Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ0/33

 

 

А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Шүүгдэгч А.Энэбиш, түүний өмгөөлөгч Г.Чингис,

Шүүгдэгч Г.Отгонбат, Б.Адъяабат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Энэбишийн гаргасан давж заалдах гомдлоор А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нарт холбогдох эрүүгийн 2414000000009 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ....... тоотод оршин суух,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ВН87010410 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Адъяадуламын Энэбиш,

2. Монгол Улсын иргэн, ...........тоотод оршин суух,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цагийн албадан ажил хийлгэх ял,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-3 зааснаар Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ВД99021315 тоот регистрийн дугаартай, Бай баян овоо овогт Ганбаатарын Отгонбат,

3. Монгол Улсын иргэн, ........... тоотод оршин суух,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ВН00211816 тоот регистрийн дугаартай, Бэгзсүрэнгийнхэн овогт Бямбын Адъяабат,

Шүүгдэгч Б.Адъяабат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн үед ............. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг болох Б.Бүрэндалайтай маргалдаж, түүнийг гэрээс гарсны дараа эргэнэгээс бор өнгийн бариултай хутгыг авч, Б.Бүрэндалайг буцаад орж ирэн орон дээр суухад уг хутганы ишээр цохиж, зүүн шилбэнд зүсэж, эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Отгонбат, А.Энэбиш, Б.Адъяабат нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20-21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хишиг Монгол” нэртэй караокены гадаа иргэн Б.Мэндбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, баруун 10-р хавирганы суганы шугамаар зөрүүгүй хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, дух, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чихний цус хуралт, хамрын нуруу, баруун дал, тохой, нуруу, зүүн мөр, шууны зулгаралт, баруун мөр, цээж, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Энэбиш, Г.Отгонбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Б.Адъяабатад мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч Боржигон овогт Адъяадуламын Энэбиш, Бай Баян овоо овогт Ганбаатарын Отгонбат нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Бэгзсүрэнгийнхэн овогт Бямбын Адъяабатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нарыг тус бүр зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Адъяабатыг дөрвөн /4/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Адъяабатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 12 хоногийн зорчих эрх хасах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногт тооцож 12 /арван хоёр/ хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Энэбишид оногдуулсан зургаан /6/ сарын хугацаагаар, Г.Отгонбатад оногдуулсан зургаан /06/ сар арван хоёр /12/ хоногийн хугацаагаар, Б.Адъяабатад оногдуулсан арав /10/ сарын хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 03 сарын 13-ны өдрөөс эхлэн тооцож,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч Б.Адъяабатаас 99,000 төгрөгийг гаргуулж, мөн шүүгдэгч А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нараас 48,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож,

Хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн бариултай 23 сантиметр хутгыг устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж, 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Шүүгдэгч А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Энэбиш тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Адъяадулам овогтой Энэбиш нь хэргийн тогтоолтой танилцаад хүсэлт бичиж байна. Төрсөн эгчийн нөхөр ослын улмаас нас барж эгчийнхээ өнчин 5 хүүхдүүдийг харж тус дэм болж хамт амьдардаг. Би тухайн өдөр болсон зодоонд хамт байсан нь үнэн. Гэхдээ чулуугаар хүн цохиж гэмтээсэн зүйл байхгүй билээ. Тийм учраас эрхэм хүндэт шүүгч та бүхэн миний ар гэр болон хэргийн байдлыг хянаж үзээд тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Б.Адъяабат нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.Энэбиш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Өмгөөлөгч Г.Чингис тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:                             

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Мэндбаатар нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа гаргаж өгөөгүй тул А.Энэбишийн хувьд төлөх төлбөргүй гэж үзсэн. А.Энэбишийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү..гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Энэбишийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Г.Отгонбат, А.Энэбиш, Б.Адъяабат нар нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20-21 цагийн үед согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хишиг Монгол” нэртэй караокены гадаа бүлэглэн иргэн Б.Мэндбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, баруун 10-р хавирганы суганы шугамаар зөрүүгүй хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, дух, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чихний цус хуралт, хамрын нуруу, баруун дал, тохой, нуруу, зүүн мөр, шууны зулгаралт, баруун мөр, цээж, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч Б.Адъяабат нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............... тоотод байх гэртээ хойд эцэг Б.Бүрэндалайтай маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг хутганы ишээр цохиж, зүүн шилбэнд зүсэж, эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тус тус тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар талд авагдсан “... Адъяабат нь хутга барьчихсан байсан. Тухайн хутганы ишээр нь намайг цохиод байсан. Тэгээд би тэр орон дээр дээшээ хараад унасан, хэвтсэн байдалтай байж байхад Бямба “битгий хутгалчихаарай” гэж хэлээд байсан. Тэгээд Адъяабат нь бор өнгийн хутгаар миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа зүсэж хатгасан...” гэсэн хохирогч Б.Бүрэндалайн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар талд авагдсан “...Адъяабат гэх залуутай барилцаж авсан, тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн, болихгүй байсан, тэр алаг хувцастай Адъяабат гэх залуутай барилцаж авсан тэр үед жижигхэн биетэй залуу Отгонбат нь намайг баруун талын шанаа руу гараараа 2-3 удаа цохисон, би хойшоо салаад тэлээгээ сугалсан, тэр 2-ыг буюу Адъяабат болон Отгонбат нарыг шавхуурдаж нэг нэг удаа ороолгосон, тэгсэн чинь над руу тэр 2 дайрсан, тэгэхээр нь би Отгонбат гэгчийг нь барьж авч газар унагаагаад дээр нь гараад дараад авсан, тэгсэн чинь миний зүүн шанаа руу Энэбиш гэдэг нь чулуу барьж ирээд гараараа 1 удаа цохисон, тэгээд би муужраад уначихсан, тэгээд арай гэж өндийгөөд хана налаад суусан чинь тухайн 3 залуу 3-н зэрэг намайг толгой тархи цээжгүй 3-лаа нийлээд хөл гараараа нүдчихсэн юм, “би үхлээ шүү дээ, хөөе” гэж хэлээд орилоход болихгүй байсан, нүдээд л байсан, тэгж байж манай хүргэн дүү Равданзанги салгаж болиулсан...” гэсэн хохирогч Б.Мэндбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дүгээр талд авагдсан “...Адъяабат Бүрэндалай 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн, тэгээд Адъяабат Бүрэндалай 2 босч ирээд хоорондоо барилцаад авсан тэгээд байж байтал Бүрэндалай гарч гүйгээд гаднаас нэг төмөр авч ирээд Адъяабатын мөр хэсэг рүү 1 удаа цохисон, Бүрэндалайг төмөр авах гээд гарсан байх үед Адъяабат гэр дотор байсан гал тогооны хэрэгсэл байдаг газраас хутга авчихсан юм тэгээд би хутгаар яах гээд байгаа юм бэ гэтэл Адъяабат зүгээрээ би айлгаатий гээд байсан. Тэгээд Адъяабат Бүрэндалайн мөр хэсэг рүү төмрөөр 1 удаа цохиход тэр төмөр нь газарт уначихсан тэгээд ахиж барилцаж аваад дээр доороо ороод ноцолдоод байсан арай залуу юм гэсэндээ Адъяабат нь Бүрэндалайн дээр нь гарчихсан байсан тэгээд ноцолдож байтал Адъяабат нь Бүрэндалайн хөл рүү нь хутгаар хатгачих шиг болсон, пүл пүр гээд хутгалчих шиг болж байгаа нь надад сонсогдсон, тэгээд Адъяабат хутгаа газарт хаячихаад холдоод сууж байтал Бүрэндалай нь Адъяабатын барьж байгаад газарт хаясан хутгийг аваад гараад гүйчихсэн...” гэсэн гэрч А.Бямбын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дугаар талд авагдсан “...  Адъяабат ах аавыг заамдаж аваад аав бас Адъяабат ахыг заамдаж аваад тэгээд аав гэрээс гараад зугтаагаад “гэрээс гараад ир, гадаа зодолдъё” гээд Адъяабат ахыг хэлсэн чинь Адъяабат ах гэрээсээ гарахгүй байсан. Тэгээд Адъяабат ах “хутга хаана байна” гэж хэлээд эргэнэгээс бор иштэй хутга аваад байсан. Гаднаас аав Бүрэндалай ороод ирсэн, орон дээр сууж байсан чинь Адъяабат ах хутгаа барьж Бүрэндалай аав дээр очсон чинь ээж “битгий хутгалчхаарай” гэж хэлсэн чинь Адъяабат ах “хутгалахгүй ээ, айлгана” гэж хэлсэн. Адъяабат ах, Бүрэндалай аав нар орон дээр хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд пид гээд дуугарсан чинь Адъяабат ах Бүрэндалай аавын шилбэ хэсэг рүү хутгалчихсан, цус нь гараад байсан...” гэсэн насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дугаар талд авагдсан “... Б.Адъяабат ах хутганы ишээрээ аавыг цохиод байсан тэр үед нь битгий хутгалчхаарай гээд ээж Б.Адъяабат ахад хэлсэн чинь Б.Адъяабат ах зүгээрээ би айлгаж байгаа юм гээд байсан тэгээд байж байтал гэнэт пол гээд дугарсан тэгсэн чинь Б.Адъяабат ах аав Б.Бүрэндалайн хөл хэсэг рүү нь хутгаар 1 удаа хутгалчихсан байсан тэгээд аав гэрээс гараад явсан зүйл болсон..." гэх насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан “... Тухайн өдөр Мэндбаатар ах бид 2 эмнэлгээс гараад 20 цагийн орчимд Хишиг Монгол караокед Мэндбаатар ах куртикээ орхисон түүнийг авах гээд очсон юм. Тэгээд очоод Энэбиш, Адъяабат, Отгонбат нартай караокены гадна таарсан юм. Би тэр Отгонбат гэдгийг нь таньдаг, нөгөө 2-ыг нь зүс таньдаг юм. Тэгээд очоод Мэндбаатар ах караоке руу ороод гадаа нь Энэбиш, Отгонбат, Адъяабат бид 4 тамхи татаад үлдсэн, Мэндээ ах гарч ирсэн чинь Энэбиш, Адъяабат хоёр нь Мэндбаатар ах руу хэрүүл өдөөд томроод байсан. Тэгсэн чинь Энэбиш нь Мэндбаатар ахыг шууд цохиод авсан, тэгээд Мэндбаатар ах хувцсаа тайлаад тэлээгээ тайлж эргүүлээд “та нар ямар овоо юм бэ, нэг нэгээрээ үзчихье” гэж хэлээд байсан. Тэгтэл Энэбиш, Мэндбаатар хоёр барилцаж аваад дээр доороо ороод зодолдоод байсан, тэгж байтал дунд зах руу ордог хаалганы хажуу талд Хишиг Монголын хойд талын хана орчимд газарт Энэбиш уначихсан дээр нь Мэндбаатар ах гарчихсан байсан, гэтэл Отгонбат гүйж очоод Мэндбаатар ахыг цохиод цааш нь унагасан, гэтэл Мэндбаатар ах цаашаа хана налсан байдалтай байсан, тэгтэл Адъяабат, Энэбиш, Отгонбат 3 нийлээд зэрэг Мэндбаатар ахыг цохиж өшиглөж эхэлсэн, тэгээд би салгах гээд очтол Энэбиш нь нэг чулуу авчихсан Мэндбаатар ахын толгой хэсэг рүү 1 удаа цохиж байсан, би тэр чулууг нь аваад газарт шидсэн юм, тэгээд тэр 3 нийлээд зодож байгаад больсон.     

Отгонбат шанаа хэсэг рүү нь гараараа бас хөлөөрөө цохиж байсан, Адъяабат нь цээж хэсэг рүү нь өшиглөөд байсан, Энэбиш бас цээж хавирга хэсэг рүү нь өшиглөөд байсан тэр үед Мэндээ ах хавирга “хугаллаа шүү дээ” гээд орилж байсан. Отгонбат нь бол толгой хэсэг рүү нь өшиглөөд жийгээд цохиод байсан, Адъяабат Энэбиш нар нь цээж хавирга хэсэг рүү нь нүдээд байсан миний харснаар. Миний биед хэн нэгэн халдаагүй...” гэсэн гэрч М.Равданзангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 213, 77 дугаар талд тус тус авагдсан “... Би тухайн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв.” гэсэн шүүгдэгч Б.Адъяабатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан “... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв....” гэсэн шүүгдэгч Г.Отгонбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан ...Би Хишиг Монгол караокеноос Мэндбаатар гэж хүнийг гарч ирэх үед зүүн гараараа Мэндбаатарын баруун шанаа хэсэг рүү нь түлхсэн зүйл болсон. Тэр үед нь Мэндбаатар “тамхи байна уу, би цагдаа байсан” гэж ярьж байсан. Тэгээд намайг түлхсэний дараа Мэндбаатар намайг тэлээгээрээ нуруу хэсэг рүү ороолгосон юм. Тэгээд би тэлээгээр цохиулчхаад шууд Хишиг Монгол руу ороод үлдсэн пивоо уучхаад гараад явсан. Гарч ирэх үед тэнд байсан хүмүүс бөөнөөрөө гадаа байж байсан, тэгэхээр нь хажуугаар нь гараад явчихсан юм. Би чулуугаар цохиогүй...” гэсэн шүүгдэгч А.Энэбишийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар талд авагдсан “... Б.Бүрэндалайн биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 87 тоот дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар талд авагдсан “... Б.Мэндбаатарын биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, баруун 10-р хавирганы суганы шугамаар зөрүүгүй хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, дух, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чихний цус хуралт, хамрын нуруу, баруун дал, тохой, нуруу, зүүн мөр, шууны зулгаралт, баруун мөр, цээж, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо....Дээрх зүүн хацар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...бусад баруун 10-р хавирганы суганы шугамаар зөрүүгүй хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, дух, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чихний цус хуралт, хамрын нуруу, баруун дал, тохой, нуруу, зүүн мөр, шууны зулгаралт, баруун мөр, цээж, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 510 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Г.Отгонбат, А.Энэбиш, Б.Адъяабат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “…Шүүгдэгч А.Энэбиш, Г.Отгонбат нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.Адъяабатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.. ” нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг тусгасан.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлж “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно..гэжээ.

Түүнчлэн мөн хуулийн 3.7 дугаар зүйлд Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна... гэж гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх тухай ойлголтыг тодруулсан байна.

Шүүгдэгч Г.Отгонбат, А.Энэбиш, Б.Адъяабат нар нь хохирогч Б.Мэндбаатарыг бүлэглэн зодож, биед нь олон тооны зулгаралт, няцралт, хугарал бүхий  хөнгөн, хүндэвтэр зэргийн хавсарсан гэмтэл учруулсан, хохирогчид учирсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд хамааралтай, шалтгаант холбоотой болохыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоосон.

Түүнчлэн шүүгдэгч Б.Адъяабат нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хойд эцэг Б.Бүрэндалайтай маргалдаж, түүнийг хутганы ишээр цохиж, зүүн шилбэнд зүсэж, эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэнийг мөрдөн байцаалтын шатанд шалган тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.       

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл" гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд…зэрэг хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...хэлнэ гэж тодорхойлсон. 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Адъяабат нь өөрийн эх А.Бямбын нөхөр буюу хойд эцэг Б.Бүрэндалайг олон удаа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, хэрэг болох үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ гэр бүлийн хүрээнд хэрүүл маргаан үүсгэж, тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна. 

Шүүгдэгч А.Энэбишээс “...Үйлдсэн гэмт хэрэг, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс хорих ял ногдуулсныг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх..” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 -д Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно..гэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлийг тодорхойлсон.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Энэбишид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч А.Энэбишийн анхан шатны шүүхээс хорих ял ногдуулсныг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Энэбишийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Энэбиш, Г.Отгонбат, Б.Адъяабат нарын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ч.БАЯРЦЭНГЭЛ

         ШҮҮГЧИД                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                          Т.ГАНЧИМЭГ