Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 212/МА2021/0071

 

А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгч

Я.Сьездийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00678 дугаар шийдвэртэй, А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Дэлүүн сумын сум дундын эмнэлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга  Н.С  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгээс тэтгэмжийн мөнгө 2.275.332 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан А.Х  нь 2021 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарах үед аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай А.Х д тэтгэмж олгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 42.1-д зааснаар 1,5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 2275332 төгрөг олгохоор болсон. Гэтэл А.Х д олгох 2275332 төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газар болон Дэлүүн сумын Сум дундын эмнэлгээс удаа дараа шаардсан боловч одоо хүртэл өгөөгүй хохироож байна. А.Х  нь одоо өндөр насны тэтгэвэртээ байна. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Сум дундын эмнэлгээс тэтгэмжийн мөнгө 2275332 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлэг (ерөнхий эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Н ) шүүхэд гаргасан тайлбарт: “Эрүүл мэндийн салбарын хөдөө суманд ажиллаж байгаа эмч, ажилчдад эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалт ёсоор 3 жил эмнэлгийн байгууллагад тасралтгүй ажиллаж 6 сарын цалингийн тэтгэмж авах ёстой гэж заасан байна. Их эмч А.Х  уг тэтгэмжийг 2018 оны 06 сард авсан байна. А.Х  2019 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гарсан ба 2021 оны 06 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан байх шаардлагыг хангаж байгаагүй болно” гэжээ

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Урьд нь сум дундын эмнэлгүүд аймгийн Эрүүл мэндийн газарт харьяалагддаг байсан. Он гарахаас өмнө Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар сумын эрүүл мэндийн төвүүдийг төсвийн хамт харьяалах сумуудын захиргааны мэдэлд шилжүүлсэн. Иймээс А.Х д тэтгэмж олгох тухай тушаалыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан С.Айгүл гаргах эрх бүхий субъект гэдэгт эргэлзээ төрж байна. Би шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчтэй энэ асуудлаар холбогдоод А.Х н тэтгэмжийг төлж барагдуулахыг даалгахад тушаалын дагуу А.Х н тэтгэмжийг хэсэгчлэн төлж байгаа гэсэн хариу өгсөн. Хэсэгчлэн төлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх учиртай. Мөн А.Х  удаан жилийн тэтгэврийг авсан учраас тэтгэмжийн давхардал үүсэх магадлалтай байна. Бусдаар бол маргаан байхгүй” гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00678 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.11-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Сум дундын эмнэлгээс тэтгэмжийн мөнгө 2.275.332 (хоёр сая хоёр зуун далан таван мянга гурван зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Харахас назар овогт Асхарын Ховдабайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Х н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлдээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн № 2020\ШЦТ\64 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэжээ. Гэтэл А.Х д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. Ингэхээр анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр болоогүй эрхийн актыг үндэслэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэсэн зарчмыг зөрчиж байна. А.Х  нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Дэлүүн сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн үүргийг гүйцэтгэж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3- д зааснаар 60 нас хүрсэн тул өндөр насны тэтгэвэрт гарах үйл баримттай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар түүнд ажил олгогчоос 1.6 сарын нэг удаагийн тэтгэмж олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Х н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь төрөөс нэг удаа олгож буй тэтгэвэр тэтгэмж нь тухайн ажилтны өмчлөх эрхтэй холбоотой асуудал учраас энэхүү маргаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 130\ШШ2021\00678 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.            

 

А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Дэлүүн сумын сум дундын эмнэлэгт холбогдуулан тэтгэмж 2275332 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1.5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн”  гэж тайлбарлажээ. Хариуцагч нар  гомдлыг эс зөвшөөрч  “ерөнхий эмчээр ажиллаж байсан А.Х д нийт 2732762 төгрөгийг олгосон” гэж шүүхэд маргасан байна.

 

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. А.Х н нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын ерөнхий эмчээр Эрүүл мэндийн газрын даргын  2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай тушаалаар томилогдож, тус газрын даргын  2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар “...тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн...” гэх үндэслэлээр  ерөнхий эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/03 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа А.Х д 1.5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Х н 1.5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нь 2275332 төгрөг болох нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн ня-бо Х.Ержаны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх А.Х д тэтгэмж олгох тухай тушаал гарахаас өмнөх сүүлийн  3 сард  хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсныг нотлох баримт байхгүй,  А.Х г 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгэсэн байхад сум дундын эмнэлгийн ня-бо Х.Ержаны тодорхойлолт бодит байдалд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй, ямар эх сурвалжийг үндэслэн дундаж цалин тооцсон нь тодорхой бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй” байхад 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай А.Х д тэтгэмж олгох тухай тушаал хүчин төгөлдөр бөгөөд шүүх уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын агуулгад нийцэхгүй юм. Уг тушаалаар ажилтан А.Х д Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар түүний 1.5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг тэтгэмжийг зохих журмын дагуу олгохыг түүний ажиллаж байсан байгууллага болох Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн санхүүгээс олгохыг тус эмнэлгийн ерөнхий эмч болон нягтлан бодогчид үүрэг болгосон байна.

 

Иймээс А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түүний ажлаас халагдсан тэтгэмжийг гаргуулах тухай нэхэмжлэл нотлох баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн санхүүгээс Эрүүл мэндийн газрын даргын тушаал, тус эмнэлгийн нягтлан бодогчийн тодорхойлолтыг үндэслэж 2.275.332 төгрөг гаргуулж А.Х д олгож, нэхэмжлэлээс аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хариуцагчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай тус сумын эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчээр ажиллаж байсан А.Х д 2020 оны 11 дүгээр сард 503320 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 267073 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 934357 төгрөг, 2021 оны 6 дугаар сард 1028022 төгрөг нийт 2732762 төгрөгийг олгосон гэх албан бичиг нь санхүүгийн анхан шатны баримтуудад тулгуурлаагүй, зарим мөнгө олгосон гэх он сарууд нь А.Х д тэтгэмж олгох тухай тушаал гарахаас өмнө байх тул түүнд Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 1.5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон эргэлзээтэй, уг мөнгийг олгосон гэх санхүүгийн баримтуудаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна.       

 

Анхан шатны шүүх А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тул хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулгатай дүгнэлт алдаатай болжээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг заасан зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээний талуудад үйлчлэх ба хэргийн 24 дүгээр талд авагдсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр “А.Х г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаас үзвэл, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсанаар мөн өдөр дуусгавар болсон байна. Тиймээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл, гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00678 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгээс 2.275.332 /хоёр сая хоёр зуун далан таван мянга, гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулан А.Х  /БЕ59020817/-д олгож, нэхэмжлэлээс Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 51.356 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, А.Х н итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                      М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ