2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04044

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04044

 

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************* тоотод оршин суух, Х овогт Т-ын У /Регистрийн дугаар:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** тоотод байрлах, Г м ХХК /Регистрийн дугаар:*************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 92.160.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, гэрч С.Г, шүүх хуралдаааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нь Г м ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 92.160.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний хань Л.Г Г м ХХК-д 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Автосамосвалын оператор албан тушаалд томилогдон, Ө аймгийн Ц Ц сумын нутагт байрлах Баруун цанхийн уурхайд хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж байсан. Хань минь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ажлын байран дээрээ нас барсан. Түүнийг ажиллуулж байсан Г м ХХК-ний үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссоос нөхөн ирүүлсэн оператор Л овогтой Г нь Ц суманд байрлах Г м ХХК-ийн амрах байранд байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэж дүгнэсэн ослын актыг Өмнөговь аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын Хөдөлмөрийн Улсын ахлах байцаагч хүлээн авч хянаад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 07/27-02/129/26 тоот Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулах тухай дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтдээ: Компанийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь нас барсан ажилтан Л.Г-ыг ажлаасаа буусан амралттай байх үедээ эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан... уг тохиолдлыг ердийн өвчлөлийн улмаас нас барсан гэж үзнэ гэсэнтэй санал нийлэхгүй байгаа тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3.11 дэх заалтуудыг үндэслэн Дүгнэх нь гээд .... талийгаач Л.Г-ын тохиолдлыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 -т ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед-ээ үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртөж, амь насаа алдсан тохиолдолд хамаарна гэж дүгнэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэж, мөн хуулийн 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр олгох-оор заасан. Ажил олгогч Г м ХХК нь хуульд заасны дагуу нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн төлбөрийг нэг удаа гэр бүлд нь олгох үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийг хүрсэн.

Иймд ажил олгогч Г м ХХК-иас талийгаач Л.Г-ын сарын цалинг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр буюу 92.160.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Ажил олгогч нь Г м ХХК биш гэж яриад байдаг. Гэтэл мөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Би Л.Г-тай 2009 оноос хойш хамтран амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч олон жил хамт амьдарсан, шүүхээс хамтын амьдралтай байснаа тогтоосон тул шаардах эрхтэй гэж бодож байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар уртын ээлжээр ажиллаж байгаа тул 14 хоног ажиллаад 14 хоног ажиллах ёстой байтал Г м ХХК-д хүн байхгүй гэдгээр 36 хоног, 28 хоног, 35 хоногоор завсаргүй ажиллуулж байснаас үүдэлтэй тул үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөгүй гэж үзэхгүй. Үйлдвэрлэлийн осол болохыг баталгаажуулсан учраас Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөр шаардаж байгаа гэв.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг үндэслэж нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд эхлээд үйлдвэрлэлийн ослыг тогтоосны дараа нөхөн төлбөр олгох ёстой. Гэтэл талийгаачийн нас барсан шалтгаан зүрхний шигдээс болохыг эрүүгийн хэргийн явцад шинжээч дүгнэсэн. Талийгаачийн нас барсан шалтгаан зүрхний шигдээсээс болсон уу, ажлын байран дээр хортой нөхцөлд хордсон байна уу, эрүүл ахуйн нөхцөл бүрдсэн үү гэдэг нь одоогоор тогтоогдоогүй.

Улсын байцаагчийн дүгнэлт дээр үйлдвэрлэлийн хүчин зүйлээс болоогүй, ердийн өвчнөөс болж нас барсан гэдэг дүгнэлтийн дараа Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Үүгээр Л.Г нь ажил амралтын байр болон ажил дууссаны дараа ажлын байрандаа амрах, хувцсаа солих хугацаанд тохиолдсон гэж дүгнэсэн.

Г м ХХК-ийн гэм бурууг тодорхойлоод өгсөн цагт үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг төлөх учиртай. Иймд эрүүгийн хэрэг шийдвэрлэхээс өмнө иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн талийгаачийн ажил олгогч нь Г м ХХК биш. Компани С.Г-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр түрээслүүлэгч тал тээврийн хэрэгслээ оператороор хангах үүрэгтэй. Түүний тээврийн хэрэгслийг барихын тулд Л.Г уурхайд ажилласан. Харин уурхайд ажил үүрэг гүйцэтгэх хэрэгцээ шаардлагын хүрээнд манайх Л.Г-ыг томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Талийгаачийн цалин хөлсийг манай байгууллага бус С.Г-аас олгож байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Т.У нь Л.Г-тай хамтран амьдарч байсан боловч хөөж явуулаад удаан хугацаанд тусдаа амьдарч байсан, Л.Г өөрийн төрсөн ээж, ах дүү нартайгаа амьдарч байсан нь Л.Г-ын төрсөн ээж, дүү, бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон тул хууль ёсны хохирогчоор Л.Г-ын ээжийг оролцуулсан. Нэхэмжлэгч Т.У гэр бүлийн гишүүн биш тул шаардах эрхгүй гэв.

 

Гурав.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Л.Г-ын нас барсны гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/**** тоот шийдвэр, Г м ХХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 22/24 тоот тушаал, Хөдөлмөрийн гэрээ хуулбараар, Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ хуулбараар, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, Өмнөнговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07/27-02/***/** тоот дүгнэлт хуулбараар, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт хуулбараар, Г м ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн коммисын акт хуулбараар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 13/*** тоот албан бичиг, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, С.Б-ын гараар бичсэн өргөдөл, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 25 тоот тогтоол, Т.У-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1082 тоот Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/-11 тоот *********** дугаартай хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэл/ хэргийн мэдээлэл баримтын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *********** дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 4-16, 26, 138-158/

Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Г м ХХК-д ажиллаж буй ажилтнуудыг 2022 оны 10-12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, цалингийн хүснэгт, шилжүүлгийн мэдээлэл, дансны хуулга баримтууд, цалингийн хүснэгт, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2/27 дугаар Хамтран ажиллах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 24, 29, 51-59, 169, 173-186/

Шүүхийн журмаар:

-Нэхэмжлэгч талын хүсэлтээр:2024 оны 181/ШЗ2024/***** тоот захирамжийн дагуу Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07/27-02/129/*** тоот дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 443/*** тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот хариу, тус шүүхийн 2025 оны 191/ШЗ2025/***** тоот захирамжийн дагуу мессенжер чатад хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 43-47, 95-132, 217-223/

-Хариуцагч талын хүсэлтээр: 2024 оны 181/ШЗ2024/***** тоот захирамжийн дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Прокурорын газраас ирүүлсэн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 443/**** тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ** тоот Хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот Гомдлыг хүлээн авах тухай, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн **, ** тоот Хүсэлтийг хангахаас татгалзах тухай, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн **, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ** тоот Хүсэлтийг бүрэн хангах тухай, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ** тоот Нэмэлт хэрэг бүртгэл хийлгэхээр хэргийг буцаах тухай, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ** тоот Хүсэлтийг бүрэн хангах тухай, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ** тоот Хүсэлтийг хангахаас татгалзах тухай, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн **, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ** тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолууд, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, Л.Д-оос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ** тоот Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, С.Б-ын мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн **** тоот Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт,

-Тус шүүхийн 2025 оны 191/ШЗ2025/**** тоот захирамжийн дагуу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44з/** тоот, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 44з/*** тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 70-94, 196, 226-228/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Г м ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 92.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: талийгаач Л.Г үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болохыг улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр хянан баталгаажуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчоос нөхөн төлбөрийг гаргуулна, хариуцагч Г м ХХК ажил олгогч мөн, шүүхээс хамтын амьдралтай байсныг тогтоосон тул шаардах эрхтэй гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: талийгаач өвчний улмаас нас барсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, эрүүгийн журмаар талийгаачийн нас барсан шалтгааныг үйлдвэрлэлийн ослоос болсон эсэхийг тогтоогоогүй байгаа тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй, мөн манайх ажил олгогч биш, нэхэмжлэгч гэр бүлийн гишүүн биш тул шаардах эрхгүй гэж тайлбарлав.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.1977 оны 7 дугаар сарын 26-нд төрсөн, Л-ийн Г 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайн кемпэд байх үедээ нас барсан болох нь нас барсны гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 4/

3.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/***** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.У-ийг талийгаач Л.Г-тай 2009 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоожээ. /хх 5-6/

Зохигчид үйлдвэрлэлийн осол мөн эсэх, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, хариуцагч ажил олгогч мөн эсэхэд маргасан.

 

4.Үйлдвэрлэлийн ослын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно: гэж, 125.1.2-т ...нас барсан бол 36 дахин гэж зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар нөхөн төлбөр шаардахад үйлдвэрлэлийн осол тогтоогдсон байх урьдач нөхцөл хангагдсан байхыг шаардана.

 

4.1.Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07/27-02/129/*** тоот улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр: Г м ХХК-иас ирүүлсэн талийгаач Л.Г-ыг ердийн өвчлөлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч эс зөвшөөрч, талийгаач Л.Г нь Засгийн газрын 2015 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.4-т хамаарч байна гэж үзэн актыг хянан баталгаажуулжээ. /хх43-44, 45-46, 95-99/ Компанийн гаргасан үйлдвэрлэлийн осол биш харин ердийн өвчлөл гэсэн актыг улсын ахлах байцаагчаас үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоожээ.

 

4.2.Монгол Улсын Засгийн газрын 2015 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 7.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч ... зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж зохицуулсан. Хариуцагч байгууллага дээрх хөдөлмөрийн улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй болох нь хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Ийнхүү үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон дээрх дүгнэлт хүчин төгөлдөр болсон байна.

 

4.3.Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ц сумын сум дундын цагдаагийн хэлтсээс талийгаач Л.Г нас барсан асуудлыг шалгах явцад 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2024-11 тоот шинжээчийн дүгнэлт гаргуулжээ. Уг шинжээчийн дүгнэлтээр цагдаагийн байгууллагаас талийгаач Л.Г 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ажлаасаа буугаад нас барсан үйлдэл нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар шинжээчээс тодруулсан байна.

Тухайн дүгнэлтэд: үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг дээрх Өмнөговь аймгийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан гэсэн хариуг өгчээ. Өөрөөр хэлбэл дээрх актыг буруу ташаа гэж шинжээчээс үгүйсгээгүй байна. Мөн энэ дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Я.Д, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э нараас гаргажээ. /хх 152-156 /

 

4.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт хангасан хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангах үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэж тодорхойлсон байх бөгөөд Засгийн газрын 2015 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.4-д ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгсэл эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр заасан.

Иймд дээрх байдлаар үйлдвэрлэлийн осол болох нь захиргааны журмаар эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул үйлдвэрлэлийн осол биш талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

5.Ажил олгогчийн талаар:

5.1.Хэрэгт авагдсан баримтаар талийгаач Л.Г Г м ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 22/** тоот туршилтаар ажиллах гэрээг, түүний дараа 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 23/** тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан, тус компанийн 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 22/** тоот тушаалаар талийгаачийг ховоны оператороор ажилд томилсон байна. /хх101-102, 103-110, 141/

 

5.2.Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талийгаачийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, хариуцагчийн зүгээс 2022 оны 9 дүгээр сараас хойш түүнд шимтгэл төлөөгүй болох нь, түүнчлэн гэрч С.Г-аас талийгаачийн дүүд галаа ах цалин утгаар мөнгө шилжүүлж байсан үйл баримтууд тогтоогдсон, үүнд маргаагүй. /хх 174, 175,176/

 

5.3.Г м ХХК болон С.Г нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Г нь өөрийн эзэмшлийн ***** ТТА, **** УАЕ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслүүдийг операторийн хамтаар Г м ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогцэций суманд гүйцэтгэж байгаа уурхайн ажилд оролцуулахаар тохирчээ. /хх 180-182/

 

Хариуцагчийн зүгээс дээрх баримтуудад тулгуурлаж ажил олгогч биш, харин гэрээний дагуу С.Г-ын тээврийн хэрэгслийг барьж оператороор ажилласан гэж тайлбарласан. Гэвч Г м ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх өдөр, шөнийн ээлжийн хуваарьт талийгаач Л.Г-ыг HOWO -**** дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллахаар тусгагдсан нь С.Г-тай байгуулсан дээрх гэрээнд тусгагдсан тээврийн хэрэгслийн дугаартай тохирохгүй байна. /хх 132/

Үүнээс гадна С.Г-ын данснаас талийгаачийн цалингийн тодорхой хэсгийг шилжүүлсэн байдал, Г м ХХК-ийн зүгээс шимтгэл төлөөгүй байдлууд нь тус хуулийн этгээдийг ажил олгогч биш гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэл, ажил хүссэн анкет, тушаал, тус компанийн ажилтны хувиар сургалтад хамрагдсан байдал зэргийг няцааж үгүйсгэж чадахгүй байна.

Түүнчлэн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 1.7-д Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ гэж заасныг дурдав.

Иймд ажил олгогч биш тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

6.Нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүл-д олгохоор зохицуулсан.

6.1.Нэхэмжлэгч Т.У, талийгаач Л.Г нар гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдгээрийн дундаас төрсөн хүүхэдгүй, улмаар нэхэмжлэгч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4-т заасан талийгаачийн гэр бүл, гэр бүлийн гишүүн гэдэгт хамаарахгүй байна. Мөн тэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгчид хамаарахгүй.

6.2.Гэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хамтран амьдрагч тус хуулийн үйлчлэлд хамаарахаар 3 дугаар зүйлийн 3.1.1-д зохицуулжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч талийгаачтай 2009 оноос хойш буюу 14 жил хамт амьдарсан, мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд хамтран амьдарсан хугацаанаас хамаарч зарим тохиолдол гэр бүлтэй адилтгаж үзэхээр тусгагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан гэр бүл гэх ойлголтод нэхэмжлэгчийг хамруулж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь энэ маргаан гэр бүл дотогш чиглэсэн, эсхүл өв залгамжлалтай холбоотой маргаан бус харин үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор ажил олгогчоос ажилтны ар гэрийн хувиар нөхөн төлбөр шаардах асуудал хамаарч байгаа тул шүүх өргөн хүрээгээр тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно. Мөн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаачийн эцэг, эх, төрсөн ах дүү нараас шаардах эрхийн талаар маргаан үүсгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Иймд шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэв.

 

7.Талийгаач нас барсан гомдол, мэдээллийг шалгаж Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ц сумын сум дундын цагдаагийн хэлтсээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор 232900053 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ц сумын сум дундын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 44з/134 тоот лавлагаагаар кэмпэд Л.Г амралтын байрны гадаа нас барсан гэх гомдол мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохыг тодорхойлсон. /хх 226, 227/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйл буюу Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэгт холбогдуулж Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг шийдвэрлэхээс өмнө энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй, улмар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр шаардсан энэ маргааныг эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэж болохгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

8.Нэхэмжлэгч нөхөн төлбөрт 92.160.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Талийгаачтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, тушаалд ажилтны нэг өдрийн цалинг 120.000 төгрөгөөр тогтоосон, 2022 оны 11 сард 28 хоног, 12 сард 13 хоног, 2023 оны 01 сард 23 хоног ажилласан тул нэг сарын дундаж цалин 2.560.000 төгрөг гэж нэхэмжлэгч тооцооллоо тайлбарлаж байна.

Гэвч хэрэгт талийгаачийн ажилласан цагийн бүртгэл, ажилласан хугацаанд олгосон цалин хөлсний талаарх баримтууд авагдаагүй.

Ажилтныг ажилд томилсон тушаал, Хөдөлмөрийн гэрээнд талийгаачийн нэг өдрийн цалин 120.000 төгрөг гэж тусгасан байна. Мөн талийгаач Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан уртын ээлжийн ажилтан болох нь зохигчдын маргаангүй тайлбар, хөдөлмөрийн гэрээний 7-д ажил амралтын горим 14/14 гэж тусгагдснаар тогтоогдож байна.

Иймд шүүх талийгаачийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1.680.000 төгрөг /120.000*14 хоног/ гэж үзэж, нөхөн төлбөрт 60.480.000 төгрөг /1.680.000 *36 сар/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар Г м ХХК-иас 60.480.000 /жаран сая дөрвөн зуун наян мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 31.680.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 460.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ