Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2021/00073

 

Х.Н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00711 дугаар шийдвэртэй, Х.Н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Назерке нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны буюу төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийсэн тул цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 40.252.363 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ/2017/0058 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0728 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 535 тоот тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг /2017.07.25-ны өдөр/ оролцуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан нэхэмжлэгч миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу төрийн өөр байгууллагад ажилласны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 4.201.241 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 тоот тушаалаар намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон болно. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүг тооцож цалингийн олговор олгох ёстой байсан боловч энэ үүргээ аймгийн Засаг даргын Тамгын газар биелүүлээгүй. Иймд миний дараах тооцооллын дагуу ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлсний цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг нэхэмжилж байна.

2017 оны 2 дугаар сарын байдлаар буюу намайг ажлаас чөлөөлөх үед аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар тушаалаар 645.556 төгрөг буюу Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоол ёсоор цалингийн сүлжээний төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5%, дэс түшмэл ангиллын тэргүүн зэрэг дэвийн нэмэгдэл 20%, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тушаал, шийдвэр гаргаж Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүний нийтлэг жишгийг батлах тухай 105 дугаар тогтоолын дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэсний 30%-ийн нэмэгдэл, урамшуулал, Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д зааснаар эрх бүхий албан тушаалтнаар томилогдож, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан журмын гуравдугаар зүйлийн 3.1-д заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны ажил үүргийг хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл урамшуулал хөлс авдаг байсан. Тухайн үеийн цалин хөлсийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх сарын цалин хөлсөнд 1.258.834 төгрөг, зарим сард 1.294.834 төгрөг авч байсныг нотолно шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр нь баталсан.

Миний бие Засгийн газрын 2014 оны 332, 2018 оны 264, 2019 оны 24, 277, 472 дугаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг тогтоох тухай тогтоолуудын дагуу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1.258.834 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар дуустал сар бүр 1,359,540 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сар дуустал сар бүр 1,498,422 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,568,479 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1,658,958 төгрөгийн цалин авах тооцоо гарч байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан заалтыг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 25-аас 2021 оны 6 дугаар сарын 30-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны болон төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийснээр цалин хөлсний зөрүүгийн олговорт 40.252.363 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.       

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: “Хари овогтой Нурханатын нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. X.Нурханат нь Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ/2017/0058 дугаар шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 тоот тушаалаар томилогдсон. Энэ хугацаанд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гарах үед төрийн өөр байгууллагад ажилласан цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 4.201.241 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах шийдвэр гарсны дагуу тухай мөнгө бүрэн төлөгдсөн болно. Бусад нэхэмжлээгүй цалингийн олговрыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  9 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00711 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс 21104196 төгрөгийг гаргуулан Х.Н ад олгож, илүү нэхэмжилсэн 19148167 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч Х.Н нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00711 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоол, 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөлөөс томилж чөлөөлдөг.

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тогтоолын дагуу томилогдсон албан тушаалтанд зохих нэмэгдлийг өгч ажиллуулж ирсэн. Харин Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 2.5-д “салбар зөвлөл бүхий байгууллага нь төрийн албан зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр салбар зөвлөлийн орон тооны ...., нарийн бичгийн дарга ажиллуулж болно” гэж заасны дагуу салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг орон тооны байхаар тогтоож, уг албан тушаалд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж улмаар шалгалтын дүнгээр 2020 оны 245 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг харгалзахгүйгээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд Х.Н ад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэсний 30%-ийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00711 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй боловч тооцооллын алдаа гаргасан байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулав.

 

Х.Н  нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийсэн тул цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 40.252.363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилтны ажилгүй байсан нийт хугацааны  олговорт 21.104.196 төгрөгийг гаргуулж, 19.148.167 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Х.Н  нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлөгджээ. Тэрээр уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн 110/ШШ2017/0058 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0728 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дугаартай “Х.Н ыг ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан  мэргэжилтнээр томилсон байна.

            Нэхэмжлэгч Х.Н дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн 110/ШШ2017/0058 дугаартай шийдвэрээр 1.258.834 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, талууд энэ талаар маргаангүй болно. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бол түүнийг дахин нотлохгүй тул ажилтны дундаж цалин хөлсийг 1.258.834 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Хэрэгт цугларсан баримтуудад тулгуурлан ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /47 сар х 1258834/ 59.165.198 төгрөгөөс түүний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэлийн үндэслэлд заасанчлан төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийж байсан хугацаанд авч байсан цалин 38.061.002 төгрөгийг хасаж /59165198-38061002/ 21104196  төгрөг гаргуулахаар тооцохдоо тооцооллын алдаа гаргаж төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийж байсан хугацаанд авч байсан цалинг нэмэхдээ /3931965+9053128+10276471+10859526+3969912/ 38091002 төгрөг байхыг 38061002 төгрөг гэж алдаатай тооцсон байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасан зохицуулалтыг хэрэгт үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Иймд хариуцагчийн “Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоол, 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу салбар зөвлөлийн ...нарийн бичгийн дарга...-ыг Төрийн албаны зөвлөлөөс томилж чөлөөлдөг. ...Х.Н ад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэсний 30%-ийн нэмэгдлийг олгохоор  шийдвэрлэсэн нь буруу” гэх хууль зүйн үндэслэлгүй давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00711 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “21104196” гэснийг “21074196” гэж, “19148167” гэснийг “19178167” гэж, 2 дахь заалтын “263470” гэснийг, “263321” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад  заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                                                          

                                                                                                            Д.КӨБЕШ