| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00462/И |
| Дугаар | 318/ШШ2025/00507 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2025/00507
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Хүсэлт гаргагч: Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 12,926,537 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Х банк ХК-ийн Тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х Банк нь харилцагч Д овогтой М-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 9 сарын 8-ны өдөр 2010087968 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 10,860,326.04 /Арван сая найман зуун жаран мянга гурван зуун хорин зургаан төгрөг дөрвөн/ мөнгө төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,285,311.46 төгрөгийг төлсөн. Х Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2023 оны 11 сарын 30-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 528 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12,926,537 (Арван хоёр сая есөн зуун хорин зургаан мянга таван зуун гучин долоо) төгрөгийг хариуцагч Д.Миньенмичиг-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д овогтой М Х банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие нь Х банкнаас зээлсэн 12,926,537 мянган төгрөгийг 6 сарын давтамжтай сар болгоны 30-нд хийж 2026 оны 01 дүгээр 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаа амлаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.М хариу тайлбартай танилцсан ба төлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Д.М нь Х банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,926,537 төгрөгийг хүлээн зөвшөөрч, сар бүрийн 30-ны өдөр төлж, 2026 оны 01 дүгээр 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 12,926,537 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч Д.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,775 /хоёр зуун хорин нэгэн мянга долоон зуун далан тав/ төгрөгийн тал хувь болох 110,887 /нэг зуун арван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 110,887 /нэг зуун арван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг, хариуцагч Д.М-с 110,887 /нэг зуун арван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, Х банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,926,537 төгрөгийг хариуцагч Д.М сар бүрийн 30-ны өдөр төлж, 2026 оны 01 дүгээр 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,775 /хоёр зуун хорин нэгэн мянга долоон зуун далан тав/ төгрөгийн тал хувь болох 110,887 /нэг зуун арван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 110,887 /нэг зуун арван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг, хариуцагч Д.М-с 110,887 /нэг зуун арван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, Х банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА