2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04557

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 20

191/ШШ2025/04557

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ********* тоотод оршин суух, Т овогт Ц-ийн Э /Регистрийн дугаар: ********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************** тоотод оршин суух, Б овогт Д-ын Г /Регистрийн дугаар:***********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Д.Г, шинжээч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие Ц.Э нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *********** тоот хаягт 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тус хаягтаа 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Кадастрын зураг хийлгэж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргаж өгсний дагуу ************** нэгж талбарын дугаартай кадастрын зураг, мөн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г-*********** дугаартай, 483 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, тус газрын өмчлөгч болсон юм. Энэ газартаа миний бие олон жил амьдарч ирсэн. Гэтэл хөрш айлаас Сүхбаатар дүүрэг, *********** тоот хаягт оршин суух иргэн Г.Д нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, миний өмчлөлийн газарт халдаж, ойролцоогоор 30 м.кв газарт өөрсдийн хашаагаа дур мэдэн сунган барьж, миний өмчлөлийн газраас хууль бусаар авч, эзэмшиж ашиглаж байна. Энэ зөрчлийнх нь талаар олон дахин хэлж шаардлага тавьж маргасан. Ингээд би Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бичгээр гомдол гаргасан боловч 2021 оны 06 дугаар арын 08-ны өдрийн 14/**** тоот албан бичгээр хариу өгсөн, уг хариуг зөвшөөрөхгүй байна. Иймд Газрын албанаас хариу албан бичгээ авч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2021/***** дугаартай захирамжаар нэхэмжлэлийг "... Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүсэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Нэхэмжлэгч нь хууль бус эзэмшлээс газраа албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ оршин суугаа дүүргийн Засаг даргад гаргаж, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх боломжтой байна... гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Ингээд би Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандахад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд миний гомдлыг шилжүүлж, тус газраас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14/*** тоот хариу албан бичиг өгсөн. Тус албан бичгийн хариунд иргэн Д.Г, Д.М нарт цэг тэмдгийн дагуу хашаа барих талаар шаардах хуудас хүргүүлэхээр очсон боловч холбогдоогүй, бид үүнээс өөр шаардлага тавих боломжгүй, та шүүхээр шийдвэрлүүлээрэй гэсэн. Миний өмчлөх эрхэд Н.Д нь халдаж даруй 6-7 сарын хугацаа өнгөрч, холбогдох байгууллага болох дүүргийн Засаг дарга, дүүргийн Газрын албанд хандсан ч миний өмчлөх эрх өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байна. (нэхэмжлэлд Дүүргийн Засаг дарга, Дүүргийн Газрын албанд хандсан баримтуудыг хавсаргасан болно) Миний бие Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу миний газар өмчлөх эрх зөрчигдөж байх тул шүүхэд хандаж байна. Мөн Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлд заасны дагуу миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ************** тоот хаягт байрлах, газрын кадастрын ********** нэгж талбарын дугаартай, 483 м.кв талбайтай газраас маань уртаараа нь 26.11 м, өргөн 1.30 м ойролцоогоор 30 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс буцаан авч, уг газрын албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүрэг, ************ тоот хаягт, эзэмших эрхийн гэрчилгээний дугаар ***************, нэгж талбарын *************** дугаар бүхий газрыг эзэмшдэг бөгөөд 2002 оноос хойш гэр бүлээрээ тухайн газарт оршин сууж байна. Ц.Э-ны нэхэмжлэлд үнэн зөв нэгээхэн хэсэг ч байхгүй бөгөөд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг газар нь 2002 онд хатгасан 4 талт хэмжээгээрээ одоог хүртэл байгаа бөгөөд иргэн Ц.Э-ны талбай руу орсон зүйлгүй учир уг нэхэмжлэлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гурав.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /дугаар ***********/, кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 14/***** тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШҮ2021/****** тоот шүүгчийн захирамж хуулбараар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 14/**** тоот албан бичиг, нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай акт, фото зураг-9 хуудас, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /дугаар ***********/, кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 3-22, 110-114/

Хариуцагчаас нотлох баримтаар: Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /дугаар **********/, кадастрын зураг, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 42-43, 46/

Шүүхийн журмаар: Хариуцагч талын хүсэлтээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/**** тоот хариуг бүрдүүлжээ. /хх 85-95/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Э нь анх Н.Д-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Д.Г-ыг сольж оролцуулсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

2. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Э нь Сүхбаатар дүүрэг, ************** тоотод байрлах, нэгж талбарын **************** дугаартай, 483 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-************** дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон болох нь хэргийн 5 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Тухайн гэрчилгээг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн олгохдоо Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, ************************ тоот хаягт байршилтай, нэгж талбарын ************ дугаартай, 483 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээ-г олгож, эрхийн улсын бүртгэлийн Г-*************** дугаарт бүртгэжээ. /хх-110 тал/

Харин хариуцагч Д.Г нь Сүхбаатар дүүрэг, **************** тоотод байрлах, нэгж талбарын ****************** дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар одоо тухайн газар нь нэгж талбарын * дугаартай********************, 697 м.кв талбайтай болжээ. /хх-42, 89 тал/

Талууд 2008 оноос нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн газраа өмчлөх болж, хашаа барьсан гэж, харин хариуцагч нь 2014 онд газар эзэмших эрхийг олж авсан ч бодитоор хашааг 2002 онд барьсан гэж тайлбарласан ба дээрх тайлбарыг талуудын хэн аль нь үгүйсгэж, няцаагаагүй тул бие биенийхээ өмчлөх, эзэмших эрхийг хүлээн зөвшөөрсөн тооцно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмчлөх, эзэмших эрхтэй газрууд нь хоорондоо давхцсан эсэх, хариуцагч хашаагаа барихдаа нэхэмжлэгчийн газар руу нэвтэрсэн эсэхийг мэргэжлийн байгууллага болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар тогтоолгосон.

Тус газрын шинжээчдийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2022/*** дүгээр дүгнэлтэд Газрын мэдээллийн сангийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын ***************хуучин нэгж талбар ********** дугаар бүхий 697 м.кв талбайтай газар нь иргэн Д.Г-ы нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр, нэгж талбарын ************ хуучин нэгж талбар *************** дугаар бүхий 482 м.кв талбайтай газар иргэн Ц.Э-ы нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн байна. Ажлын хэсэг 2022 отны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн *************** байршилтай иргэн Д.Г-ны хашаалсан газрыг хэмжихэд 1138 м.кв, Ц.Э-ы хашаалсан газрыг хэмжихэд 480 м.кв талбатай байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй харьцуулан үзэхэд иргэн Ц.Э-ы хашаалсан газар нь нэгж талбарын *************** дугаар бүхий газартай 2 м.кв, 0,03 м.кв, иргэн Д.Г-ы хашаалсан газар нэгж талбарын ********** дугаар бүхий газартай 0,35 м.кв талбайгаар тус тус давхацсан гэжээ.

Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгчийн газар руу, нэхэмжлэгч Ц.Э-ны нь хариуцагчийн эзэмшил газар руу тус тус нэвтрэн хашаа барьж, бие биенийхээ эрхэд аль аль нь халдсан байгаа ба Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хашаа барьж байх үед нь түүний өмчлөлийн газар руу нэвтэрсэн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй тохиолдолд тухайн хашаа барьсан үйлдлийг хүлээн зөвшөөрөх ёстой байдаг боловч уг хуульд заасан хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх заалтад энэхүү маргаан хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн шаардах эрхээ тодорхойлсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь Сүхбаатар дүүрэг, ************* тоот хаягт байршилтай, нэгж талбарын *********** дугаартай, 483 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч тул тэрээр өмчийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

Хэргийн 14 дүгээр талд авагдсан гэрэл зургаас харахад нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй газар руу хариуцагчийн барьсан хашаа дахцаж орсон нь тогтоогдох бөгөөд энэхүү хариуцагчийн хашааг буулгуулж, газар чөлөөлөхийг хариуцагч Д.Г-д даалгаж, нэхэмжлэгч Ц.Э-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ****************** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *************** /хуучнаар ******************/ дугаартай, 483 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар руу нэвтэрч 0,35 м.кв талбайд баригдсан хашааг буулгаж, газрыг энэ хэсгээр чөлөөлж өгөхийг хариуцагч Д.Г-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ