Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ2025/00380

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Иргэн Б.******* нь 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгино сумын Засаг даргын тамгын газраас "Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ"-ний дагуу гахайн ферм ажиллуулах зориулалтаар 6.000.000 (зургаан сая) төгрөгийг 0.25 хувийн хүүтэйгээр, 03 жил /36 сар/-ийн хугацаанд эргэн телехеер гэрээ байгуулан зээл авсан. Гэвч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Сонгино сумын Сум хөгжүүлэх санд зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,130,000 (нэг сая нэг зуун гучин мянга) төгрөгийн хохирол учирсан байна. Сонгино сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд "... Хоршоо хөгжүүлэх сангаас зээл аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй иргэдээс зээлийн төлбөрийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргаж терийг хохиролгүй болгож өгнө үү..." гэжээ. Тус прокурорын газраас хариуцагч Б.*******аас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргах зорилгоор Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс түүний оршин суугаа газрын лавлагааг гаргуулахад Завхан аймгийн......г гэх газар оршин суудаг талаар лавлагaa ирүүлсэн боловч Б.******* нь дээрх хаягт оршин суудаггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй байх тул хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж, оршин суугаа хаяг болон үйл ажиллагаа явуулдаг хаягийг нь тогтоосны эцэст дээрх нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай байна. *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.", 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэж тус тус зааснаас үзэхэд, прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иймд хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Завхан аймгийн *******ын газрын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Завхан аймгийн *******ын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Завхан аймгийн *******ын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Б.*******ийн хаягийг Завхан аймгийн .... гэсэн байна. Гэвч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.******* нь уг хаягтаа байхгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хүсэлтийн дагуу Б.*******ийн оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийн хаягийг олж тогтоож, энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жонь ...... эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч Завхан аймгийн *******ын газарт мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ