| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0129/Э |
| Дугаар | 000140 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 000140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 1825001090106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Булагт оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан Б овгийн Дгийн Э
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн-Эрдэнэ худалдааны төв дотор хохирогч Д.О-ийн лангуун дээр орхисон байсан Самсунг эс-7 маркийн гар утсыг нууцаар хулгайлан авч 637.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 25-нд би 2 дүүтэйгээ Есөн-Эрдэнэ зах ороход нэг эгч лангуун дээр утсаа орхиод явчихсан. Би нилээн харж зогсож байгаад тэр утсыг аваад шууд Улаанбаатар хот яваад барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан. Гэтэл 2-3 хоногийн дараа Эрдэнэтийн цагдаагаас яриад утас авсан уу? гэхээр нь авсан гээд барьцаалан зээлдүүлэх газраас утсыг нь авч ирж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч Д.О-ийн: ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Есөн-Эрдэнэ худалдааны төвийн Б заалны 20 тоот чихрийн худалдааны лангуун дээр явж байгаад өөрийн Самсунг эс-7 маркийн гар утсаа мартаад явсан байсан. Тэгээд удалгүй эргээд ирэхэд миний үлдээсэн гар утас алга болсон байсан. Утсаа мартсан байсан лангууны худалдагч Энхбаярын охин миний утсыг авсан хүнийг харсан байсан. Би өөрийн алдагдсан гар утсыг эргүүлэн авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,
- Гэрч Д.Энхбаярын: Би Есөн-Эрдэнэ худалдааны төвийн Б заалны 02 тоот лангууг ажиллуулдаг. О манай лангуун дээр хэвийн боов, еэвэн нийлүүлдэг ба 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн үед лангуун дээр ирээд явсан. Явах үедээ лангуун дээр гар утсаа орхиод явсан байсан ба би утсыг нь харсан. Тэгээд худалдаа хийж байсан хүний утас юм байх гэж бодоод хүний бараа савлах гээд хайрцаг авчихаад хартал утас байхгүй болчихсон нөгөө худалдаа хийж байсан ах зогсож байсан. Тэгээд би энд байсан утас хааччихваа гэж ээжээс асуухад ээж тэр утас Оийн утас байсан байх гэсэн. Тэгээд араас нь гартал утас авсан хүн байхгүй байсан. О эгчийг хайж олоод таны утас мөн байсан уу? гэхэд мөн байсан гээд утас авсан хүнийг зөндөө хайгаад олоогүй гэсэн мэдүүлэг /хх 20-25 ху/,
-Гэрч Л.Нямбаярын: Тухайн үед мэдээгүй, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр санагдаж байна. Улаанбаатар хотод гэртээ байх үед найз Өлзийжаргал надад Орхон аймаг цуг явах үед Э ах лангуун дээр байсан гар утас авсан талаар надад хэлсэн, тэгээд л би мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 23 ху/
-Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18/35 дугаартай Самсунг эс-7 эдже маркийн гар утас 637.520 төгрөг гэх дүгнэлт /хх 28-32 ху/
-Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 11 ху/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 12 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/
-Д.Эыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 01, 35-38 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүгдэгч Д.Эын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн-Эрдэнэ худалдааны төв дотор хохирогч Д.Оийн түгээлт хийж явахдаа Д.Энхбаярын лангуун дээр орхисон байсан Самсунг эс-7 маркийн гар утсыг нууцаар хулгайлан авч 637.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.О, гэрч Д.Энхбаяр, Л.Нямбаяр нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Эын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас хохирогчид 637.520 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн... би гар утсаа эргүүлэн авсан надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлгээр нотлогдож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Дгийн Э-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ