Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 000115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1825000000037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: М Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-д вагоны машинист ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг, 6-12-32 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овгийн Д-ын Б

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-17-26 тоотод согтуугаар Ц.Гантулгыг гал тогооныхоо өрөөний шалан дээр унтаж байхад дээрээс нь буцалж байсан халуун хоол асгаж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой 17 цагт ажлаа тараад Ц.Г бид хоёр хамт явж горд ороод 0.75 литрийн ерөөл архи авч Гантулгын гэрт орж хувааж ууж байтал Г өөрийн найз Жака  /Жанарбек/ гэдэг  залууг утсаар дуудсан. Архиа хувааж уучихаад дахиад 0.75 литрийн ерөөл архи авч хувааж ууж байгаад дуусахын алдад Г гал тогооныхоо өрөөний дунд сууж байгаад газар тасраад унасан. Жака бид хоёр үлдсэн архиа хувааж уучихаад Жака харилаа гээд гараад явсан. Нэг мэдсэн чинь би плетка дээр буцалж байсан хоолыг аваад шалан дээр унтаж байсан Гантулгын дээрээс асгаж байгаад өөрийнхөө зүүн гарыг түлчихсэн байсан. Эмчилгээний зардалд 1.641.000 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Хохирогч Ц.Г-ын ...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хамт ажилладаг Б, найз Жанарбек нарын хамт 2 шил архи хувааж уусан. Тухайн үед эхнэр Наранчимэг гал тогооны өрөөнд хоол хийж байсан. Бид нар бас гал тогооны өрөөнд архи ууж байсан. Сүүлийн архи бараг дуусч байхад Жанарбек гэртээ харилаа гэж хэлээд гараад явсан. Би үлдсэн архиа ууж байхдаа нилээн согтоод нойр хүрээд байхаар нь Бт би жаахан унтлаа гэж хэлчихээд гал тогооны өрөөнд газар хэвтчихсэн. Тухайн үед жаахан зүүрмэглэж байхад гэнэт толгой, нуруу, чих, гарын ойр хавиар халуу дүүгэхээр нь хашгираад газраас босоход Б гартаа хоолны савыг барьчихсан зогсож байсан. Эхнэр маань намайг нойлын өрөөнд оруулж усаар шүршээд эмнэлэгт хүргэж ирсэн. Эхнэр надад хэлэхдээ Б буцалж байсан хоолны савыг бариад эргэж хараад чиний дээрээс халуун хоол асгачихсан гэж хэлсэн. Миний нуруу, хүзүү, шанаа, 2 гарын шуунд 2-3 дугаар зэргийн түлэгдэлт үүссэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлээд 2018 оны 01 дүгээр сарын 16-нд эмнэлэгээс гарч Орхон аймагт ирсэн гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

 

-Гэрч Н.Наранчимэгийн: Хэсэг хугацааны дараа гал тогооны өрөө рүүгээ яваад ортол Жанарбек гараад явчихсан, Б хаалганы хажуу талын сандал дээр гараа дээшээ, доошоо хөдөлгөөд сууж байсан. Тэгэхээр нь би жижиг өрөө рүүгээ ороод хүүгээ энэ ахыгаа гэрт нь хүргээд өг гэж хэлээд буцаад гал тогооны өрөөнд ортол Б плетка дээр буцалж байсан савтай хоолыг манай нөхрийн дээрээс асгатал нөхөр орилоод босоод ирэхээр нь би гүйж очоод нөхрийнхөө фодволкийг тайлаад ванны өрөө орж хүйтэн усаар шавшиж өгөөд эмнэлэг орж боолт хийлгэсэн. Б савтай хоолыг барьчихсан манай нөхрийн дээрээс хүүе гэхийн завдалгүй асгачихсан гэсэн мэдүүлэг /хх 25-26 ху/

  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 200 дугаартай шинжээчийн...Ц.Гантулгын биед нуруу, хүзүү, шанаа, 2 гарын шуунд 2-3-р зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 75 ху/,

 

-Д.Бийг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-39 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Д.Бийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр 1-17-26 тоотод согтуугаар Ц.Гантулгыг гал тогооныхоо өрөөний шалан дээр унтаж байхад дээрээс нь буцалж байсан халуун хоол асгаж  эрүүл мэндэд нь нуруу, хүзүү, шанаа, 2 гарын шуунд 2-3-р зэргийн түлэгдэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Гантулгын жаахан зүүрмэглэж байхад гэнэт толгой, нуруу, чих, гарын ойр хавиар халуу дүүгэхээр нь хашгираад газраас босоход Б гартаа хоолны савыг барьчихсан зогсож байсан гэсэн мэдүүлэг, гэрч Н.Наранчимэгийн Б савтай хоолыг барьчихсан манай нөхрийн дээрээс хүүе гэхийн завдалгүй асгачихсан гэсэн мэдүүлэг,  хохирогчийн биед нуруу, хүзүү, шанаа, 2 гарын шуунд 2-3-р зэргийн түлэгдэл гэмтэл үүссэнийг тогтоосон 200 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохиролд 1.641.000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.

 Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ