Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/031

 

С.Туулд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Оюунбат

Хохирогч П.Отгонбаярын өмгөөлөгч Д.Мэндээ

Хохирогч С.Батсайхан /цахимаар/

Иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од /цахимаар/

Шүүгдэгч С.Туул, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 2 дугаар сарын сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор С.Туулд холбогдох эрүүгийн 2214001790328 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сэлэнгийн Туул, регистрийн дугаар /ДЖ94072900/

Шүүгдэгч Боржигон овогт Сэлэнгийн Туул нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Prius-20 маркийн  02-43УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Corolla Fielder-E160 маркийн 02-58УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Toyota Corolla Fielder-E160 маркийн 02-58УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Отгонбаярын биед хүндэвтэр, С.Батсайханы биед хүнд, Prius-20 маркийн  02-43УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн биед хүндэвтэр, хохирол тус тус учруулж, Б.Бямбаагийн амь насыг  хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Туулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч Боржигон овогт Сэлэнгийн Туулыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Туулыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  гурван / 3 / жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Туулын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар тогтоож, уг ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Туулд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс  тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч С.Туул нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Туулаас 20,286,940 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн /100900020080 / санд олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч С.Туулаас  машинд учирсан хохирол болох зөрүү 12.578.879 төгрөгийг   гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэд олгож,

Хохирогч П.Отгонбаярын өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, хохирогч Б.Батсайханы гар утасны үнэ 1.690,414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Отгонбаяр, Б.Батсайхан нар нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч С.Туул нь насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвбаяр, хохирогч Б.Батсайхан, П.Сүлд-Эрдэнэ, Г.Сэлэнгэ, иргэний нэхэмжлэгч Л.Баярсайхан нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч С.Туулд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Туулд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Буянт овогт Пүрэвжавын Сүлд-Эрдэнэ нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн Дугаар: 2024/ШЦТ/53 тоот Шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэгч, иргэний хохирогч П.Сүлд-Эрдэнэ надад холбогдох хэсгийн зарим зүйлийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

П.Сүлд-Эрдэнэ миний бие уг Шийтгэх тогтоолд дурдсан авто ослын улмаас өөрийн унаж явсан Тоёото Королла Фийлдэр Е160 маркийн 02-58УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бүрэн сүйрэл амссан бөгөөд уг хохиролд даатгалын байгууллагаас авсан нөхөн төлбөрийн зөрүү, үлдэгдэл хохирол, төлбөр болох 12 578 879 (арван хоёр сая таван зуун далан найман мянга найман зуун далан ес) төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй болно. Гэтэл уг Шийтгэх тогтоолд дараах байдлаар энэ хохирол төлбөрийг миний бие авсан юм шиг бичигдсэнийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Уг Шийтгэх тогтоолын 15 дугаар хуудасны хамгийн дээд талын догол мөрний дээрээс 4 дэх мөрөнд “... хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч С.Туулаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нөхөн төлөх талаар завсарлага авч, иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнийн машинд учирсан хохирол болох зөрүү 12 578 879 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Туулаас 12 578 879 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэд олгож шийдвэрлэлээ.” гэж уг хохирол төлбөр болох 12 578 879 төгрөгийг миний бие авсан юм шиг байдлаар бичигдсэн.

2. Уг Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дугаарт дээр дурдсан “12 578 879 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэд олгосугай.” гэж заасан мөртөө Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 9 дугаарт “Шүүгдэгч С.Туул нь, П.Сүлд-Эрдэнэ, нарт төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.” гэж 7 болон 9 дугаар зүйлүүд нь хоорондоо зөрүүтэй, бие биеэыг үгүйсгэсэн байдлаар бичигдсэнийг нэг мөр ойлгогдохоор болгож, өөрөөр хэлбэл уг Шийтгэх тогтоолын 15 дугаар хуудасны “... хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч С.Туулаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нөхөн төлөх талаар завсарлага авч, иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнийн машинд учирсан хохирол болох зөрүү 12 578 879 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч С. Туулаас 12 578 879 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэд олгож шийдвэрлэлээ” гэснийг “ ... П.Сүлд-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэлээ” гэж мөн уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дугаар “Шүүгдэгч С.Туул нь ... П.Сүлд-Эрдэнэ, ... нарт төлөх төлбөргүй, ... болохыг тус тус дурдсугай.” Гэснээс “... П.Сүлд-Эрдэнэ...” гэснийг хасаж /авч хаяж/ хохирогч намайг хохирол төлбөрөө авах, шүүхийн шийдвэрийг хоёрдмол утгагүй, нэг мөр ойлгогдох боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын 7 болон 9 дүгээр заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

Хохирогч П.Отгонбаярын өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын 7 болон 9 дүгээр заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

П.Сүлд-Эрдэнийн зүгээс С.Туулд оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар гомдол гаргаагүй, анхнаасаа гомдолгүй гэдгээ илэрхийлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ...иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэ нарт төлөх төлбөргүй... гэсний ...П.Сүлд-Эрдэнэ... гэснийг хасаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч  С.Туул нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  Prius-20 маркийн  02-43 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно “ гэж заасныг  зөрчиж Toyota Corolla Fielder-E160 маркийн 02-58УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Отгонбаярын биед хүндэвтэр, С.Батсайханы биед хүнд хохирол, өөрийн машинд  зорчиж явсан  насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн биед хүндэвтэр  хохирол  учруулж, Б.Бямбаагийн амь насыг  хохироосон  гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар талд авагдсан “...өөдөөс саарал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж... хажуугаар зөрөх гэж байхдаа гэнэт миний машины өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед торомз гишгэх ямар ч боломж байгаагүй гэнэт л дараад ороод ирсэн. ...тэр эмэгтэй надад "аав жаахан архи уусан байсан юм, тэгээд намайг араас татаад гэл үү, яагаад гэлээ нэг зүйл болоод тэгээд урсгал сөрөөд таныг мөргөчихлөө уучлаарай" гэж хэлсэн.  Мөргөлдөхөөс өмнө нь 70 гаран км цагийн хурдтай явж байсан...” гэх хохирогч П.Сүлд-Эрдэнийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 40-43,73-74  дүгээр талд тус тус авагдсан “...Би тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. ...сэрсэн чинь урдаас нэг машин тулж ирээд миний сууж явсан машинтай мөргөлдсөн... , “...нэг сэрэхэд өөдөөс гэнэт машин орж ирээд мөргөлдсөн. Жолоочийн эсрэг талын суудал дээр нэг эгч сууж явсан ард 2 ах миний 2 хажуу талд суусан би голд нь суусан байсан... Машин дотор 2 жаахан хүүхэд, 2 хөгшин хүн байсан, урд суудал дээр нэг хөгшин эгч ямар ч ухаангүй байсан. Харин ард суудал дээр суусан байсан хөгшин ах ухаантай архи уусан бололтой архи үнэртээд согтуу байсан. Тэгээд би жолооч эгчээс яасан талаар асуухад "аав архи уугаад тэгээд аавтай маргалдаад явж байхад аав надаас архи нэхээд араас татаад байсан. Тэгээд би аав руу эргэж харж байх даа л урсгал сөрж ороод ийм зүйл болчихлоо" гэж надад хэлсэн. ...Миний баруун гарын зөөлөн эд гэмтсэн бусдаар зүгээр байгаа...утасны хохирлоо л барагдуулж авмаар байна...” гэх  хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр талд авагдсан “...манай машин саарал өнгийн цагаан өнгийн Приус 20 маркийн машинтай мөргөлдсөн. ...100 км цагийн хурдтай явж байсан байх...” гэх хохирогч П.Отгонбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “... Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу охин Туул түүний 2 хүүхэд, эхнэр талийгаач Бямба нарын хамт охины приус 20 маркийн тээврийн хэрэгслээр гарсан... Эмч нар үзээд зүүн талын 2-3 хавирга хугарсан байж болзошгүй гэж хэлсэн тэр хэсгээрээ өвдөөд байгаа. Манай охин өөрийн эгнээгээ эзлээд явж байсан...” гэх гэрч Г.Сэлэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар талд авагдсан “...2 тээврийн хэрэгсэл зам дээр мөргөлдсөн. Яг урд урдаасаа харсан байсан. Тэгэхэд би машинаасаа буугаад яваад очиход приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машиныхаа гадаа хэвтэж байсан. Урд нь нэг хөгшин эмэгтэй ямар ч ухаангүй сууж байсан. Арын суудал дээр нэг эрэгтэй хөгшин сууж байсан. Урд суудал дээр сууж байсан эмэгтэй л ганцхан ухаангүй байсан, бусад нь бол ухаантай байсан. Харин нөгөө машины гадаа 4 эрэгтэй байсан. 2 нь хэвтэж байсан, ухаантай байсан. 2 залуу нь бол гайгүй байсан..." гэх гэрч О.Дашхүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 90-99 дүгээр талд авагдсан “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины зүүн зулайн оройн хэсэг, баруун чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хэнхэрцэг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р, зүүн 1,2,3, 4, 5, 7-р хавирганы шууд хугарал, цээжний хөндийн баруун талд /500 гр/, зүүн талд /900 гр/ шингэн цус хуралдалт, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, зүрхний баруун тосгуурын ханын урагдсан шарх, элэгний эдийн няцрал, өвчүү ясны дээд хэсгийн хөндлөн хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн дотор доод хажуу хэсгийн цус хуралт, бөөрний өөхөн эдийн цус хуралт, зүүн шуу болон богтос ясны доод 1/3 хэсгээр хөндлөн ташуу зөрсөн хугарал, дунд чөмөг ясны доод 1/3 хэсгээр зөрсөн ташуу хугарал, зүүн эрхий хуруу, бугуй, гуяны зүсэгдсэн шарх, баруун бугалга, сарвуу, цээж, зүүн гуя, шилбэ, өвдөг, тавхай, эрхий хуруу, 2-р хуруу, 4-р хуруу, бугалга, баруун гуя, шилбэ, тавхай, өгзөг, 2-р хурууны цус хуралт, дух, баруун хацар, хамар, ооч, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 3.1.3, 3.1.10. 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 Талийгаач нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...зүүн шууны хатги буюу арьсны идээт буглаа үрэвсэлт өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй,  цуснаас спиртийн агууламж илрээгүй болно. Мөн цус нь АВО системээр О1-р бүлгийн харьяалалтай байна...” гэх Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар талд авагдсан “ П.Отгонбаярын биед зүүн дунд чөмгөний 1/3 хэсгээр зөрүүтэй сэлтэрхийгүй хугарал, тархи доргилт, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, амь насанд аюулгүй,тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 467 дугаар дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 110-116 дугаар талд авагдсан “ С.Батсайханы биед тухайн үед цээжний хэнхэрцгийн баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р, зүүн 4, 5, 6, 7, 8, 9-р хавиргануудын зөрүү ихтэй хугарал, өвчүү ясны их биеийн хугарал, баруун, зүүн уушгины ар гадаргуугийн эдийн няцрал, уналт, плеврийн хөндийд хий, шингэн хуралдалт, сээрний 1, 4, 5-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэн, сээрний 4-р нугалмын их биеийн урд доод үзүүрийн сэлтэрсэн, 5-р нугалмын их биеийн бяцарч шахагдсан хугарал, холбоосны урагдал, нугасны дарагдал, зүүн атгаал ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай.  тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу тухайн ослын үед нэгэн зэрэг үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 31.6. 3.1.10. 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх  Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 651 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 122-127 дугаар талд авагдсан “...С.Туулын биед тухайн үед бүсэлхийн 3- нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, булчингийн цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо. гэмтэл нь амь насанд аюулгүй  тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу тухайн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дүгээр талд авагдсан “...Г.Сэлэнгийн биед тархи доргилт, зулайн хуйх, духны хуйх бүсэлхийн зулгаралт, зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, зүүн шилбэний зулгаралт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, амь насанд аюулгүй, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой,

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 сарын 30-ны өдрийн 464 дугаар дүгнэлт,          

1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дугаар талд авагдсан “... Б.Нарансолонгын биед зүүн нүдний дотор булан, дух, чамархайн хуйхны зулгаралт гэмтэл  нь амь насанд аюулгүй, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 сарын 30-ны өдрийн 465 дугаар дүгнэлт

            1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар талд авагдсан “...П.Сүлд-Эрдэнийн биед тархи доргилт, баруун, зүүн цавины цус хуралт, зулгаралт, цээжний зулгаралт гэмтэл  нь амь насанд аюулгүй, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны албаны шинжээчийн 2022 оны 6 сарын 28-ны өдрийн 468 дугаар дүгнэлт,

            1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар талд авагдсан “...Б.Батсайханы биед тархи доргилт, баруун бугуйны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, тавхай, зүүн шагайны зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюулгүй, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 6 сарын 28-ны өдрийн 469 дугаар дүгнэлт,

            1 дүгээр хавтаст хэргийн 162-169 дүгээр талд авагдсан “... Б.Төгөлдөрийн биед тухайн үед баруун аарцаг ясны хугарал, зүүн шаант болон тахилзуур яс доод 1/3 гадна хэсгээр бага зэргийн зөрүүтэй хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн субарахноидал зайн цус харвалт  гэмтүүд нь амь насанд аюулгүй, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна, мохоо хүчний зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу тухайлбал ослын үед   үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 652 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 204-206 дугаар талд авагдсан “1. П.Сүлд-Эрдэнэ биеэс авсан цус" гэсэн хаягтай цус, "Г.Сэлэнгэ" гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй болно..." гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар зарын 07-ны өдрийн 3457 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 226-235 дугаар талд авагдсан “1.Шинжилгээнд ирүүлсэн  Toyota Fielder маркийн, 02-58 УНР улсын дугаартай, NKE165-8040599 арлын дугаартай автомашины гэрэлтүүлэх хэрэгслүүд нь хэвийн ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжгүй,шинжилж буй автомашины зүүн урд явах эд анги эвдрэлтэй байна. Эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн, автомашины жолооны механизм, явах эд анги салон тоормосны систем ослын өмнө хэвийн ажиллаж байсан байх үндэслэлтэй...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 3270 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар талд авагдсан “...Тоёота королла фейлдэр маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 25.000.000 төгрөг болохыг тодорхойлов..." гэх Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 216 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар талд авагдсан “...Тоёота Приус 20 маркийн маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 13.500.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн “Энх нахиа" ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 218 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр талд авагдсан “I phone 11 маркийн гар утасны үнэлгээ 1,690,414 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн “Энх нахиа" ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 217 дугаар дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 196-197 дугаар талд авагдсан “... Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд хэргийн газрын үзлэгээр  авагдсан "А" цэг үндэслэлтэй тогтоогдсон байна. ... Toyota Corolla Fielder-E 160 маркийн 02-58УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Сүлд-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. ... Тоуоta pruis маркийн 02-43УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Туул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." заалтыг зөрчсөн байна. ... Зам тээврийн осол гарахад зам, орчны хүчин зүйлс нөлөөлөөгүй байна. ...Тоуоta pruis 02-43УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Туул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөн нь уг осол, хэрэг гарах шалтгаан болжээ...” гэх Техникийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/48-1 дугаар дүгнэлт  болон  хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч  С.Туулыг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан төрөл хэмжээний хүрээнд  ял  оногдуулсан нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ,  хохирлын шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна. 

Харин  анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын  тодорхойлох  хэсэгт   Toyota Corolla Fielder-E 160 маркийн 02-58УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын 12 578 879  төгрөгийг шүүгдэгч С.Туулаас гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэд олгохоор бичигдсэн байх боловч  тогтоох хэсэгтээ   шүүгдэгч С.Туул нь П.Сүлд-Эрдэнэд төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь  зөрүүтэй байдлыг бий болгосон буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь тогтоох хэсгээсээ зөрүүтэй болсон байх тул  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад хохирогч С.Батсайханы  эцгийн нэрийн эхний  үсгийг “Б” гэж буруу бичиж хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус, тус  хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иймд иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнийн “...хохирол төлбөр болох 12 578 879 төгрөгийг миний бие авсан юм шиг байдлаар бичигдсэн ... 12 578 879 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэд олгосугай гэж заасан мөртөө шүүгдэгч С.Туул нь П.Сүлд-Эрдэнэ нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай  гэж үгүйсгэсэн байдлаар бичигдсэнийг...”  зөвтгүүлэх агуулгаар бичсэн гомдлыг хангаж шийдвэрлэсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4 -т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 2 дугаар сарын сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад Б.Батсайхан гэснийг С.Батсайхан гэж өөрчилж,

9 дэх заалтаас “...П.Сүлд-Эрдэнэ...” гэснийг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                                                         ДАРГАЛАГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                           ШҮҮГЧИД                             Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                                                                                          Т.ГАНЧИМЭГ