Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00584

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00584

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: **** онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Багануурын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны конторт, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны харьяа бөөний худалдааны газарт, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын Худалдаа удирдах газарт тус тус нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Худалдаа бэлтгэлийн конторт нягтлан бодогч албан тушаалд анх ажилд орж 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд маань манай байгууллагын нэр, нэршил өөрчлөгдөж байсан ба миний ажилд орсон, гарсан бичилт хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн ч байгууллагын тамга өөрчлөгдөөгүй Худалдаа бэлтгэлийн удирдах газар гэсэн нэг тамга дарагдсан байгаа нь тэтгэвэрт гарах, тэтгэвэр тогтоолгоход зөрчил болж нийт ажилласан жилээс хасагдан дутуу тооцогдоод байна. Иймд намайг 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны конторт нягтлан бодогч, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газарт нягтлан бодогч, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа, хангамжийн удирдах газарт нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Багануурын худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны конторын даргын тушаалууд, Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Багануур дахь бөөний худалдааны газрын даргын тушаалууд, Багануурын худалдаа удирдах газрын даргын тушаал, гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Л.******* хүсэлтээр Д.*******, Ж.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Л.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Л.******* нь 1970 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, тэрээр 55 нас хүрсэн, тэтгэвэр тогтоолгосон бөгөөд одоо ажилласан жилээ нэмэх зорилготой байгаа боловч шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар тухайн үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар тухайн үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Л.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан талаарх бичилт хийгдсэн, ажилд орсон, гарсан тушаал архиваас бүрэн гарч ирсэн боловч хөдөлмөрийн дэвтэрт байгууллагын нэр өөрчлөгдөөгүй тамга, тэмдэг дарагдсан тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Л.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа тэтгэвэр тогтоолгосон жилээ нэмэх зорилготой гэжээ.

4.Хүсэлт гаргагч Л.******* нь 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Багануурын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны конторт, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны харьяа бөөний худалдааны газарт, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын Худалдаа удирдах газарт тус тус нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.1989 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: *******, нэр: *******, төрсөн он: 19**.**.**, боловсрол: дунд, мэргэжил: худалдааны нягтлан бодогч, хөдөлмөрийн дэвтэр олгосон: Улаанбаатар хотын худалдааны техникум, Захирлын 1987 оны 09-р сарын 04-ний өдрийн 131 тоот тушаалаар Улаанбаатар хотын худалдааны техникумын ня.бо бүртгэлийн ангид элсүүлэн суралцуулав, Захирлын 1989 оны 06-р сарын 28-ны өдрийн 73 тоот тушаалаар тус техникумын ня.бо бүртгэлийн ангид суралцаж төгссөн учир ХБЯ-ны мэдэлд шилжүүлэв, Конторын даргын 1989 оны 07-р сарын 08-ны өдрийн 88-р тушаалаар Худалдаа бэлтгэл нийтийн хоолны конторт нягтлан бодогчоор авч ажиллуулав, Конторын даргын 1990 оны 01-р сарын 27-ны өдрийн А/08-р тушаалаар БНМАУлсын СНЗ-ийн 1990 оны 6-р тогтоол, ХБЯ-ны сайдын 21-р тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлж, Багануурын Худалдаа, бэлтгэлийн удирдах газарт шилжүүлэв, Газрын даргын 1990 оны 02-р сарын 02-ны өдрийн 01-р тушаалаар Худалдаа бэлтгэлийн удирдах газарт нягтлан бодогчоор авч ажиллуулав, Газрын даргын 1990 оны 5-р сарын 22-ны өдрийн 01-р тушаалаар Худалдаа хангамжийн удирдах газарт нягтлан бодогчоор авч ажиллуулав, Газрын даргын 1992 оны 07-р сарын 01-ний өдрийн 114-р тушаалаар Зохион байгуулалтанд өөрчлөлт орсон учир үндсэн ажлаас нь чөлөөлж Хужирт ББХХ-ын мэдэлд шилжүүлэв Хоршооны захирлын 1992.07.15-ны өдрийн 08 тоот тушаалаар Хужирт ББХХоршоонд нягтлан бодогчоор авч ажиллуулав гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 5-11 дүгээр тал/

4.2.Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Багануурын худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны конторын даргын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ******* *******г 1989.06.26-ны өдрөөс тооцооны нягтлан бодогчоор ажиллуулав гэжээ. /хх-ийн 12 дугаар тал/

4.3.1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/08 дугаартай Удирдлагын зохион байгуулалтанд өөрчлөлт орсонтой холбогдуулан нийт ажилтан ажилчдыг ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хавсралтад ажилчдын нэрсийн жагсаалтын 34 дугаарт Л.******* гэж, /хх-ийн 13-14 дүгээр тал/

4.4. Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Багануур дахь бөөний худалдааны газрын даргын 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай Удирдлагын зохион байгуулалтанд өөрчлөлт орсонтой холбогдуулан нийт ажилтан ажилчдыг ажилд авах тухай тушаалын хавсралтад ажилчдын нэрсийн жагсаалтын 31 дугаарт Л.******* гэж, /хх-ийн 13-14 дүгээр тал/

4.5.1990 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай Удирдлагын зохион байгуулалтанд өөрчлөлт орсонтой холбогдуулан нийт ажилтан ажилчдыг ажилд авах тухай тушаалын хавсралтад ажилчдын нэрсийн жагсаалтын 31 дугаарт Л.******* гэж, /хх-ийн 13-14 дүгээр тал/

4.6.Багануурын худалдаа удирдах газрын даргын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалд үйлчилгээний төвийн дэлгүүр гуанзууд ББХХ болсон учир төрийн захирагааны ажиллагсдыг хавсралтаар 1992.07.01-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж тус тусын ББХХ-ийн мэдэлд шилжүүлсүгэй, тушаалын хавсралтад ажилчдын нэрсийн жагсаалтын 21 дугаарт нягтлан бодогч Л.******* гэж тус тус бичигдсэн байна. /хх-ийн 13-14 дүгээр тал/

4.7.1989-1992 онд хамт олноороо авахуулсан гэрэл зургууд /хх-ийн 21-22 дугаар тал/

4.8.Гэрч Д.*******гийн шүүхэд өгсөн: Би 1987 онд Багануур дүүрэгт нүүж ирээд Худалдаа бэлтгэл, нийтийн хоолны контор нягтлангаар ажилд орж 1992 онд тэтгэвэрт гарч одоогийн Хэрлэн худалдааны төвд лангуу аваад хувьдаа гарч байсан. Намайг Худалдаа бэлтгэл, нийтийн хоолны контор нягтлангаар ажиллаж байхад Л.******* 1989 онд манайд нягтлангаар ажилд орж байсан. Манайх олон цэг салбартай болохоор 10 гаруй нягтлангууд ажилладаг байсан, миний хувьд худалдааны төвд аж үйлдвэрийн барааны няравын тооцоо, гэр ахуйн худалдагчийн тооцоо, 2-р гуанзны худалдагчийн тооцоог хариуцдаг, Л.******* нийтийн хоолнуудын тооцоог хариуцан ажиллаж байсан. 1992 онд удирдах газар тарахад бүх салбар нэгжүүд хувьчлагдаж бүгд ажлаас чөлөөлөгдөж байсан, тэр үед Л.******* ажлаас чөлөөлөгдсөн. Худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны контор нь 1980 онд байгуулагдаж, 1990 онд Материал техникийн хангамж бөөний баазтай нэгдэж Багануурын худалдаа удирдах газар болж байсан. 1992 оноос ардчилал гараад худалдааны байгууллагуудыг хувьчилж тарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

4.8.Гэрч Ж.*******ийн шүүхэд өгсөн: Бид 1989-1992 оны хооронд Худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны удирдах газар, Багануур худалдаа, бэлтгэл, хангамжийн удирдах газарт тус тус хамт ажиллаж байсан. Би Багануурын худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны конторт 1983 онд 98-р дэлгүүрийн эрхлэгчээр анх ажил орж байсан, Л.******* нь 1989 онд Худалдаа бэлтгэл нийтийн хоолны удирдах газар нэртэй болсон байх үед нягтлан бодогчоор ажилд орж нийтийн хоолны салбаруудын тооцоог хариуцдаг байсан. Л.******* 1992 онд декритээ авсан байх үед Багануур худалдаа, бэлтгэл, хангамжийн удирдах газар задарч хувьд шилжсэн. Манай байгууллага намайг 1983 онд ажилд орох үед Худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны контор нэртэй байсан, 1990 оны 02 дугаар сараас Худалдаа, бэлтгэлийн удирдах газар, 1990 оны 6 дугаар сараас Худалдаа хангамжийн удирдах газар нэртэй болж байсан, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хувьчлагдаж бүгд ажлаас чөлөөлөгдөж байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Л.*******г 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Багануурын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны конторт, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны харьяа бөөний худалдааны газарт, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын Худалдаа удирдах газарт тус тус нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Багануурын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны конторт, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны харьяа бөөний худалдааны газарт, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын Худалдаа удирдах газарт тус тус нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ