Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 000148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1825000000116 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, НИК ХХК-д түгээгч ажилтай, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овгийн Бат-Эрдэний М гэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер бааранд Ц.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Тайгар баарны хамгаалагчтай муудалцсан. Хамгаалагчтай баарны гадаа зодолдсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Хохирогч Ц.А-ын: Би Орхон аймгийн Баян-өндөр сумын Уурхайчин багт байрлах Тайгер бааранд хамгаалагч хийдэг. 2018 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 03 цаг өнгөрч манай баар хаагаад би хүмүүсээ гаргаж байсан. Гэтэл нэг согтуу залуу нэг их согтуу хүнийг шатны уруу чирээд бууж байсан. Тэгэхээр нь би чи яагаад согтуу хүн чирээд байгаа юм бэ? уналаа гээд салгаад тасарсан хүнийг нь хамт байсан хүмүүст нь хүлээлгэж өгсөн. Хэсэг хугацааны дараа баарнаас гартал нөгөө согтуу хүн чирээд явж байсан залуу 3 залуугийн хамт баарны гадаа зогсож байсан. Намайг хараад наашаа хүрээд ир гээд дуудахаар нь хажууд нь яваад очтол намайг цохисон. Миний хамраас цус гараад доошоо тонгойсон. Өнгийгөөд барьж аваад ноцолдоод газар унасан ба станцаар шуурхайгаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б.М надаас уучлалт гуйж хохиролд 300.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх 08 ху/,

 

-Гэрч Б.Дашчирэвийн: ...баарны хамгаалагч гарч ирээд та хоёр ингээд зүгээр яваарай гээд байсан. М баарны хамгаалагчтай барьцалдаж аваад нэг цохиод авах шиг болсон. Хамгаалагчийн хамраас цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 09 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн...Ц.А-ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэлүүд байна гэсэн дүгнэлт /хх-ийн 13 ху/,

 

-Б.Мийг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,18 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Мийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер бааранд Ц.Аыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.А-ын намайг хараад наашаа хүрээд ир гээд дуудахаар нь хажууд нь яваад очтол намайг цохисон. Миний хамраас цус гараад доошоо тонгойсон гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт үүссэнийг тогтоосон 232 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.А нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ