Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 000069

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Б.У

Шүүгдэгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1825000000030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инжинер мэргэжилтэй, Теди төвд гар утасны программист ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Баруун дэнжид оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Д-ын Б

 

Шүүгдэгч Д.Б 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди төвийн 2 дугаар давхарт Б.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би ажил дээрээ сууж байсан. Хохирогч Б.У нь өмнө өдөр нь манай эхнэрээс гар утас авсан юм билээ. Худалдаж авсан гар утасныхаа дэлгэц нь гэмтсэн гээд ирсэн. Гэтэл манай эхнэр дээр очоод нилээн удаан хэрүүл хийсэн. Би очоод ахын дүү ажил хийлгэхгүй ингэж байхаар больчихооч 4-5 хоногийн дараа сэлбэгийн бараа ирнэ тэгэхээр засаад өгье гэхэд тийм зүйл байхгүй одоо янзалж өг гээд тулгаад байсан. Бид 2 үүнээс болж маргаад би зүүн шанаа руу нь гараараа 2 удаа алгадсан гэжээ.

 

-Хохирогч Б.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 30-нд Б-ын эхнэрээс утас худалдаж авсан. Эрүүл мэндээрээ хохирсон сэтгэл санаа хэцүү байна. Цаашид гарах эмчилгээний зардал 700.000 төгрөг нэхэмжилнэ. Одоо баримт байхгүй гэсэн мэдүүлэг

 

-Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр У нь миний утасны дэлгэц эвдэрчихлээ гээд утасны дэлгэцээ эвдлээд ирсэн. Ажил дээрээ тоглоом тоглож байтал гэнэт эвдэрсэн гэсэн. Тэгэхээр нь манай бараа 2018 оны 01 дүгээр сарын 10-нд ирнэ тэгэхээр нь засварчинд үзүүлээд сольж өгье 6 хоног хүлээчих гэсэн. За гээд явснаа эргэж ирээд яг одоо засуулмаар байна гээд хэрүүл хийгээд байсан. Бараг 2 цаг гаруй хэрүүл хийсэн. Гэтэл манай нөхөр босч ирээд миний дүү бараг 2 цаг хэрүүл хийлээ бараа ирэхээр солиод өгнө гэхэд манай нөхөр рүү чи юу юм бэ? тэр мухартаа очоод утсаа засч бай, дээлийг чинь нөмрүүлнэ гэсэн. Тэгээд элгээр чинь мөлхүүлнэ гэхээр нь манай нөхөр уурлаад тэр залууг цохисон гэсэн мэдүүлэг /хх 15 ху/

 

Бичлэгт үзлэг хийсэн 20180104-163019мр4 гэж хадгалсан 360 140 кв багтаамжтай бичлэг 16:33 минутын бичлэг байна. Бичлэгийг КМР Player тоглуулагчаар тоглуулж үзэхэд хяналтын камерын хяналтын бичлэг үздэг комьпютерээс гар утсаар бичсэн бичлэгт Теди гар утасны засварын худалдааны төвийн лангууны хэсгийг харуулсан байх ба утасны лангуу хэсэгт хэрэгт гэрчээр байцаагдсан Б.Энхцэцэг лангууны худалдагч талд зогссон хохирогч Б.У, лангуун дээр зогссон Д.Б нь хохирогчийн өөдөөс хандсан байдалтай хоорондоо ярилцаж байгаа дүрс гарсан байна. Д.Б хохирогч Б.Утай маргаж байгаад эргэж камер байрласан чигт алхаад буцаж очиж хохирогч Б.Уыг заамдан цааш түлхэн нүүрэн тус газарт нь 4 удаа цохиж гараараа захнаас нь боосон чинтээ баруун тал руу нь хөлөөрөө хавирч хазайлгаж байх ба Б.У нь эсэргүүцэл үзүүлэлгүй 2 гараа алдалж байгаа нь бичигдсэн байна гэсэн тэмдэглэл /хх17 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн... Б.У-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох  хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх-ийн 12 ху/,

 

-Д.Быг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 29 ху/

 

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.Б 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди төвийн 2 дугаар давхарт Б.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эрүүл мэндээрээ хохирсон сэтгэл санаа хэцүү байна. Цаашид гарах эмчилгээний зардал 700.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхцэцэгийн  мэдүүлэг /хх 10 ху/, хохирогч Б.Уын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт үүссэнийг тогтоосон 89 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Б.У нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ цаашид гарах эмчилгээний зардал 700.000 төгрөг нэхэмжлэнэ гэж мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

          Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ