| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/10056/И |
| Дугаар | 197/ШШ2025/08851 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/08851
2025 07 01 197/ШШ2025/08851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ИНҮТ ТӨХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: АОЭ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,205,200 төгрөгийг гаргуулах тухай нэхмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ИНҮТ ТӨХХК нь хариуцагч АОЭ ХХК-д 2,205,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.-т зааснаар хариуцагч АОЭ ХХК-ийн хаягаар нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын баримт болон нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар баримтуудын хамт баталгаат шуудангаар хүргүүлж, ..... дугаарт холбогдон мэдэгдэхэд ...нэхэмжлэлийг шуудангаар авсан, шуудан ажил дээр байгаа бага насны хүүхэдтэй болохоор гарч чадахгүй байна, шүүх хуралдааныг товлоход татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хариу тайлбараа аваачиж өгнө... гэх тайлбарыг өгсөн.
Хариуцагч АОЭ ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй.
Шүүх 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч АОЭ ХХК-ийн .... дугаарын утсанд мессэж илгээж, мөн залган мэдэгдэхэд за ойлголоо эгч нь хуралдаа яваад очно оо гэх хариуг өгч шүүх хуралдааны товыг мэдсэн байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээний эсрэг байр, суурь гаргаагүйд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 1,380,000 төгрөг, алданги 690,000 төгрөг, бусад зардалд 135,200 төгрөг нийт 2,205,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд ...АОЭ ХХК нь гэрээний дагуу 50 цамц оёж өгөхөөс 27 цамц оёож нийлүүлсэн. Үүнээс 10 цамц нийлүүлээгүй, 13 цамц чанарын шаардлага хангаагүй буюу нелонтой материалаар хийгдсэн байсан тул буцаагдсан. 2023 оны 12 сарын 25-нд тус гэрээг талууд дүгнээд 13 цамцны тооцоотой гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч гэрээ дүгнэсэн акт дээр гарын үсэг зурсан. Үүнээс хойш АОЭ ХХК-ийн захирал Үүрцайхтай удаа дараа холбогдсон боловч үлдэгдэл цамцаа авч ирээгүй... гэх тайлбарыг гаргасан.
ИНҮТ ТӨХХК болон АОЭ ХХК нар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ХХАГ/05 дугаар Ажлын хувцас худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, энэхүү гэрээгээр нийлүүлэгч нь ажилчдын нормын хувцас болох өвлийн цамцыг гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хуанлийн 14 хоногийн хугацаанд нийлүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасны дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээний зүйл нь 1 бүрийн үнэ нь 60,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг нормын хувцас буюу өвлийн цамцыг захиалгын дагуу өөрийн материалаар оёж нийлүүлэх, захиалагч нь гэрээнд заасны дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахаар тохиролцон Ажлын хувцас худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан ч гэрээний нөхцөл, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч байгаа шинж байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
ИНҮТ ТӨХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хэлэлцэн тохирсон хөлсийг төлсөн болох нь АОЭ ХХК-ийн нэхэмжлэх, ИНҮТ ТӨХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3,000,000 төгрөгийн төлбөрийн даалгавар, санхүүгийн баримт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудаар нотлогдож байна.
Харин хариуцагч АОЭ ХХК нь 50 цамц оёж өгөхөөс 27 цамц оёож нийлүүлсэн. Үүнээс 10 цамц нийлүүлээгүй, 13 цамц чанарын шаардлага хангаагүй буюу нелонтой материалаар хийгдсний улмаас буцаагдсан байх ба гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс гадна дээрх гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дууссан байх ба дахин хугацаа олгосон ч үр дүн гарахгүй нь нэгэнт тодорхой болсон байх тул нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэв.
Захиалагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1.-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх эрхтэй гэж зааснаар доголдлыг арилгуулах, эсхүл шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.
Үүний дагуу талууд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХХАГ/05 дугаар ажил, бараа хүлээлцсэн болон гэрээ дүгнэсэн актуудыг үйлдэж 50 ширхэг цамцнаас дутуу ирсэн 10 ширхэг, чанарын шаардлага хангаагүй буцаасан 13 ширхэг цамц нийт 23 ширхэг цамцны үнэ болох 1,380,000 төгрөгийг АОЭ ХХК-иас гаргуулан Буянт-Ухаа ОУНБуудлын Голомт банкны дансанд буцаан шилжүүлэхээр болж талууд гарын үсэг зурж гэрээг дүгнэн ажил хүлээлсэн болох нь хэрэгт авагдсан ажил, бараа хүлээлцсэн акт, Буянт-Ухаа ОУНБ-ын гэрээ дүгнэсэн актуудаар нотлогдож байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д нийлүүлэгч ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй буюу чанарын доголдлыг тогтоосон хугацаанд арилгаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө гэж заасны дагуу алдангид 690,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4--т заасанд нийцсэн.
Нэхэмжлэгчийн бусад зардалд шаардсан 135,200 төгрөг нь шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг болон 65,000 төгрөгийн нотариатын зардал болох нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгаваруудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбаруудаар нотлогдож байх тул хариуцагчийн хариуцах зардалд хамаарч байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч АОЭ ХХК-иас 2,205,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИНҮТ ТӨХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,234 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50,234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч АОЭ ХХК-иас 2,205,200 /хоёр сая хоёр зуун таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИНҮТ ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,234 /тавин мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50,234 /тавин мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН