Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2021/00072     

 

“ТБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/00682 дугаар шийдвэртэй, ТБ  ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Төлек овогтой Алимбайн Еркегүл, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Даулетжан, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.А , хариуцагч А.Е , хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны төлбөрт 1663000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг нь 2017 оноос эхэлж манай шатахуун түгээх станцаас байнга шатахууныг зээлээр худалдаж авдаг бөгөөд 2018 оноос хойш тус цэцэрлэг нь манай ТБ  ХХК-нд төлөх ёстой шатахууны төлбөрт 1663000 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Улаанхус суманд байдаг манай компанийн шатахуун түгээх станцын түгээгч нь бүх тооцоог өөрөө хийдэг бөгөөд захирал надад Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг нь манай компанид 1663000 төгрөгийн өртэй байгаа ба уг өрийг төлөхгүй байгаа гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан хариуцагч А.Е  нь 2020 оны сүүлээр түгээгчтэй тооцоо нийлж, өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Шатахуун түгээх станцын тооцоо бичсэн тэмдэглэлийн дэвтрийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой хэсгийн эхний нүүрэнд мөнгөн дүнгээр 1201800 төгрөгийн шатахуун авсан тухай бичилт хийгдсэн ба үүнээс 253850 төгрөгийг төлснийг хасаж үлдсэн 948000 төгрөг байна. Уг мөнгөн дээр дараагийн нүүрэнд 715350 төгрөгийн өртэй гэж бичигдсэнийг нэмж тооцоход 1663000 төгрөг гарч байгаа юм. Иймд хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс шатахууны төлбөрт 1663000 төгрөгийг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.Е ийн тайлбарт: “Миний бие Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын 04-ний хүртэл эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд буюу 2018-2020 онуудад 1,663,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг зээлээр бичүүлээд авч цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрэгцээнд зарцуулсан нь үнэн болно. Уг шатахууныг авч зарцуулсныг тус цэцэрлэгийн нярав С.Досан, ТБ  ХХК-ны түгээгч С.Тилеуберди нар тодорхой сайн мэдэж байгаа юм. 2020 оны эцсийн санхүүгийн тайлан гаргах үед би жирэмсний амралт авч яваад ажиллаагүй ба тухайн үед тайлан гаргасан ня-бо И.Майрагүл нь шинээр ажилд томилогдсон байсан ба дээрх өр төлбөрийг тайландаа тусгаагүйгээс болоод маргаан гараад байгаа болов уу гэж бодож байна. Харин 2020 онд цар тахлаас шалтгаалан шатахууны мөнгө нь цаанаасаа танагдсан. Нэхэмжилж байгаа шатахууны үнийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан тул тухайн байгууллага төлөх үүрэгтэй, би хувьдаа зарцуулаагүй учраас би хариуцах боломжгүй гэдгийг илэрхийлж байна” гэжээ.

Хариуцагч байгууллагын тайлбарт: “Тус аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.А  миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд ТБ  ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.А ын 1.663.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргын Б/05 дугаартай захирамжаар томилогдсон. Томилогдсоноос хойш цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаа болон өглөг авлагатай танилцсан. 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд нийт цэцэрлэгийн өр 14.386.616 төгрөг юм байна. Үүний дотор ТБ  ХХК-нд төлөх 139.500 төгрөг шатахууны өр байна гэж нягтлан бодогч нэг бүрчлэн өрийг танилцуулсан. 2018 оны жилийн санхүүгийн эцсийн тайланд 4.545.316 төгрөгийн өглөгтэй гэж харуулсан. Үүнээс 3.993.096 төгрөг нь түлш халаалтын өр, шатахууны өр 111000 төгрөг гэж санхүүгийн жилийн эцсийн тайланд тусгасан байна. 2019 онд энэ 111000 төгрөгийг барагдуулсан байна. 2019 оны жилийн санхүүгийн эцсийн тайланд зөвхөн түлш халаалтын өр 3.993.096 төгрөгийн өглөгтэй гэж тусгасан. 2019 онд шатахууны өглөггүй гэдэг нь санхүүгийн тайлангаас тодорхой харагдаж байгаа тул манай цэцэрлэг зөвхөн 139.500 төгрөгийн өглөгийг барагдуулах ёстой. ТБ  ХХК-ны захирлын гаргасан нэхэмжлэлд бичсэн 1.663.000 төгрөг манай цэцэрлэгийн жилийн эцсийн санхүүгийн тайланд өр болж тусгагдаагүй учраас байгууллагаас төлөх ямар ч үндэслэлгүй, боломжгүй. Төсвийн тухай хуульд өмнөх оны өр жилийн эцсийн санхүүгийн тайланд өр болж харуулж тусгагдаагүй бол дараагийн онд тэр өрийг барагдуулах ёсгүй. Гэвч өр болж тусгагдаагүй учраас манай байгууллага хариуцахгүй, ямар нэгэн баримт байхгүй. Үүнээс гадна байгууллагын нярав сар болгон байгууллагын өр авлагыг орлогод авч нягтлан бодогч нарт орлого зарлагын тайлан өгөх ёстой. Сар болгон цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан шатахууны тухай ямар нэгэн бичиг баримт байхгүй байна. Нэхэмжилж байгаа шатахууны үнэ болох 1.663.000 төгрөгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан ямар ч бичиг баримтгүй, жилийн эцсийн санхүүгийн тайланд өр болж харагдахгүй тусгагдаагүй тул манай байгууллага төлөх, хариуцах боломжгүй гэдгийг илэрхийлж байна” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  8 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/00682 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс шатахууны төлбөрт 1.115.350 (нэг сая нэг зуун арван таван мянган гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 547650 төгрөг болон хариуцагч А.Е д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Манай байгууллагын Улаанхус сум дахь ШТС-аас 2018 оноос хойш Улаанхус сум дахь хүүхдийн цэцэрлэгийн авсан шатахууны үнийн үлдэгдэл болох 1.663.000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг нэхэмжилж сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан билээ. Уг анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг дутуу хангаж 1.115.350 төгрөгийг манай байгууллагад төлөхөөр шийдвэрлэж, үлдсэн 547.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

Уг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Тухайн үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Е ийн гарын үсэг бүхий шатахууны зөвшөөрлийн бичиг нь байгаа ба 1.663.000 төгрөгийн шатахуун авснаа хүлээн зөвшөөрсөөр байтал түгээгчийн хувийн тэмдэглэлд шатахууны үнийг бичээгүй байна, тухайн үеийн ханшийг нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь илт хууль бус шийдвэр байна. Миний бие эд зүйлийн үнэлгээ тогтоох албан тушаалтанд очиход уг албан тушаалтан байхгүй байсан утас руу нь залгахад “Би Ковид-19 өвчний халдвар авч эмчлүүлж байгаа, намайг орлох өөр мэргэжилтэн байхгүй, эмнэлгээс гарсны дараа аваарай” гээд  миний бие шүүх хурлын өмнө болон шүүх хурал дээр удаа дараа хэлсэн. Мөн түүнчлэн уг үнэлгээг шүүхийн журмаар авах боломж байсан.

Тухайн тэмдэглэлийн 1-р хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдөр аймгийн төвөөс 2 портер цэцэрлэгийн ачааг хүргэж ирсэн жолоочийн нэгд нь 110.000 төгрөгийн түлш, 2 дахь портерт 75 л түлшний зөвшөөрөл олгосон нь ил тодорхой байхад илт хууль бус шийдвэр гаргасан байна. Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 547.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, бүрэн төлүүлж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “Тасты-булах” ХХК нь хариуцагч А.Е д холбогдуулан шатахууны төлбөр 1663000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч уг шатахууны үнийг Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг төлөх ёстой гэж зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр уг хэрэгт Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийг  хамтран хариуцагчаар татсан оролцуулсан ба Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч “Тасты-булах” ХХК-аас Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг 2017 оноос эхэлж шатахуун худалдан авч, үнийг  нь тодорхой хугацааны дараа төлж байсан нь зохигчдын тайлбар, 2018, 2019, 2020 онуудын бензиний зөвшөөрлийн хуудас, “Тасты-булах” ХХК-ийн түгээгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэр, Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн шатахууны үнийг төлж байсан санхүүгийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хэргийн үйл баримтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шатахуун олгохдоо хөтөлдөг байсан хувийн тэмдэглэлийн дэвтэр, Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн нярав С.Досан, нягтлан бодогч С.Сарай нарын мэдүүлэг зэргийг үнэлж, хамтран хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийг  нэхэмжлэгчид төлөх шатахууны төлбөртэй болох нь нотлогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг нь нэхэмжлэгч “Тасты-булах” ХХК-д шатахууны төлбөр болох 1663000 төгрөгийн өглөгтэй болох нь хариуцагч буюу тухайн үед Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Е ийн тайлбар, нягтлан бодогч С.Сарай, нярав С.Досан нарын мэдүүлэг, 2019 оноос хойш үнэ нь төлөгдөөгүй үлдсэн бензиний тооцоо 1663000 төгрөгийн үлдэгдэлтэй болох талаарх тооцоо нийлсэн баримт,  шатахуун олгохдоо хөтөлдөг байсан хувийн тэмдэглэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь нотлогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 17080 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2021/00682 дугаар шийдвэрийг Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс 1.663.000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тасты-булах” ХХК-д олгож, нэхэмжлэлийн хариуцагч А.Е д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “31318” гэснийг, “41.558” гэж өөрчилж, шийдвэрийн бусад  заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.080 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Тасты-булах” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯАМБАЯР

 

                                                                                                                                                                                                                                                            Д.КӨБЕШ