Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0448

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0448

Улаанбаатар хот

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0258 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0258 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-с Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан М К ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000, 000000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрны зоорийн давхрын тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Ч.Б-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолуудыг иргэн Ч.Б-ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ-ний 3.5.2-т 205 автомашины гаражийн ҮХХ-ийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан барьцааны гэрээг шинэчлэн байгуулах-аар талууд тохиролцсон байдаг.

Ингээд М К ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ-ний дагуу авсан зээл болон хүүг 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан атал анхан шатны шүүх барьцааны эрхийг дүгнэхдээ Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэх заалтыг баримталсангүйд гомдолтой байна.

Харин иргэн Ч.Б нь М К ХХК-тай 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээний үүргээ 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн биелүүлж, төлбөр тооцоог барагдуулсан байх буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь К Б ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны эрхээс өмнө үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тодорхой байна.

Иймд анхан шатны шүүх К Б ХХК-ийн барьцааны эрхийг цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Ч.Б-ын өмчлөх эрхээс өмнө үүссэн гэж дүгнэж буй нь буруу юм.

Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын татгалзлын үндэслэл болж буй барьцааны гэрээний бүртгэлийн асуудалд дүгнэлт хийхдээ дээрх үйл баримтад анхаарал хандуулж шийдвэрлэх ёстой байсан.

Улсын бүртгэлийн байгууллага нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М К ХХК-ийн нэр дээр 250 автозогсоолыг бүртгэхдээ өмчлөгч болохыг нь баттай нотолсон баримт бичиг байхгүй, үл хөдлөх эд хөрөнгүүдийн тухайд гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгааг мэдсээр атлаа мэдүүлгийг хүлээн авахаас татгалзалгүй, барьцаанд зориулсан бүртгэл хийсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д Мэдүүлэгт тухайн этгээдэд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана гэж заасан атал Блью Скай хотхоны 120 айлын орон сууц, 205 автомашины зогсоолыг зөвхөн нэг компанийн нэр дээр банкны барьцаанд барьцаалуулах зорилгоор бөөнд нь бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед М К ХХК-ийн өмч хөрөнгөөр бий болсон гэдгийг баттай нотлох баримтыг шаардан авч, нягтлан шалгалгүйгээр бүртгэсэн байдаг.

Хариуцагчийн тухайн үед үйл ажиллагаандаа мөрдөж байсан Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 55 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.5.2, 4.5.3-т заасныг зөрчиж гүйцэтгэгч барилгын компанийн нэр дээр бүртгэл хийсний улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийг захиалсан, худалдан авсан олон иргэдийн өмчлөх эрх шууд хөндөгдөж, хохирсон юм.

Зүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах боломжтой байсан атал барьцаанд зориулсан худал бүртгэлийг хийж иргэдийг хохироосон болно.

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага М К ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь дээрх журмын 4.10-т дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасныг зөрчиж бүртгэл хийсэн.

Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгосон нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй иргэн Ч.Б-ыг  тоот автозогсоолуудын өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэлүүд тогтоогддог.

Хариуцагч байгууллага нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой атал түүнийг биелүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг зөвтгэж шийдвэрлэсэн нь зөвхөн К Б ХХК-ийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэхээс аргагүй байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг баримталж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухайгаа нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулахдаа 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр товлосон байна.

Ингээд анхан шатны шүүх товлосон хурлын товыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагийн орчимд утсаар надад мэдэгдсэн бөгөөд миний бие эмнэлэгээс гараагүй тухайгаа мэдэгдэж, эмнэлгийн магадлагааг, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт хүргүүлсэн.

Харин нэхэмжлэгч талын өмгөөлөгчид хурлын тов мэдэгдээгүй байх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, 7 түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ гэж заасан журмыг зөрчжээ.

Анхан шатны шүүх хурлын товыг мэдэгдсэн тухайгаа өмгөөлөгчид мэдэгдсэн хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны 182/ТМ/2017/1199 дугаар тэмдэглэлд ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээд К Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, гуравдагч этгээд М К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй байна. Шүүх хуралдаанд дуудагдсан өөр хүнгүй гэж дурдсанаас үзвэл өмгөөлөгчид хурлын товыг мэдэгдээгүй нь нотлогдоно.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралын товыг мэдэгдсэн баримтад М К ХХК-ийн төлөөлөгчийн нэр байхгүй атал түүнд хурлын товыг мэдэгдсэн гэж хурлын тэмдэглэлд тусгагдсан байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Ийнхүү анхан шатны шүүх хурлын товыг өмгөөлөгчид огт мэдэгдээгүй, хурлын товд гарын үсэг зуруулаагүйгээс гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай тухайгаа мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт өгсөөр атал нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаас хойш буюу бүтэн нэг жил хоёр сарын дараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эцэст нь хариуцагч байгууллагын хууль зөрчсөн, буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ч.Б төлбөрийг нь бүрэн төлсөн автозогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авч чадахгүйд хүрч, улмаар М К ХХК болон К Б ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний оролцогч бус, банкны өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй атлаа заавал К Б ХХК-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай болгож буй анхан шатны шүүхийн шийдвэр нь Ч.Б-ын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг хязгаарласан, зөрчсөн үйлдэл болж буйд гомдолтой байна.

Иймд иргэн Ч.Б-ын нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ч.Б нь  дүүргийн  дүгээр хороо, Зайсангийн гудамж,  хотхоны байрны зоорийн давхрын тоот автозогсоолуудыг нийт 216,340 ам.доллароор бариулахаар Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г М К ХХК-ийн борлуулалтын менежер М.Э-той 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулжээ.

Улмаар М К ХХК нь Ч.Б-ын нэр дээр гэрээнд заасан автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан учир тэрээр шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Б-ыг маргаан бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон байна.

Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Ч.Б нь дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан байрны  тоот автозогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хандахад уг үл хөдлөх эд хөрөнгийг К Б ХХК барьцаалсан, зээлийн гэрээ бүртгэлтэй тул өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.Б-ын нэр дээр бүртгэхээс татгалзжээ.

Анх гуравдагч этгээд болох М К ХХК нь 7000 мкв талбайтай, 205 автомашины гражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 30-ны дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны тоот дахь орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Б.Б-ийн нэр дээр гарсны дараа барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, тус зээлээр баригдах 5 блок, 120 айлын орон сууцны дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн, дэд бүтцийг баригдаж дуусахад нэмж барьцаалах, тус зээлийн санхүүжилтийг зөвхөн 5 блок орон сууцны барилгын ажилд зарцуулах гэсэн нөхцлүүдтэй зээлийн гэрээг К Б ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн өдрөө Т07/141 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Улмаар дээрх гэрээний нөхцөлийг хангасны үндсэн дээр гуравдагч этгээд М К ХХК-ийн өмч болох Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрнуудын 90 хувийн гүйцэтгэлтэй 205 автомашины зогсоолуудыг М К ХХК болон К Б ХХК-ууд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд дахин барьцаалсан байна.

Маргаан бүхий Хан-Уул дүүргийн  дүгээр хороо,  хотхоны байрны тоот автозогсоолыг оролцуулан нийт 205 автозогсоолыг М К ХХК болон К Б ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай барьцааны гэрээгээр гуравдагч этгээд К Б ХХК-д барьцаалж, барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэн хийсэн байх ба уг барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон аливаа шийдвэр байхгүй, нөгөөтэйгүүр захиргааны хэргийн шүүх нь гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхгүй тул хүчинтэй гэж үзэн нотлох баримтаар үнэлсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үйл баримтыг дүгнэхэд Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрны  тоот автозогсоолыг М К ХХК болон К Б ХХК-уудын хооронд байгуулагдсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 07/141 дүгээр барьцааны гэрээнээс хойш иргэн Ч.Б, М К ХХК-ууд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна, 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх гэснээр шүүхийн шийдвэрийн дагуу тоот автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Б-ыг тогтоосон учир уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжтой.

Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх автозогсоолыг өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох К Б ХХК-ийн зөвшөөрлийг авахаар байна.

Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно, 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх гэж тус тус зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг хориглосны дагуу Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны  байрны зоорийн давхрын тоот автозогсоолуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан иргэн Ч.Б-ын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн үйлдэл нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүх хуралдааны товыг түүний өмгөөлөгчид мэдэгдээгүй гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт-аар хэргийн оролцогчдод бүгдэд нь тов мэдэгдсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, хүсэлтдээ эмнэлгийн магадлагааг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-д хэвтэн эмчлүүлсэн болохыг хангалттай нотлохгүй юм.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ