Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 000099

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Д.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Зт холбогдох эрүүгийн 1825000000073 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг, 2-23-135 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овгийн Д-ийн З /регистерийн дугаар ФЖ 81100413/.

 

Шүүгдэгч Д.З нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг Азиа ресторанд өдөр 13 цагийн үед Б.Оюун-Эрдэнийг зодсон, мөн орой 19 цагийн үед Импайр пабад дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.З нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлд 415.500 төгрөг төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

-Хохирогч Б.Оюун-Эрдэний ... 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр найз Атарцэцэг, Оюунгэрэл нартай Азиа ресторанд хоол идэж байхад З ирээд хэрүүл хийж, миний уруулан тус газар нэг удаа цохисон. Тэгснээ миний үснээс зулгааж доош нь дарж ширээ мөргүүлэхийг завдсан. Тэр орой 19 цагийн үед найз Атарцэцэгтэй хамт Импайр пабад суухаар ороход З араас орж ирээд намайг гараараа чичиж харааж зүхэж байснаа үснээс зулгааж толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж, толгойгоор ширээ мөргүүлж, үснээс зулгааж ширээн дээр шидсэн. Ширээн дээр байсан шилтэй пиво, стаканыг шидсэн. З надаас олон удаа уучлалт гуйж миний эмчилгээний зардалд гарсан 415.500 төгрөгийг бэлнээр өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй  гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

 

Гэрч Д.О ...13 цагийн үед Азиа нэртэй ресторанд үйлчлүүлээд сууж байхад З гаднаас орж ирээд бид гурвыг доромжилж байснаа О-г хоолойноос нь боож чимхэж татаж чангааж хөл рүү нь өшиглөсөн. Атарцэцэг хажуугаас нь салгасан. Орой Атарцэцэг над руу яриад З дахиад Оюунааг зодоод байна хүрээд ирээч гэхээр нь Импайр пабад очиход З Оюун-Эрдэнэ рүү гар хуруугаараа чичилж заналхийлж янз бүрийн хараалын үг хэлж үсдэж аваад хэд, хэдэн удаа цохисон. Ширээн дээр байсан стакан авч Оюун-Эрдэнэ рүү шидсэн гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/

 

Гэрч Т.Атарцэцэгийн ... З 100 грамм архи захиалж уусан. Тэгээд чи миний мөнгийг өгөөд намайг дуусгаж байгаа юм уу? гээд Оюун-Эрдэнийг үсдэж доош нь дараад толгой руу нь цохиод авсан гэсэн мэдүүлэг /хх 27 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 151 дугаартай шинжээчийн... Б.Оюун-Эрдэний биед тархи доргилт, хүзүү цээж зүүн гар, хуйханд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт  зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 29 ху/,

 

-Д.Зыг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 38-40 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн,нотолгооны ач холбогдолтой,дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Д.Зын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.З нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг Азиа ресторанд өдөр 13 цагийн үед Б.Оюун-Эрдэнийг зодсон, мөн орой 19 цагийн үед Импайр пабад дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр найз Атарцэцэг, Оюунгэрэл нартай Азиа ресторанд хоол идэж байхад З ирээд хэрүүл хийж, миний уруулан тус газар нэг удаа цохисон. Тэгснээ миний үснээс зулгааж доош нь дарж ширээ мөргүүлэхийг завдсан. Тэр орой 19 цагийн үед найз Атарцэцэгтэй хамт Импайр пабад суухаар ороход З араас орж ирээд намайг гараараа чичиж харааж зүхэж байснаа үснээс зулгааж толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж, толгойгоор ширээ мөргүүлж, үснээс зулгааж ширээн дээр шидсэн. Ширээн дээр байсан шилтэй пиво, стаканыг шидсэн гэсэн мэдүүлэг,  хохирогчийн биед тархи доргилт, хүзүү цээж зүүн гар, хуйханд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт үүссэнийг тогтоосон 151 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ