Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01432

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01432

 

 

 

 

ХХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/01663 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХХК-ийн хариуцагч Д.П, Ц.О, П.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20 895 028 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Пийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ерөнхий Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, хариуцагч Д.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.П, Ц.О нар нь Хаан банктай 2011 оны 02 сарын 01-ний өдөр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 32 400 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. 2011 оны 07 сарын 07-ны өдөр Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж зээлийн барьцаанд Ц.О, П.Б нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Улмаар 2013 оны 06 сарын 27-ны өдөр Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах /орон сууцны ипотекийн зээлд шилжүүлэх/ гэрээ-г байгуулж зээлийн хүүг жилийн 8 хувийн хүүд шилжүүлсэн. Зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 18 012 671 төгрөг, хүүд 17 459 957 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 26 919 төгрөг, нийт 35 499 547 төгрөгийг төлсөн. Гэвч зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээл төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч зээлийн өр, төлбөр төлөгдсөнгүй. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14 387 329 төгрөг, зээлийн хүүд 5 971 238 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 536 460 төгрөг, нийт 20 895 028 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хаан банкнаас авсан зээлээ 2016 он хүртэл хугацаанд нь төлсөн. Мөн 2017-2018 онуудад Д.Пийн бие өвдөж уушгины хорт хавдартай болж эмчилгээ хийлгэж, зээлээ төлж чадахаа больсон. 2020 оны 02 дугаар сараас хэрэгжсэн ковид-19 цар тахлын улмаас хүү, алданги чөлөөлөх, зогсоох хөнгөлөлтөнд хамрагдаж чадаагүй. Имйд зээлийн хүү 5 971 238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 536 460 төгрөгийг төлөхгүйгээр үндсэн зээлийн үлдэгдэл 14 387 329 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.П, Ц.О нараас үндсэн зээл 14 387 329 төгрөг, зээлийн хүү 5 971 238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 536 460 төгрөг, нийт 20 895 028 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.П, Ц.О нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Ц.О, П.Б нарын өмчлөлийн барьцааны орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 332 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.П, Ц.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: П.Бийг шүүх хамтран хариуцагчаар татсан боловч П.Боос тайлбар аваагүй, шүүх хуралд П.Бийн талаар ерөөсөө яригдаагүй, тайлбар авалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчтийн эрхийг зөрчсөн. Хариуцагч Д.П 2016-2018 оны хооронд уушгины хорт хавдар туссан, хүнд өвчний улмаас эмчилгээнд явж, эмчилгээ эм тарианы зардлын улмаас зээл төлж чадаагүй. Мөн 2020 оны эхээр ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн хямралд орсон тул банкны хүү алдангийг чөлөөлж, зогсоох талаар банктай уүлзсан боловч зээлээ төлөөгүй гэдэг шалтгаанаар хөнгөлөлтөнд хамруулаагүй. Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ... эвлэрэн хэлэлцэж чадахгү, банкны удирдлагууд мэднэ, тэгээд ч удирдлагуудад энэ асуудлаар хандсан бол хасаж өгөх байсан байх гэж тайлбарласан. Иймд зээлийн хүү 5 971 239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 536 460 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Д.П, Ц.О, П.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 895 028 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 20 895 028 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч Д.П, Ц.О нар нь нэхэмжлэгч ХХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 32 400 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 68 дугаар байрны 29 тоот, 64.08 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Улмаар 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дээрх орон сууцны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, жилийн хүүг 8 хувь болгосон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Хариуцагч тал зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 27-28/ Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг дээрх зээлийн гэрээний хувьд үндсэн зээлд 18 012 671 төгрөг, хүүд 17 459 957 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 26 919 төгрөг төлсөн талаарх зээлийн бүртгэлийн карт гэх баримт ирүүлснийг зээлдэгчийн зүгээс няцаагаагүй болно. /хх 27-28/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. гэж заасан.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 14 387 329 төгрөг, зээлийн хүү 5 971 238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 895 төгрөг, нийт 20 895 028 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт гардуулсан байх бөгөөд хариуцагч нар зээлийг бүрэн төлж барагдуулна, хугацаа олгож өгнө үү гэх тайлбарлаж байсан байх боловч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зогсоох хүсэлтийг гаргаагүй байна.

Түүнчлэн, Коронавируст халдвар /Ковид-19/-ын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу Монгол банкнаас баталсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам-ын 2 дугаар зүйлд банк нь зээлдэгч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах саналыг банкны цахим хуудас, цахим шуудан, утас болон бусад хэлбэрээр хүлээн авахаар заасан бөгөөд зээлдэгчийн саналд зээлдэгчийн нэр, регистрийн дугаар, оршин суух хаяг, холбогдох утасны дугаар, зээл авсан огноо, зээлийн дүн, зээлийн гэрээний дугаар, зээлийн дансны дугаар зэрэг зээлийн нөхцлийн талаархи мэдээлэл, зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хугацаа зэрэг олон асуудлыг тусгах гэж заасан байна. Хариуцагч нь дээрх журамд заасны дагуу банкинд хандаж зээл, зээлийн хүүг хойшлуулах хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/01663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 085 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ