| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0563/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0698 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2025/0698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г*******,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж*******,
Маргааны төрөл: Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ дугаар тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.1. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Э*******, Б.Г******* нар 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Төрийн албан хаагчид чөлөө олгох тухай” БОГ/ дугаар гэрээ байгуулж, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Г*******оос “...1 жил хүртэлх хугацаагаар биеэ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны чөлөө олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.
2.2. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б******* дугаар тушаалаар БОГ/ дугаар гэрээг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал цалингүй чөлөө олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тооцож байхыг ахлах нягтлан бодогчид зөвшөөрсөн байна.
2.3. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр “Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.9.“Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, өөрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх хугацаанд эрхэлж буй албан тушаалын цалин хөлсийг авах, 3 сараас дээш хугацаагаар суралцах, мэс засалд орох, эмчлүүлэх тохиолдолд байгууллагатай эргэн орох нөхцөлтэйгөөр гэрээ хийсэн бол нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байгууллагаар төлүүлэх” гэсэн заалтыг, мөн өдрийн А******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгожээ.
2.4. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Б.Г*******ыг эрүүл мэндийн шалтгаанаар урт хугацаагаар эмчлүүлэх болсон тул 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас түр чөлөөлсөн байна.
3.1. Дээрх гомдлыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/******* дугаар албан бичгээр “...гомдолд дурдсан асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэх хариу өгчээ.
Гэтэл шинээр Нийслэлийн Байгаль орчны газрын даргаар томилогдсон Д. Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ дугаар тушаал гарган намайг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байх тул энэ асуудлаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан боловч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04/******* тоот албан бичгээр энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Д. Б******* нь намайг чөлөөлсөн тушаал гаргахдаа дараах хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
Төрийн албаны тухай хуулийн 43.3.4-д хэн ч ойлгохоор тодорхой зааснаар байхад тус хуулийн 46.1.1 дэх заалт /хуульд өөрөөр заагаагүй бол бие эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон/ заалтыг шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон.
Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж, сонсох ажиллагаа явуулаагүй, намайг мэдэх эрхээр хангаагүй бөгөөд би чөлөөлөгдсөн талаараа 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу өөрөөр хэлбэл 13 хоногийн дараа Монгол шуудан хүлээн авч мэдсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас намайг чөлөөлөх шийдвэр гаргах гэж байгаа болон гарсан талаараа надад өмнө нь ямар ч хэлбэрээр мэдэгдээгүй.
Иймд миний эрх зүйн байдлыг хуулиар хамгаалж, нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг хүчингүй болгож, мөн Нийслэлийн Байгаль орчны газрын даргатай байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн БОГ/ дугаартай гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон тасарсан саруудыг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.
Б.Г******* нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлд хамаарч байгаа болно. Гэтэл Төрийн албаны хуулиар тодорхой зохицуулсан харилцааг өөр хуулиар орлуулж, хөдөлмөрийн дотоод журамд хууль зөрчсөн заалт оруулснаар Б******* дугаар тушаал хууль зөрчиж гарсан.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д "Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно" гэсэн зохицуулалтаас үзэхэд байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд эргэн орох нөхцөлтэй гэрээ хийх тухай заалт байх боломжгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Ажил олгогч...хууль тогтоомжид нийцүүлэн..., байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзсэн учраас хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч Б.Г*******ыг түр чөлөөлсөн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн. Харин сонсох ажиллагааны тухайд хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд мэдэгдсэн ч зөвхөн энэ үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд газрын даргын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.9-т заасныг болон чөлөө олгох тухай Б******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, БОГ/ дугаартай гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А дугаар тушаалаар тус газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.3.9 дэх заалтыг, мөн өдрийн А******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид чөлөө олгосон 2024 оны Б******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, БОГ/ дугаартай гэрээг цуцалсан байна.
1.2. Нэхэмжлэгч нь дээр дурдсан тушаалуудад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тус тушаалууд хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас түр чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж үзлээ.
1.3. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтын зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлэх шаардлагатай бол төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1 жил хүртэлх хугацаагаар биеэ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны чөлөө олгуулах тухай хүсэлтийн агуулгатай маргаан бүхий тушаал нийцсэн байна.
2.1. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2024 оны Б******* дугаар тушаалд дээрх заалтыг нэхэмжлэгчид чөлөө олгох зорилгоор хэрэглэсэн хуулийн зохицуулалт бус харин тус тушаалын 3 дахь заалтаар Б.Г*******ыг чөлөөтэй байх хугацаанд түүний хариуцсан ажил, үүргийг улсын ахлах байцаагчид хариуцуулсантай холбогдуулан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2.2. Иймд нэхэмжлэгчийн “...Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4-д зааснаар 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон үндэслэлээр чөлөө олгосон …” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
3.1. Учир нь Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Э*******, Б.Г******* нар 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Төрийн албан хаагчид чөлөө олгох тухай” БОГ/ дугаар гэрээг цуцалж, нэхэмжлэгчид чөлөө олгосон тушаалыг хүчингүй болгосон А******* дугаар тушаал хүчин төгөлдөр тул Нийслэлийн Байгаль орчны газрын дарга 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ дугаар тушаалыг сонсох ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон ч нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.
3.2. Иймд Нийслэлийн Байгаль орчны газрын даргын байгуулсан 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн БОГ/ дугаартай гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон тасарсан саруудыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН