Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

Ө.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/128 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч Ө.А-д холбогдох эрүүгийн 2413000000070 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл /цахим сүлжээгээр/, яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дүгээр сарын **-ний өдөр төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, **** хамт **** оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжээр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжээр буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш ургийн овогтой Ө-ийн А-, /**********/

2. Яллагдагч Ө.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Жулдыз” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч А.Б-тай "хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа зодож, түүний эрүүл мэндэд дунд чөмгөний түнхний үений далд хугарал, цээжний баруун талд зулгаралт, зүүн эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

Мөн яллагдагч Ө.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Жулдыз” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч А.Б-тай “хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар зодох явцдаа түүний халаасанд мөнгө байсныг мэдсэн даруйдаа 380,000 төгрөгийг, “Самсунг Жи-4” загварын гар утасны хамт илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар яллах дүгнэлтээр Ө.А-гийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн  хуулийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  2024/ШЗ/128 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ө.А-д холбогдох эрүүгийн 2413000000070 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг шинж чанар, хэр хэмжээ”, мөн хуулийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг мөрдөн байцаалтын шатанд хөтөлбөргүй тогтоох шаардлагатай юм.

4.2. Хохирогч А.Б-ын халаасанд 300,000 төгрөг байсан эсэх, мөн яллагдагч Ө.А-гийн халаасанд 260.000 төгрөг байсан эсэх, түүнийг хулгайд алдсан эсэхийг шалгаж тогтоох.

4.3. Яллагдагч Ө.А- нь хохирогч А.Б-ын халаасанд байсан 300,000 төгрөг болон гар утсыг дээрэмдэж авсан эсэх, аль эсвэл хохирогч өөрөө сайн дурын үндсэн дээр өгсөн эсэхийг бодитой шалгаж тогтоох.

 

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Хэрэгт цугларсан хохирогч А.Б-, гэрч Ж.Т нарын мэдүүлэг болон шинжээч эмч Х.Ерболын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл яллагдагч Ө.А- нь “хамт архи уусангүй” гэх шалтгаанаар хохирогч А.Б-ын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах үед хохирогч яллагдагчаас дахиж зодохгүй байх талаар гуйж өөрт байсан 400,000 төгрөгөөс 20,000 төгрөгийг яллагдагчид өгөхөд тухайн мөнгийг чамлаж улмаар хохирогчийн үлдсэн мөнгө болох 380,000 төгрөгийг авах сэдэлт санаа, зорилго яллагдагчид төрсөн бол хохирогчийг бусадтай утсаар харилцахыг хязгаарлах зорилгоор түүний утсыг авч хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдсэн үйл баримт тогтоогддог.

5.2. Тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд яллагдагч Ө.А- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол шунахай сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн шүүхэд шилжүүлсэн.

5.3. Шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх..., ...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу үнэлэлгүй хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.4. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж тус тус хуульчилсан тул “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад, талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоох боломжтой юм.

5.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Б-ын “...Би өөрөө өвсний ченж хийдэг ба иргэн Ж-д 30 боодол өвсийг 15,000 төгрөгөөр үнэлж өөрийн хашаанаас мөн Ш гэх хүнд 33,000 төгрөгөөр үнэлж 3 шуудай хивэг худалдаж бэлэн мөнгөөр тооцоо хийсэн байсан. Надад байсан гэх 380,000 төгрөг тухайн хүмүүсээс авсан бэлэн мөнгө байсан...” гэх мэдүүлэг нь гэрч Т.Ш-ын “...А.Б- нь манай зээ юм аа. Би А.Б-аас 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, Дэлүүн сумын төв дээр байдаг гэрээс нь 10 ширхэг пресс 1 ширхэг нь 10,000 төгрөгөөр 10 ширхэг өвс, 3 шуудай хивэг 1 ширхэг нь 38,000 төгрөгөөр тус тус худалдаж аваад ...138,000 төгрөгийг бэлнээр өгч 2 ширхэг хивгийн оронд 1 тооны ямаа өгөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэгтэй харилцан уялдаатай ба түүгээр давхар нотлогдон тогтоогдсон байхад дээрх нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

5.6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан атал шүүх “яллагдагч Ө.А-гийн халаасанд 260.000 төгрөг байсан эсэх, түүнийг хулгайд алдсан эсэхийг шалгаж тогтоох” гэж шийдвэрлэсэн хуулийн дээрх зүйл, заалттай нийцэхгүйгээс гадна шүүх яллагдагч Ө.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчсөн байна.

5.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Б- нь“...миний хөл өвдөөд Ө.А-гаас амь авраад “явуулаач” гээд кармад байсан мөнгөнөөс 20.000          төгрөг гаргаж өгөхөд “чи яасан их мөнгөтэй вэ” хэмээн кармад үлдсэн 380.000 төгрөгийг дээрэмдэж авсан. Тэгээд би нөгөө кармад байгаа утсаа гаргаж ирээд хүн дуудах гэхэд намайг “хүнтэй яриулахгүй” хэмээн утсыг бас дээрэмдэж авсан. Зүгээр л явж байсан намайг Ө.А- газар унагааж зодож халаасанд байсан 380,000 төгрөгийг дээрэмдэж авсан, мөн гар утсыг минь булааж авсан явдалд нь гомдолтой байна.” гэж, гэрч Ж.Т- нь “...Ө.А- нь тухайн үед А.Б-ад архи уу хэмээн шахаж, агсам тавиад байсан ба А.Б- Ө.А-д хандаж 20,000 төгрөг кармагаасаа бэлэн гаргаж өгч бид нарыг явуулаад чи өөрөө энэ мөнгөнд архи авч уугаарай гэж хэлсэн. Тэгэхэд Ө.А- А.Б-ад хандаж “яасан их мөнгөтэй хүн вэ чи, тийм мөнгийг би авахгүй” хэмээн авахгүй байсныг санаж байна. Тэрнээс хойш би асуудал хэцүүдэж зодоон гарах шинжтэй болохоор нь машинаас буугаад гэр лүүгээ яваад өгсөн...” гэж тус тус тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд байсан хохирогч А.Б-, гэрч Ж.Т- нараас удаа дараа мэдүүлэг авах болон хуульд заасан бусад бүх арга хэмжээг авч ажиллахад яллагдагч Ө.А- нь хохирогч А.Б-тай “хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар зодох явцдаа түүний халаасанд мөнгө байсныг мэдсэн даруйдаа 380,000 төгрөгийг, “Самсунг Жи-4” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулан, дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

5.8. Хэрэв шүүх дээрх мөрдөн шалгах ажиллагааг бодитой бус мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн тохиолдолд энэ талаар үндэслэлээ дурдахаас гадна захирамжид “Яллагдагч Ө.А- нь хохирогч А.Б-ын халаасанд байсан 380,000 төгрөг болон гар утсыг дээрэмдэж авсан эсэх, аль эсвэл хохирогч өөрөө сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн эсэхийг бодитой шалгаж, тогтоох” гэж шүүх хэт ерөнхий бас ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх нь ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна” гэсэн заалтад нийцэхгүй байна.

5.9. Иймд 2024/ШЗ/128 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Яллагдагчийн өмгөөлөгч С:Нургайыпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хамгийн түрүүнд хохирогчид 380,000 төгрөг байсан эсэх талаар яригдаж байна. Яллагдагч болон хохирогч нар хамт нэг машин дотор архи ууж байгаад, Ө.А-гийн халаасанд байсан мөнгийг хохирогч Б- хулгайлж авсан гэдэг асуудалтай холбоотой Ө.А- цагдаагийн газарт очъё, чи миний халаасанд байгаа мөнгийг хулгайлсан гэж хэлсэн байдаг. Улмаар тэд нар цагдаагийн газрын гадна талд ирж байгаад гар утсаар нь Ө.А- бичлэг хийгээд авсан. Тухайн үед хохирогч “би одоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна. Хэрвээ би энэ цагдаагийн газарт очих бол миний жолоодох эрхийг хасна. Тийм учраас намайг дагуулж цагдаагийн газарт битгий очоорой” гэсэн байдаг. Мөн тухайн үед өөрийн халаасанд байсан хэдэн төгрөгийг сайн дураар хохирогч яллагдагчид өгсөн дүрстэй бичлэг нь байгаа. Тэр бичлэг нь хэрэг дотор авагдсан.

6.2. Прокурорын зүгээс яллагдагчийн халаасанд ямар ч мөнгө байгаагүй гэж ярьж байна. Гэхдээ яллагдагчийн хувьд ээжийн хамт дэлгүүр ажиллуулдаг. Тухайн өдрийн дэлгүүрийн орлогыг авч гарсан гэж өөрөө мэдүүлдэг. Тухайн мөнгөнүүдээс 20,000 төгрөгийг зарцуулснаа ч мэдүүлсэн. Тийм учраас анхнаасаа миний үйлчлүүлэгчид бэлэн мөнгө байсан. Мөн энэ хэргийн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Хохирогчийн ганц хоёр мэдүүлгийг нь үндэслээд хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс хянаж үзэх л байх гэж бодож байна.

 

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийн үндэслэлд холбогдуулан хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүгчийн захирамж хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

8.  Яллагдагч Ө.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Жулдыз” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч А.Б-тай "хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа зодож, түүний эрүүл мэндэд дунд чөмгөний түнхний үений далд хугарал, цээжний баруун талд зулгаралт, зүүн эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн А.Б-тай “хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар зодох явцдаа түүний халаасанд мөнгө байсныг мэдсэн даруйдаа 380,000 төгрөгийг, “Самсунг Жи-4” загварын гар утасны хамт илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 480,000 төгрөгийн хохирол учруулан гэх гэмт хэрэгт холбогдсон тул прокуророос түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

9. Шүүх хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг шинж чанар, хэр хэмжээ”, мөн хуулийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг мөрдөн байцаалтын шатанд хөтөлбөргүй тогтоох шаардлагатай,

-Хохирогч А.Б-ын халаасанд 300,000 төгрөг байсан эсэх, мөн яллагдагч Ө.А-гийн халаасанд 260.000 төгрөг байсан эсэх, түүнийг хулгайд алдсан эсэхийг шалгаж тогтоох,

-Яллагдагч Ө.А- нь хохирогч А.Б-ын халаасанд байсан 300,000 төгрөг болон гар утсыг дээрэмдэж авсан эсэх, аль эсвэл хохирогч өөрөө сайн дурын үндсэн дээр өгсөн эсэхийг бодитой шалгаж тогтоох зорилгоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэсэн 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

 

10 Прокурор уг захирамжийг эс зөвшөөрч 3 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянавал:

10.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан ба анхан шатны шүүх талуудын хүсэлтээр хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, харьцуулан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох”, “Ө.А-гийн халаасанд 260.000 төгрөг байсан эсэх, түүнийг хулгайд алдсан эсэхийг тогтоох”, “300,000 төгрөг болон гар утсыг дээрэмдэж авсан эсэх, аль эсвэл хохирогч өөрөө сайн дурын үндсэн дээр өгсөн эсэхийг бодитой шалгаж тогтоох” зэргээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

10.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхэд хэрэгт цугларсан баримтууд хүрэлцээтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймээс прокурорын “...шүүх яллагдагч Ө.А-гийн халаасанд 260,000 төгрөг байсан эсэх, түүнийг хулгайд алдсан эсэхийг шалгаж тогтоох гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх агуулгатай эсэргүүцэл үндэслэлтэй.

10.3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан бөгөөд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжаар шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй хийгээд тодорхой ямар ажиллагааг хийлгэх, тухайн ажиллагааг хийснээр хэргийн үйл баримт, зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх, ач холбогдолтой болохыг тодорхой зааж даалгасан тохиолдолд шүүгчийн захирамж бүрэн биелэгдэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

Гэтэл хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн 3 дахь үндэслэл тодорхой бус байх бөгөөд шүүх, нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Иймд прокурорын эсэргүүцлийн “шүүх хэт ерөнхий, бас ямар ажиллагаа хийлгүүлэх нь ойлгомжгүй байгаа нь... хуульд нийцэхгүй...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй.

 

11. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтын урьдчилсан нөхцөлүүдийг болон мөн хуулийн зорилтыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцааж, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ. 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл яллагдагч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаардах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж хэрэглэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/128 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл яллагдагч  Ө.А-гийн урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаардах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

                         

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ