4 (Хяналт шалгалтын явцад зайлшгүй нөхцөл байдал тогтоогдвол энэ талаарх үндэслэлээ хяналт шалгалтын удирдамж баталсан албан тушаалтанд танилцуулж, хугацааг 30 хүртэл хоногоор сунгуулах болон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно)-д заасны дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явах автомашины хуваарь, томилолтоос шалтгаалан удирдамжийн хугацааг 2025 оны 02 Дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан болно. 

Хяналт шалгалтыг Салбарын улсын ерөнхий байцаагчийн удирдамжид заасан хугацаанд хийсэн болно. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг, Овоот толгойд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй С******* х корпорейшн м ГХОХХК-д холбогдох улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан хяналт шалгалтыг үйл ажиллагаа хариуцсан захирал Н.С*******, ХЭМАББО-ны менежер Д.С******* зэрэг холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан 2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хийсэн.

Хяналт шалгалтын явцад дараах зөрчил дутагдал илэрсэн. Үүнд: Тус компани нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгээгүй, ажлын байранд тоос, дуу шуугиан, доргионы эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, тэдгээрийн өртөлтөөс ажилтныг хамгаалах арга хэмжээг стандартын заасны дагуу хэрэгжүүлээгүй, барилга байгууламжийн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулаагүй, засварын заал, гагнуурын хэсэг, уурын зуух болон ажиллагсдын бие засах газар болон усанд орох газарт агааржуулалтын систем суурилуулаагүй, уулын хэсгийн ажилтнуудад зориулсан хувцас солих болон амрах дулаацах байргүй, ажилчдын амрах кемпийг уурхайн бүсэд байршуулсан, тоостой нөхцөлд ажиллагсдад амьсгал хамгаалах хэрэгслийг элэгдлээр тооцож олгодоггүй, кемпийн бохир усны цооног задарч, бохир ус их хэмжээгээр хальж асгаран, хөрсний бохирдол үүсгэсэн зэрэг зөрчил нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.5. 28.1.10, 28.1.14, 31 дүгээр зүйлийн 35.2 дахь заалтыг тус тус зөрчсөн.

Удирдамжид тусгасан болон Засгийн газрын 2022 оны 4 дүгээр тогтоолоор баталсан Хяналт шалгалт хийх нийтлэг журмын 11.5 (Улсын байцаагч хяналт шалгалтыг хяналтын хуудсаар хийж, шалгуулагч этгээдийн хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын сахин мөрдөлтийн түшинг тогтооно) заалтын дагуу хяналт шалгалтыг 07.2.1 кодтой хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудсаар хийхэд эрсдэл үүсэх магадлал 47.3 хувь буюу “дунд” эрсдэлтэй, хууль сахин мөрдөлтийн хувь 52.7 хувьтай үнэлэгдсэн.

Дээрх зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

“С******* х корпорейшн м” ГХОХХК нь үйл ажиллагаа хариуцсан захирал Н.С*******ыг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, түүнээс тайлбар авахад дээрх зөрчлүүдээ хүлээн зөвшөөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан 3000 нэгж буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсан нь эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн юм.” гэжээ.

18. Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уул уурхайтай холбоотой асуудлыг ярьж байна. Уул уурхайн яамнаас баталсан тусдаа удирдамжтай хяналт шалгалтыг хийсэн. Тийм учраас манай албан шаардлага дээр уул уурхайн байцаагч ороогүй, өөрсдөө тусдаа албан шаардлагаа өгсөн байгаа. Манай албан шаардлага дээр 4 байцаагчийн нэр байгаа болохоос уул уурхайн байцаагчийн нэр байхгүй. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлтэй холбоотой асуудлыг ярьж нэг талыг барьсан гэж байна. Энэ нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн өөрсдийнх нь асуудал. Манай байгууллага тэх төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй. Хяналт шалгалтын мэдээллийг задруулсан гэж байна. Тэр бол манайхаас тусдаа төрийн бус байгууллага юм. Бид албан ёсоор хяналт шалгалтын дүн нэгтгэгдэж гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулагдахгүй гэж өөрсдөд нь хэлсэн. Хяналт шалгалтын дүн гэдэг асуудал нь тухайн байгууллагын өөрсдийнх нь асуудал байж байгаа. Тэгээд шалгалтын дүнг танилцуулахдаа хяналт шалгалтад оролцсон тухай тэмдэглэлийг танилцуулаагүй гэж байна. Албан ёсоор танилцуулсан. Энд сууж байгаа хуульчид хяналт шалгалтын ажиллагаанд оролцоогүй. Хуульчид өөрсдөө тухайн уурхай дээр очиж үзээгүй. Нийтлэг журам дээр тодорхой заагаад өгчихсөн байгаа. Засгийн газрын 4 дүгээр тогтоол дээр маягт юмнуудыг нь батлаад өгчихсөн. Хугацаа сунгасан, бүрэлдэхүүн баталсан маягтыг нөхөж гаргасан асуудал ярьж байна. Тийм юм байхгүй. Манай байцаагч нар хяналт шалгалтын асуудал томилолт, унааны зардлаас шалтгаалаад хойшлогдох тохиолдол зайлшгүй гарвал салбарын улсын ерөнхий байцаагчийн тэмдэглэлийг тухай бүрд нь сунгалт хийдэг. Мэргэжлийн хяналтад байхад ч хүртэл бүрэлдэхүүнд өөрчлөлт орох, хугацаа сунгах тохиолдолд Засгийн газрын тогтоолоор батлагдсан маягтын дагуу энэ асуудлуудыг хийгээд явдаг. Сүүлд нь нөхөөд гаргачихсан зүйл байхгүй. Үүнийг шалгалтын бүрэлдэхүүн танилцуулж байх, шалгалт хийх удирдамж танилцуулж байх явцад танилцуулсан.”гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “С******* х к м” ХХК-д явуулсан хяналт шалгалтын үйл ажиллагаа буюу захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагыг тусад нь тодорхойлсон байна. 

1.1. Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.”Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; … 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; …”  зохицуулалтаас үзвэл шүүх захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд түүнийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг даалгах зэрэг шийдвэр гаргадаг тул энэ тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох шийдвэрийг дангаар гаргах боломжгүй. 

1.2. Учир нь нэхэмжлэгч хяналт шалгалт хуульд заасан журмын дагуу явагдаагүй үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргасан тул дээрх хяналт шалгалт хуульд нийцсэн эсэхээс хамаарч маргаан бүхий актуудыг хүчингүй болгох эсэх асуудал шийдвэрлэгдэх юм. 

1.3. Иймд дээрх шаардлагыг тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тодорхойлсон “ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагч М.У, Ч.Б, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б нарын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар албан шаардлагыг хууль бус болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагч М.Уын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07/ дугаар актуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Бын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актуудыг хууль бус гэж үзэх үндэслэл болохын хувьд шүүх дүгнэх нь зүйтэй байна. 

1.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий акт тус бүрийн агуулга, үндэслэлийг үгүйсгэсэн мэтгэлцээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар нэхэмжлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болно.

2. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэлд тодорхойлсноор “Улсын ахлах байцаагч М.У, Ч.Б, Н.Б, улсын байцаагч Д.С” нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн боловч хариуцагч Н.Б нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг болох нь тогтоогдсон тул “С******* х корпорейшн м” ХХК-иас  Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Бт холбогдуулан гаргасан “Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Бийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06*******, 06 дугаар шийтгэлийн хуудаснууд болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.2-т зааснаар хүлээн авахаас татгалзсан. 

2.1. Харин хариуцагч нар хамтран 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/ дугаар албан шаардлагыг гаргасан тул тус албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б нарыг хариуцагчаар оролцуулсан болно. 

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болохоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5”.Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар тэдгээрийг эзгүйд шүүх хуралдааныг явуулав. 

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.”Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: …”, 5.2.5.”шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч;”, 5.2.6.”шалгалт эхлэх болон дуусах хугацаа;”, 5.7.”Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.”, гэж заажээ. 

3.1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын дарга, Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Б*******ийн баталсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08- дугаар удирдамжид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 5 хоногийн хугацаанд хийх удирдамжийг баталсан боловч ерөнхий байцаагч хугацааг улсын байцаагчдын томилолт болон унааны зардал удирдамжид заасан хугацаанд шийдэгдээгүй байсан үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 7 хоногоор, шалгалтын дүнг танилцуулах хугацааг 5 хоногоор тус тус сунгажээ.

3.2. Хариуцагч нар дээрх удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хийж, албан шаардлага, акт үйлдсэнийг удирдамжид заасан хугацааг зөрчсөн гэж үзэхгүй юм. 

  1. Мөн удирдамжид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Б нарын бүрэлдэхүүнтэй хийхээр баталсан ба шаардлагатай тохиолдолд бусад хяналтын чиглэлийн холбогдох (ахлах) байцаагч нартай хамтран хийж гүйцэтгэж болохоор талаар дурджээ. 

4.1. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б нарыг оролцуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т заасныг зөрчөөгүй гэж үзлээ. 

  1. Нэхэмжлэгчийн “... удирдамжид хяналт шалгалтын хамрах хүрээг Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтэд хийхээр заасан боловч Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3.”Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ.” гэснийг зөрчсөн” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

5.1. Учир нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар албан бичгээр “С******* х к м” ХХК нь ажилтнуудын илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл зэргийг олгодоггүй, хөдөлмөр эрхлэх наад захын шаардлага хангасан ажлын байр, хоол хүнсээр хангадаггүй зэрэг асуудалд хяналт шалгалт хийлгэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандсан байна. 

5.2. Улмаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын дарга, Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08- дугаар удирдамжид шалгалтын зорилгыг Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, норматив, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг “С******* х к м” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авах арга хэмжээний саналыг тодорхойлж холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж, хяналт шалгалтын хамрах хүрээг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу  Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр тодорхойлжээ. 

5.3. Хариуцагч нарын үйлдсэн маргаан бүхий албан шаардлагын агуулгаас үзвэл төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан хяналт шалгалтын хамрах хүрээг зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд Нийгмийн даатгалын хуулийн болон Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар зохицуулсан асуудлыг шалгаж, илэрсэн зөрчлийг албан шаардлагад оруулсан нь үндэслэлтэй гэж үзлээ. 

  1. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын дарга, Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08- дүгээр удирдамж, хариуцагч нарын үйлдсэн албан шаардлага, актад уул уурхайн асуудлаар аливаа зөрчлийг тэмдэглээгүй байна. 

6.1. Хэрэгт авагдсан Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны улсын байцаагч Ц.О*******ийн шалгалтын тэмдэглэлийн “хяналт шалгалтын явц” хэсэгт “АҮЭБЯ-ны төлөвлөгөөт бус удирдамжийн дагуу … “ гэснээс үзвэл Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны гаргасан төлөвлөгөөт бус удирдамжийн дагуу уул уурхайн асуудлаар тусдаа хяналт шалгалт гүйцэтгэсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар хариуцагч Ч.Б “...анх Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамтай хамтарсан  шалгалт хийхээр яригдаж байсан боловч төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг өөр өөрийн удирдамжийн дагуу тусдаа хийсэн. Харин Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны улсын байцаагч цуг машинаар очсон …” гэж мэдүүлсэн болно. 

6.2. Иймд нэхэмжлэгчийн удирдамжид байхгүй хяналтын хуудсаар хяналт шалгалт хийсэн гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. 

  1. Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Солонгын хяналт шалгалтын тэмдэглэл, хяналтын хуудас хэрэгт авагдаагүй нь хяналт шалгалтыг бүхэлд нь хууль бусад тооцох үндэслэл болохгүй гэж үзлээ. 
  2. Дээрхээс дүгнэвэл төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.”Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно: 44.1.1.тогтоосон хэмжээнээс илүү хураасан” гэж зааснаар нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 210,600 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.6, 5.7, 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг тус тус баримтлан “С******* х к м” ХХК-иас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Б, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дүгээр зүйлийн 44.1-д тус тус зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 210,600 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн, 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН