Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 000073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Г.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хулан

Шүүгдэгч Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө-д холбогдох эрүүгийн 1825000350050 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайд тэсрэх бодис хүргэгч ажилтай, ам бүл-2, өвөөгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг, Хөтөлд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Б-ын Ө гэв.

 

Шүүгдэгч Б.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэр 5-23 дугаар байрны орцонд Г.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед би хохирогч Гд мөргүүлээд нүд харанхуйлаад сарвалзаж байгаад нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Хохирогч бид хоёр хоёулаа согтуу байсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг бүгд үнэн зөв гэжээ.

 

-Хохирогч Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эмчилгээний зардал 550.000 төгрөг нэхэмжилнэ. Өмнө нь би Солонгост тархи толгойн эмчилгээ хийлгэж байсан. Унаж татдаг. Өд цохиулаад уналт маань ихэсээд байна. Би 550.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн, яг одоогоор баримт байхгүй байна. Гомдолтой, би тэр үед найз нөхөдтэйгөө архи дарс уугаад нилээн согтсон байсан тул Өг мөргөснөө ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь орцонд хэвтэж байсан гэсэн мэдүүлэг

 

-Гэрч Д.Сүлд-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Дэлгүүрээс авсан архийг бид 4 хувааж уусан. Архи ууж байхад Г Өг өдөөд байсан ба Ө болиоч гэж хэлэхэд гэдсээрээ түлхэж байгаад Өгийн нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Тэр үед Ө Гантулгыг 1-2 удаа нүүрэн тус газарт нь цохиод авахаар нь би салгахад Ө гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 8 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн... Г.Гантулгын биед баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох  хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх-ийн 12 ху/,

 

-Б.Өг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 18, 19 ху/

 

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Ө 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэр 5-23 дугаар байрны орцонд Г.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Г.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн би Солонгост тархи толгойн эмчилгээ хийлгэж байсан. Унаж татдаг . Өд цохиулаад уналт маань ихэсээд байна. Би 550.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн, яг одоогоор баримт байхгүй, гомдолтой байна гэсэн мэдүүлэг, гэрч Д.Сүлд-Эрдэний мэдүүлэг /хх 08 ху/, хохирогч Г.Г-ын биед тархи баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт үүссэнийг тогтоосон 86 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Өгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Г.Г нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардал 550.000 төгрөг нэхэмжлэнэ гэж мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй гэж үзсэн ба хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

 6. Хохирогч Г.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ