| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0075/Э |
| Дугаар | 000084 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 000084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бөд холбогдох эрүүгийн 1825000000065 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Суурь машины механик инжинер мэргэжилтэй, Бат-Монгол хийц ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Д-ийн Б
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр О.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчийн хавиргыг хугалсан нь миний буруу. Хохиролд 200.000 төгрөг өгсөн. Хүн зодсондоо гэмшиж байна гэв.
-Хохирогч О.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Б 2017 оны 10 дугаар сарын эхээр машин дотор миний үснээс зулгааж, гар утсаараа толгой руу нүдэж зодсон. Мөн 10 дугаар сарын 06-ны өдөр Бат-Монгол хийц ХХК-ийн ажлын байран дээрээ 2 ажилтантайгаа архи ууж байгаад намайг Алтанцоож гэдэг ажилтантайгаа хардаж ширээн дээр байсан аягаар Алатнцоожийн толгой руу цохиж, миний нуруу руу нэг удаа өшиглөж зодсон. Тэгээд гэртээ хариад 2 хоног хөдөлж чадахгүй цээжний хэсгээр хөндүүртэй байсан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Даваа гаригт эмнэлэг орж зураг авахуулахад баруун талын 11 дүгээр хавирга хугарчихсан байсан. Түүний дараа дахин зодож зүүн талын хавиргыг гэмтээж байсан. Сая 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр машин дотор ярьж сууж байгаад миний толгой руу цохиж зодсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,
-Гэрч Ч.Алтанцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: О.Б бага зэрэг согтсон байсан. Тэр намайг хайраа гэж дуудсан гэж байсан. Би сонсоогүй, тэгж хэлснийг нь санахгүй байна. Тэгсэн чинь захирал Б над руу хундага шидэх шиг болсон. Тэр жижиг хундага нь миний толгойг шүргээд гарсан. Ямар нэг гэмтэл учруулаагүй, онож цохиогүй. Одоо миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Юунаас болж над руу хундага шидсэн талаар мэдэхгүй байна. Эхнэртээ л уурласан байх гэж бодож байна. Захирлын эхнэр тоглоод тэгж хэлсэн байх гэж бодож байна. Одоо бид нарын дунд маргаантай асуудал байхгүй тэр өдрийн маргааш захиралтай уулзахад согтуудаа хундага шидсэн байна гэж надаас уучлалт гуйсан гэсэн мэдүүлэг /хх 18ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 138 дугаартай: О.Бгийн биед баруун талын 11 дүгээр хавирганы далны шугамаар далд зөрөөтэй хугарал, зүүн доод зовхи, зүүн шуу, хүзүү, цээж, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хавирганы хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хавирганы хугарал нь хуучин гэмтэл /2017 оны 10 дугаар сард үүсч байсан/, бусад гэмтэл нь шинэ гэмтэл гэсэн дүгнэлт /хх-ийн 14 ху/,
-Д.Бийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 38-39 ху/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багт үйл ажиллагаа явуулдаг Бат монгол хийц ХХК-ийн ажлын байран дээр хамтран амьдрагч О.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч О.Бгийн... 2017 оны 10 дугаар сарын эхээр машин дотор миний үснээс зулгааж, гар утсаараа толгой руу нүдэж зодсон. Мөн 10 дугаар сарын 06-ны өдөр Бат-Монгол хийц ХХК-ийн ажлын байран дээрээ 2 ажилтантайгаа архи ууж байгаад намайг Алтанцоож гэдэг ажилтантайгаа хардаж ширээн дээр байсан аягаар Алатнцоожийн толгой руу цохиж, миний нуруу руу нэг удаа өшиглөж зодсон. Эмнэлэг орж зураг авахуулахад баруун талын 11 дүгээр хавирга хугарчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/, гэрч Ч.Алтанцоож /хх 18 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед баруун талын 11 дүгээр хавирганы далны шугамаар далд зөрөөтэй хугарал, зүүн доод зовхи, зүүн шуу, хүзүү, цээж, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт үүссэнийг тогтоосон 138 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ