Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 000101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Е.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Ж-д холбогдох эрүүгийн 1825000000086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Е овгийн Е-ий Ж /регистерийн дугаар РЭ68030712/.

 

Шүүгдэгч Е.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-81 тоот гэртээ эхнэр Р.М-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Е.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн  гэв.

 

-Хохирогч Р.М-ы... 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагийн үед би нөхөр Ж-тай охиныхоо пүүзнээс болж маргалдсан. Гэтэл нөхөр намайг чи надаас авсан 1 сая төгрөгөө юунд зарцуулсан юм бэ? гэж асуухаар нь би энэ гэрт чинь өчнөөн юм аваа биз дээ гэж хэрүүл хийж эхэлсэн. Охиныхоо хувцасыг өмсүүлээд зогсож байхад нөхөр Ж- миний араас шилэн хүзүү рүү гараараа цохих шиг болсон. Нэг мэдсэн чинь би орон дээр хэвтэж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн мэдүүлэг /хх 8 ху/

 

-Гэрч Ж.Жаргалмөнхийн: Эмээ Цэгмэд над руу яриад аав чинь ээжийг чинь цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 13 цаг 40 минутын үед иртэл ээж орон дээр ухаангүй, аав хүйтэн жин тавьчихсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад аав Ж- ээжтэй чинь маргаад хүзүү рүү нь  гараараа нэг цохитол ээж чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 13 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн... Р.М-ы биед тархи доргилт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 10 ху/

 

-Р.М-ы өвчний түүхийн хуулбар /хх 23-27 ху/

 

-Е.Ж-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 20 ху/

 

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 16 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Е.Ж-ы гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Е.Ж- 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4-8-81 тоот гэртээ эхнэр Р.М-ы шилэн хүзүү рүү гараараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Р.М-ы... нөхөр Ж- миний араас шилэн хүзүү рүү гараараа цохих шиг болсон. Нэг мэдсэн чинь би орон дээр хэвтэж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Жаргалмөнхийн...аав Ж- ээжтэй чинь маргалдаад хүзүү рүү нь гараараа нэг цохитол ээж чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 13 ху/, хохирогч Р.М-ы биед тархи доргилт үүссэнийг тогтоосон 176 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Е.Ж-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Р.М- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ж-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ж- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

 6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ