Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00547

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00547

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* *******ын “1980 онд төрсөн болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь 1980 онд төрсөн болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Би 2012 онд иргэний үнэмлэх авахдаа Ганганмөрөний *******, мөн ээжийн ургийн овог болох Боржигин овогоор овоглосон. Тухайн үедээ анзаараагүй явсан. Тэгээд 45 нас хүрээд иргэний үнэмлэхээ солиулахдаа ахынхаа ургийн овгийг иргэний үнэмлэхээс нь Бодонгууд гэдгийг мэдэж авсан. Миний аав 2003 онд, ээж минь 2009 онд нас барсан. Тэрнээс өмнө эцэг, эх минь тус тусдаа амьдарч байсан болохоор мэдээлэл байгаагүй. Тиймээс би үнэн зөвөөр буюу Бодонгууд овогт Гангамөрөний ******* болгох гээд Улсын бүртгэлд хандсан боловч миний төрсний бүртгэл байхгүй, шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Төрсний гэрчилгээ байсаар байтал яагаад заавал шүүхээр тогтоолго гээд байгааг лавлахад “1980 онд 117 хүн төрсөн” тиймээс заавал шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн. Эцэг, эхийн чинь аль нэг нь амьд сэрүүн байвал гэрчилснийг нь үндэслэн тогтооно гэж хэлсэн. Ингээд эмнэлгээс төрсөн талаарх бүртгэлээ авах гэсэн боловч 30 жил болоод устгагддаг гэсэн хариу өгсөн. Шүүхээр төрсөн оноо тогтоолгоод ирсэн тохиолдолд Иргэний бүртгэлийн байгууллага ургийн овог болон овгийг минь зөвтгөөд бичиг баримт олгоно гэж хэлсэн. Иймд Г.******* намайг 1980 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.03.13-ны өдрийн 19/156 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг бичгийн баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхийн зүгээс: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс нотлох баримт гаргуулах ажиллагааг тус тус хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь иргэний улсын бүртгэлд өөрийн төрсөн эцгийн ургийн овог, овгийг тус тус зөвтгүүлэн бүртгүүлж, иргэний бичиг баримтаа шинэчлэн авах зорилгоор 1980 онд төрсөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 2. Нэхэмжлэгч Боржигин ургийн овогт Ганганмөрөнгийн ******* нь 1980 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох ЖЯ80011708 регистрийн дугаараар олгогдсон иргэний үнэмлэхийн лавлагаа, мөн ЖЯ80011708 регистрийн дугаараар олгогдсон Г №04 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

3. Иймд нэхэмжлэгч Г.*******ыг 1980 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байх ба дээрх үйл явдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өөрийн төрсөн эцэг Даржаагийн Гангамөрөнгийн ургийн овгийг болон, нэрийг тус тус зөвтгөн иргэний бичиг баримтаа шинэчлэн авахад нь  эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Ганганмөрөнгийн ******* /РД:ЖЯ80011708/-ыг 1980 онд төрсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА