Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 212/МА2021/00070   

 

Н.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Я.Сьездийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00670 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Ители даулет овогт Нагибатын Бахытгүлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 19 дүгээр цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын төлөөлөгч Е.А , хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч Н.Б  нь тус цэцэрлэгт 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр туслах багшийн орон тоонд туршилтын хугацаагаар томилогдсон. Тэрнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн учраас бүр орон тоонд ажиллаж ирсэн гэж ойлгож байгаа.Энэхүү хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж хөдөлмөрөө шингээж ажиллаж ирсэн. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч Е.А  нь Н.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан туслах багшийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Н.Б  нь тус цэцэрлэгт анх ажилд орохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг танилцуулан хэлснээр цэцэрлэгийн эрхлэгч Е.А  нь уг байдлыг ойлгоно Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар төрийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж болно гэж зөвшөөрч ажилд томилсон байсан. Ажил олгогчийн Н.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд тэрээр хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан гэж буруу зүйл бичсэн байна. Н.Б  нь бодит байдалд хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тухай акттай юм. Хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан асуудлаас болж туслах багшийн ажилд цалгардал үүсээгүй байсан. Н.Б  нь бодит байдалд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан акт байгаа. Уг актыг хэрэгт хавсаргаж өгсөн. 2020 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийн хүртэл цэцэрлэг ямар нэгэн байдлаар ажиллаагүй. Тийм учраас ажлын байранд ажлаа хийж чадахгүй байна, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж байгаад нь гомдолтой байна. Цалин хасах, сануулах арга хэмжээнүүдийг авсан нь энэ асуудалд хамааралгүй. Иймээс Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилох тухайн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Н.Б  нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу бүрэн алдсан гэж эмнэлэгт хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар,эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байхыг ойлгоно гэж заасан байх ба Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0440633 дугаартай шийдвэрийг үндэслэн Н.Б ийг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Уг нь Н.Б  нь ажлаас халагдахын өмнө ийм хуулийн заалтаар чамайг энд ажиллуулах боломжгүй юм байна чи аймгийн ЭХМК юм уу нийгмийн даатгалын хэлтсийн тусгай комиссоос ажиллуулж болно гэсэн албан ёсны тодорхойлолт аваад ирэх шаардлагатай байна. Учир нь туслах багшийн ажлын байр нь бага насны олон хүүхдийн дуу чимээ,хөдөлгөөн,байнгын эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учир хэвийн бус гэж үздэг тул анхааруулж байсан боловч тийм бичиг баримт аваагүй, харин янз бүрийн дугаартай нийгмийн даатгалын дэвтэр авч ирж үзүүлж байсан. Харин хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан Н.Б ийн бага насны олон хүүхдийн дуу чимээ,хөдөлгөөн, байнгын эрсдэлтэй нөхцөлд ажиллуулж болохыг холбогдох байгууллагаас зөвшөөрсөн бичиг авчирч өгөөгүй тул ажилтныг цааш нь ажиллуулаад байх боломжгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Мөн Н.Б  нь ажиллах хугацаандаа эцэг,эхчүүдээс байнга гомдол ирдэг байсан ба эцэг, эхчүүдийн хуралдаан болгон дээр Н.Б ийн асуудлаар шаардлага хүргүүлдэг байсан. Н.Б  нь эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болох нь илтэд мэдэгдэж байсан. Н.Б  нь өөрийнхөө эрүүл мэндийн талаар ажиллаж байгаа байгууллагаас нь санаатай нууж холбогдох шийдвэрүүдээ хавсаргадаггүй байсан. Мэргэжлийн хяналтын газраас ирсэн хяналт шалгалтаар тахир, дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа мөртлөө тухайн иргэний өвчнийг тодорхойлсон хувийн хэргийг хөтлөөгүй хэмээн байгууллагад зөрчил тооцож анхааруулж байсан.Тухайн үед Н.Б  нь халамжийн тэтгэвэр авдаг болон цэцэрлэгээс нийгмийн даатгал төлүүлж байгаа хоёр нийгмийн даатгалын дэвтрийг гаргаж мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Раушанд үзүүлэхэд нэг хүн хоёр нийгмийн даатгалын дэвтэртэй байж болохгүй хэмээн түүний нэг нийгмийн даатгалын дэвтрийг хайчилж хүчингүй болгов. Харин надад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнийг цаашид ажиллуулах эсэхээ хуулийн дагуу шийдвэрлээрэй гэж шаардсан юм. Нэхэмжлэлдээ хавсаргасан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0440633 дугаартай шийдвэрийг хуулбарлан нэмэхдээ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон хэсгийг санаатай нугалж, харагдахгүй болгон хэвлэн хавсаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сараас хойш цэцэрлэг ажиллаагүй гэж хэлж байна. Цэцэрлэг ажиллаагүй ч тухайн хугацаанд шалгалт ирсэн. Бид Засаг даргын захирамжийн дагуу зохих ажлаа хийж байсан. Онцгой комиссын шийдвэрийн дагуу хариуцлагатай жижүүрээ гаргаад, сар болгон цалингаа авч байсан. Н.Б  хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тушаалдаа худлаа бичсэн гэж ярьж байна. Энэ нь эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр болохоор тэрийг үндэслээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага ажил албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэж заасан ба манай байгууллагад ажиллаж байгаа хүний тоо 24 тул хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан Н.Б ийг уг хуулийн заалтаар ажиллуулах шаардлагагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ бичсэн хөдөлмөрийн чадвар 70 хувь алдаагүй , 60 хувь алдсан гэж худлаа бичсэн байна. Н.Б д мэдэгдэх хуудас өгөөд, 30 хоногийн дараа өөрийг нь дуудаад Н.Б  багшаа та ямар шийдвэр гаргасан бэ, өнөөдөр 30 хоног болсон таны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж хэлэхэд, ...би Нийгмийн даатгалын хэлтсийн даргатай очиж уулзахад, таны группийг цуцалж болохгүй юм байна. Харин хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг бууруулж болно гэж хэлсэн гэсэн амаар хариулт өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Н.Б ийг дуудахад ямар ч бичиг баримт өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 130/ШШ2021/00670 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б ийг тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.    

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Нагибат овогтой Бахытгүл нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу бүрэн алдсан гэж эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.2 заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан байх ба Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0440633 дугаар шийдвэрийг үндэслэн Н.Б ийг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Уг нь Н.Б д ажлаас халагдахын өмнө ийм хуулийн заалтаар чамайг энд ажиллуулах боломжгүй юм байна чи аймгийн ЭХМК юмуу нийгмийн даатгалын хэлтсийн тусгай комиссоос ажиллуулж болно гэсэн албан ёсны тодорхойлолт аваад ирэх шаардлагатай байна учир нь туслах багшийн ажлын байр нь бага насны олон хүүхдийн дуу чимээ, хөдөлгөөн, байнгын эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учир хэвийн бус гэж үздэг тул анхааруулж байсан боловч ЭХМК-ийн зөвшөөрөл авчирж өгөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 8/-д "“тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан. Н.Б  нь нийгмийн даатгалын сангаас сар бүр тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа ба энэхүү тэтгэмжийг түүнд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор олгож байгаа билээ. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан Н.Б ийг бага насны олон хүүхдийн дуу чимээ, хөдөлгөөн, байнгын эрсдэлтэй нөхцөлд ажиллуулж болохыг холбогдох байгууллагаас зөвшөөрсөн бичиг авч ирж өгөөгүй тул ажилтныг цааш нь ажиллуулаад байх боломжгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан намайг буруутгаж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Хэрэв Н.Б  нь хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд өртөх юм бол манай байгууллага нөхөн төлбөр төлөх, улмаар их хэмжээний хохирол амсах эрсдэлтэй байсныг шүүхээс анзаараагүйд гомдолтой байна.

Мөн Н.Б  нь ажиллах хугацаандаа эцэг эхчүүдээс байнга гомдол ирдэг байсан ба эцэг эхчүүдийн хуралдаан болгон дээр Н.Б ийн асуудлаар шаардлага хүргүүлдэг байсан. Н.Б  нь өөрийнхөө эрүүл мэндийн талаар ажиллаж байгаа байгууллагаас нь санаатай нууж холбогдох шийдвэрүүдээ хавсаргадаггүй байв. Мэргэжлийн хяналтын газраас ирсэн хяналт шалгалтаар тахир, дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа атлаа тухайн иргэний өвчнийг тодорхойлсон хувийн хэргийг хөтлөөгүй хэмээн байгууллагад зөрчил тооцож анхааруулж байсан. Тухайн үед Н.Б  нь халамжийн тэтгэвэр авдаг болон цэцэрлэгээс нийгмийн даатгал төлүүлж байгаа 2 нийгмийн даатгалын дэвтрийг гаргаж мэргэжлийн хяналтын улсын байцаагчид үзүүлэхэд "нэг хүн хоёр нийгмийн даатгалын дэвтэртэй байж болохгүй" хэмээн түүний нэг нийгмийн даатгалын дэвтрийг хайчилж хүчингүй болгов. Харин надад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнийг цаашид ажиллуулах эсэхээ хуулийн дагуу шийдвэрлээрэй гэж шаардсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Н.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 19 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгчийн туслах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заах, хуулийг агуулга, үзэл санаанд нь нийцүүлэн хэрэглэх нь хууль дээдлэх зарчмын агуулга юм.

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 19 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын /ЭХМК/ 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 0440633 дугаар шийдвэрээр Н.Б  нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан нь тогтоогдсон гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтуудыг үндэслэн Н.Б ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Учир нь, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар, тухайлбал, Н.Б  нь “С50 Хөхний өмөн” оношоор ердийн өвчний жагсаалтын 1-7-25 заалтаар хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, дараа нь 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр түүний уг оношоор хөдөлмөрийн чадвар алдалт нь 50 хувиар, 12 сарын хугацаагаар тогтоогдсон нь үнэн боловч үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад хамааруулах нь бодит байдалд нийцэхгүй юм.

Ажилтан Н.Б ийг дурдсан өвчний оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг нь 50 хувиар, 12 сарын хугацаагаар тогтоосон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн түүнийг “эрхэлж буй цэцэрлэгийн туслах багшийн ажилд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон” гэж дүгнэх хууль зүйн болон бодит үндэслэлгүй тул энэ талаар гаргасан ажил олгогчийн шийдвэрийг хууль ёсны байх зарчимд нийцээгүй, хуулийг буруу хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч Өлгий сумын 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Е.А гаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, эцэг, эхээс ирүүлсэн гомдол, уг гомдлыг хамт олны хурлаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн боловч энэ нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын үндэслэлд хамааралгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн “бага насны олон хүүхдийн дуу чимээ, хөдөлгөөн, байнгын эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Н.Б  нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй” гэх давж заалдах гомдол хуульд нийцээгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Е.А гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧИД                                                                   М.НЯМБАЯР

 

                                                                                                С.ӨМИРБЕК