Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/00505

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/00505

Дорнод аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “*******” *******-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: “*******” *******-д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “*******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ******* захирал ******* нь манай компаниас 2023 оны 08 сарын 28-ны өдөр гэрээ байгуулан 35тн цемент авч, үнэ болох 18,125,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл хугацаандаа мөнгөө төлөөгүй. Шаардаж байж 2024 оны 01 сард 9,700,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 8,850,000 төгрөгийг төлөхгүй манай компанийг 1 жил 6 сар хохироож байна. 2023 оны 10 сарын 01-нд төлбөрөө төлөөгүй явсаар 2024 оны 01 сарын 04-нд 9,700,000 төгрөг төлсөн ба тэр хугацаа хүртэлх алданги 8,904,000 болж байсан. 2024 оны 01 сарын 04-нөөс 2024 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэлх алданги 15,266,250 төгрөг, нийт алданги 24,170,250 төгрөг болдог. Үүнээс бид 9,275,000 төгрөгийн алдангийг нэхсэн. Ингээд нийт 18,125,000 төгрөг нэхсэн. Гэтэл эвлэрүүлэн зуучлалын шатанд өргөдлийн нэг хувийг авч танилцчихаад хариу тайлбараа өгөлгүй алга болсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Иймд “*******” *******-иас 18,125,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч “*******” *******-ийн төлөөлөгч, тус компанийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,850,000 төгрөгийг хуваан төлөх хүсэлтэй байна. Нэхэмжилсэн мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг төлж барагдуулж чадахгүй. Уг цементийг авахдаа алданги, хүү бодно гэж ярилцаж тохиролцоогүй гэжээ.

          Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгчийн төлөөлөгч   М.Энхтуяа,   нөгөө   талаас  “Дорнын  цагаан  саран”  *******-ийн   захирал

 

******* бид харилцан тохиролцож цементний үнийн үндсэн төлбөр 8,850,000 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн ба алданги 9,275,000 төгрөгийн тавин хувь болох 4,637,500 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч тал 4,637,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал нийт 13,487,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Уг мөнгийг 2025 оны 06 сарын 5-10-ны өдрийн хооронд 4,000,000 төгрөг, 7 сарын 5-10-ны өдрийн хооронд 4,000,000 төгрөг, 8 сарын 5-наас 9 сарын 10-ны өдрийн хооронд үлдэх 5,487,500 төгрөгийг хоёр хувааж төлнө. Эвлэрлийн талаар хэн алин гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “*******” ******* нь хариуцагч “*******” *******-д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,125,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 18,125,000 төгрөгөөс 4,637,500 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч “*******” ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 13,487,500 төгрөгийг 2025 оны 06 сарын 5-10-ны өдрийн хооронд 4,000,000 төгрөг, 7 сарын 5-10-ны өдрийн хооронд 4,000,000 төгрөг, 8 сарын 5-наас 9 сарын 10-ны өдрийн хооронд 5,487,500 төгрөгийг хоёр хувааж нэхэмжлэгч  “*******” *******-д төлөх талаар тусгажээ.

          Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч “*******” *******, хариуцагч “*******” ******* нарын хооронд байгуулагдсан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 18,125,000 төгрөгөөс 4,637,500 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч “*******” ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 13,487,500 төгрөгийг 2025 оны 06 сарын 5-10-ны өдрийн хооронд 4,000,000 төгрөг, 7 сарын 5-10-ны өдрийн хооронд 4,000,000 төгрөг, 8 сарын 5-наас 9 сарын 10-ны өдрийн хооронд 5,487,500 төгрөгийг хоёр хувааж нэхэмжлэгч “*******” *******-д төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,575 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 124,287.5 төгрөг, хариуцагч “*******” *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 112,693.5 төгрөг /13,487,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,387 төгрөгийн тавин хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.                     

 

 

ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА