Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2021/00074 

 

Х.Д ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00715 дугаар шийдвэртэй, Х.Д ийн нэхэмжлэлтэй, З.А-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа иргэн З.А ы засварын газрыг албадан нүүлгэх тухай.

Нэхэмжлэлд: Миний бие Жантекей базархул овогт Х.Д нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1055 дугаартай захирамжаар Өлгий сумын 13 дугаар баг Жана ауыл Толбо нуур-13 гудамжны 1314 тоотод байршилтай 500 м.кв газрыг өмчилж авч 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213007193 дугаарт бүртгүүлж эрхийн гэрчилгээ авсан. Мөн тухай газарт хашаа татаж цаашид ашиглахад бэлэн болгосон байсан.Өөрсдөө 9 дүгээр багт амьдардаг учир хаяа очиж эргэдэг байсан. Гэтэл 2020 оны зун миний хашааны хаалгыг хагас хааж засварын газар барьсан байсан.Би тухайн үед хэн болохыг мэдээгүй ба хүмүүсээс сураглахад З.А гэдэг залуу тухайн засварын газрыг барисан байсан.Түүнтэй уулзаж учир байдлыг хэлэхэд би хүнээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, бусад асуудлыг мэдэхгүй гэсэн.Тэгэхээр нь газрын албаны холбогдох хүмүүстэй уулзаж тодруулахад Өлгий сумын Засаг даргын 2018 оны 314 дүгээр захирамжаар миний өмчлөлийн газартай залгаа 142 м.кв газрыг Айжан гэдэг хүнд эзэмшүүлсэн, дараа нь мөн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/33 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээг 260 м.кв болгон нэмэгдүүлж Зухайн Ардан гэгчид гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байсан.Би энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл өгсөн боловч ямар ч хариу өгөөгүй.Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр маргаан шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан.Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/576 дугаартай албан бичгээр миний өргөдлийг Өлгий сумын Засаг даргад шилжүүлсэн.Өлгий сумын Засаг дарга миний өргөдлийг холбогдох хүмүүст шилжүүлсэн ба тухайн хүмүүс нь цаг тухайд арга хэмжээ авахгүй байлгаж байгаад Өлгий сумын газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр маргаантай газрыг очиж үзээд ...ажлын хэсгийн зүгээс шийдвэрлэх боломжгүй тул дараагийн маргаан шийдвэрлэх шатны байгууллагад шилжүүлэхийг зөвлөж байна гэсэн утгатай дүгнэлт гаргасан.Би эзэмшил газарт хашаа татаж хаалга суурилуулах зайг үлдээгээд байсан.Гэтэл З.А нь миний хашааны хаалгыг хагас байдлаар хааж засварын газар барьснаас болж би гарах гарцгүй болж эрх ашиг маань зөрчигдөж байна.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасны дагуу эрхээ хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа иргэн З.А ы засварын газрыг албадан буулгаж чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Хариуцагч З.А би тус шүүхэд нэхэмжлэгч Х.Д аас гаргасан Эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа иргэн З.А ы засварын газрыг албадан буулгаж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын иргэн З.А би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн А\33 дугаартай захирамжаар Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Толбо нуур-13, 1316 тоот хашаанд 260 м.кв газрыг 48 жилийн хугацаатай эзэмшилдээ хууль ёсоор авсан юм. З.А би хууль ёсоор эзэмшилдээ авсан уг газарт 2020 оны 08 дугаар сард өөрийн хөрөнгөөр авто засварын газар буюу авто гарааш барьсан. Уг барилга байгууламж нь миний хууль ёсоор эзэмшилдээ авсан газарт багтаж байгаа ба уг барилгыг барих үед Өлгий сумын ЗДТГ-ын газрын даамалд үзүүлж байсан. Нэхэмжлэгч Х.Д  нь уг газрыг эзэмшилдээ аваад 5 жил болж байгаа боловч уг газарт байнга оршин суудаггүй зөвхөн блокоор хашаа татсан хоосон газар байгаа юм. Уг гудамжинд оршин сууж буй айл өрхүүд байнга амьдарч буй хашааны хаалгыг бүгд автозамын хэсэг рүү гаргасан байдаг. Харин Х.Д  нь манай хашаанд ордог хэсгийг хаасан гэж байгаа маргаж байна. З.А би Х.Д ын хашааны хаалгыг хаагаагүй, тэрээр уг гудамжны автомашин явдаг замын хэсэг тийшээ хашааны хаалга гаргаж чөлөөтэй орж гарах боломжгүй гэж үзэж байна. Х.Д ын маргаж буй хаалгаа нь манай өрхийн эзэмшлийн хашаан дотор байгаа тул түүний ямар нэгэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон зүйл байхгүй байна. Харин тэр нь манай эзэмшлийн хашаан дотроос хаалга гарган миний газар эзэмших эрхэнд саад болж байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Х.Д ын Эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа иргэн З.А ы засварын газрыг албадан буулгаж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00715 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д ын эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа иргэн З.А ы засварын газрыг албадан буулгаж чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “1.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь зөв үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний хүү Х.Д  нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1005 дугаартай захирамжаар Өлгий сумын 13 дугаар баг Жана ауыл Толбо нуур-13 гудамжны 1314 тоотод байршилтай 500 м.кв газрыг өмчилж авч өмчлөлийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ авч тухайн газарт шавар блокоор хашаа татсан.

Гэтэл 2020 оны зун З.А гэгч манай хашааны хаалгыг хагас хааж засварын газар барьсан байсан.Ингэж засварын газар барихдаа бидэнд огт мэдэгдээгүй.бид энэ асуудлыг засварын газар барьсаны дараа мэдэж аймгийн ГХБХГ, дараа нь аймгийн Засаг даргад тус тус гомдол гаргасан.

Аймгийн Засаг дарга өргөдлийг Өлгий сумын Засаг даргад шилжүүлсний дагуу тус сумын газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсэг газар дээр нь очиж үзээд тухайн газрыг З.А-д эзэмшүүлэхдээ хөршийн зөвшөөрөл аваагүй, тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг эзэмшүүлсэн, ажлын хэсгийн зүгээс шийдвэрлэх боломжгүй учир зохих байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсний дагуу шүүхэд хандсан байсан.

Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд З.А ы барьсан засварын газрын барилга нь Х.Д ийн барьсан хашааны 6 метр хаалганы 2.8 метр хэсгийг хааж баригдсан нь тогтоогдсон.Мөн З.А нь одоогоор тухайн газарт хашаа татаагүй учир Х.Д ийн хашааны хаалганы 2.8 метр хэсгийг хаасан гэж үзэх үндэсгүй, цаашид хашаа татахад бүхэлд нь хаах нөхцөл байдалтай байгаа.

Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “Хэрэгт авагдсан баримтуудаар болон үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Х.Д ийн өмчлөлийн газарт хөрш залгаа газар болох З.А ы эзэмшлийн газарт 8.2 м х 9.2 м хэмжээтэй гараашийн барилга баригдсанаар Х.Д ийн ямар хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчих үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.Нэхэмжлэгч хашааны хааягыг хашааны өөр хэсгээс гаргах боломжтой байх тул хашааны хаалганы зарим хэсгийг З.А ы барьсан 8.2 м х9.2 м хэмжээтэй гараашийн барилгыг албадан чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Х.Д  тухайн газарт хашааг З.А газар эзэмшихээс өмнө барьсан, З.А засварын газар барих үед хашааны хаалгыг тухай хэсгээр гаргасан нь тодорхой байсан, үүнийг хариуцагч тодорхой мэдэж байсан мөртлөө зориуд хашааны хаалгыг хааж барьсан, цаашид З.А хашаа татахад хашааны хаалгыг бүхэлд нь хаахаар байгаа зэрэг бодит нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд харамсаж байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалуулах эрхтэй” гэж, 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Х.Д  500 м.кв газрын хууль ёсны өмчлөгч учир тухайн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглах эрхийн хүрээнд хашаа татаж хаалга гаргасан байсан.З.А ы хашааны хаалга гаргасан хэсэгт засварын газар барьж хаалгыг хааж байгаа үйлдэл нь Х.Д ийн өмчлөх эрхэд халдаж байгаа, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдэл бөгөед үүнийг таслан зогсоолгохоор шүүхэд хандсан.

Гэтэл шүүх түүний дээр дурдсан эрхэд халдаж зөрчигдсөн эрхийг хамгаалахын оронд “...Нэхэмжлэгч хашааны хаалгыг хашааны өөр хэсгээс гаргах боломжтой...” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2.Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан маргаан бүхий газрыг өмнө нь эзэмшиж байсан гэх Айжан, мөн З.А нарын хувийн хэрэгт байгаа холбогдох нотлох баримтуудыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас гаргуулж хэрэгт хавсаргаж өгөх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Эдгээр нотлох баримтуудыг гаргуулж авснаар З.А-д тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр хэрхэн гарсан, тухайн шийдвэрийг ямар албан тушаалтан гаргасан, өмнө нь ямар хүн эзэмшиж байсан, ямар үндэслэлээр З.А ы нэр дээр шилжүүлсэн, газрын хэмжээг ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдох байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчиж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 3 Арданд газар эзэмшүүлсэн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж өгөх хүсэлт гаргасан боловч мөн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00715 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргаж өгнө үү.”  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Х.Д  нь хариуцагч З.А-д холбогдуулж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Жана ауыл “Толбо нуур-13” гудамжинд байршилтай  хариуцагч З.А ы барьсан засварын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

                Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалбал нэхэмжлэгч Х.Д ын  өмчилж авсан  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Жана ауыл “Толбо нуур-13” гудамжны 1314 тоотод байршилтай 500 м.кв газрын хажууд хариуцагч З.А 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн эзэмших эрхийн гэрчилгээгээр авсан 260 м.кв газарт засварын газар барьснаас болж нэхэмжлэгч  Х.Д ын хашааны хаалга гаргах хэсгийг хаасан гэх маргааны үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Х.Д  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Жана ауыл “Толбо нуур-13” гудамжны 1314 тоотод байршилтай 500 м.кв өмчилдөг  болох нь 000451585 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн хариуцагч З.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Жана ауыл “Толбо нуур-13” гудамжны 1316 тоотод байршилтай 260 м.кв газрыг эзэмшдэг болох нь 000063327 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

                Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Жана ауыл “Толбо нуур-13” гудамжинд байршилтай, зохигчийн маргаж байгаа газарт 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр нэхэмжлэгч Х.Д ийн хариуцагч З.А ы эзэмшил газар талдаа гаргасан хашааны халгааны урт нь 6м, хариуцагчийн  засварын газартай давхацсан хэсэг нь 2,8м, Х.Д ын хашаа болон З.А ы засварын газрын урд талд гудамжтай ба нэхэмжлэгч Х.Д ын 500 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч З.А ы засварын газар саад болсон гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хашааны хаалгаа хөрш залгаа орших хариуцагчийн газар тал руу биш гудамж тал руу гаргах боломжтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болжээ.

 

Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоохдоо нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгч хашааны хаалгыг өөр хэсгээс гаргах боломжтой гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. З.А-д газар эзэмшүүлсэн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тул шүүх хуралдааны хойшлуулж өгөх хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.” гэх давж заалдах гомдол гаргасан нь баримтанд үндэслэгдээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                               

 

Д.КӨБЕШ