Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ2025/00381

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ..... тоотод үйл ажиллагаагаа явуулж буй .... ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч....., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .....ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... нь манай байгууллагаас 2023 оны 02-р сарын 20-ны өдөр Дижитал кредит 400,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулж 2023 оны 05-р сарын 06-ны өдөр 350,000 авч ашигласан бөгөөд 2023 оны 10-р сарын 20-ны өдөр төлөх байсан ч зээлийн төлөлт хийгдээгүй хугацаа хэтрэлттэй 613 хоносон байна.. Зээлдэгчийн зүгээс зээлийн эргэн төлөлт хийх хүсэл эрмэлзэлгүй гэж үзэж байна. Тиймээс гэрээний 6.3.1 /Зээлдэгч Дижитал зээлийн эрхийн хүрээнд авч ашигласан зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй/-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ..... ББСБ ХХК-ний хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ...... ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

....... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.......ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн В........ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагаас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд ......д холбогдуулж нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хэрэгт авагдсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В........ нь уг хаягтаа байхгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В...... эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлтийн дагуу В........ оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ....ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В......эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоож, албадан ирүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч ....... ББСБ ХХК-нд мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ