| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02307/И |
| Дугаар | 191/ШШ2025/04556 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04556
| 2025 05 20 | 191/ШШ2025/04556 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч Н.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ****************** тоотод оршин суух, Б овогт Б-н Ц /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** хаягт бүртгэлтэй, ********** тоотод байрлах, М с ХХК /РД:*******/,
Хариуцагч: ************ тоотод оршин суух, Х овогт Г-уягийн У /РД:***/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээнээс учирсан хохиролд 393.731.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 600.000 төгрөг, нийт 394.331.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З, Д.С, хариуцагч М с ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.О, түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагч Г.У, иргэдийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нь хариуцагч М с ХХК, Г.У нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 393.731.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 600.000 төгрөг, нийт 394.331.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие Б.Ц нь "М с" ХХК-тай (Ц.О-той) 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №** дугаар "Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ"-г байгуулсан. Дээрх гэрээгээр С дүүрэг, **********-т ** тоот, ** өрөө, 79.19 мкв, нэгж мкв-ын үнэ 800 ам доллар, нийт дүн 63.352 ам доллар байхаар тохирсон.
Гэрээний дагуу захиалагч Б.Ц орон сууцны төлбөрийг 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, 40 удаагийн төлөлтөөр, нийт 64.224 ам долларыг төлж дуусгасан.
Тухайн үед М с ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, М с ХХК-ийн захирал Ц.О-ийн ахын эхнэр нь болох Г.У орон сууцны төлбөрийг хүлээн авч, захирал Ц.О-д өгч байсан бөгөөд, Ц.О ч өөрөө нягтлан бодогч Г.У-ийг суулгуулж, мөнгөө бэлнээр авахуулахыг зөвшөөрч, түүнээс авч байсан. Учир нь тухайн үед М с ХХК нь 2009-2011 онд албан татвар ногдуулалт, төлөлт нь зөрчилтэй байсны улмаас албан татвараас зайлсхийх асуудлаар, захиалагч Б.Ц надаас орон сууцны зарим төлбөрийг, бэлнээр, компанийн нягтлан бодогч өөрийн ахын эхнэр Г.У-ээр авахуулж байсан.
Орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч би бүрэн төлсөн учраас, нэхэмжлэгч би худалдаж авсан байрандаа 2010 оны сүүлээс хойш өнөөг хүртэл амьдарч байсан болно.
Гэвч М с ХХК нь захиалагч буюу нэхэмжлэгч Б.Ц надаар зарим төлбөрийг татвараас зайлсхийж нягтландаа бэлнээр төлүүлчихээд, орон сууцны улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бичиг баримтыг зориуд санаатайгаар гаргаж өгөхгүй, үндэслэлгүй элдэв шалтаг, шалтгаан тоочиж, олон удаа хойшлуулсаар, гэрээнд заасан заалтыг барьж, хөгшин настан надад худал шаардах хуудас өгч, намайг хуурч, гэрчилгээ гаргаж өгөхгүй зориуд өнөөг хүргэсэн байна. Хэрэв нягтлан бодогч Г.У нь бусдын орон сууцны төлбөрийг компанидаа төлөөгүй завшсан бол энэ олон жилийн хугацаанд өөрийн ажилтан буюу нягтлан бодогч Г.У холбогдуулан Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах эрх нь түүнд байсан.
Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр "М с" ХХК-ийн захирал Ц.О нь иргэн Б.Т гэх этгээдтэй "Зээлийн гэрээ" байгуулж, 80.000.000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд Б.Ц надад зарсан, дээрх миний худалдаж авсан орон сууцыг, надад хэлэлгүй, нууцаар, 100.000.000 төгрөгөөр үнэлэн барьцаанд тавьсан байсныг, миний бие Б.Ц нь хэзээ хойно олон жилийн дараа буюу 2023 оны 1 сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхээс намайг дуудахад л анх мэдсэн болно.
Иргэн Б.Т-ийн нэхэмжлэлтэй, М с ХХК-д холбогдох зээлийн төлбөрийн тухай асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд, нэхэмжлэгч Б.Ц би гуравдагч этгээдээр оролцсон боловч, М с ХХК-ийн захирал Ц.О бүх төлбөрийг надаас бүрэн авсан атлаа, зарим төлбөрийг аваагүй гэж, марган улмаар худал тайлбарыг шүүхэд гаргаж, Б.Ц 26.530 ам долларыг төлсөн гэж баримт өгсөн.
Нэхэмжлэгч би, орон сууц худалдаж авсан төлбөрөө бүрэн төлсөн учраас л М с ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгч Б.Ц надад байрны түлхүүр гардуулж, захиалсан байрыг минь хүлээлгэн өгснөөр би хууль ёсоор эзэмшиж ирсэн болно.
Иймд Сүхбаатар дүүргийн ********** тоот хаягт байршилтай, Ү-**********1 дугаартай, 79.19 мкв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээнд Б.Ц-ийн нэрийг оруулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.
Гэвч М с ХХК орон сууцыг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул гэрээнээс учирсан хохиролд орон сууцны зах зээлийн өнөөгийн үнийг шинжээчийн дүгнэлтийн дагуу 393.731.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Мөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хариуцагч М с ХХК-ийн захирал Ц.О нь өнөөг хүртэл, хөгшин настай ээж шигээ хүнийг шүүхээр явуулж, орон сууцыг зориуд хууль бусаар бусдад шилжүүлж, өөр хүмүүсээр дарамтлуулж, байнга сэтгэл санаагаар унагаж, сэтгэл зүйн дарамтад оруулсан тул уг сэтгэл санаанаы хохиролд 1 жил 8 сар буюу 600 хоногоор тооцож, нэг хоногт 1.000 төгрөгөөр, нийт 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Г.У-ээс мөнгө шаардсан зүйлгүй. Тухайн үед мөнгийг хүлээж авч байсан тул хамтран хариуцагчаар тодорхойлсон. Иймд М с ХХК-иас нийт 394.331.000 төгрөг гаргуулж өгнө үү.
Би насаараа зургийн компанид ажиллаж байгаа. Олон жилийн хөдөлмөрөөрөө энэ байрыг худалдаж авсан. Ц.О-ийн барьсан энэ барилгын бүх зургийг нь би хийсэн. Цэвэр бохир шугам, салхивчийг нь хүртэл хүн хөлсөлж хийлгэсэн. Улсын комисс хүлээж авах үед 2010 онд гэрээ хийхэд 34 мянган илүү ам доллар төлчихсөн байсан. Анх 2008 онд гэрээ байгуулсан ч миний байрны давхар тоотыг өөрчилж сүүлд 2010 онд гэрээг шинэчилж хийсэн. Үүнийг Ц.О сайн мэдэж байгаа гэв.
Хоёр. Хариуцагч М с ХХК-аас нэхэмжлэлийг зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Сүхбаатар дүүргийн ****************** тоот 79.19 мкв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг М с ХХК нь Б.Ц 2010 оны 12 дугаар сарын 28-нд хүлээлгэж өгсөн, эзэмшиж байгаа.
Гэвч Б.Ц 31.446 ам доллар төлсөн бөгөөд 31.906 ам доллар төлөөгүй. М с ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг бүрэн хүлээж аваагүй. Төлбөрийн үлдэгдэлтэй учраас гэрээний дагуу орон сууц М с ХХК-ийн өмчлөлд байна. Тэрбээр үлдэгдэл төлбөрийг Г.У-т төлсөн гэх бөгөөд тэрээр М с ХХК-ийн барилга гүйцэтгэгч байсан "Г б" ХХК-ийн нябо юм.
Б.Ц төлбөрийг шууд М с ХХК-д төлөөгүй ч барилгын гүйцэтгэгч компанийн нябод төлсөн нь М с ХХК-ийн өмнөх өр төлбөрийг төлсөн гэж үзэж М с XXK-aaс "өнөөгийн зах зээлийн ханшаар нэмж тооцон маргаан бүхий орон сууцанд төлсөн мөнгөө гаргуулж авах" тодорхойлон 394.331.000 төгрөг М с XXK-аас гаргуулахаар шаардаж байна.
Г.У нь М с ХХК-ийн өмнөөс мөнгө хүлээн авах эрхгүй байсан. Мөн компанид 31.446 ам доллар, Г.У 30.480 ам доллар, нийлээд 61.926 ам доллар төлсөн гэж тооцсон ч гэрээнд заасан 63.352 ам долларт хүрэхгүй, орон сууцны төлбөрөөс тооцоо дутаж байна.
Гэрээний 4.1-д "Гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд "М С" ХХК-ийн "Г банкны **************** дансанд төлөх үүрэгтэй" гэж тохиролцсоны дагуу Б.Ц үүргээ гүйцэтгэх байсан бөгөөд уг үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй.
Б.Ц нь М с ХХК-ийн мэдэгдэлд заасан төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй тул худалдагч М с ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Ц "М С" ХХК-д 31.446 ам.доллар төлсөн, үлдэгдэл 31.906 ам доллароо төлөөгүй, харин "М С" ХХК авлагатай болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 17-ны 18/ШШ***/**** шийдвэр, давж заалдах шатны 2023 оны 6 сарын 2-ны 210/MA2023/**** магадлал, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, М с ХХК-ийн орлогын баримтаар нотлогдоно.
Гурван шатны шүүхээр зохигчид хоорондын тооцоог эцэслэн шийдэж, шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөлийг бусдын нэр рүү улсын бүртгэлээр шилжүүлсэн.
Манай компанийн үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний компаниар үнэлүүлсэн дүнгээр өмчлөгч нь биш атлаа өмчлөгчөөс нэхэмжлэгч хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үнийн өөрчлөлтийг Б.Ц ба "М с" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 2.4-т "Орон сууцны нэг ам метр талбайн үнэ барилгын зах зээл дэх тухайн үеийн материал бодит үнэ ханшийн өөрчлөлтөөс үл хамаарна" гэж зохицуулсан байгаа. Гэрээ татгалзсан тул хууль ёсоор талууд өгсөн авснаа харилцан буцааж "М с" ХХК нь хүлээн авсан 31.446 ам долларыг гэрээ байгуулах үеийн ам долларын ханш болох 1260 төгрөгөөр тооцож 39.621.960 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Б.Ц төлбөрийн үлдэгдлээ Г.У-т төлсөн нь М с ХХК-ийн өмнө хүлээх ёстой үүргийг биелүүлсэн гэдэг ч нотлогдохгүй байна. Б.Ц гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрийг бүрэн төлөөгүй, мөн төлбөрийг гэрээнд заасан дансаар биш, гуравдагч этгээдэд төлсөн нь хүлээн зөвшөөрөгдөхгүй.
"М с" ХХК, Б.Ц, Г.У, Г б ХХК дөрөв тус тусын гэрээтэй, тусдаа хувь хувьсгалын тооцоог хооронд нь хольж болохооргүй бизнест бие даан оролцож байгаа этгээдүүд. Орон сууцны төлбөрийг авсан гэх хариуцагч Г.У М с ХХК-д хамааралгүй, төлбөрийг хүлээн авах эрхгүй этгээд. Бодит байдалд М с ХХК нь*******ээр дамжуулан төлбөр хүлээн аваагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй.
Захиалагч "М с" ХХК орон сууцанд улсын комисс ажиллуулж, ашиглалтад өгсөн 2010 оноос хойш "Т ХХК, Г б" ХХК-тай хамтарч ажиллаагүй, ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй.
Мөн худалдагч М с ХХК нь Г.У ба "Г б" ХХК-д итгэмжлэл өгч, төлбөр тооцоо хийх эрхийг олгоогүй тул Г.У-ийн хүлээн авсан гэх төлбөрийг М с ХХК хүлээн авсан гэж үзэх боломжгүй, үндэслэлгүй. Төлбөр төлсөн үйлдэл нь тухайн худалдагч компанид бэлэн болон бэлэн бусаар орлого болж орсон нөхцөлд л төлбөр төлсөн гэж 100 хувь нотлогдох ба дүгнэх боломжтой. Гэтэл бэлнээр төлсөн орлогууд М с" ХХК-д бүртгэгдээгүй, анхан шатны баримт үйлдэгдээгүй. Санхүүгийн анхан шатны баримт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангаж байж хучин төгөлдөрт тооцогддог хуулийн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч *******ийн гаргаж өгсөн "Төлбөр хүлээн авсан" гэх баримтад бичигдсэн Төлөлтүүд нь М сервис ХХК-ийн дансанд орлого болж ороогүй, орлого болж орсныг нотлох ямар ч баримт байхгүй, ямар нэг нягтлан бодох бүртгэлийн баримтаар нотлогдоогүй.
Б.Ц санаа сэтгэлийн хохирол М с ХХК-аас нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй, худалдан авагч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй манайхыг хохироосон.
Нэхэмжлэгчийн төлсөн баримтууд М с ХХК-ийн нягтлан, захирлын гарын үсэгтэй байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар төлсөн төлбөр нь тогтоогдохгүй байна. Өөрийнх нь тооцооллоор хүснэгтлээд хувааж тооцоод тухайн үеийн төлсөн монгол банкны ханшаар хөрвүүлсэн ийм баримтыг төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй гэв.
Гурав. Хариуцагч Г.У-ээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Г б ХХК, М с ХХК нь 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр барилга угсралтын ажилд хамтран ажиллах гэрээ байгуулж, ажилласан болно. Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутагт М с ХХК нь Г б ХХК-аар 72 айлын орон сууцны ажил үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулж ажилласан. Г б ХХК хүлээсэн үүргийн дагуу хугацаанд нь тус барилгыг угсарч гүйцэтгэж дуусган захиалагч М с ХХК-ийн захирал Ц.О болон улсын комисст хүлээлгэн өгсөн болно.
Тус хугацаанд гэрээний санхүүжилтийн дагуу байр захиалагч 67 айлаас төлбөрийг бэлнээр болон дансаар, мөн захиалагч Ц.О-оос дансаар төлбөрөө авч ажилласан. Энэ хугацаанд Г б ХХК-д тус 67 айлын 66 айл төлбөрийн тооцоог дуусгаж ордероо авсан.
Нэхэмжлэгч Б.Ц нь Г б ХХК-д 30.326,3 ам долларыг тухайн үеийн ханшаар ам доллароор тушаасан бөгөөд энэ төлбөр барилгын санхүүжилтэд зарцуулагдсан. Барилгыг хүлээлгэж өгсөн үеэс хойших төлбөр М с орсон тул Г б ХХК-д хамааралгүй. Г б ХХК нь М с ХХК-ийн үйл ажиллагаа, санхүү тооцооны асуудлыг хариуцахгүй бөгөөд оролцох эрхгүй. Иймээс тус маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл байхгүй гэж ойлгож байгаа.
Г.У миний бие Г б ХХК-д нягтлан бодох ажилтан байсан. Г б ХХК нь М с ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой ажлын хөлсөнд захиалагч нарын төлсөн мөнгө орж тооцогдсныг Ц.О мэдэж байгаа хэрнээ одоо аваагүй, мэдэхгүй гэж байна. 4.7 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгын ажлыг Голланд байшин ХХК гүйцэтгэхээр тохиролцсон үүргийнхээ дагуу захиалагч айлуудын төлбөрийг бэлнээр болон бэлэн бус банкаар авч байсан. Хэрэв Б.Ц болон бусад захиалагч нарын надад төлсөн төлбөрийг хууль бус гэж үзэж байгаа бол өдийг хүртэл 15 жилийн хугацаанд Ц.О хуулийн дагуу 4.7 тэрбум төгрөгийг надаас нэхэмжлээгүй. Мөн 4.7 тэрбум төгрөгийн өртөгтэй уг барилгыг барихын тулд хаанаас тэр мөнгө боссон байх вэ. Захиалагчдын орон сууц захиалгын мөнгийг барилгын ажилд зарцуулж байсан.
Татварын хяналт шалгалтыг 2 жил тутам хийдэг, уг шалгалтад ороод, манай компанитай ямар нэг санхүүгийн зөрчил гараагүй. Харин нягтлан бодох бүртгэлийн процедурын алдаа гарсан гээд үүнтэй холбоотой торгуулиа төлж байсан. Татварын асуудал байсан бол өдийг хүртэл татвараа авахгүй байна гэж байхгүй. Б.Ц яагаад намайг гүтгээд, хууль бусаар бэлэн мөнгө авсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үедээ Б.Ц Т ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Гэхдээ хамтарч ажилласан гээд уг төлбөрт нь оруулж тооцсон зүйл байхгүй. Б.Ц мөнгөө авахын тулд, Ц.О бага төлбөр төлөхийн тулд ингэж хүнийг гүтгэж болохгүй гэв.
Дөрөв.Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нарын ажил гүйцэтгэх, орон сууцны төлбөрийг гэрээний асуудлууд холигдож байгаа тул нэмж судлах, гэрээний биелэлтийг салгаж тооцох саналтай байна. Ойлгомжгүй зүйл их байна. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр үү, эсвэл байрны төлбөр үү гэдэг нь тодорхойгүй, дахин нягтлах шаардлагатай гэв.
Тав.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/0**** дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/0***** дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/**** дугаартай хуралдааны тогтоол, төлбөр тооцоог баталгаажуулах хүснэгт, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, кассын орлогын ордер, Х ү ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлжээ. /1хх 11-26, 46-55, 154-173/
Хариуцагч М с ХХК-аас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2010 оны 10 дугаар сарын 26-ныы өдрийн №*** тоот Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шаардах хуудас, 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шаардах хуудас, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдэл, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн алданги тооцох мэдэгдэл, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдэл, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ цуцлах мэдэгдэл, 2011 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ цуцлах мэдэгдэл, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, гэрээ дүгнэсэн протокол, гэрээгээр гүйцэтгэсэн барилга угсралтын эцсийн үлдэгдэл, зэргийг ирүүлжээ. /1хх 35, 129-131, 2хх 135-144, 146-159 /
Хариуцагч Г.У-гээс баримтаар: Тооцооны үлдэгдлийг баталгаажуулах хүснэгт, Г б ХХК-ийн 2008 оны 3-р улирлын санхүүгийн тайлан, Г б ХХК-ийн 2008 оны жилийн санхүүгийн тайлан, Г б ХХК-ийн 2009 оны 1, 2, 3-р улирлын санхүүгийн тайлан, 2009 оны жилийн санхүүгийн тайлан, 2010 оны 1, 2, 3-р улирлын санхүүгийн тайлан, 2010 оны жилийн санхүүгийн тайлан, 2011 оны жилийн санхүүгийн тайлан, 2008 оны Барилгын ажил гүйцэтгэх 9/2008 тоот гэрээ, 2008-2010 оны санхүүжилт, орлогын ордерууд буюу 2008-2010 оны орлого гэсэн тусдаа 1 бор хавтас зэргийг ирүүлжээ. /1хх 211-250, 2хх 1-108/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 181/ШЗ2024/**** тоот захирамжийн дагуу: Татварын маргаан таслах зөвлөлөөс ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот хариу, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 827 тоот хариу, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/***** тоот хариу, Маргаан таслах зөвлөлөөс ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 24/*** тоот хариу, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 02/**** тоот хариу, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04/*** тоот хариу,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 191/ШЗ2025/**** тоот захирамжийн дагуу: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны торгийн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн **** тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /1хх 73-127, 201-205, 2хх 211-218/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч М с ХХК-д холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр оруулахыг даалгах тухай нэхэмжлэл анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилж, нэмэгдүүлж, хамтран хариуцагч оролцуулж, эцсийн байдлаар М с ХХК, Г.У нараас гэрээнээс учирсан хохиролд 393.731.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 600.000 төгрөг, нийт 394.331.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Компанитай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг бүрэн төлсөн байтал орон сууцыг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн тул хохирлыг орон сууцны одоогийн зах зээлийн үнээр тооцож, сэтгэл санааны хохирлын хамт гаргуулна гэв.
Хариуцагч М с ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаас 39.621.960 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргав.
Татгалзлын үндэслэлээ: Худалдан авагч гэрээгээр тохирсон орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул худалдагч тал гэрээнээс татгалзсан, төлсөн 31.446 ам долларыг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож буцаан төлнө, Компанийн өмнөөс Г.У-т мөнгө хүлээн авах эрхийг олгоогүй, тус компанийн ажилтан биш тул Г б ХХК-ийн ажилтан Г.У-т төлсөн мөнгийг манайх хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Г.У татгалзлын үндэслэлээ: тухайн үед Г б ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, манай компани М с ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч иргэдээс төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар манайх хүлээн авч барилгын санхүүжилтэд мөнгийг зарцуулсан, үүнийг М с ХХК мэдэж байгаа, нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгийг барилгад зарцуулсан гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
3.1.Нэг талаас Б.Ц, нөгөө талаас М с ХХК нар 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ** тоот Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр: Гүйцэтгэгч М т с ХХК нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ************ хаягт байрлах шинээр баригдах 72 айлын орон сууцны **** давхарт *** тоот 79,19 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр, Захиалагч нь үнэ нэг мкв 800 ам доллараар нийт 63.352 ам долларыг хэсэгчлэн хувааж төлөхөөр тохирчээ. /1хх 79-81, 2хх 135-137/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.
3.2.Гэрээний зүйл болсон орон сууцыг улсын комисс 2010 оны 12 сард байнгын ашиглалтад хүлээн авсан, орон сууцыг нэхэмжлэгчид 2010 оны 12 дугаар сард эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгсөн үйл баримтад талууд маргаагүй.
3.3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/**** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/**** дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/***** дугаар тогтоол авагдсан. Уг шийдвэрээр: Б.Т-ийн нэхэмжлэлтэй М с ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 142.355.332 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд болох Б.Ц-ийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрээр гуравдагч этгээд Б.Ц-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 12-24/
3.4.Маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, 41 дүгээр байрны 5 тоот 79,19 мкв талбайтай орон сууц нь анх 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр М с ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өмчлөгч Б.Т болж өөрчлөгдсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, баримтаар тогтоогдсон. /1хх 91-117/
3.5.Х ү ХХК-иас хийсэн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх гурван өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээ 393.731.000 төгрөгөөр тогтоожээ. /1хх 154-173/
Зохигчид дээрх үйл баримтуудад маргаагүй. Харин нэхэмжлэгч орон сууцны үнэд хэдэн төгрөг төлсөн болох, гэрээнээс учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй эсэхэд маргасан.
4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хэргийн баримтаар талуудын хооронд үүргийн хэлцэл хийгдсэн ч өмчийн хэлцэл хийгдээгүй, улмаар гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжиж бүртгэгдснээр гэрээ хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлснээр талуудын хоорондох гэрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар цуцлагдсан гэж үзэх тул мөн зүйлийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг хэн алин нь харилцан буцаан өгөх үүргийг хүлээнэ.
5.Зохигчид нэхэмжлэгчийн орон сууцны үнэд төлсөн дүнд маргасан.
5.1.Нэхэмжлэгчээс орон сууцны үнэ болох 63.352 ам долларыг 2009-2011 оны хооронд хэсэгчлэн бүрэн төлсөн, мөнгийг бэлэн болон бэлэн бусаар төлж байсан, зарим тохиолдолд мөнгийг Г.У хүлээн авдаг байсан гэж тайлбарлав.
Харин хариуцагч компаниас 31.446 ам долларыг хүлээн авсан, нэхэмжлэгчийн Г.У-т хүлээлгэн өгсөн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн зүгээс итгэмжлэл эрхийг олгоогүй, тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хариу тайлбартаа нэхэмжлэгч Б.Ц-аас нийт 31.906,67 ам доллар хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрч дурдсан ч хуралдааны явцад өмнөх шүүхийн шийдвэрээр 31.446 ам доллар болохыг тогтоосон хэмээн тайлбарлаж энэ үнийн дүнгээ дэмжиж маргасныг дурдав. /1хх 57-58 /
Хариуцагч Г.У-ээс: нэхэмжлэгчээс 30.326,3 ам долларыг хүлээж авсан, энэ мөнгийг Г б ХХК, М с ХХК нарын хоорондох барилга угсралтын ажлын хөлсөд багтсан, тухайн үед орон сууцны захиалагч нараас манайх бэлэн бэлэн бусаар төлбөрийг хүлээн авч барилга угсралтад зарцуулж байсан гэж тайлбарлав.
Энэ гэрээний ажлыг талууд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, гүйцэтгэлийг хүлээж авсан байна. Тухайн баримтад 72 айлын 12 давхар орон сууцны барилгыг Улсын комиссын 360/2010 тоот актаар хүлээлгэн өгсөн тухай, ажлын хөлсөд захиалагч 4.753.905.000 төгрөг төлсөн болохыг баталгаажуулсан байна. /2хх 158-159/
Тухайн баримтад хариуцагч Г.У Г б ХХК-ийн нягтлан бодогчоор оролцсон байна.
5.3.Нэхэмжлэгчээс ирүүлсэн Г б ХХК гэсэн тамгатай 2009-2010 оны хоорондох 17 удаагийн кассын орлогын ордероор 30.214 ам долларыг, банкны дансаар 1 удаа 1.400.000 төгрөг /тухайн үеийн ханшаар 1126,3 ам доллар/ нийт 30.326,3 ам доллар төлсөн болох нь тогтоогдож байна. Энэ нь хариуцагч Г.У-ээс хэрэгт баримтаар ирүүлсэн Г б ХХК-ийн 2008-2010 он орлого гэсэн нэртэй бор хавтастай санхүүгийн эх баримт дах кассын орлогын ордеруудтай тохирсон. /1хх 46-49, бор хавтас/
Нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг Г б ХХК-иас төлбөрт хүлээж авахдаа МТС О-оос, барилгын санхүүжилт утгаар тусгаж, дээд талд Б.Ц гэж тэмдэглэсэн байна.
Хариуцагч Г.У-ийн ирүүлсэн баримтаас үзвэл зөвхөн нэхэмжлэгч Б.Ц-аас гадна орон сууц захиалсан бусад иргэдээс орон сууцны төлбөрийг Г б ХХК хүлээж авч байсан үйл баримт тогтоогдож байна. Түүнчлэн уг санхүүгийн баримтад орлогыг тусгахдаа МТС О-оос, барилгын санхүүжилт утгаар тусгаж, баримтын дээд талд байр захиалагч иргэдийн нэр, эсхүл нэр, хаалганы дугаарыг тус тус бичиж тэмдэглэсэн байна. Мөн зарим баримтуудад цементээр тооцов, бартер хийсэн гэсэн тэмдэглэгээг хийжээ.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.
Хэрэгт авагдсан Б.Ц болон М с ХХК нарын хоорондох гэрээний 4.1-д төлбөрийг М т с ХХК-ийн Г банкны ******* тоот дансаар төлөхөөр тохиролцсон ч нэхэмжлэгч гэрээний дагуу тухайн дансаар төлөөгүй тул тэрээр Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчид төлөөгүй байна.
Гэхдээ нэхэмжлэгч Б.Ц нь барилгын захиалагч М с ХХК болон гүйцэтгэгч Г б ХХК-д орон сууцны үнийг хэсэгчилж төлсөн, улмаар барилгын захиалагч, гүйцэтгэгч талууд ажлыг хүлээлцэж төлбөр тооцоогоо тулгаж баталгаажуулсан, энд ямар нэг маргаан үүсч байгаагүй байх тул шүүх энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
Иймд Г б ХХК-д төлсөн 30.326,3 ам долларыг нэхэмжлэгч Б.Ц М с ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үнэд төлсөнд оруулж тооцно.
Дээрх үндэслэлээр шүүх компанийг төлөөлөх эрхийг Г.У олгоогүй, эрхгүй этгээдэд мөнгө өгснийг хүлээн зөвшөөрөхгүй, манайд хамааралгүй тухай хариуцагч М с ХХК-ийн татгалзлыг хүлээн авахгүй.
5.4.Хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудаас зөвхөн М с ХХК гэсэн санхүүгийн тамгатай баримтуудыг хүлээн зөвшөөрнө, энэ дүн нийлээд 31.446 ам доллар байгаа гэж хариуцагч хуралдааны явцад тайлбарласан. /1хх 50-53, 55, 86-90, 2хх 206, 218/
Өөрөөр хэлбэл Г б ХХК-ийн санхүүгийн тамгатай баримтуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбарласан тул хариуцагч Г.У-ийн Г б компанийн өмнөөс хүлээн авсан 30.326,3 ам доллар нь М с ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн 31.446 ам доллартай давхцаагүй байна.
Дээрхийг нэгтгэвэл нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 61.772,3 /30.326,3 +31.446/ ам доллар төлсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх Монгол банкнаас зарласан нэг ам долларын төгрөгтэй харьцах албан ханш 3376,11 төгрөг байх тул хариуцагч компаниас 208.550.080 (61.772,3 *3376,11) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 218 дугаар зүйлийн 218.1-д нийцнэ.
6.Хариуцагч татгалзлын нэг үндэслэлээ: нэхэмжлэгч 31.446 ам доллар төлсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон тул дахин нотлох шаардлагагүй гэв.
Энэ шийдвэрийн 3.2-т дурдсан 181/ШШ2023/*** дүгээр шийдвэрээр Б.Т болон М с ХХК нарын хоорондох зээлийн болон барьцааны гэрээг дүгнэсэн, гуравдагч этгээд Б.Ц-аас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлагыг гаргаж энэ хүрээгээр шүүх маргааныг шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар төлсөн мөнгийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзэхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
7.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү хохирол шаардах үндэслэл хамаарахгүй байхаар заасан.
Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд орон сууцны одоогийн зах зээлийн үнийг тооцож шаардсан.
7.1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
Талуудын хоорондох худалдах худалдан авах гэрээний 2.2-т орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж дуусгахаар сүүлийн хугацааг тогтоосон боловч нэхэмжлэгч заасан хугацаандаа төлбөрийг бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон. Гэрээний дагуу 63.352 ам доллар төлөх үүрэгтэй ч энэ шийдвэрийн 5-д дүгнэснээр шүүх нэхэмжлэгчийг 61.772,3 ам доллар төлсөн гэж үзсэн тул тэрээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
7.2.Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарласан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй болно.
Түүнчлэн зохигчдын тайлбараар талуудын хооронд дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээнээс гадна ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байсан үйл баримт тогтоогдсон, ийнхүү орон сууцны төлбөрөөс зарим хэсгийг ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн тохиолдолд түүнийгээ нэхэмжлэгч баримтаар нотлож чадаагүй.
Иймд төлбөр төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирлыг хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй.
8.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх төрлүүдийг зааснаас 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан... гэж, 511.4, 511.5-т гэмт хэргийн улмаас... гэж заасан.
Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол шаардсан энэ шаардлага хуульд тусгайлан заагдаагүй тул шаардах эрхгүйгээс гадна шүүх дээр дурдснаар нэхэмжлэгч гэрээ цуцлагдахад өөрөө төлбөрөө бүрэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэм буруутай гэж үзсэн тул үндэслэлгүй.
9.Хариуцагч Г.У-ийн тухайд тэрээр Г б ХХК-ийн нягтлан бодогчийн хувиар буюу байгууллагын өмнөөс төлбөрийг хүлээж авч оролцсон, харин иргэний хувиар оролцоогүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Үүнээс гадна нэхэмжлэгч хуралдааны явцад Г.У-ээс мөнгө гаргуулахаар шаардаагүй гэж тодруулсныг дурдав.
10.Иргэдийн төлөөлөгчөөс ажил үйлчилгээний төлбөр, эсхүл байрны төлбөр төлсөн эсэх тодорхойгүй тул баримтуудыг дахин нягтлах шаардлагатай гэж дүгнэсэн.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэж болохоор тайлбарласан. Энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн алин нь шинээр нотлох баримт шаардлагатай талаар тайлбар хүсэлтийг шүүхэд гаргаагүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, мөн зүйлийн 42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар хамаарна гэж заасан тул шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
11.Дээрх бүгдийг нэгтгээд хариуцагч М с ХХК-иас 208.550.080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон хариуцагч Г.У-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М с ХХК-иас 208.550.080 /хоёр зуун найман сая таван зуун тавин мянга наян/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185.780.920 төгрөг болон хариуцагч Г.У-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 2.515.707 /542.805+70.200+1.344.682+558.020/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М с ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.200.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД
Н.ГАНТУЯА