Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 213/2016/0000/Э |
Дугаар | 06 |
Огноо | 2016-07-05 |
Зүйл хэсэг | 147.2., 261.1., |
Улсын яллагч | Б.Билэгсайхан |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 06
П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ, Л.Хүрэлчөдөр
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Билэгсайхан
Яллагдагч П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ, Л.Хүрэлчөдөр
Яллагдагч П.Золжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаяр
Яллагдагч С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Р.Уранцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Билэгсайханы бичсэн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлээр П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ, Л.Хүрэлчөдөр нарт холбогдох эрүүгийн 201605000021 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Золжаргал, 1985 оны 12 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, экскваторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, 41-842/Б тоотод оршин суудаг, хувьд ногдох хөрөнгөгүй гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, 2014 оны 3 сарын 12-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар /ВЮ85121578/
2. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Сүхбатын Бат-Эрдэнэ, 1985 оны 7 дугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 4 дүгээр баг 8-40 тоотод оршин суудаг, хувьд ногдох эд хөрөнгөгүй гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, 1999 оны 11 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих, 2001 оны 7 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж, нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 1 дүгээр сарын 15-нд эдлээгүй үлдсэн 3 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2003 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 хоног хорих, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жил 2 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан регистрийн дугаар /ВЮ85070871/
3. Монгол Улсын иргэн, Домогт овогт Лувсангийн Хүрэлчөдөр, 1988 оны 1 дүгээр сарын 5-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 13-10 тоотод оршин суудаг, хувьд ногдох хөрөнгөгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /ВЕ88010518/
П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нар нь согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 5 дугаар орцонд шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, хохирогчийн цүнхийг нь татах, уруул хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж В.Нарантуяагийн цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж 2.350.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
Л.Хүрэлчөдөр нь П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарыг 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө дээрмийн гэмт хэрэг үйлдсэний лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянхонгор аймгийн прокурорын газраас П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Л.Хүрэлчөдөрт мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 52 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Эд зүйл үнэлсэн тухай тайлан”, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын 2016 оны 2 сарын 26-ны өдрийн нэмэлтээр гаргасан “Эд зүйл үнэлсэн тухай тайлан”-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчид танилцуулах бөгөөд тэдгээр нь шинжээчийн дүгнэлт, эд зүйл үнэлсэн тайланг татгалзах, тайлбар өгөх, асуулт тавих, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхийг хүсэх эрхтэй. Дээрхи шинжээчийн дүгнэлт, эд зүйл үнэлсэн тайланг 1-р хавтаст хэргийн 98 дугаар талд байгаа баримтаар яллагдагч П.Золжаргал, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарт танилцуулсан байна. Хохирогч В.Нарантуяа, яллагдагч Л.Хүрэлчөдөр, С.Бат-Эрдэнэ болон тэдний өмгөөлөгч нарт шинжээчийн дүгнэлт, эд зүйл үнэлсэн тайланг танилцуулалгүйгээр тэдний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ц.Шагдаржав нь яллагдагч П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарыг 2015 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг, мөн С.Бат-Эрдэнийн “Бозог хэрэг болсоны өглөө нөгөө жижиг номыг пааран дээр шатаасан ба виза картуудыг Бозогоос Шагдаржав надад өгөөдөх, би наадуулыг чинь устгаадахъя гэж хэлээд авсан” гэх, сэжигтэн П.Золжаргалын “Шагдаржав надаас ном, бичиг баримтуудыг би эд нарыг чинь аргална гээд авсан” гэх, гэрч Ц.Шагдаржавын “би угаадсаа угаадас асгадаг ёмкос руу асгатал угаадасны хамт ёмкос руу иргэний үнэмлэх, виза карт нилээд хэд орж байгаа харагдсан” мэдүүлгүүдээр Ц.Шагдаржав нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн байж болохоор байна.
2016 оны 04 сарын 14-ний өдрийн эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоолоор Ц.Шагдаржавыг гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэх хэрэгт холбогдсон, хаана байгаа нь тогтоогдохгүй байх тул гэсэн үндэслэл зааж үйлдлийг тусгаарласан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлд зааснаар тодорхой нэрлэж заасан 25 төрлийн гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан бол тухайн гэмт хэрэгт хамаарах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хамаарахгүй байна.
Ц.Шагдаржавыг ирүүлэх талаар ямар арга хэмжээ авсан, түүнд холбогдох хэргийг ямар үндэслэлээр тусгаарласан нь тодорхойгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Ц.Шагдаржавт холбогдох үйлдлийг хуульд заасан үндэслэлээр тусгаарлаагүй байх тул түүнийг албадан ирүүлж, тусгаарласан 201605000124 тоот эрүүгийн хэргийг 201605000021 тоот эрүүгийн хэрэгт нэгтгэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.
Прокурор Б.Билэгсайхан 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: 1. Шинжээчийн 52 тоот дүгнэлт болон эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлангуудыг хохирогч В.Нарантуяа, яллагдагч С.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч нарт танилцуулсан болох нь тэдгээрийг удаа дараа байцаасан байцаалтын тэмдэглэлүүдэд тусгай танилцуулсан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт Шинжээчийн дүгнэлтийг сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчид танилцуулсан тухайг тэднийг байцаасан тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу хийгдсэн байцаан шийтгэх ажиллагаа юм.
Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлангуудтай санал зөрсөн, дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй ба мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэргийн материалтай удаа дараа танилцахдаа, шүүхийн шатанд ч хүсэлт, гомдол гаргаагүйгээс үзэхэд шүүгчийн захирамжид дурьдагдсан хохирогч, яллагдагч нарын эрхийг зөрчсөн зөрчил байхгүй болно. Харин яллагдагч Л.Хүрэлчөдөр, түүний өмгөөлөгчийн хувьд хохирогч В.Нарантуяагийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт, дээрмийн гэмт хэргийн халдлагын зүйл болох цүнхэнд байсан эд зүйлүүдийг үнэлсэн үнэлгээний тайлангуудыг танилцуулах этгээд биш гэж үзнэ. Учир нь хохирогч В.Нарантуяагийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нар үйлдсэн гэж яллагдагчаар татан шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн ба хохирогч В.Нарантуяагийн биед учирсан гэмтэл, эд зүйлд учирсан хохирол нь П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарын гэмт үйлдэлтэй л шууд холбоотой болохоос биш яллагдагч Л.Хүрэлчөдөрийн гэмт хэргийг үл мэдээлсэн үйлдэлтэй хамааралгүй ба түүний үйдэлтэй ямар нэг шалтгаант холбоогүй юм. Л.Хүрэлчөдөр нь дээрмийн гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдон шалгагдаж байгаа этгээд юм. Шүүгчийн захирамжид яллагдагч Л.Хүрэлчөдөрийг холбогдуулан шалгаагүй гэмт хэргийн хохирогчид учирсан хохирол, гэмтлийн байдлыг тогтоосон дүгнэлтийг танилцуулаагүй нь эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглүүлэхээр заасан заалт гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд С.Бат-Эрдэнэ, П.Золжаргал нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд болон Ц.Шагдаржавын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр Ц.Шагдаржав нь гэмт хэргийг нуун далдлах гэмт хэргийг үйлдсэн үндэслэл тогтоогдсон. Гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй л үйлдлээр илэрдэг бөгөөд гэмт хэргийн улмаас олдсон, бий болсон эд зүйлийг нуух, алга болгох, устгах ямар нэг идэвхитэй үйлдэл хийгээгүй байхыг шаарддаг. Харин гэмт хэргийг нуун далдлах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдсэний дараа санаа, сэдэлт төрж идэвхитэй үйлдэл хийгдсэн буюу гэмт хэрэг үйлдэх гэж байгааг өмнө мэдэж урьдчилан амлаагүй байх ёстой. Ц.Шагдаржав нь П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарыг дээрмийн гэмт хэрэг хийнэ гэдгийг өмнө мэдээгүй, дээрмийн гэмт хэрэг хийвэл олсон эд зүйлүүдийг нь нууна, устгаж өгнө гэж урьдчилж амлаагүй харин дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдсэнийхээ дараа гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг нуун далдалж устгасан идэвхитэй үйлдлээр оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог ба түүний уг үйлдэл нь гэмт хэргийг үл мэдээлэх биш гэмт хэргийг нуун далдлах гэмт хэргийн шинжийг агуулдаг. Тиймээс ч Ц.Шагдаржавын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж тусгаарласан.
Мөн Ц.Шагдаржавын үйлдлийг бусдын хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэрэг гэж дүгнэж байгаа нь огт үндэслэлгүй байна. Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг нь өмчлөгчийн өмчлөл, эзэмшилд яг тухайн үедээ байсан, өмчлөх эрх нь зөрчигдөөгүй байсан хөрөнгийг устгасан, гэмтээсэн, эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдэл нь ямар нэг хувийн сэдэлттэй байхыг шаарддаг. Гэтэл Ц.Шагдаржавын устгасан гэх карт, бичиг баримт, судар зэрэг нь гэмт хэргийн улмаас өмчлөгчийн өмчлөлөөс гарсан, хохирогчийн өмчлөх эрх нь зөрчигдөж гэмт үйлдлийн замаар С.Бат-Эрдэнэ, П.Золжаргал нарын эзэмшилд шилжсэн байсан, Ц.Шагдаржав нь хохирогч В.Нарантуяатай ямар нэг харилцаа, хувийн сэдэлт үүсгэж тухайн сэдэлтээр түүний эд зүйлийг устгаж, гэмтээсэн үйлдэл хийгээгүй зэргээс харагдаж байгаа болно. Нөгөөтэйгүүр бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бол гэмт хэргийг үл мэдээлэх, нуун далдлах гэмт хэрэг нь шүүн таслан ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь хольж хутгаж хуулийг буруу хэрэглүүлэхээр зааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан заалт байна.
Ц.Шагдаржавт холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж тусгаарласан бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл хамаарах болохыг хуульчилж өгсөн байхад шүүгч хамаарахгүй гэсэн огт үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу ойлгож хэрэглэжээ.
Ц.Шагдаржав нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаагдсанаас хойш оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон бөгөөд түүний байгаа газрыг тодорхойлж олж ирүүлэх талаар ажиллагаа хийсэн нь холбогдох хүмүүсийг гэрчээр байцаасан тэмдэглэл, оршин суух хаяг нь өөрчлөгдсөн эсэх, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэхийг тус тус шалгасан иргэний бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг нь шалгах хуудас, эрэн сурвалжилсан талаарх илтгэх хуудас, мөрдөн байцаагчийн тэмдэглэл зэргээс харагдана.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно гэж заажээ.
Ц.Шагдаржавт холбогдох гэмт хэргийг нуун далдалсан гэмт хэрэг нь зөвхөн түүнд холбогдох тусдаа хэрэг бөгөөд П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарын холбогдсон дээрмийн, Л.Хүрэлчөдөрийн холбогдсон гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэргүүдтэй огт хамааралгүй, уг хэргүүдэд холбогдуулан шалгаагүй бөгөөд яллагдагч П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ, Л.Хүрэлчөдөрт нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд Ц.Шагдаржавт холбогдох хэрэг ямар ч саад болохгүй юм. Нөгөөтэйгүүр хэргийг хурдан, шуурхай шийдвэрлэж оролцогчдын эрхийг хангах нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зорилт билээ.
Иймд шүүгчийн захирамжийн Ц.Шагдаржавыг ирүүлэх талаар ямар арга хэмжээ авсан, түүнд холбогдох хэргийг хуульд заасан үндэслэлээр тусгаарлаагүй гэсэн заалтууд нь үндэслэлгүй байна.
Шүүгч захирамжийнхаа захирамжлах хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасныг баримталсан ба яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2 дахь хэсгийг баримтлалгүй орхигдуулсан зэргээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 216 тоот захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.
Яллагдагч С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Р.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч П.Золжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Золжаргал нь нуруу, нугасны өвчтэй тул түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нар нь согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 5 дугаар орцонд шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, хохирогчийн цүнхийг нь татах, уруул хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж В.Нарантуяагийн цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж 2.350.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
Л.Хүрэлчөдөр нь П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарыг 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогдож анхан шатны шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 52 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Эд зүйл үнэлсэн тухай тайлан”, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын 2016 оны 02 сарын 26-ны өдрийн нэмэлтээр гаргасан “Эд зүйл үнэлсэн тухай тайлан” зэргийг хохирогч В.Нарантуяа, яллагдагч Л.Хүрэлчөдөр, С.Бат-Эрдэнэ болон тэдний өмгөөлөгч нарт танилцуулах, Ц.Шагдаржавыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн байж болохыг шалган тогтоох, түүнд холбогдох хэргийг уг хэрэгтэй нэгтгэн шалгаж шийдвэрлэх талаар дурдаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан асуудлууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд онцын нөлөө үзүүлэхээргүй байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор гэрч болон бусад оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулж талуудыг мэтгэлцүүлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдэрлэх бүрэн боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
С.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс С.Бат-Эрдэнэд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн байсныг чангаруулан өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, П.Золжаргал, Л.Хүрэлчөдөр нарт урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Цаашид шинжээчийн дүгнэлтийг хуульд заасны дагуу зохих журмын дагуу хэргийн
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ, Л.Хүрэлчөдөр нарт холбогдох эрүүгийн 201605000021 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.5, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.Хүрэлчөдөрт хэрэглэсэн батлан даалтад өгөх, П.Золжаргалд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, С.Бат-Эрдэнэд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ
Т.ДАВААСҮРЭН